Sunday, July 22, 2012

Манайхан С.Хуссейнийг үзэн ядагч күрдүүдэд С.Хуссейнийг рекламдан сурталчилж байгаад балрах дөхжээ

Бас лалуудад пиво, хүүхдүүдэд нь хатсан печень өгч 
авлигадан мэдээлэгч болгоод буруудах дөхжээ

Монголчууд бид муу бүхнийг тахин шүтдэг, чөтгөрийн шидтэй болсон шиг билээ. Тиймээс Саддам Хуссейнийг Чингис хаанаасаа илүү шүтэх шахам байдаг нь нууц биш.
Иракад байгаа улс маань күрд хүнтэй ярилцжээ. Күрдүүд бол Саддам Хуссейний арабын шовинист үзэл, үйл ажиллагааны золиос болж, их зовж зүдэрсэн ард түмэн. Ямар сайндаа эгэл олныг хориглогдсон хорт хийгээр хордуулж, аймаглан устгаж байхав дээ. Иракад күрд-араб, сунна-шиа шашны зөрчил бол гол түгшээх асуудлууд юм. Гэтэл манайхан энэ талаар юу ч мэдэлгүй очдог аж. Өөрсдийгөө күрдүүд гэж танилцуулсан хүмүүстэй уулзахад тэд Саддам Хуссейнийг үзэн яддагаа хэлж байжээ. Манайхан юу ч мэдэхгүй тул, “Саддамыг л муулж байвал эд нарт таалагдах байх гэж бодоод ингэж ярьж буй биз” гэж муу санаалсан байна. Тэгээд, “Танай Саддамыг их муу хүн байсан гэж үзэхгүй байна. Лав л мундаг удирдагч байсан шүү” гэж манайхан үнэн санаагаа хэлжээ. Үүнийг нь цаадуул нь дэмжинэ байх гэж санасан аж. Юу гэж тэгэх вэ. Мөргөлдөөн гараагүй нь л их юм.
Мөн иракуудад пиво өгч ярилцдаг байна. Согтууруулах ундааг хориглодог улсад энэ нь ноцтой зөрчил юм. Хүүхдүүдэд хоол хүнс өгч авлигадан, мэдээлэгч болгодог ч гэнэ. Нялх хүүхдүүдийг эрсдэлд оруулах нь ариун явдал биш байлтай.
Алдаатай мэдээллээс болж, энгийн иргэд рүү энхийг сахиулагчид нөхөд нь гал нээн хохироож, дарж, нууцалж байсныг илчлэн олны хүртээл болгосон ч байх юм, манайхан. Хэний талд байна вэ, холбоотнуудынхаа юу, террористуудын уу.
Нэгэнтээ, Барнум тосгонд хорлон сүйтгэгчид байна гэсэн мэдээллийн дагуу шалгалт хийх болоход “эрсдэлтэй ажил тул сайн дураар явах хүмүүс байна уу” гэжээ. Харуул манаа голдуу хийсээр залхсан манайхны  90 хувь нь оролцъё гэсэн байна. Гэтэл 10 хувь буюу даргалагч голдуу хүмүүс “Үхэл рүүгээ юундаа яарна вэ. Эрэмдэг зэрэмдэг болчихоод харамсав” гэж дарамтлаад зогсолгүй, Монгол дахь жанжин штаб руу ярьж мэдээлжээ. Жанжин штаб шалгалтад оролцохыг хориглосон байна.
Манай иргэний хөдөлгөөний нэг удирдагч: “Эх орноо батлан хамгаалахад идэвхтэй оролцох үүрэгтэй офицерууд маань “энхийг сахиулагч” гээд, эгэл цэргийн хийх ёстой харуулын үүрэг гүйцэтгээд явж байдаг нь харуусалтай. Харуул гэдэг бол сурталчлаад байгаа шиг баатар гавъяа биш юм” гэсэн нь үнэний ортой бололтой. Харин хилийн чанадынхан энэ учрыг мэдэлгүй монгол цэргүүд чадварлаг гэдэг байна. Цэрэг биш, офицер болохыг мэдсэн бол ч. Мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлдэг биз ээ.
Ер нь барууны улсуудад дургүй дарга нар маань энхийг сахиулах үүргээ ор нэрийн төдий биелүүлэхийг шаарддаг бололтой юм билээ.
Ч.Мөнхбаяр
2012.3-р сар

No comments: