Хамгийн муу гэгдсэн хүнийг зөрж гөжүүдлээд л заавал сонгодог болжээ
Энэ удаагийн сонгуулийн дүн МАНАН-гийн ноёрхлыг өөрчилсөнгүй. МАНАН-г больёо гэж хэдэн жил ярьсан боловч сонгогчид МАНАН, авлигачид, урвагчид, олигархиудаа л сонгосон нь, архичин хүн “маргааш уухгүй” гэж мянгантаа хэлэвч, аанай лонхтой хор луугаа салгалсан гараа явуулах мэт. Бас засарна хүмүүжнэ гэвч засардаггүй хөнгөн явдалт эмс охидтой төстэй ч юм уу.
Толгой дээр нь гараад балбаж, нуруун дээр нь гараад дарлаж доромжилж л байвал хэнийг ч оройн дээд Очирдар гэгээн хэмээн шүтэж бишрэх олиггүй олон нийт бололтой. Энэ янзаараа бол, Хятадын коммунист нам биднийг сонго гэвэл сонгоод л солиороод явж байх юм байна. Хүний хувьд үнэ цэнэтэй байдаг юу ч манайхны хувьд үнэ цэнэтэй биш шиг байна. Эх орон, улс үндэстэн, хөгжил дэвшил гэх ойлголтуудыг ярьсан хүнийг нийлээд нүдэх юм уу, Шар хадны галзуугийн больницод аваачин хэвтүүлж ч мэднэ. Аяга будаанаас өөр зүйл аяга тархинд нь орохоо байчихсан гайхлууд дэндүү олон юм.
Гуравдагч хүчнийхэн ч гэж гуравдагч хүчнийхэн. Мөнгө ч байхгүй, нөлөө ч байхгүй, байхгүй байхгүй... Ц.Мөнхбаяр зэрэг гайгүй хүмүүс бий. Гайтай нь даанч олон. Эхнээсээ захиалгат, хөлсний даалгавар биелүүлэх гэж байгуулагдсан, үүссэн нь зөндөө. За тэгээд байр суурьгүй, хаашаа л бол хаашаа өшиглүүлж өнхөрч, үсэрч наалдаад л. Зарим дэвшигч нь өрсөлдөхгүй гэж авлига авч, PR хийж хөгөө чирсэн гэх шив. Том намуудын, олигархуудын халаасанд байдаг нам хөдөлгөөн цөөнгүй. Ийм байж МАНАН-г зайлуулна гэвэл холоо хэвтэнэ. Ёстой дураа цааш нь, духаа нааш нь.
Хэрэв гуравдагч хүч МАНАН-г халж гарч ирвэл, бүр илүү аймшигтай идэж ууж, урваж, эх орноо худалдаж, ард олноо дарлаж мөхөөх явдлууд гарахыг үгүйсгэх аргагүй. Галзуу солиотой, оюуны хоосролтой, усан тэнэг улс ч дунд нь байдаг. Ер нь манайд чинь гайгүй оюунлиг, сэхээтэнлиг улс нь том хулгайч луйварчид болчихсон юм байнлээ шүү дээ. Архангайд нөгөө муу хэлэгдээд болж өгдөггүй яруу найрагч Мө, бөө мөө гэж онигоонд ордог Ба хоёр гарчээ. Мө-г гарна гэж хэн ч зүүдлээгүй. Архангайчууд зүүдлэх байтугай гаргажээ. За тэр Жекей, Бакей хоёрыг ч ялгахгүйгээс хойш худлаа яриад яахав.
Улс төрчдөөс би ийм юм хийчихлээ гэж үнэнээ хэлээд үзүүлчихэж чадах ганц хүн гэлтэй Х.Баттулга хэний ч мэдэхгүй Га-г араасаа тороосоор чирээд гараад иржээ.
Орон нутгаас, орон нутаг нь л мэдэх чамаан аяддаг юм уу, үгүй юм уу, улсын хэмжээнд хэн ч мэдэхгүй шахам ховор зэвэр, Улаан номонд орсон сонин содон алмас, хүн хар гөрөөс олноор гарч ирж, УИХ хэмээх улсын зоопаркад орсныг онцолсу.
Дорнодод 113 жилийн ялтан гэж алдаршсан, Ня-гийн Но мөнгөөр зодож, төгрөгөөр дээрэлхсээр, нүүрс ачсан Белаз шиг муйхарлан давхиад гараад ирлээ. Шинээ гишүүн гараагүй байхад шинэков паампарстан Бо (Дорнод гурил компанийн эзэн гэв үү) гарсан нь гайхалтай. Ташрамд, Но-гийн но-г дэлгэх тусам рейтинг чансаа нь өсч, сонгогчид улангасан хайрлаж байсан гэнэ. Хаа сайгүй л тийм хандлагатай байжээ. Энэ нь, бүлэг улс төрчдөд ганцаараа хүчиндүүлчихээд, өмөөрөөд ТВ-ээр яриад сууж байсан үйлчлэгч бүсгүйг санагдуулам аймшигтай.
Өр зээл тавиад төлж үзээгүй, А гэх аймшигт бүсгүйтэй бүх талаар хоршсон, бага насны охидыг яасан яасан ч гэлээ, муу бүхэнтэй холбогдон яригддаг, АТГ-аар шалгагдаж асан, шоронгийн хаалганаас атгаад зогсож байсан нөхрийг дундговьчууд энэнээс эрхэм сайн удирдагч, лидер, манай нутгийн нүүр тахлах хүн үгүй хэмээн сонгов. Мөнгө, мөнгө, мөнгө... Ноднин аймгийн наадмыг нь “унтраасан” (шууд утгаар ч унтраасан, ЗД нь хорссондоо тог тасалсан) хувийн наадмаа зохион байгуулж, сонгуулийн кампаниа эхлүүлсэн тэр бүхнийг худалдаад авчихаж дээ.
Өвөрхангайчуудад өөр олигтой хүн олдоогүй юм байлгүй, МАН-ын Чинзориг, Төмөрхүү гээчийг өргөн залжээ. Сэлэнгээс Э гэдэг ховор зэвэр сайхан амьтан, мөнхийн дэвшигч-гарагч, үүрдийн улиг домог Ба тодров.
Дарханчууд фэншүчид, луйварчдад ухаангүй дуртай бололтой, хиншүү Га, түймэр Ха хоёрыг ард түмэндээ өргөн барилаа. Орхончууд Со-г эрхэмлэн шүтсэнээр аав, ээж, хүү гурав парламентад суусан анхны тохиол дэлхийд гарав (Пакистанд Бахуто, Бухуто, Бихуто гэж гурав бас сууж байлуудаа).
Сонгинохайрханд Гал үндэстний Ц.Мөнхбаяр, Сумъяабазар аварга, Буян Жагаа зэрэг хүчтэй өрсөлдөгчдийг АН-ынхантай эндээс хөтлөлцөн гарах хоббитой (АН-ын том даргын хамаатан) ТБД АН-ын хоёр Э-тэй хамт ялж байх юм. Сонгиночууд юу бодож тэднийг сонгов, согтуу улаан өвгөн сүлдтэйгээ андуурав уу.
Юу ч ойлгосонгүй дээ, 22 жилд. Үнэхээр хөгийн сонгууль боллоо, үхэл мөхлөөс өөр юу ч Монгол улс үндэстэнд нүүрлэсэнгүй ээ.
Ч.Мөнхбаяр
2 comments:
Монгол орны ухэшгүй мөнхийн аршаан хуртсэн намын жагсаалтаар сохор зоос дусал цусгуйгээр шууд гарч байгаа МАН АН -ын хува;лзуудын зохион байгуулсан план мөн.уунд бөөснүүд гаргаж ирж урдаа тавиж байхгуй бол эсвэл шантаажилж байхгуй бол улс орноо цөлмөж чадахгуй хурнэ.
Монгол орны ухэшгүй мөнхийн аршаан хуртсэн намын жагсаалтаар сохор зоос дусал цусгуйгээр шууд гарч байгаа МАН АН -ын хува;лзуудын зохион байгуулсан план мөн.уунд бөөснүүд гаргаж ирж урдаа тавиж байхгуй бол эсвэл шантаажилж байхгуй бол улс орноо цөлмөж чадахгуй хурнэ.
Post a Comment