Sunday, July 22, 2012

Н.Энхбаярын ивгээл дор энгүй том бизнэс босгох дөхсөн түүх

Н.Энхбаярын сурталчилгааны сэтгүүлийг С.Баяртай булаалдан байж хийсэн минь

Утас хангинан дуугарахад авбал:
-Мөнхбаяр уу? Би ерөнхийлөгчийн зөвлөх Түмэнжаргал байна. Ерөөсөө чи л тэр “Бор шувуу”-г гаргасан юм байнлээштээ. Танай тэр… хоёрыг цагдаад өгчихсөн. Тэгсэн, бодоод байхнээ чи л хэргийн эзэн юм байна. Яахлаараа чи ахтайгаа дайсан болдог билээ. Бушуу ирж уулз… гээд л мэндийн зөрүүгүй бууж гарах нь тэр.
Жинхэнэ борчуудын гаралтай, ясны ардын хүүхэд миний бие Төрийн Ордон мэт босго өндөр газраар төдийлөн явдаггүй юм. Энэ удаад хэрүүл хийх гэж, түр үнэмлэх бичүүлж байж саадгүй гэгч явж орлоо. Элдэв санаа санаачилгаа дээш нь өргөөд өргөөд, хүсэлт тавиад тавиад уулздаггүй зөвлөхүүдийн нэг нь хийгээгүй “хэргийн” маань төлөө дуудаж уулзаж байдаг мөн сонин оо.
Олноо Хар Түмээ гэж нэршсэн энэ хүмүүнтэй гэмгүй танил явсан билээ. 1997 онд “Ням гараг” сонинд ажилд орно хэмээн очиход, "Чамайг мэдэлгүй яах вэ. Би бол хоёр гараараа өргөөд дэмжинэ. Часхийсэн баг бүрдүүлж ажилламаар байна” гэсээр хүлээж авахад нь өөрийн эрхгүй баясч, элдэв сайхан бодолд автсан сан. Гэтэл намайг түүнээс илүү таних мэдэх нэгэн татгалзан ихэрхсэн юмдаг…
Ийн бодсоор явж ортол Түмээ ах мөн л учир тоймгүй дайралтаа эхлүүлж, өөрийг нь дүүгээрээ шүүмжлүүлж бичүүлсэн, угаасаа чи миний эсрэг, ерөнхийлөгчийн эсрэг ажиллаад байна, ард чинь хэн байна гэхчилэн тачигнахад нь өөдөөс нь мөн мөчөөгөө өгөлгүй маргаж мэтгэсээр хар сэрийг нь үргээн арилгаж дөнгөв. Мань хүн ч ном сэтгүүл үзүүлж, шүлэг зохиол ярьж, нэг мэдэхэд бид, хамтран ерөнхийлөгчийн сонгуулийн “Нэр төр” сэтгүүлийг гаргах болчихсон байлаа. Мөн гайхалтай. Саяхан л хонь чоно мэт байсан атал, одоо мань хүн хамаг нууцаа хайргүй дэлгэн хуучилж, хөнгөн шингэн гэгч үсэрч дэгдэж байлаа.
Дүү бид хоёрт унаа тэрэг, ажлаа хийх албан өрөө, туслах ажилтнууд хүртэл гаргаж өгөв шүү. Гэтэл МАХН-ын А. гэх нэгэн дарга уг сэтгүүлийн ажлыг бидэнтэй булаалдаад эхлэв. Түмээ ах “Та нар өөрсдөө л хий. Өөр хүн битгий оролцуул. Би та хоёрт итгэж байна” хэмээн чамгүй их итгэл найдвар хүлээлгэснээр, тэр даргатай амжилттай булаалдан дийлээд зогсолгүй, харин Н.Энхбаярын холбогдолтой зургийн санг нь “дээрэмдэж” орхисноо санахад хөгжилтэй.
Сэтгүүлийн нүүрүүдийг хийж үзүүлэн, яах л бол доо гэж санаа зовж байтал “Өө их сайн болж. Би ч та хоёрыг чадна гэж итгээд байсиймаа” л гэнэ. “Ерөнхийлөгчийг хурлаас гарч ирэхээр нь үзүүлсэн чинь их олзуурхаж байна. Энэ маягаараа хий гэсэн шүү. Та хоёрыг уулзуулна, танилцуулна, туслуулна” л гэнэ. Түрүүчийн сонгуульд Н.Энхбаярын сонгуулийн сурталчилгааны гол хэвлэл нь “Нэр төр” байжээ. “Ахынх нь тэр сэтгүүл нэлээд үүрэг гүйцэтгэсэн шүү, та хоёр тэрнээс давах ёстой” гэх нь далан дээр далан хилийн шуудайтай гурил тавих мэт хүндхэн ачаа.
Ийм ийм хүмүүс Н.Энхбаяраар туслуулж байсан, наадуулаараа тийм юманд туслуул, тийм юм бичүүл гээд л том улс төрчид, нэрт зохиолч, урлагийн зүтгэлтэн, алдарт тамирчдын баахан утас хэлж бичүүлж, үг зааж өгнө. Тэд нь бүгд арга саам хийн зугтаана. “Би тэгдэггүй ингэдэггүй” гэж сүржигнэн цэмцэгнэж байдаг хүмүүс тэр “жигшээд” байгаа зүйлсээ бүгдийг нь эцэст нь тултал хийчихээд, хэсэг паузлах үеэрээ тэгж маяглаж байдаг юм билээ л дээ. “Муусайн гөлөгнүүд, цагийн аясаар ингэж хувирч байгаа юм, цагтаа яаж л байлаа, одоо хаашаа хараад сүүлээ шарвагануулцгааж байгаа бол доо” гэж мань хүн бухимдан хэлдэгсэн. Яваандаа, тэр хариуцлагатай чухал ажлыг саяхан “Н.Энхбаярын эсрэг сонин гаргасан” гэж хардагдаж байсан миний бие бага дүүгийн хамт зөвхөн хоёулхнаа гардан хийх болов шүү.
Хэзээ ч МАХН, Н.Энхбаярыг дэмжигч байгаагүй ч, энэ ажил сонирхолтой байлаа. “Н.Энхбаяр гурав дахь хүч болж гарч ирж, дэглэмийг сулруулж магадгүй” гэж прогнозолж, хоёр намын дарангуйллыг унагахад хэрэг болж мэдэх хүн гэж багахан хугацаанд дэмжих байр суурьтай ч байсан л даа, бусад улс шиг нуухгүй, үгүйсгэхгүй. Гэхдээ тэр сэтгүүлд Н.Энхбаярыг магтсан нэг ч зүйл би бичээгүй юм шүү. Цаашид бүр чиг хачин юм болж, дээр дурдагдсан дарга, С.Баяр, сайд Отгонбаяр, “Боролдой” Мягмар, сонгуулийн штабын сурталчилгааныхан өөр хэн хэн ч билээ, бүгд л тус тусдаа Н.Энхбаярын сурталчилгааны сонин сэтгүүлийг гаргана гэж өрсөлдөн тэмцэлдэв. Эцэст нь С.Баяр эрх мэдлээрээ далайлган, нөгөө ажлыг өөрийнхөн дээрээ авч, нэгэн халтар хултар сонин гаргасныг нь Н.Энхбаяр туйлын дурамжхан хүлээн авсан гэдэг. Штабын сурталчилгааны ажилтан хожим ярихдаа, “тэр бол яг бидний л хийх ёстой ажил байсан, хэвлэлийн сурталчилгаа муу хийгдсэнээс болж сонгогчдын 5-6 хувийн саналыг Н.Энхбаяр алдсан гэх судалгаа гарсан” гэсэн билээ.
Н.Энхбаярын сонгуулийн зүйлийг хийв гэж зарим хүн намайг улайран буруутгаж байлаа. Өмнө нь Н.Энхбаярыг улайран дэмжиж байсан хүмүүс хүртэл шүү. Махно зорилгодоо хүрэхийн тулд большевикуудтай ч, петлюрчуудтай ч эвсэж явсан юм, та нар дараа ойлгоно гэхчилэн хариу барина. Цөм тэр үед Ц.Элбэгдоржийг дэмжигч болсон шиг санагдах нь ч байв…
Парис руу одсон Түмээ ах маань 2010 оны хавар сонин мэссэж илгээв. “Монголд очоод би бужигнуулж өгнө. “Нэр төр” гэдэг бизнесийн том групп босгоно. Н.Энхбаяр дарга ч туслана, олон нөхөд маань ч тусална. Сонин сэтгүүл, ТВ радио бүгдийг нь багтаасан мэдиа-блок байгуулна, хэвлэлийн жинхэнэ магнат болно. Баруун гараараа чамайг тавина, том босс болгоно. Энэ талаар элдэв зүйл бодож сэтгэж байгаарай. Зун очно, наана нь ярилцаж хэлэлцэж байя!” гэсэн юм. Бас л аятайхан дуулдлаа. Төлөвлөгөөрхүү юм зохиож ч үзлээ.


“Сонины рэдакци байгуулах төлөвлөгөө гаргаадах. Элбэг дээл шиг хийгээрэй. Туслах хүн нь бэлэн байгаа” гэв ээ. 60 сая төгрөгийн төлөвлөгөө гаргаад, цахилгааны залгууруудыг хүртэл тоочиж бичээд өгтөл: “Ээ элбэг дээл биш, багадсан дээл болчихож дээ. Гэхдээ сайн байна. Ах нь арвидуулчихнаа” гэж билээ. Тэр хүнтэй хамтран ажилласнаас хойш, дандаа л сайн байна, болж байна, бүтэж байна гэх үг сонсож, урамтай байдаг байлаа. Миний дүү ийм тийм гээд л, магтаалын үг хайрлахгүй урсгана, заримдаа хуурай ах дүүс болсон мэт ч санагддагсан.
Тухайн үед би хөлөө гэмтээгээд, суга таягтайгаар хэдэн сар болсон агаад бизнэс-группийн босс болгохоо больчихож магад гэж бодоод тэр тухай хэлээгүй юм. Мань хүн ч мэдээгүй. Оргилуун мөрөөдөл, төлөвлөгөө, бүтээлээ надад ярьсаар л байв…
Наадмаар ирнэ гэж байсан хүн чинь сарын өмнө буучихаад л хуйсганаж гарав. Яваад очъёо гэхэд л өө би яваад очъё гээд гэрийн гадна хүрээд ирэх. Таягнаас салаад анх удаа явж буй намайг хараад: “Чи яагаад доголчихоов? Архи ууж дэггүйтсэн биш биз?” гэхэд нь өөрийн эрхгүй инээд хүрлээ.
“Юуны өмнө “Нэр төр” сонины нэг дугаарыг гаргацгааж, гараагаа эхлүүлье, хийморио сэргээе, хүмүүсийн анхаарал татъя , “нэрийн хуудас”-тай болъё” л гэнэ. Том том сэтгүүлчдийн нэрийг хэлж, загнаад л матэриал бичүүлнэ гэсэн байдаггүй. Энэ удаад түүнээс хүмүүс нүүр буруулсан байж билээ. Миний бие сонины бүх матэриалыг бичиж, дүү маань бусад ажлыг хийлээ. Түмээ ах санхүүг нь гаргаж өгчихөөд л, намайг эрхлэгч болгоод, сонины толгойноос өгсүүлээд бүгдийг нь бидэнд даатгасан. Цаашдаа ч ийм л байх юм байна даа, ажиллахад ч амар байх нь шив дээ гэж санаж байв.
Тэр нэгэн өглөө тэрбээр: “Оргил” сувилалд хүрээд ир, сонин үнэхээр сайхан болсон, хэдүүлээ цаашдын ажлаа тухтай ярьж хөөрье, олон сонин авчраарай, энд байгаа хүмүүст нүүр бардам тараана” гэж утасдсан юм. “Сонинд ажиллах, чиний баруун гар болох хүн” гээд нэг залууг намайг авахуулахаар гэр лүү явуулав. Гайгүй ажил амьдралтай байрын тэр залуутай замдаа давгүй танилцаж, нөхөрсгөөр хөөрөлдсөөр очлоо.
Гэтэл ах хүү харин:
-Энэ сонин надад огт таалагдахгүй байна, ингэх ч гэж дээ гэх нь тэр. Тоглож байгаа юм уу гэтэл үгүй ээ. Хамт явсан хүн ч алмайран гайхав. I хорооллоос “Оргил” сувилал руу очих хооронд л түүнийг хэн нэг албан тушаалтан, эсвэл ойр дотны хүн нь  загнаж дарамталсан, ийм юм хэлэхэд хүргэсэн байх гэж одоо боддог.
Миний дургүй хүрч, хоржоонтой үг чулуудлаа. Алив тэр мөнгө өгөөдөх, ингээд хоёр тийшээ болъё, танихгүй улс шиг явъя гэлээ...
Бухимдсандаа зуу татчихав.
-Танд над шиг хүн ахин олдохгүй! гэхчилэн түүн рүү агсамнав.
-Над шиг хүн харин чамд олдохгүй!
-Тан шиг хүн надад түм бумаараа олдоно! гэтэл тэрбээр утсаа таслав.
Удалгүй сонин дээр өгсөн ярилцлагыг нь үзвэл, нэгэн яруу найрагч, номын дүүг маань “Их сэтгэл гаргаж номыг маань рэдакторлосон” гээд, миний зөвхөн нэрийг дурдсан байв. Бас л уур хүрсэн сэн. Түүний хоёр номыг рэдакторласан. Сэтгэл гаргаагүй ч биш л дээ. Нөхөрсөг байхыг умартан, арай хатуу хандчихсан юм болов уу даа. “1001 гурван мөрт биччихлээ” гээд л хөөр баяртайгаар эхийг нь илгээхэд, дор нь шүүмжлэлээ хэлсэн. Тэгэхэд, “Чиний хэлснүүдийг харахад шал дэмий санагдчихлаа, 800 гаруй болголоо” гэж байсан. Гэхдээ л цаашдаа уран бүтээлийн талаар дахин хамтран ажиллаагүй юм. Нэг мөрийг нь яруу найрагч дүү Б. олзуурхан үнэлсэн гэдгийг надад баяртай хэлж байв. Харин би тэгээгүй л дээ…
Яах гэж ч тэгэв, ингэв гэж бодох үе хожуу ирдэг. Гэвч, саяхан маргалдаж байснаа л удалгүй эхнэртэйгээ яаж танилцсанаа хүртэл инээд алдан ярьж чаддаг, хардаж сэрдэж байснаа, итгэж найдаж чаддаг тэр хүнтэй эргээд харилцаагаа сайжруулж амжаагүй юм. Тэгж байгаад болох биз л гэж санадаг байлаа. Бидний аугаа бизнэс босгох яриа хүчингүй болчихоогүй, мэр сэр сөхөгдөн цухалзсаар байсан бөгөөд, сонгуулийн өмнө болон үеэр бужигнуулнаа л гэсэн байдалтай байв.
Гэтэл З.Түмэнжаргал Сэна мөрөнд живж өөд болжээ гэсэн мэдээ түгэв…

Нэрийг нь мэдэхгүй шувуу
Нээрэн тэр айсуй шад чухам хэд насалнам бол
Аман дотор л амь минь бөмбөрнө.
Амь үгүй юм энэхүү орчлонд огоот үгүйг надад лус савдаг дуулгана.

Хөх чулуун өнгөтэй
Хөнгөн гоомой дор хөөрхийлэлтэйеэ автдаг л аж.
Царайны сайхан хэмээх нь
Цаг хугацаа бөгтгөнөн гүйж одох эмгэнэл.

Ахиад харахад л өнгө нь үхчихсэн байх зураг
Албин шимнусын мөрөн дээр залгасан хохимой толгой л гэсэн үг, найз минь.
Үй зайгүй нөхрийн чинь сэтгэл яахин амгаланаар туналзмуй,
Үл дальдрах ямар цөвүүн цаг нүүрлэх нь энэ вэ.

Цангинан жингэнэнхэн дунгуйлдах
Цасан хямарга ч гэлээ, цагаан булган өмсгөл.
Шөнөд байн байн чөтгөр уйлах дуун гарах тул
Шүлэглэхийн сэтгэл хөвөлзөнө.
Ч.Мөнхбаяр
ММХII.IV.X


P.S. “Парисийн цэнтон (З.Түмэнжаргалын мөрүүдээр)” гэх дээрх мөрүүдийг эвлүүлж өгөхөд тэрбээр (2009) “Үгүй мөн хачин аа” хэмээн, баясан хүлээж авч байсан билээ.

No comments: