Sunday, July 22, 2012

Олуулаа болох бодлогыг олуулаа зөв хэрэгжүүлцгээе!

Эсбөгөөс, эсрэг үзэлтнүүд нь л хүчээ авах нь байна шүү!

Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн “Олуулаа болцгооё!” уриалгад хүмүүс олон янзаар хандаж байна. Энэ бодлогоо зөв сайн сурталчилж таниулахгүй бол дэмжигчдийн тоо нэн хангалтгүй байна.
Үндэсний үзэлтнүүд АН-ынханд талгүй ханддаг хандлагаа нэлээд баримталж байна.  Ардчиллын нэг алтан хараацай партизан хүн “Тэр санааг бол анх би л гаргасан. Ганцаарчилсан тоглолт хийж болохгүй. Үндэсний үзэлтнүүдтэйгээ ярьж зөвлөхгүй шийдсэн нь таалагдахгүй байна. Үндэсний үзэлтнүүдийг оролцуулахгүйгээр үүнийг хийвэл олиггүй л юм болно” гэв. Бас нэг их нэр хүндтэй судлаач хүн, монгол бус хүн үүнийг ашиглан Монголд орж ирж ашиг хонжоо гаргах магадлал өндөр гэж сэрэмжлүүлсээн.
Ц.Элбэгдоржийн уриалга, уулзалтад хэлэх үг зэргийг тамгын газрын ажилтнууд, референтүүд бэлдэж өгдөг нь ойлгомжтой. Тэд монгол үндэстний талаар тун ойлголт нимгэн байгаа нь түгшмээр.
Тэрхүү 100 жилийн үгэнд монгол хүн гэж халх, буриад, хасаг, дөрвөд, захчиныг хэлнэ гэсэн тодорхой үгс буй юм. Уг нь бол 1-рт, Монгол улсын иргэдийг ирүүлнэ, 2-рт, Монгол улсын иргэдийг ирүүлнэ гэж ойлгож болохоор.
Манай төр монголчуудаа гурван янзаар хилийн чанадад бөөнөөр гаргажээ:
а) амьдрах аргагүй болгож дүрвүүлсэн,
б) эх оронч сэтгэлгүй болгож цагаачлуулсан,
в) дарга сайд нарын хань хамсаатнуудыг цэнгээсэн.
Аль аль нь Монголд ирэх хүсэл багатай гэдэг нь ойлгомжтой. Тэгээд ч энэ талаар “Зөгийн үүр” хөтөлбөр гарсан, хятадуудыг ирүүлж, монголчуудыг хөөх талаар л хэрэгжээд байгаа болохоос. Энэ нь бүү Ерөнхийлөгчийн санааг гуйвуулах маягаар үргэлжлээсэй гэж хүмүүс санаа зовдог л юм билээ.
Өвөр монголчууд уриалгад тун чиг өөдрөгөөр хандсан юм. Тэд л хамгийн идэвхтэй дэмжсэн дээ, интернэтэд харж байхад. Гэтэл манайхан чаддагаараа урман дээр нь ус асгаж л бололтой. Өвөр Монголчуудын зүгээс хэд хэдэн талархал, уулзах хүсэлтийн хамт өргөгджээ. Тэгвэл энэ талаар Монголын хэвлэл мэдээлэл таг чиг, өгсөн зүйлийг нь ч нийтэлсэнгүй. Өргөснийг хүлээж авсан байх учиртай албаны улс ч таг чиг, харин ч лавлан асуухад мэдэхгүй, үзээгүй хараагүй, бид хариуцахгүй, тэр энэ хариуцна гэж бие бие рүүгээ бухаж, зайлсхийж байгаа гэнэм. Ийм байхад яаж ажил ахих вэ. Ерөнхийлөгч нь ухаараад байхад бусад нь ухаарахгүй бол яах вэ. Хаалгач нь л элэг нэгтнүүдийн санал хүсэлтийг үгүй хийж, хувийнхаа санал хүсэлтийг оронд нь хавчуулчих юм биз дээ. Тэдгээрийгээ ерөнхийлөгч захирч чаддаг аваас, ташуур өгч ажлыг нь хийлгүүштэй.
Дээр хэлсэн, ерөнхийлөгчийн хэлэх ярих зүйлийг бэлдэж өгдөг улс нь Монгол үндэстний асуудлаар дэндүү нимгэн байнаа гэж. Тэгвэл, өөр зүйлүүд дээр ч мөн л адил байна. Ажлын уулзалт дээр ерөнхийлөгчийн ярьсан зүйлд, бусад улсад ийм тийм сайхан бодлого байна гэж тоочсон үгүүлбэр байдаг. Тэгэхдээ, “Хятад улсын 5-р цуваа” гэсэн буй. Хятад улсын 5-р цувааг сайшаадаггүй л байлтай.
Энэ мэт байдлаас болж Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн монгол туургатны дунд огцом өндөр авсан нэр хүнд унаж магадгүй. Нэг хүн Ц.Элбэгдорж 2011 оны 12-р сарын 25-нд "монгол туургатны асуудлыг хөндөх нь Монгол улсыг Хятадаас бүрэн хараат болгох магадлалтай тул болгоомжилж байна" гэж, өгсөн ярилцлагадаа дурссаныг нь гаргаж ирсэн байна билээ. Хятадууд Монгол оронд дураар дургиж, жинхэнэ эзэд нь болсон агаад, энэ талаар манай дарга нар тэгж болгоомжилж байна, ингэж сэрэмжилж байна гэж хэлсэн зүйл бараг байдаггүй. Тэгвэл гадаад дахь уугуул монголчууд яаж Монголыг Хятадаас бүрэн хараат болгох вэ. Тэр л үгийн ард таагүй суртал ухуулга цуурайтан сонсдох шиг болсныг хүмүүс сэтгэгдлээр илэрхийлсэн байна билээ.
Тэгвэл 2011 оны зун АНУ-д Ц.Элбэгдорж монгол туургатны асуудлаас илүүтэйгээр Монгол-Хятадын найрамдлыг эрхэмлэн үзнэ гэсэн санааг өмнөд монголчуудад илэрхийлж байсан гэнэм. Энэ мэт олон баримтыг шинэхэн дэмжигчид нь эргэн санах нь олонтаа болж байна. Нэгийг санаж бодохгүй бол байдал эвгүйдэх нь байна шүү.
Ц.Элбэгдоржийн санаачилгыг дэмжсэн зарим хүмүүсийг хүлээж авахгүй, хамтран ажиллахгүй, харьцахгүй, хэвлэлээр мэдээлэхгүй байгаа бол, зарим хүмүүсийн хувьд байдал эсрэгээр байгаа юм. Ерөнхийлөгчийн талыг баримталдаг, дэмждэг, ерөнхийлөгч эргээд өөрсдөд нь найртай ханддаг гэж ойлгогддог том сонин байдаг. Уг сонин дээр “Олуулаа болцгоох” санаачилгыг дэмжсэн хүмүүсийн санал бодол нийтлэгдэж ирэв. Тэр хүмүүс нь “дэглэмд таатай” гэж ойлгогддог хүмүүс байгаа нь анхаарал татаж байна. Тэд дэглэмтэй зөрчилдөж, дэглэмийг шүүмжилж, дэглэмийн эсрэг тэмцэж байгаагүй, харин санал нийлж, сайшааж, талархаж ирсэн гэхэд болно.

Хятадын төрийн дэд сайд Фу Ин (голд нь байна) 

Жишээ нь Цахилгаан дарга байна. Энэ хүн монгол үндэстэн туургатны талаар нимгэн хүмүүсийн тоонд орно гэчихвэл хилсдэхгүй биз ээ. Гадаад дахь уугуул монголчуудыг ирүүлэх нь бүтэхгүй гэх санааг үндсэндээ илэрхийлсэн байна билээ. Мөн тэдгээр монголчуудыг зах дээрээс бараа, ногоо авч байгаа юм шиг шилж сонгох, ашиглах талаас нь ярьжээ.
Энэ бол дэглэмд таатай “үндэсний үзэлтнүүд”, дарга маягийн “үндэсний үзэлтнүүдийн” хувьд их л хэв шинжит юм. Үнэндээ тэд үндэстний эрх ашгийн үүднээс бус, ашиг орлогын л үүднээс, зоосны нүхээр монгол туургатныг хардаг. Харин жинхэнэ үндэсний, эх оронч үзэлтэн бол монголчуудыгаа хайрлах хамгаалах тухай боддог. Ташрамд, “монгол туургатны”, “энх тайван найрамдлын” байгууллагуудын мөнхийн дарга Цахилгаан гуай бас Хятадын “5-р цуваа” гэж гоё сайхан бодлого байдаг гэж ярьсан.
Д.Бямбасүрэн гуай бөөрөнхийдүү зүйл үгүүлсэн байна билээ. Энэ хүн Хятадын ерөнхий сайдыг Чингисийн алтан ургийн хүн болохыг нь “нээж” явсан, баримжаа алддаг л нэгэн. Тэр сайд бол, Хархорумыг үнс нурам болгон газрын хөрстэй тэгшилсэн аймшигт хятад жанжны хойчис юм.
Хал балгүй “панмонголистуудын” нэг нь хилийн чанад дахь уугуул монголчуудыг тархан суурьшсан гээд байдаг. Тэд хүний нутагт тархаж очоогүй, өөрийн унаган нутагтаа л байгаа шүү дээ.
Нэгэн ТББ-ынхан “Хөх гэрэгэ” төслөө дэвшүүллээ. Энэ бол АНУ-ын “Ногоон карт” (манайд ч түүний хуулбар "Ногоон карт" буй)-ын хувилбар “Хөх карт” (bluecard гээд байгаа) буюу “Хөх гэрэгэ” шүү гэж дахин дахин анхааруулж буй.
Ногоон картыг монгол бус хүмүүст санал болгох учиртай шүү дээ. Гэрэгэ гэдэг бол элчийн онц эрхийг илтгэх зүйл. Монголчууд маань бидний хувьд элч ч биш, онц эрхээ тулган шаардаж довтолгон өнгөрөгч ч биш ээ.
Тэд хэвлэлийн хурал дээр:
“Эрсдэл маш их байна. Олон зуун жил алс хол байсан тэдэнд уусч хайлж болно. Маш аюултай консенсус үүснэ. 10 сая хүнд уусах маш их аюул байгаа тул сэтгэлийн хөдөлгөөнөөр хандаж болохгүй. Бид бол баахан улс авчрах гээд байгаа юм биш, хөх гэрээгээ буюу blue card-аар нарийн мэргэжлийн хүн авчирна. Урьд ийм саналыг, Монголд үндэсний социализм байгуулах зорилготой байсан Цэвээн Жамсарано дэвшүүлж байсан. Бид бол анх дэвшүүлж олон жил ярьж судалж, зөвлөж, хэрэгжүүлж ирсэн, одоо тэгээд анх дэвшүүлж байна.
Үүнийг хүн болгон ярьж болохгүй, сэтгэлийн хөөрөл гаргаж болохгүй. Олон жил бид энэ төслийг хийсэн, хэрэгжүүлж ирсэн энэ төсөлд гол нь туслалцаа хэрэгтэй байна. Хөх толбот хүн авчирна гээд Хөх гэрээгээ гэж нэрлэсэн. Баахан хүн авчрахгүй, уул уурхайн нарийн мэргэжлийн хүмүүсийг авчирна. Монгол гэж өөрсдөө үздэгийг нь эхлээд авчирна. Хилийн чанадад ястан шахуу болчихсон хүн байдаг, тийм баахан хүн бол авчрахгүй. Боловсрол мэдлэггүй малчин бас авчирна. Учир нь хотод бүгдээрээ шилжээд хөдөө малчин дутагдаж байгаа.
Манай ТББ бол дэлхий нийтийн маш том сүлжээ, 60 орны 4000 эрдэмтэн, суралцагч хамрагддаг. Бид бол 1999 онд эхэлсэн сүлжээ. Бид хэрхэн гадагшаа гарах вэ гэсэн чиглэлээр ажиллаж байсан. Одоо бол хэрхэн буцаж ирэх вэ гэсэн чиглэлээр ажиллаж байна. Дэлхий дээр монголчууд диаспора, миграци гэсэн хоёр янзын монголчууд байна. ОХУ, БНХАУ-д диаспора их байна, тархан суурьшсан монголчууд байна. Бид гурван хазар оюутан сургах, гадаадын монголчуудын сонгох эрхийг баталгаажуулах, У.Тадаогийн номыг орчуулах зэрэг асар их ажил хийсэн. Монголчууд хүлээн зөвшөөрөгдөхөөс өмнө диаспора хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Хилийн чанадад монгол хүн гэдэг нь хүлээн зөвшөөрөгдчихсөн Францын хөл бөмбөгчин Павел Черкас (Юрий Жоркаев гэх, өөрийгөө армян хүн гэж үздэг тамирчинг хэлэв бололтой. зох.), Хятадын гадаад яамны сайд Фу Ин байна…” гэхчилэн ярьсан юм. Өөрсдөө л тэгж ярьсан шүү! Өөнтөглөж гоочлох гэсэндээ биш, өө сэвээ арилгаасай, үндэсний үйл хэрэг бүтээсэй гэж сайн санасандаа энийг тэрлэж сууна.
Тэд Фу Ин гээчийг тун сайн сайхан монгол, Хөх гэрээгээнд бол төгс нийцэх хүн маягаар ярьсан нь лав л өвөр монголчуудын дургүйцлийг төрүүлсээн. Фу Ин бол өвөр монголчуудын хувьд харин ч бахархан дууриах биш, жигшин зэвүүцэх “монгол” хүний үлгэр загвар юм билээ. Бүрэн хятаджисан, Хятадын харгис бодлогыг хэрэгжүүлэлцэгч, өвөр монголчуудынхаа эрхийг уландаа гишгэгч, урвагч нэгэн гэж тэд үгүүлсэн байсан.
Ер нь хилийн чанадын монголчуудынхаа зовсон зүдэрсэнд тусална гэхгүй, сайн сайхнаас нь шилж сонгон ашиглана, бараг боолчилно гэх зүйл яригдаж буйд тэд дуртай биш байгаа шүү. Дээгүүрээ доогуураа харилцан бие биенээ дэмжээд хаалттай, нууц "дарга-панмонголизмыг" үүсгээд яваа хэсэг нөхдийн өнгө иймэрхүү л байна гэж хардацгааж байна шүү.
Хятад улсын ая таалалд нийцүүлж, зөвшөөрсөн хүнийг нь л оруулахаас өөр замгүй гэх зүйл дээгүүр их яригдаж байгаа аж. Энэ нь нөгөө л “5-р цуваа” гэх хүмүүсээс бусдыг авчрахгүй гэх шиг дуулдаж байна…
Ингэж ээрч муурсаар байтал эсрэг хүчнийхэн толгой өндийлгөж байна. Н.Энхбаяр: хариуцлагагүй мэдэгдэл хийв, баахан улс (зарим ухвар мөчид хүмүүсийн монгол туургатнаа нэрлэх үг) оруулж ирэх боломжгүй, хоёр хөрш дургүйцсэн гэж ширүүн шүүмжилсэн. Интернэтийн, хэвлэл мэдээллийн дайралтууд ч багагүй.
…Монгол улсын харъяат болох хүсэлт тавьж ноднин ирсэн Халимагийн Цагаанзам “Бүтэн жил хөөцөлдөх ажил гарах нь шиг байна” гэж ярьж яваа ажээ.
Энэ байдал өөрчлөгдөх болтугай, Ерөнхийлөгчийн хэлсэн сайн сайхан зүйлс, монголчуудын магнайг тэнийлгэсэн уриалга бүтэх болтугай, амьдралд хэрэгжих болтугай гэсэндээ л үүнийг тэрлэлээ. Хий хоосон өөнтлөглөн шүүмжлэх гэсэнгүй. Авах гээхийн ухаанаар хандана биз ээ. Сайн үйлс дэлгэрэг!
Ч.Мөнхбаяр.
2012.2.3

No comments: