Sunday, July 22, 2012

Эрх баригчид уран сайхны кино хийж, ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэв үү

Саяхан нэгэн бухимдсан уран бүтээлчтэй уулзлаа. Яриа нь бас ч гэж сонирхолтой санагдсан тул сийрүүлсү:
-МАН-аас “Долоон бурхан од харвадаггүй” хэмээх цодгор подгор нэртэй, цолгорох шалгарах маягтай кино бүтээлгэсэн билээ. Манайхан кино хийж байгаа нь энэ гээд л оюун ухааны хомсдолтой хүмүүст зориулж, дебил этгээдүүд хийсэн мэт, “шүлс нь савирсан”, “хэл нь бултайн унжсан” аймшигтай юмнуудыг асар их хөдөлмөрийн өндөр бүтээмжтэйгээр үйлдвэрлэж фабриклан овоолсоор байгаа. Тийм элий балай улс яаж “долоон бурхан” буюу, Ардын хувьсгалын анхны долоогийн тухай кино хийхийг санаж чадав аа, долоогийн тоо ч мэдэхтэй үгүйтэй л улс шүү дээ гэж ихэд гайхаж байв л.
Гэтэл хийчихжээ. Рекламыг нь харахад бусад усан тэнэг кинонуудаасаа арай л өнгө өөр харагдаад байх шиг. Уг нь хамаг л ухаан олиггүйчүүд нь кино руу явсан бололтой байсан сан. 90-ээд оны эхээр, өнөөгийн нэгэн нэрт кино найруулагч намайг кино зохиол дор нь бичээд аль гэсэн юм. Яаран сандран бичээд өгтөл аягүй ухаантай юм биччихжээ, тэнэг болго гэсэн сэн. “Тэнэг” болгоод өгсөн чинь ёстой гоё болжээ, гэхдээ л бас жаахан ухаантай л байна даа гэсээр авч явсан. Чимээгүй болж болчихоод, “бас ухаантай биччихсэн байна билээ ээ, надаас өөр ойлгох хүн байдаггүй, тэгээд кино болгож болсонгүй” гэж билээ. Удахгүй ардын жүжигчин болж ч мэдэх нэг мундаг од тэр үед намайг нэг шог гараа бичээдэх гэсэн сэн. Баярлаад л бичээд өгсөн чинь, хөмсөг зангидаж: “Энэ чинь арай дэндүү ухаантай юм. Үзэгчид чинь аягүй тэнэг байдаг байхгүй юу. Наадхыгаа нэг аягүй тэнэг болгоод бичээдхээч, хө” хэмээсэн юм. Тэнэг болгоод бичиж өгөхөөр, арай л болоогүй байна, улам тэнэг болго л гэнэ. Хичнээн дахин тэнэг болгосон ч, хэтэрхий ухаантай байна л гээд байсан. Уг нь би тэдэнд эхнээсээ л, тийм ч ухаантай зүйл бичиж өгөөгүй юм шүү дээ.
Түүнээс хойш, арай их ухаантай байна, тэнэг болго гэх үгийг хичнээн сонсов. Хичнээн чармайж зүтгээд, одоогийн гараад байгаа шиг аварга тэнэг юмнуудыг яасан ч бичиж чадахгүй юм билээ. Гэтэл кино зохиолч гэж өөрсдийгөө нэрийддэг хүмүүс өлхөөн биччихээд байхыг бодоход, мөн агуу тэнэг хүмүүс болох нь илт. Хэвийн хүнд маш тэнэг зүйл сэтгэж бичих нь амаргүй байдаг бол, маш тэнэг хүнд бол тэрэн шиг амархан юм байхгүй.
Харин, тэр мундаг хувьсгалчдын тухай кино бол эрхбиш гайгүй бичигдсэн байж таарна гэж бодож байв. Гэтэл үгүй юмсанж. Үзсэн харсан бүхэн пий пай ямар тэнэг юм гэж уулга алдаж, хилэгнэн шүүмжилж бичиж байна. Очиж очиж олноос онцгойрон цолгорон, улс гүрнээ байгуулсан, үндэстний эцгүүдээ нөгөө л сүүлийн үеийн монгол кинонууд дээр гардаг усан тэнэгүүд болгон дүрслэх гэж. Миний бие монгол кино ахин хэзээ ч үзэхгүй хэмээн андгай тавьсан юм. Учир нь 1990 оноос өмнөхийг түм бум дахин давтан үзээд, цээжээр мэддэг болчихсон. Сүүлийн үеийн кинонуудыг үзсэнээс оюуны хомсдолтнуудын сургуульд очих юм уу, Шар хадны галзуу солиотнууд, дебил кретинүүдийг харвал илүү их ухаантай золгох болно.
Тэгээд, дээрх киног үзээгүй юм.
Гэтэл тэр нь мунхгаас гадна улс төрийн сонгуулийн реклам байна гэнэ.
Тувтан л: “Элбэгдорж төрийн хутгуур”,  “Элбэгдорж бол харь цустай, хар элэгтэй урвагч”, “Элбэгдорж хамтран зүтгэгч андуудаа алж, хайр найргүй шорон гянданд илгээж, тамлуулан, ганцаараа ноёлох засаг байгуулах гэж улайран яахаас буцахгүй байна”, “Элбэгдорж Монгол орныг мөхөөнө” л гээд байх юм гэнэ. Уг нь Элбэгдорж Ринчиног хэлээд байгаа ухаантай. Гэтэл жүжигчдээр хэлүүлж яриулж байгаа нь нэг л биш ээ. Яг л МАН-ынхан энэ одоогийн Элбэгдоржийг хараагаад байгаа юм шиг. Элбэгдорж нь хүн алаад л, бүр өөрөө хулгайч дээрэмчин шиг л буудаад л явах юм гэнэ, долоон бурхан минь орос янхадтай сексдээд л байх юм гэнэ.
Тэр үеийн түүхийн ээдрээ зангилааг тайлж таниулах байтугай, улам тэнэгжүүлээд хаячихсан байна гэнэ шүү.
1990 оноос хойш “ардчилсан хүчнийхэн” гэсэн халхавчтай хэсэг холимог цустнууд үзэл санаа, холимог цусныхаа багш, удирдагч болох Цэрэндорж, Бадамдорж, Дамбадорж, Насанбат зэрэг аймшигт ирлийз дүрлийз урвагчдаа хамаг гэмээс мулталж, гагцхүү Э.Ринчино буруутай гэж солиорон, шинэ түүх зохиолгосныг л хуулж будаа идэх чамаан аядсан юм билээ. Тэр түүхийг, БНХАУ-ын түүх судлалаас хуулж зохиолцогсдын нэг баавар бээвэр этгээд хүртэл “Долоон бурхан” киног ямар тэнэг юм бэ, ямар мунхгаар Элбэгдоржжуулаа вэ гэж гайхсан байв. Монголын шинэ үеийн Нагаржунай, соён гэгээрүүлэгч гэгдэх тэр нөхөр юу ч мэдэхгүйгээ харуулж, Элбэг Доржоевич Ринчинов гэсэн байна билээ. Ринчиний Элбэгдорж буюу, орос маягаар бол Элбек-Дорджи Ринчино шүү дээ. Үүнийг мэдэхгүй байж, түүх зохиох санаатай. Соён гэгээрүүлэгч нь ч, солиотой галзуучууд нь ч адилхан байгаа юм.
Тэгээд нөгөө киногоо дахин дахин гаргаж, мянга түм давтсаар, Э.Ринчиногийн тухай хэлж байгаа үгсээ Ц.Элбэгдоржийн тухай мэтээр мессеж болгон цацаж, сөрөг сурталчилгаа, реклам, пиар хийж буй хэрэг билээ. 2013 оны ерөнхийлөгчийн сонгууль руу чиглэсэн алхам ажээ.
2013 оны сонгуульд зориулсан юм бол яагаад одоо хийж байгаа юм гэж уншигч асууж болно. Хэрэв дөхүүлж хийж толилуулсан бол, сонгуулийн хууль бус сурталчилгаа гэгдэн буруудах болно. Тэгээд ч бүтэн жил энэ сурталчилгаагаа хийхэд, эхлээд хүмүүс киноны үгсийг марзганан хэлж байснаа, сүүлдээ энэ марзганал нь хатуу үзэл баримтал нь болон хувирна хэмээн тооцоолж байгаа аж. Ийм явдал оюуны хоосролд орсон нийгэмд их тохиолддог. Н.Энхбаярыг ид байх үед нь цөөн хэдэн хүн шүүмжлэвч, хэн ч ойлгож хүлээж авдаггүй, хаан болгох гээд шүтэн бишрээд байдаг байсан билээ. Гэтэл Н.Багабанди урт шар дээлтэй хүн гээд л хэлчихсэн чинь, шар дээл өмсөх нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг юм аятай л бүх хүн эргэчихсэн билээ. Урт шар, урт шар гэж улиглан марзагнаж байснаа Н.Энхбаярыг үзэн ядах мухар сохор хийрхэл нь төлөвшин тогтнож байсан. Бүх юм “урт шар дээл” гэх үгнээс л болсон билээ. Ингэж далдуур үзэн ядах үзэл суулгах явдлыг “сөрөг 25-р кадр” ч гэдэг. Германы эрдэмтэн энэ талаар судалсан байдаг.
Тэрэн шиг л Ц.Элбэгдоржийг үзэн ядуулах 25-р кадр жатга шингээсэн кино ажээ. МАН ерөнхийлөгчийн сонгуульд С.Батболд, Ц.Нямдорж хоёрынхоо нэгийг сойх нь тодорхой гэж яригдаж байгаа. 2009 онд “урт шар дээл” хэмээх 25-р кадр жатга үгнээс болж, цөм элий балай болж, улайрсан анти-энхбаяристууд болж хувираад “баяр” гэж хэлсэн хүнийг барьж идэх нь холгүй солиоролд автсан байсан. 2013 онд мөн тийм солиоролд автаж, хийрхсэн анти-элбэгдоржистууд, хэнээтсэн батболдистууд, нямдоржистууд болж хувиран, хэл нь халтираад “дорж” гээд хэлчихсэн хүнийг ч алж шарж идэхээс буцахгүй болох магадлалтай байна шүү хэмээн тэр уран бүтээлч халаглан ярьсан юм.
Миний бие мөн тэрхүү киног үзэж амжаагүй байгаа бөгөөд, үзсэнийхээ дараа уншигч та бүхэнтэйгээ сэтгэгдлээ хуваалцъя. Дээрхи уран бүтээлчийн үг ортой эсэхийг ч магадлая.
Ярилцсан Ч.Мөнхбаяр

No comments: