7-р сарын 1-ний хэлмэгдэгч, улс төрийн хоригдлуудыг даруй сулла!
7-р сарын 1-нд гэм буруутай гэгддэг С.Баяр, Ц.Мөнх-Оргил нар сонгуульд нэр дэвшиж буйг, 7-р сарын 1-ний хохирогчдын холбоо болон, Эрс шинэчлэл, Шударга иргэдийн фронт, Хохирогчдын нэгдсэн холбоо, МАХН-ын "Шударга ёс" бүлэг, Үндэсний хас зэрэг ТББ-ууд эсэргүүцэж байгаа билээ. Эсэргүүцлээ хэвлэлийн хурлаар мэдэгдсэн. Тэдний тавьсан шаардлагад МАН хариу өгөөгүй байна. Тиймээс, тус ТББ-ууд тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэж буй. Энэ талаар, 7-р сарын 1-ний хохирогчдын холбооны тэргүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.
-Та бүхэн яагаад энэ хоёр хүнийг гэм буруутан гэж үзэж байна вэ?
-С.Баяр бол МАХН-ын дарга, ерөнхий сайд байсан. Сонгуулийн будлианыг зохион байгуулсан, энэ луйварт дургүйцсэн эсэргүүцэл өрнөхөд асуудлыг хурцатгасан, онц байдал зарлуулах гэж хамгийн ихээр зүтгэсэн, зарлуулаад харгислалыг өргөн хэмжээгээр өрнүүлсэн. Ц.Мөнх-Оргил бол Дотоод яамны сайд, МАХН-ын том зүтгэлтэн байсан. Мөн дээрх бүх хэрэг явдалд С.Баярын адил хамгийн их хамаатай.
-Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Ж.Батзандан, О.Магнай нарыг ч гол буруутнаар нэрлэх явдал байдаг шүү дээ?
-Н.Энхбаяр бол С.Баяр, Ц.Мөнх-Оргил нарын дээрх явдлуудаас бага хэмжээгээр холбогдолтой гэдгийг хэн ч мэднэ. Нам бус байсан тэр хүн юуны өмнө шахаанд орж, гарын үсэг л зурсан гэдгээ дахин дахин тайлбарладаг. Мөн хууль сахиулах байгууллагаар шалгагдаж байна. Тэгвэл С.Баяр, Ц.Мөнх-Оргил нар яагаад тэгж тодорхой тайлбарлахгүй, хоригдохгүй, шалгагдахгүй байгаа юм. Энэ бол шударга бус.
Сөрөг хүчний удирдагчдын тухайд бол, сонгуулийн дүнгээ луйвардуулаад, бас 7-р сарын 1-ний явдалд буруутгагдаад, бүр давхар давхар хэлмэгдэж хохирсон улс гэж хэлж болно. Хэн сонгуулийг луйвардаж, дургүйцлийг өдөөж, цагдааг ард түмэнтэй байлдуулж, харгислал зохион байгуулсан бэ? Энэ асуултуудаар л буруутныг тогтооно. Хохирогч, сонгогчийнхоо хувьд бид тэгж тогтоож байгаа.
-Танай холбоо хэзээ байгуулагдсан бэ? Ямар үйл ажиллагаа явуулж байна?
-2 жилийн өмнө байгуулагдсан. Галт зэвсэгт өртөж амиа алдсан, шархадсан, мөн цагдаагийн ажиллагаанаас болж бэртсэн, эрүүдүүлсэн, эрүүл мэндээ хохироосон, шүүх улс төрийн бохир даалгавар биелүүлснээс болж хилс ял хүлээж хэлмэгдэн хоригдсон зэрэг хүмүүсийг нэгтгэж байна. Гишүүн Доржпалам маань хүүхдүүдийг хэрхэн хэлмэгдүүлсэн талаар судалгаа хийж байна. Хохирогчыг цагаатгах, нөхөн төлбөрийг нь гүйцэд тогтоолгон төлүүлэх, амь нас алдагсдын хөшөөг босгуулах, "7-р сарын 1" ахин давтагдахаас сэрэмжлүүлэх ажил зохиох зэрэг үйл ажиллагаа явуулж ирлээ. Цагаатгал аваагүй учраас хилс хэлмэгдэгчид намтартаа ял шийтгэл хүлээж байсан гэх хар толботой болж, ажил амьдралд нь маш их саад бэрхшээл учирч байна. Урьд нь алдаж эндээд хэрэг төвөгт холбогдож үзсэн залуус бол засарч хүмүүжсэн хэрнээн, эрүүл нийгмийн төлөө дуугарснаас болж, давтан рецидив хэрэгтэн, өршөөгдөшгүй онц аюултай этгээд гэгдэн, одоо ч шоронд сууж байна. Энэ улс төрийн хоригдлуудыг суллах ёстой.
-Та иргэний улс төрч хүн. Өмнө нь энэ талын ажил хийж, үйл ажиллагаа явуулж байсан уу? Ирэх сонгуульд нэр дэвших үү?
- Нэр дэвшихгүй ээ, зөв зүйтэй бие даагчдыг бол дэмжих бодолтой байгаа. Би бол жирийн уурхайчин хүн. Дунд сургуулиа төгсөөд уурхайд ажилд орж, "уурхай гэдэг чинь жинхэнэ эр хүний ажил үйлс юм даа" гэсэн бодолтойгоор цэрэгт явж, халагдаж ирээд насан туршдаа уурхайд ажилласан. Хэнтийн Бэрхийн жоншны уурхайд олон жил ажиллаж байв. Бэрх бол 450 метр гүнтэй, Монголын хамгийн гүн уурхай.
-Оюутолгой бол 2-3 мянган метр гүнээс олборлолт хийх тул монголчууд чадахгүй мэдэхгүй гэдэг...
-Тэр бол монголчуудын бүх баялагийг булаана, монголчуудад юу ч өгөхгүй гэсэн улсын яриа. Бэрхийн уурхай бол 50, 50 метрээр ахиулж ухаад л 450 метр хүрч байсан. Тэгэхлээр мянган метр, хоёр гурван метр яагаад ахиулж ухаж болохгүй, чадахгүй гэж. Жолооч хүн янз бүрийн тэрэг барьж, янз бүрийн зайд явж чаддаг биз дээ. Арга, мэргэжил нь адилхан шүү дээ. Монголд уул уурхайн бүх үеийн хангалттай өөрийн боловсон хүчин, мэргэжилтэй ажилчид байгаа. Түүнээс гадна монголчууд юм сурахдаа гарамгай. Гадаадынхан сургууль төгсч байж сайнтай муутай сурдаг юмыг, монгол залуус ганц хараад л гартаа оруулчихдаг, гадныхан шагшдаг.
-Асар их баялагтай атлаа, ядуу зүдүү, зовж зүдэрч, дарлагдаж гадуурхагдаж яваа энэ амьдралаа эрүүлжүүлэхийн төлөө монголчууд яагаад олигтой тэмцэхгүй байна вэ?
-Монголчууд уг нь хамгийн тэмцэгч ард түмэн байв. Хүн гэдгээ, хүн гэдэг гайхамшигтай гэдгийг мэдэрдэг ард түмэн байв. Тэгээд үүнийгээ мэдэрсний улмаас дэлхийг эзэлж чадаж байсан. Эзэн сэтгэлгээтэй ард түмэн байсан. Эх орондоо эзэн нь байх ёстой шүү гэдгээ ойлгодог байв. Гэтэл одоо боолын сэтгэлгээ хавтгайрчээ. Тийм болохоор эх орныхоо эзэн байж чадахгүй байна, эх орноо харамлахгүй байна. Ямар ч эрх мэдэлгүй, түмэн зовлон зүдгүүрт боол байх ямар олиг байх вэ. Харин хосгүй баян эх орныхоо аз жаргалант эзэн байх юутай сайхан. Энэ хоёрын ялгааг мэдрүүлэхийн төлөө мэдсэн улс нь хүчээ нэгтгэн, эрчимтэй тэмцэж, хүн ардаа боолчлолоос чөлөөлөх хэрэгтэй. Чөлөөлөхдөө, хүн ардынхаа бүх нийт хүчийг дайчлан ашиглах учиртай. Тэгэхлээр, хэн бүхний ухамсар, итгэл зүтгэл чухал байгаа биз?
Урьд монголчууд аравтын системтэй, өндөр зохион байгуулалттай байсан. Тэр аравтын систем ах дүүс дээр суурилна. Аравтын систем зуут, мянгат, түмт болохоороо нутаг нугынхан, ястан, аймаг болоод явдаг. Энэ бол нүүдэлчин уламжлалтай сэтгэлгээнд их зохицсон. Хараад байхнээ, дарга нар ах дүү, нутаг нугын зохион байгуулалтыг их ашиглаж байна. Тэгвэл эрүүл нийгмийн төлөө тэмцэгч бид энэ хүчин зүйлийг анхааралдаа авч, ашигламаар байгаа юм. Эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй л бол, тэмцэл хөдөлгөөн, арга хэмжээнд наад зах нь 10 хүн олоод ирдэг л байх хэрэгтэй. Уг нь амархан шүү дээ.
-7-р сарын 1-ний нөхөн төлбөр бүрэн тогтоогдоогүй, хийгдээгүй л байна уу?
-Тийм ээ. Монгол хүнээ хүн гэж үздэггүй манай төрийн тогтолцоонд нөхөн төлбөрийн асуудал маш хангалтгүй төвшинд байдаг. Эрдэнэ-Очир гэдэг хүнийг хэлмэгдүүлж, хэдэн удаа цааз өгч, хэдэн удаа шоронд хорьчихоод, 17 сая төгрөгийн нөхөн олговор өгсөн, тиймэрхүү л жишигтэй. 160 сая төгрөгийн эмчилгээ хийлгээд ч олигтой илааршаагүй 7-р сарын 1-ний хохирогч хүнд 12 саяыг өгсөн. Бүхэл амьдрал нь сүйдчихээд байхад, монгол хүний бүхий л амьдралыг, монгол хүнийг ингэж л үнэлж байна. Саяхан манай нэг сайд найзуудтайгаа хөзөр тоглоод 200 сая төгрөг алдаж, чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлэн, амарч цэнгэсэн байна. Тэр хүн хэдэн монгол хүний амиар нэг үдэш тоглочихож байгаа юм гэмээр байгаа биз? 7-р сарын 1-нийх шиг хохирогчдод Англи улс тус бүрд нь дор хаяж 500 мянган паундаас эхэлж нөхөн олговор олгодог юм байна. Бид гол нь их мөнгө сонирхоод байгаа юм биш, бид гол нь шударга ёсны төлөө явж байна. Монгол бол дэлхийг тэжээж байгаа баян улс. Тэрийгээ болиод, бүх иргэддээ өгөх юмыг нь шударгаар өгч чаддаг байх ёстой. Гэтэл өнөөгийн Монголын хууль эрх зүй бол ердөө л монгол хүнд аль болох багыг өгөх л аргачлал. Монгол оронд хүний эрх бол юу ч биш.
-7-р сарын 1-ний үймээнд оролцсон хүмүүс бол сонгуульд ч оролцоогүй хөлсний этгээдүүд гэдэг…
-Олон хүн сайнтай муутай. Гэхдээ тэр сайн мууг нотлох хэрэгтэй. Хэлмэгдэн баривчлагдсан, хоригдсон хүмүүсийн гэмийг хууль ёсоор нотолсон зүйл огт үгүй. Тэр баривчлагдсан хүмүүсийн хумснуудын баталгаатай гэрэл зураг хаа байна? Хүүхдийн хумсыг бол тооцохгүй шүү. Олон хүүхдийг зовоон хэлмэгдүүлсэн.
Тайван цуглааныг өөрсдийн тайван бус шийдэл рүү аваачихын тулд албан тушаалтнууд бүхнийг хийсэн. Намын байр дотроосоо шатсан, тэгэхдээ хэдэн давхар алгасаад дээд давхар шатах зэрэг сонин үзэгдэл болж байсан гэдэг. Одоогийн Тусгаар тогтнолын ордныг барих төлөвлөгөө ч гарчихсан байсан гэдэг. Албан тушаалтнуудад л их учир бий шүү. Сонголтоо луйвардуулаад цугласан, шударга ёсны төлөө гэсэн үзэлтэй тэр залууст МАХН-ын ордонг шатаачихъя гэсэн бодол байсан гэдэгт итгэдэггүй. Харин албан тушаалтнууд бол яахаас ч буцахгүй. Эх орноо худалдсан улс юунаас буцах юм бэ. Сая 4-р сард, бага “7-р сарын 1” зохион байгуулж, өөрсдөө ч сургууль хийж, ард түмэнд ч сүрдүүлсэн, заналхийлсэн үзүүлэх тоглолт хийж харууллаа шүү дээ. Ингэнэ шүү, бид гэж илэрхийллээ шүү дээ. Н.Энхбаярыг баривчилж чадахгүйдээ тэгээгүй байхгүй юу. Европын холбооноос ч хүн хулгайлаад авчирдаг хүмүүс хажуудаа байгаа Н.Энхбаярыг яаж л бол яаж чадна шүү дээ. Чаддаг улс нь ч бэлээхэн байж байгаа.
-7-р сарын 1-нд амь насаа алдагсадын хөшөө босгох юу болов?
-МАН-ын байрны өмнө босгоё гэхэд зөвшөөрөөгүй, харин тэнд Туркийн юу ч гэнэв, хөшөө босгочихлоо. Тэгээд Үндэсний түүхийн музейн хашлаганы дор, баруун өмнөд өнцөгт нь жаахан газар өгсөн. Явган хүний замаас, хашлага хүртэл алга дарам л газар. Тэнд хөшөө босговол хоригдож цагдагдаж байгаа юм шиг, жаахан камерт байгаа юм шиг хөшөө босох юм байна. Үнэндээ тэр хөшөөг хүртэл хорьж цагдан, доромжилж гутаах санаатай байна. Явган хүний замыг ч хаачих юм байна билээ шүү дээ.
Тэгж таарахгүй ээ. Бид Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгийг Эрх чөлөөний цэцэрлэг болгох санал тавьж хөөцөлдөж байгаа. Эрх чөлөөний төлөө тэмцдэг, цугладаг газаргүй байж болохгүй шүү дээ. Ганц тэмцэж болно гэсэн Эрх чөлөөний талбайг тэр утгыг нь алдагдуулаад өөрчиллөө, саяхан тэнд болсон тайван цуглааныг цагдаагийн хүчээр тараалаа. Оюутны талбайг машины зогсоол болголоо. Бусад талбай ч байхгүй болох биз. Бүх монголчуудыг 4 уулын дунд л чихчихээд, бусад нутгийг харийнханд өгөөд байгаа юм чинь.
Монголчууд маань тэмцэх л хэрэгтэй байна. Эх нутагтаа эзэн болох хэрэгтэй байна. Модун шаньюй “Газар бол улсын үндэс” гэсэн нь юутай үнэн үг вэ. Бүх монголчууд индианчууд шиг жаахан газар хоригдоод л, бусад газар харийнхны мэдэлд ороод л байвал Монгол улс юу болох вэ.
Ярилцсан Ч.Мөнхбаяр
MMXII.V.XXV
http://moenhbayar.blogspot.com
No comments:
Post a Comment