Sunday, July 22, 2012

Хазарын ард түмний шалгарсан лидер М.Мохакик монголын ард түмэнд талархлаа илэрхийлэв

Афганистаны дэд ерөнхийлөгч байсан тэрбээр 
манай сонины сэтгүүлчийг Кабулд зочлохыг урив

Хазарын ард түмний дайчин манлай удирдагч Баба Мазари зэрлэгээр алагдахад, халааг нь Мохаммад Мохакик, Карим Халили гэх хоёр удирдагч залгамжлан авч, зэвсэгт тэмцлийг нь үргэлжлүүлсэн билээ. Тэд талибанчуудын эсрэг баатарлагаар байлдаж тулалдсаар, ард түмнээ ялалтад хүргэсэн юм.

М.Мохакик

2001 оноос хойш М.Мохакик, К.Халили хоёр хоёулаа Афганистаны дэд ерөнхийлөгч болж байв. К.Халили одоо ч (ЗГ) дэд ерөнхийлөгч юм. М.Мохакик Х.Карзайн засгийн газар хазаруудын эрх ашгийг хамгаалахгүй, урьдын ялгаварлан гадуурхах бодлогыг үргэлжлүүлж байна хэмээн шүүмжилж байсаар, эсэргүүцлийн тэмдэг болгон, сайн дураар огцорч байв. Паштуны күчи ястан хазарууд руу зэвсэгт халдлага хийж газрыг нь булаасан, тэднийг паштун Х.Карзайн паштун ЗГ дэмжсэнийг эсэргүүцэж, өлсгөлөн зарлан асуудлыг нааштайгаар шийдвэрлүүлж байжээ.
Тэрбээр, хэсэг улс төрчийг хазарын ард түмний эрх ашгаас ухарсан, нийт Афганистаны улс төрд л карьер хийхийг сонирхдог болсон гэж шүүмжлэн “Вахдат” намаас гарч, “Ард түмний Вахдат” намыг байгуулжээ. Тэдгээр улс төрчид нийт Афганистаны асуудал дээр төвлөрөх болсон нь үнэн юм. Өдгөө М.Мохакик л хазарын ард түмний шалгарсан удирдагч гэгдэж байна.
Тэрбээр, манай сонины ажилтан, Монгол-Хазарын найрамдлын идэвхтэн Ч.Мөнхбаярт хандан, хазарын ард түмнийг ойлгож, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байдаг Монголын ард түмэн, эх оронч, үндэсний үзэлт хүмүүст талархал илэрхийлжээ. Мөн туслагч, орчуулагчийн хамт Кабул хотноо айлчлан ирэхийг урьжээ.

Манай сэтгүүлч Хазарын сонины хуудаснаа

Хазарын талаар бичдэг, үйл ажиллагаа явуулдаг, хазаруудтай фейсбүк зэрэг сувгаар дамжуулан нөхөрлөдөг байдлаараа манай сурвалжлагч М.Мохакик даргын анхааралд өртжээ. Ялангуяа, ноднин “Stop Hazara Killing!” хэвлэлийн хурлын гол зохион байгуулагч ( Дэлхийн монголчуудын өв сангийн нийгэмлигээ төлөөлөн ) болсноороо хазаруудын анхааралд нэлээд өртсөн юм.
Гэвч, Пакистан, Афганистанд хазаруудын эсрэг зэрлэг халдлагууд гарах болж, зогсох төлөвгүй байгаа учир, айлчлал хойшлогдлоо. Бүр үндэстэн хоорондын дайн ч гарч магадгүй байна. М.Мохакик: “Пост-талибанчуудтай зөвхөн зэвсгийн хэлээр ярина” гэсэн нь шуугиан дэгдээлээ. 2011 онд манай сурвалжлагчийг Пакистаны хазарууд Кветта хотдоо урьсан нь мөн террорист халдлагын шалтгаанаар хойшлон тасалдсан билээ.
Саяхан, Афганистаны дэд ерөнхийлөгч Халилиг хөнөөх зорилгоор, нэг өдөр таван газар дэлбэлэлт үйлдэж, 40 гаруй хүний амийг хөнөөсөн зэрлэг халдлага гарсан юм.

No comments: