Wednesday, April 10, 2013

Оны эцсээр Олуулаа болох санаачилга амьдралд хэрэгжиж эхэлнэ

Тэр үед хуульзүйн орчин нь бүрэн бэлэн болно

Монгол улсын ерөнхийлөгчийн хүний эрхийн зөвлөх Ч.Сосормаа, Гадаадын иргэн харъяатын газрын (ГИХАЭГ) хэлтсийн дарга н.Энхбаяр, ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтнууд болон монгол туургатны төлөөлөгчид Төрийн ордны Иргэний танхимд уулзан ярилцсан юм. Сэдэв нь, “Монгол туургатны эрхийн зөрчигдөл, оршин суух, иргэн болоход учирдаг бэрхшээл, олуулаа болох санаачилга” байлаа. Уулзалт ярилцлагыг товч тоймлон хүргэе.


Ч.Мөнхбаяр /Олуулаа болох санаачилгыг дэмжих “Олуулаа” дугуйлангийн бие төлөөлөгч/: Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн монгол туургатанд хандсан, Олуулаа болох санаачилгыг орон орны төлөөлөгчид бид талархан хүлээн авч, бараг маргааш нь “Олуулаа” дугуйланг байгуулсан. Олуулаа болох санаачилгыг энэ бүх хугацаанд ухуулан сурталчилж хэвлэн нийтэлж ирэв. Нөхдийн хамт судалж, санал боловсруулав. “Олуулаа болох санаачилгыг дэлхийн монголчууд дэмжиж байна” гэх хэвлэлийн хурлыг хилийн чанадын монгол эрдэмтэн, зүтгэлтнүүдтэй хамтран зохион байгуулав. Монгол улсын иргэн, оршин суугч болох хүсэлтэй 60 хүний гарын үсгийг цуглуулж, “Хамтын хүсэлт”-ийг нь ерөнхийлөгчид өргөн бариулав. Олуулаа болох санаачилгыг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимаар хэлэлцүүлэх саналаа “Өдрийн сонин”-д нийтлүүлж, Ерөнхийлөгчийн Тамгын газрынхнаар дэмжүүлэн ажиллаж байна. Мөн фейсбүкийн “Олуулаа болцгооё” группийг үүсгэн хөтөлж байна.

Олуулаа болцгоох гэдэг нь гадаадад буй манай иргэд болон дэлхийн монголчууд Монгол улсад ирж ажиллах, амьдрах, сурах, аялах бүх бололцоог хөнгөвчилж өгч, туслалцаа үзүүлнэ гэсэн санаа гэж ойлгогдож байгаа. Олуулаа болох санаачилгыг амьдралд хэрэгжүүлэх нь амаргүй юм. Юуны өмнө, дэлхийн монголчуудад чухам ямар хүмүүсийг хамруулах вэ гэдэг нь хүртэл манай нийгэмд маргаантай байдаг. Олуулаа болох санаачилгыг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль-зүйн шинэчлэлд нэмэр болох үүднээс:
-“Олуулаа” дугуйлангийн санал, үүнийг боловсруулахад өмнөд монгол нөхөд идэвхийлэн оролцсон,
-Оросын буриад нөхдийн санал,
-Халимаг түмний төлөөлөл О.Цагаанзам туульчийн санал зэргийг та бүхэнд өргөн барьж байна.
/Цаашид, Монгол улсад гадаадаас гаралтай монголчуудын хүний эрх их зөрчигддөг, энэ тохиолдолд хэнд хандах, хэрхэх; хууль-эрхзүйн шинэчлэл хийхдээ монгол үндэстэн гэдэг ойлголтыг баттай оруулж өгч, монгол үндэстэнд зөөлөн, өөр үндэстэнд хатуу болгох; Монголын иргэн болох, оршин суух эрх авах хамтын хүсэлтээ гаргасан 60 гаруй хүний хүсэлтийг ёсоор болгож, Олуулаа болох санаачилгыг бодтоор хэрэгжүүлжх алхам хийх зэргийг хөндөн ярив/.
1-р өмнөд монгол хүн: Би 80-аад оны эцсээр эрх чөлөөт Монгол улсдаа амьдаръя гээд оргон ирсэн. 25 жил амьдран сууж, идээшин дасаад байна. 6 удаа иргэн болох хүсэлтээ тавьж, бүх материалаа хууль ёсоор бүрдүүлэн өгч байсан. Хууль ёсны шалтгаангүйгээр буцаагддаг байсан. Монголын иргэн болох найдвар бараг тасраад байсан. Монгол улсад олон жил оршин сууж байгаа хэрнээ иргэн нь биш байхад маш их бэрхшээлтэй зовлонтой байдаг. БНХАУ-ын иргэнээс татгалзсан. Ингээд төр улсын зүгээс намайг болон гэр бүлийг маань ямар ч харж хандах зүйлгүй болж байсан.
Ноднин харин намайг гэр бүлийн хамт Монгол улсын иргэн болгосон. Үүнд бид асар их баярлан талархаж байна. Гэхдээ монгол хүнийг 25 жилийн дараа Монголын иргэн болгодог жишиг байж болохгүй байх. Бүх улс өөрийн голлох үндэстний хүнийг даруй иргэнээ болгодог, үгүйдээ гэхэд ажиллах амьдрах боломжоор нь даруй хангадаг. Бүр байр сууц олгож, материаллаг тусламж үзүүлж, ажилд оруулж өгдөг. Хэдхэн улсаас бусад нь голлох үндэстнээ цөмөөрөө ч болсон хүрээд ир гэж урьж залдаг. Гэтэл Монгол улс маань зөвхөн иргэн болох, оршин суух эрх хүсэхэд зөвшөөрдөггүй нь зүйтэй биш байна.
Нөхөд маань намайг 25 жил болоод 25 тангараг өргөж байж иргэн болсон гэж хошигнодог. Учир нь намайг иргэн болоход олон том дарга нар суугаад, чи Хятадын нам төрийн бодлогод харш зүйл огт хэлж хийж болохгүй, үр хүүхдээ Хятадаас огт хөндийрүүлж болохгүй, хятад хэл соёлыг сургаж төлөвшүүлэх хэрэгтэй, энэ бүхнийг дагахгүй бол цааш цаашдын иргэн болох өвөр монголчуудад чинь халтай болно зэрэг олон зүйлийг хэлж зөвшөөрүүлсэн. Аргагүй зөвшөөрөхөд хүрсэн хэдий ч заримыг нь мартсан тул даган биелүүлэхэд хэцүү байна. Уг нь Монгол улсын иргэн болоход дээрх хууль бус шаардлагуудыг тавих ёсгүй мэт.
/Цаашид өмнөд монголчууд Монгол улсад ирэх, ажиллаж амьдрахтай холбогдсон хууль эрх зүйн асуудлуудын талаар ярив/
2-р өмнөд монгол хүн: Би Монголд ирээд 10 гаруй жил болж байна. Сайн муу олон зүйлтэй учирлаа. Энэ уулзалт дээр асуудал бэрхшээлээ ярь гэсэн тул цаг хэмнэх үүднээс тэр талаар шууд ярья аа. Монгол улсад ирж, эрх чөлөө, аз жаргалтай золгоё гэтэл санаснаар болсонгүй. Монгол улсад монгол хүний эрх гадаадынхнаас дор тавигддаг юм билээ. Тэгвэл хилийн чанадаас ирсэн монголчуудын эрх бүр ч доогуур тавигдаж байна. Миний иргэн болох хүсэлт одоо хүртэл биелээгүй, оршин суух эрх маань байнга зөрчигдөж ирсэн. Нэг удаа бүр ямар ч хуулийн үндэслэлгүйгээр намайг хулгайлан БНХАУ-д тушаах гэсэн. Би БНХАУ-д байхдаа ардчилал шинэчлэлийн үзэл гаргадаг байсан тул тэнд тушаагдвал ял сонсох нь зайлшгүй. Тэгээд хилийн орчимд намайг нэг нууц газар хорьж байтал ашгүй шударга сайн хүмүүс энэ бүхэн нь хууль бус болохыг тодруулан намайг сулласан.
Байсхийгээд л чиний оршин суух эрх чинь ийм ч зөрчилтэй, энэ нь ч болохгүй байна буруутгалд үндэслэлгүйгээр орж, албадан буцаагдах аюултай тулгардаг. Би гадаадын иргэн харъяатын газраас үнэхээр айдаг. Ер нь би ч гэлтгүй, өмнөд монгол хүмүүс маань хэзээ барьж аваачин, БНХАУ-д тушаах бол гэсэн байнгын айдас түгшүүр дор байдаг. Мэдрэл муудах дөхдөг. Монголд ирээд ардчилал шинэчлэлийн үзэлтэй болсон байдаг, өмнөд хөршид бол энэ үзлийн төлөө ял сонсдог.
Гадаадын өөр иргэн үндэстний хувьд Монголд оршин суух иргэн болоход ийм хэцүү бэрх байдаггүй юм билээ. Яахдаан ингэдэг байна вэ? Харин ч бүр эсрэгээр: монгол хүн Монгол улсад оршин суух, иргэн болох нь саадгүй, өөр үндэстэн хүмүүсийн хувьд хатуу баймаар. Их гүрнүүдийн дунд хавчуулагдсан Монгол улс гадаадын өөр үндэстнүүдэд хамаг боломжийг олгож, монголчууддаа хамаг хоригийг тавиад байвал уруудан доройтсоор байх болно шүү дээ.
Над мэтийн хууль ёсны болзлоо хангасан, Монгол улсын хууль дүрмийг хичээнгүйлэн сахин биелүүлж 10 гаруй жил болсон хүмүүсийг иргэн болгож өгөөч ээ гэж хичээнгүйлэн хүсэж байна.
/Цаашид өмнөд монголчуудыг хужаа гэж дорд үздэг, янз бүрээр хүний эрхийг хөсөрдүүлж хаадаг талаар ярилаа/
3-р өмнөд монгол хүн: Би халх ястан, Монголд ирээд 3 жил болж байна. Миний өвөг дээдэс Монгол улсын иргэд байсан, 1930-аад оны харгислал хэлмэгдүүлэлтээс дайжин, Монгол улсын нутгаас Өвөр Монгол руу дүрвэн гарсан байдаг. Тэдгээр дүрвэгчид Монгол улсдаа буцаж очсон ч, нэлээд нь ахуй амьдралын бэрхшээл, янз бүрийн шалтгаанаас болж буцаж очиж чадалгүй үлдсэн. Тийм хэдэн мянган халх хүн одоо БНХАУ-д байна. Тэдний дунд эх Монгол улсдаа ирж амьдрах хүсэлтэй хүн олон.
Бусад улсын жишээг харахад, ийм хүмүүсийг түүхэн эх орон нь иргэн харъяатыг сэргээхтэй ижил түвшинд асуудлыг нь шийдвэрлэж хүлээж авдаг байна. БНХАУ-д байгаа, Монгол улсын иргэн дүрвэгчдийн хойчсыг нэн хөнгөлөлттэй нөхцлөөр, тусгайд нь харж үзэн иргэнээ болгодог болгож өгөөч ээ гэж хүсэж байна.
Намайг Японд сурч байхад Ц.Элбэгдорж ерөнхийлөгч айчлан ирж, монгол туургатан оюутнуудтай уулзсан. Тэгэхдээ, хилийн чанадын монголчуудыг Монгол оронд очиж амьдарцгаа гэж уриалсан. Би тэгэхэд “ерөнхийлөгч өө, жишээ нь би Монголд очоод амьдарч болох юм уу” гэж асуусан. Ерөнхийлөгч бололгүй яах вэ, Монголд очиж амьдраарай гэсэн. Тэгээд би хүрээд ирсэн дээ.
/Цаашид, Монгол оронд ажиллаж амьдрах, оршин суух эрх авах, иргэн болоход: хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 дахин өндөр цалинтай ажил хийх баталгаа, түүнтэй уялдсан татвар төлөхийг шаардах зэрэг бэрхшээлүүд байдаг талаар ярилаа/
Аббас Даяар: Би Афганистаны иргэн, хазар хүн байна. Монголд ирээд 3 жил болж байна. Хазар хүмүүс өөрсдийгөө 13-р зууны монголчуудын хойчис гэж үздэг, Монгол оронд очих, аялан жуулчлах, суралцах, ажиллах амьдрах хүсэлтэй нь цөөнгүй. Монголд өнөөдөр 20 гаруй оюутан залуус МУИС,Монголын олон улсын их сургуульд суралцаж байна. 3 нь монголчуудын хандив тусламжаар, 20 гаруй нь ТББ-ын шугамаар суралцаж байна. Миний бие монголчуудын халуун сэтгэл, хандив тусламжийн үрээр антропологийн ухааныг судлан суралцаж байгаадаа туйлын их баяртай байдаг.
Хазар зон олны маань Монголд ирэх асуудалд тус дөхөм үзүүлэхийн тулд Афганистаны нийслэл Кабулд Элчин сайдын яамаа сэргээх юм уу, консулын газар нээх нь их чухал байна. Бид БНХАУ-д очиж байж л Монгол улсын виз авдаг. Энэ бол маш хүндрэлтэй байдаг. Оны эхээр Монгол дахь хазар оюутан залуусын төлөөлөгч бид Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга болон ажилтнуудтай уулзаж, тодорхой асуудал бэрхшээлүүдээ танилцуулж, хэрхэн шийдвэрлэх талаар саналаа хэлсэн. Бидний хувьд юуны өмнө Кабулд элчин, консулын газраа нээх нь нэн өндөр ач холбогдолтой байна даа.
/Цаашид, Монгол улсад суралцах хазар залуусын тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хөндөн ярив/
Ч.Сосормаа /Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх/: Олуулаа болох санаачилгыг хэрэгжүүлэхэд маш их судалгаа хэрэгтэй байгаа юм. Монгол хүнээ асар ихээр судалж, хэнийн монгол гэх вэ гэдгээ судалж тодруулах шаардлагатай байгаа. Мэдээж манайд хүнд суртал байгаа л даа. Ийм зүйлийг ахиж гаргахгүй ээ. Энэ тал дээр өндөр төвшинд яригдсан. Хүний эрхийн асуудал бол хуулиараа л шийдэгдэнэ.
Төр, төрийн бус байгууллагынханд терпимость буюу хүлцэмжийн асуудлаар сургалт явуулна. Энэ нь Олуулаа болох санаачилгыг хэрэгжүүлэхэд их хэрэгтэй. ЗГ-ынханд ч хэлсэн. Манайхан чинь өөрсдийгөө ч хужаа гээд байдаг зовлонтой улс шүү дээ. Ялангуяа сонгуулийн үеэр бүр ч их хужаа гэдэг. Монголчууд бид бие биенээ ингэж ад шоо үздэг, ялгаварлан гадуурхдаг байдал үеэ өнгөрөөх ёстой. Яг энэн дээр хуулиар зохицуулах гэвэл хэцүү байдаг.
Энхбаяр дарга аа, өргөдөл хүсэлтийн хариу таг чиг байдаг гэсэн гомдол байгаа шүү, анхаараарай. Шинэчлэлийн ЗГ анхаарч ажиллах хэрэгтэй. Зохих хууль зүйн реформ хийгдэнэ. Иргэний танхимаар хэлэлцүүлэх нь чухал. Мөн өөр байдлаар ч хэлэлцэж болно шүү дээ. Дугуй ширээний ярилцлага байж болно. Улс төрөөс ангид байна шүү, нөхөд өө!
Хуулийн реформ хийхдээ драфтуудыг сайн хэлэлцүүлэх хэрэгтэй. Хэлэлцүүлэхгүйгээр өргөн барьдаг шүү. Тодорхой дэс дараатай ажиллахад цаг хугацаа шаардагдана. Монгол туургатны эрх ашгийг хамгаалахад чиглэл чиглэлээр ажиллацгаая. ТББ-ын эрх зүйн орчин ч шинэчлэгдэх хэрэгтэй байгаа юм. Хүмүүнлигийн exception хэрэгтэй шүү дээ. Олуулаа болох ажилд Даяаршлыг ч бас анхаарах хэрэгтэй. Бас нийгэмд хүлээлт байх хэрэгтэй юм.
н.Энхбаяр /ГИХАЭГ-ын хэлтсийн дарга/: Бид үйлчилгээгээ сайжруулж, онлайн болгож байгаа, тэгэхлээр олон асуудал бэрхшээл аяндаа арилна. Бас фейсбүк ашиглана. 16 төлөвлөгөө бидэнд байна, тэрийгээ 6 сараас хэтрэхгүй шийднэ. Манай газраас айдаг гэж байна. Бид аливаа асуудлыг хуулиараа л шийдвэрлэнэ. Монгол хүн болзлоо хангачихсан бол Монгол улсын иргэн болох ёстой гэж байна. Хуулиараа болзлоо хангачихсан байлаа ч Монголын иргэн болох ёстой гэсэн юм байхгүй. Энэ бол үндэсний аюулгүй байдалд маш аюултай асуудал. Үүнийг зөвхөн манай газар биш, олон байгууллага хамтарч байж шийдвэрлэх ёстой их хүнд асуудал юм. Түүнээс гадна даяаршил болж байгааг анхаарах ёстой. Зөвхөн монгол үндэстэн хүн Монголын иргэн болохыг хүсэж байгаа биш шүү дээ. Эдийн засаг өсч, улс орны хөгжил дэвшил нэмэгдэхийн хэрээр монгол үндэстэн биш олон хүн Монгол улсад амьдрах, иргэн байхыг сонирхож байна. Үүнийг бас харгалзан ажиллах ёстой.
Төр-эрхзүй, төр-иргэн гэсэн зарчим үйлчилнэ. 1995 оны хууль даяаршилд нийцэж байна уу, үгүй юу. Манай улс илгээгч улс байсан бол илгээгч-хүлээн авагч болчихлоо шүү дээ. Энэ бол их ноцтой нөхцөл байдал. Манай хууль эрхзүй бол шинэчлэн батлагдсан. Тэр яригдаад байгаа асуудлууд бол манайд байхгүй. Заавал өндөр цалин гэсэн тулгалт байхгүй. Илүү нээлттэй, тодорхой ажиллагаатай байгууллага болж байгаа. Хуульзүйн сайд Тэмүүжин ч энэ талаар удирдан ажиллаж байна.
Ч.Сосормаа: Гадаадын иргэд бол нэр төрөө шүүхээр сэргээлгэнэ шүү дээ. ЦЕГ-т сануулга өгч, гадаадын иргэнтэй харьцах талаар сургалт явуулсан. Олуулаа болох ажил хүн ам зүйн бодлоготой уялдаж явагдах ёстой. Олуулаа болох санаачилгын нөлөө шинэчилсэн хуульзүйд буух байх гэсэн хүлээлт бидэнд байгаа.
Ч.Мөнхбаяр: Иргэн харъяатын хуулийн шинэчлэлд монгол үндэстэн гэсэн ойлголт орж байгаа юу, монгол үндэстэнд ялгавартай хандан, хөнгөлөлт үзүүлэх санал тусч байгаа юу? Өндөр цалингийн босго үгүй болсон, гэхдээ бүх гадаадынхны хувьд босго алга болсон, үүнд монгол, монгол биш гэх ялгавар байхгүй гэж дуулсан. Хэрэв Монголын иргэн болох, оршин суух шалгууруудыг монголчуудын хувьд хөнгөвчилж өгөхгүй, бүх гадаадынхны хувьд авч хаяад байх юм бол монголчууд олуулаа биш цөөхүүлээ болох аюултай.
н.Мөнхтулга /ерөнхийлөгчийн Тамгын газрын хуулийн ажилтан/: Би тэр шинэчлэлийн ажлын хэсгийг хариуцан ажиллаж байгаа. Сүүлийн 3 жилд бид монгол үндэстэн хүний иргэн болох хүсэлтэд татгалзсан тохиолдол байхгүй. Хамгийн гол нь хүмүүс хүсэлтээ буруу явуулаад байгаа юм. Ерөнхийлөгч рүү биш, орон нутгийн захиргаандаа явуулж, тэр нь хууль ёсоороо, шат дамжлагаараа яваад бидэн дээр ирэх ёстой. Тэгэхгүй бол бидэн рүү хичнээн явуулаад нэмэргүй шүү дээ.
Ч.Сосормаа: 1-рт бол та бүхэн хуулийн шинэчлэлд саналаа өг. 2-рт, хэлэлцүүлгүүд маш чухал, энэ ажлын хэсгийг оролцуулж байгаад хэлэлцүүлэг хийх хэрэгтэй, олон хэлэлцүүлэг хийх хэрэгтэй. 3-рт, нийгмийн сэтгэлзүйг бэлдэх хэрэгтэй. Болдхуяг шиг юм хий. Халимагуудыг урьж байна гэсэн тэр нийтлэл бол нийгмийн сэтгэлзүйг маш сайн бэлдсэн, маш сайн бодлого болсон шүү дээ.
Чиг гарсан. Хар зураг байгаа. Хуулийн төсөл бэлэн байгаа. Бодлого цэгцтэй болж байгаа. Бидний уулзалтын үр дүн ч нөлөөлнө.
Жилийн дараа Олуулаа болох санаачилгыг амьдралд хэрэгжүүлэх хууль-эрхзүйн орчин бэлэн болчихсон байна.
П.Тулгаа

No comments: