1. Өмнөд Монголчууд гэж хэн бэ?
Мэдээллийн дутагдалтай байдлаас болж, зарим хүн энэ нэршлийг буруу гэдэг, зарим нь Монгол улсын өмнөд хэсгийнхэн гэж ойлгодог. Тийм биш ээ. БНХАУ-ын хилийн дотор оршин суудаг 6 сая монгол ахан дүүсийг маань өмнөд монголчууд гэж нэрлэж хэвшээд байгаа билээ. Тэд бол зөвхөн Өвөр монголын ӨЗО-ы монголчууд бус, Шинжаан-Уйгурын ӨЗО, Хөх нуур муж, бусад мужуудад орших булт монголчууд юм.
2. Яагаад тэднийг өмгөөлөх хэрэг гарав?
Өмнөд монголчуудын эрх өнөөдөр маш ноцтойгоор зөрчигдөж, дэлхийн улсууд дахь цөөнх үндэстнүүд дотроо хамгийн хүнд нөхцөл байдалтай хэдийн тоонд орох болжээ. Өвөр Монголын ӨЗО-нд монголчууд оршин суугчдын арван хэдхэн хувийг эзлэх болтол нь БНХАУ-ын олонх хань үндэстнийхэн түрэмгийлэн ирж суужээ. Өмнөд монголчуудын газар нутгийг булааж, хятад хотууд руу хүчээр суурьшуулж, амьдрах аргагүй гуйлгачин, тэнүүлч, хууль зөрчигч болгож байна. Хэл соёлыг нь хавчин гадуурхаж, монгол үндэстнийг уусган үгүй хийж байна. Байгалийн баялгийг нь цөлмөж, бэлчээр нутгийг нь улаан түйрэн болгож байна. Эсэргүүцсэн хүнийг хорих, тамлах, амь насыг нь хороох зэргээр цээрлүүлж байна.
3. 5-р сарын 10 ямар учиртай өдөр вэ?
Энэ өдөр, хятадын түрэмгий этгээдүүд бэлчээр нутгийг нь сүйдэлж буйг эсэргүүцэх хөдөлгөөний тэмцэгч малчин Мэргэн, хүнд даацын машинуудын замыг ээлжит удаагаа хааж байгаад, дайруулж,чирүүлж, туйлын зэрлэгээр хөнөөгдөж, баатарлагаар амь насаа алдсан юм. Эх нутгийнхаа төлөө монгол хүн ингэж л эрслэн тэмцдэг ажээ. Малчин баатар Мэргэний жишээгээр олон мянган өвөр монголчууд дунд сургуулийн сурагчаасаа өгсүүлээд босч жагсаж, БНХАУ-ын төрөөр зарим буултыг хийлгэж, ял завшсан алуурчдыг цаазаар авахуулсан билээ.
Өвөр монголын баатар нь зөвхөн малчин Мэргэн бус юм. Ноднин намар малчин Зоригт мөн тийнхүү тэмцэж байгаад амь насаа алдсан юм. Яруу найрагч Өлзийтогтохыг үндэсний агуулгатай шүлэг ном бичлээ гэж хорьж харгислан амийг нь бүрэлгэжээ.
Олон олон Өмнөд Монголын баатрууд хоригдож тамлагдаж байна. Ардчилсан холбоо байгуулах гэсэн Хадааг 15 жил хориод, ялын хугацаа нь дууссан атал, хулгайлан нууцаар хорьсон байдалтай байна. Үнэнч хамтран зүтгэгч эхнэр Шинээ нь ч мөн адил. Сүнсийг хурайлсан Монгол дэлхийгээ шүтэн бичдэг сэтгүүлч, зохиолч Хуучинхүүг хулгайлан хорьж, зодож тамласаар байна. Хүний эрхийн төлөө тэмцэгч Наранбилэг, Хятад дахь монгол үндэстний байдлыг НҮБ-аар хэлэлцүүлэх гэсэн Содмонгол, эх соёлоо дээдлэгч Батзангиа, үндэстний эрхийг хамгаалагч Унага, залуусыг тэмцэлд уриалсан Алмас, монголчуудын бэлчээр нутгийг булаахыг эсэргүүцсэн хуульч Хөхбулаг, “Босоцгоо, миний Өвөр Монгол" дууны зохиогч гээд л шударга үйлсийн төлөө мятаршгүй тэмцэгч ахан дүүс маань өргөст торны цаана зовж шаналсаар байна.
Эрэлхэг тэмцэгч малчин Мэргэний эрсэдсэн энэ өдөр улс төрийн хоригдол өмнөд монголчуудыг суллуулахыг шаардацгаая. Энэ сайхан хүмүүсийг Монгол улсын иргэн болгон хамгаалцгаая! Олон улсын шагналд тодорхойлон, дэлхийн анхаарлыг өмнөд монголчуудын байдалд хандуулцгаая.
4. Өмнөд монголчууд бол бидний ахан дүүс!
Зарим хүн өвөр монголчууд бол хужаа, эрлийз, тэднийг хамгаалах хэрэггүй гэдэг. Энэ бол том төөрөгдөл бөгөөд, Хятадын үзэл суртлыг л давтан улиглаж буй хэрэг. “Монгол бол өөр үндэстэн биш малчин хятадууд, жаахан эрлийзжисэн хятадууд” гэж үндэсний үзэл сурталчид нь номлодог. Өөрөөр хэлбэл, “өвөр монголчууд бол хужаа” гэж хужаа нар хэлдэг. Монгол хүн монгол хужаагаа ялгахгүй тийн ярьж хэлж болохгүй юм.
“Өвөр монголд бүгд л хужаа байдаг шүү дээ” гэдэг. Хүн амынх нь 80 гаруй хувь болчихсон хятадууд олон байлгүй яахав. Манайхны их очдог Эрээний хүн амын 8 хувь, Хөх хотын хүн амын 7 хувь нь л монголчууд байдаг байна. Хятад хүнийг хараад монгол гэж ойлгож, монгол хүнээ хараад хятад гэж будлиад байж болох уу?
Монгол бол монгол, хятад бол хятад, эрлийз бол эрлийз. “Өвөр монголчуудын төлөө тэмцье” гэхэд “хятадуудын төлөө тэмцэх гэлээ” гээд байдаг хүнийг дүлий гэх үү, ямар гэх вэ. Чихэн дээр нь очоод, “хятад биш, өвөр монгол гээд байна аа” гээд хашхирах уу. Хятадуудын төлөө, эрлийзүүдийн төлөө тэмцэх гээгүй, тэдний тухай ярих гээгүй байхад, тэгэх гэлээ гээд байдаг хүнийг өвчтэй гэх үү, өрөвдмөөр ч гэх үү.
Монгол хүний төлөө тэмцье. Бидэнтэй л адил монгол үндэстний хэсэг болсон өмнөд монголчуудынхаа төлөө тэмцье. Өмнөд монголчуудын төлөө тэмцэхгүй бол Монгол улс маань II Өмнөд Монгол болно. Ахан дүүсийнхээ төлөө тэмцэхгүй бол зовлон зүдгүүр нь биднийг л нөмөрнө, ойр дотны бүхнийг маань нөмөрнө.
Монгол үндэстэн бол нэг, нэгдмэл юм. Нэг цогц юм. Нэг хувь заяатай юм. Ахан дүүстэйгээ дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг байцгаая. Бүх монгол туургатан гар гараасаа барилцаж, хүчирхэг ертөнцийг бүрдүүлж, цэнгэлийн манлайд хүрч, энхжин мөнхжицгөөе.
Ч.Мөнхбаяр
No comments:
Post a Comment