Sunday, July 22, 2012

Н.Энхбаярыг баривчлах биш, сөрөг хүчийг дарах шөнө болсон

“Ухаан жолоогүй дайрсан хүчнийхнийг УИХ-ын гишүүд 
буудчихсан ч буруудахгүй байв” гэнэ шүү

Н.Энхбаярыг баривчлана хэмээн хоёр дахь “7-р сарын 1-ний” дайтай юм болж, сүр бадруулсан билээ л. 4-р сарын 13-ны шөнө болсон тэр үйл явдлыг хүмүүсийн зарим нь сайн мэдээгүй. Эхлэлтэй нь танилцаад л унтсан хүмүүс цөөнгүй. 14-нд тэр явдлыг мэдэж, ихэд сэтгэл хөөрлийн байдалтай, олонхи нь “муу эр дайнд хөөрөх” янзтай байв. Тэр нэг л өдөр шүү дээ.
Тэр өдөр 7-р сарын 1-нээс хойш болоогүй, шинэ мянганд ч болоогүй, 1990 оноос хойш ч болоогүй том жагсаал болж, нэг хэсэг Сүхийн талбай бараг дүүрлээ. Юуны төлөө тэд ингэж жагсана вэ? Цөмийн жагсаал сүүлийн үеийн жагсаалын дунд томд орох бөгөөд 100-150 хүн оролцсон. Бусдад нь бол 20-30 хүн л оролцдог болсон. Ямар сайндаа, 40 байгаль хамгаалах ТББ-ын жагсаалд 20 хүрэхгүй хүн оролцсон, 100 хүрэхгүй гарын үсэг хурсан байх вэ. Ард түмний эх орноо гэх идэвх санаачилга нойл болж, улс үндэстний нэр хүнд тэдний хувьд аль хэдийнээ хужаа оймс бандаашигнаас нь хямд болсон шүү дээ гэмээр. Бүх түүхийн хамгийн шившигтэй монголчууд гэвэл, өнөөгийнхнийг хэлбэл л зохих бөгөөд дарга нар нь цөмөөрөө, олон нийт нь захаасаа БНХАУ-д нэгдэе гэж л гуйж гувшиж, үхэл мөхөл рүүгээ эргэлт буцалтгүй зүтгэх болсон.
Гэтэл эх орныхоо төлөө жагсдаггүй ард олон Энхбаярын төлөө хуйлран жагсаж, уулгалан дайрах нь сонин санагдав. Энхбаяр гэснээ л эх орон, ашигт малтмал гэсэн үгийг залгуулаад хэлээд байх юм. Н.Энхбаяр ямар эх орон, ашигт малтмал юм уу. Өөрийгөө л боддог, хаан болохыг мөрөөддөг гэгддэг тэр хүн ерөнхий сайд байхдаа ашигт малтмалын бүх лицензийн 87 хувийг харийнханд голдуу тараачихсан бус уу. Оюутолгойг харийнханд өгөх гэж, улайран үхэлдэж байсан хүн гэгддэг биш үү. Ийм хүний төлөө жагсаж байхаар эх орныхоо төлөө жагсаж үздэг ч болоосой.
Эх орныхоо төлөө заяа нь жагсахгүй, эх орноосоо урвагчдын төлөө л жагсацгаана л даа, ландрамууд гэмээр үе зөндөө л тохиолддог.
Гэхдээ, урвагч Н.Энхбаярыг барьсан нь түмэн зөв, бариулсан нь эх орончид гэх гээгүй шүү. Өнөөгийн байдлаар бүр илүү хулгай луйвар хийж байгаа, Н.Энхбаяр хэрвээ лиценз тараасан бол, өөрсдөө лицензийн эздийн бүх ажлыг хэрэгжүүлж өгч, улс орноо бүх талаар сөнөөж, гутлынх нь алчуур болгож байгаа тийм хүмүүс л бариуллаа шүү дээ. Манай дарга нэртэй хулгайч луйварчдын муу муухай ямар хязгааргүй гэж санана аа. Сүүлийн үед хятадуудын бузар булай явдлууд гээд л янз бүрийн мэдээллүүд хөвөн гарч ирж, дэлхий нийтийг цочирдуулдаг болсон. Манай дарга нар чинь тэднээс ч хавьгүй илүү, муу муухай гэмт хэргүүдийн аймшигтай том уурхайнууд. Ингэж л хэлэхгүй бол, зарим нэгийг нь хэлэхээр гэм нь бүр өчүүхэн жижиг болж харагдчих гээд байдаг. Нэлээд сүрхий хэлээдхэе гэвэл цаг цаас хүрэлцэхгүй, нас гүйцэхгүй, хүн үнэмшихгүй. Тийм муу муухай хүмүүс дэлхийд байхгүй гэж итгэж болно. Хужаагаас дор хужаа болно гэдэг чинь энэ шүү дээ. Энэ дэглэм унаж, шударга ёс тогтох заяа байлаа гэхэд, дарга нарын маань муу муухай илрэн гарч ирэхдээ өмхий шавар балчигт дэлхийг живүүлэх болно. Пээ, дэлхийн хамгийн муу муухай улс чинь монголчууд байж шүү дээ гэж хүн төрөлхтөн шоконд орохоор тийм их муу муухай зүйлс энэ нийгэмд үйлдэгдэж байгаа. Үйлдэгдэх ч болно. Учир нь гэм нүглийг жигшдэггүй, харин их хийх тусмаа түүгээрээ бахаддаг бузар сэтгэлгээ халдварт тахал шиг түгж, эдгэшгүй БЗХӨ мэт архагшсаар байна.
Н.Энхбаярыг эх орноо худалдлаа, урвалаа, лицензээр улс үндэстнээ тараалаа гэж хорьж байгаа биш юм. Тэр бол олигархиудын ажлын ердийн өдрийн хуваарь нь болохоос, тэдний хувьд гэмт хэрэг биш, эх орноо худалдана, эх орноосоо урвана гэдгийг бол дээд зэргийн ариун цагаан буян гэж үзэцгээдэг. ТВ9-ийг хувьдаа авлаа, “Өргөө” гэдэг өчүүхэн зочид буудлыг зүй бусаар хувьчиллаа, номоо Солонгосоос мөнгийг нь төлөлгүй тээвэрлүүллээ гэсэн тун жижиг зүйлс ярьж байгаа юм. Тэр хэргүүдийг үйлдчихлээ гээд ч хорих гээд байгаа юм биш.
Гол нь үнэнийг хэлүүлэхгүй гэж хорьсон. Сонгуулийн үеэр, олигархиуд бие биеийнхээ булхайг илчлэлцэх нь ард түмний хувьд улс орны үнэн мөн байдлыг мэдэх хамгийн том боломж болдог байсан. Энэ удаад, Н.Энхбаяр хувийн амбиц, эрх ашгийнхаа төлөө мөн ч их илчлэлт хийх төлөвтэй байлаа. Түүнд асар их төлөвлөгөө, өс хонзон, түүнээсээ дутахгүй хэмжээний хүч байсан юм.
Н.Энхбаярын үйл ажиллагааг огт тэвчиж болохгүй юм байна гэх дүгнэлтэд л МАНАН-гийнхан санал нэгтэй хүрсэн. Тэгээд хамтдаа баривчлах ажиллагаа, үнэндээ Гитлерийн Болор шөнө, Урт хутгын шөнө гэдэг шиг, үнэний дуу хоолойн эсрэг, МАХН гэх гуравдагч хүчийг, сөрөг хүчийг сөнөөн дарах ажиллагаа л зохион байгууллаа шүү дээ.
Н.Энхбаярыг өмгөөлж байгаа юм биш. Гэхдээ энэ цаг үед Н.Энхбаярын үйл ажиллагаа ард түмэнд ус агаар шиг хэрэгтэй байсан юм. Гуравдагч хүчнээс ч хор гарна, МАНАН-гаас ч хор гарна. Гэхдээ хорыг хороор гэдэг дээ. Өвчний хорыг могойн хороор дардаг. Түймрийн хорыг галын хороор дардаг. Жоомны хорыг шавьжийн хороор дардаг. МАНАН-гийн хорыг МАХН-ын хороор дарах хэрэгтэй байсан юм. Харин ард түмэн гартаа барих хоргүй боллоо. Ямар ч зэвсгийг эргүүлж болдог, зэвсэг эзнээ таньдаггүй гэдэг. МАНАН-гийн хууль бус улс төрийн зэвсгийг МАХН-ын мөн л тийм зэвсгээр дарах хэрэгтэй байлаа. Даанч, нэг л хүний эрх ашгийн төлөө үйлчилдэг нам байсан болохоор, тэр нэг хүнийг нь бариад хорьчихоор нөгөө толгойгүй тахиа шиг л болчихож байгаа юм. Үүнийг тооцоолоогүй Н.Энхбаяр бас ч гэж харалган хүн. Одоо нам нь бараг үйл ажиллагаагүй боллоо. Өөрийг нь ч дэндүү мартамхай, бараг толгой дараалан Альцхэймерийн өвчин тусчихсан шахуу, дэндүү уйдамхай, энэ талаараа хэнийг ч, яасан ч дагуулахгүй олон түмэн мартаж эхэлж байна.
Одоо Н.Энхбаяраас өөр хэн үнэнийг хэлэх вэ? Үүнийг бичигч вээр үнэнийг хэлье гэлээ ч, мэдэлд нь ТВ, сонин, нам, танил тал алга. Бусад үнэн үгтнүүдийн хувьд ч нөхцөл байдал ийм л байгаа. Үнэнийг хэлэх дорвитой дуу хоолой үгүй болж үнэний төлөө (хувийн эрх ашгаа эрхэмлэсэн байлаа ч) тэмцэх дорвитой хүч ч үгүй болов. Хэрэв Н.Энхбаяр Шинэбаяр, Молор-Эрдэнэ болон бусад зүтгэлтэй нөхдөө,  амиа хичээн үргээж хөөгөөгүй бол ч…
Сөрөг хүчийг дарах ажиллагаа байсан учраас улс төр ихээхэн бужигналаа. Одоо Удвал нарын улс төрчдийг үймээн самуун дэгдээсэн гэж ороох бололтой л байна. Үймээн самуун ч бас мөн л дөө. Манайхан улс төрийн холбогдолтой хууль дүрэм боловсруулагдахыг огт анхаардаггүй, тэгээд дандаа л ноцтойгоор зөрчиж байдаг. Бүр заавал хориотой үйлдэл хийх, хориотой газар жагсах гээд байдаг юм. Цагдаатай бүр заавал ноцолдож зодолдох гээд байдаг. Энэ нь улс төрийн олон оноо авчирна гэдэгт маш их итгэнэ. Олон оноо авчирдаг ч. Манай улс төрийн ажиллагаа, циркийн алиалал хоёр дүндээ дүн.
Гуравдагч хүчин дээр дөрөөлж улс төр хийх санаатай олигархууд ч гар хумхин суухгүй байна. Өдгөө тэмцэл олон нийтийн сонирхдоггүй хэлбэрт буюу, гудамжны ноцолдооноос баарны VIP тасалгаанд шилжлээ. Ц.Нямдорж сайд, цагдаагийн дарга, орлогч Сандаг-Очир, Энх-Амгалан нарыг огцруулахыг шаардлаа. Тэд ч үймээн самуун дэгдээсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр шийдэгдэж байж, хэрэгжих ёстой ажиллагааг дур зоргоороо, хэлж ярилгүй л хийчихжээ. Холбогдох хамаг хууль дүрмээ зөрчжээ. Н.Энхбаярыг баривчлахаас өөр аргагүй байсан л гэх юм. Гэхдээ тэрийг чинь хуулийнхаа дагуу гүйцэтгэдэг байхгүй юу. Нэг хүнийг баривчлахад шуудаар 350 хүчнийхэн, шууд бусаар бараг бүгдийг нь дайчлаад байвал амьдрал гэж ад там болно биз.
Баривчлах тогтоол шийдвэр, биеийн байцаалт танилцуулах гэж юу байдгийг огт мэдэхгүй хүмүүс ажиллагаанд оролцсон. Чоно борооноор, хулгайч түйвээнээр гэгчээр хүчнийхнийг өөр айлд андуурч ороод түйвээж байх хооронд юу ч болж болно шүү дээ. Жинхэнэ террорист, амиа золиослогч, өдөөн хатгагч, алуурчин этгээдүүд Н.Энхбаяр нар луу атгаг зорилгоор дайрсан бол яах вэ. Нэгэнтээ л тогтоол шийдвэр, биеийн байцаалт үзүүлдэггүй, дүрэмт хувцас өмсдөггүй, нүүр амаа харуулдаггүй юм чинь энэ байдлыг ашиглаад хэн ч, яаж ч үймүүлж, хорлож, бужигнуулж болох байж шүү дээ. Тэр хавьд байдаг хүн буудалцаан болсоон гээд л батлаад байгаа. Юм хум нүдсэн чимээ биш үү гэхэд, үгүй ээ буун дууг би ялгахгүй яах вэ гэж буй. Тийм л дээ, их ялгаатай. Оросын хэвлэлд буудалцсан гэж бичсэн.
Сэтгэгдэлчид: хууль зөрчиж ажиллагаа явуулах нь аюултай, нүүр амаа тагласан, үг сүггүй дайрсан улс ороод ирэхээр УИХ-ын гишүүд буудчихсан бол яана гэлцэж байна. Үнэн юм. Ямар нэг үл бүтэх этгээдүүд л гэж ойлгоод буудчихсан бол яана вэ. УИХ-ын гишүүн бол халдашгүй эрхтэй тул яах ч үгүй. Харин тэр буудуулсан хүн л хууль зөрчсөнөөрөө хохирно доо. УИХ-ын гишүүд их цочирдсон, бухимдсан байсан. Шинэбаяр гишүүн хоёр гараараа салаавч гаргаад л байсан. Тэнэг юм шиг шууд дайраад л, таарсан хүнээ цохиж унагаад “Гараа шилэндээ ав! Тонгой!” гээд байхаар, хэнд таатай санагдах вэ дээ.
Гадаадад бол, чанга яригчаар ч болтугай учрыг таниулдаг, хэлэлцээр хийдэг болохыг кинон дээр үзэгчид бишгүй л хараа байлгүй.
Мөн сүр бадруулж, хамаг хүчнийхнийг дайчилж, хамаг зон олныг бужигнуулах биш, уран нарийн арга хэрэглэдэг байхгүй юу. Манайхан чинь гоё юм хэлж хуурч аваачаад л баривчилчихдаг, тэр нь дээр байсан юм. Отоо хийж болно, бүсэлж болно, олон арга хэрэглэж болно.
Гэтэл гуравдагч хүчнийг, далимд нь ард олныг айлгаж авах гэсэн юм чинь яалаа гэж тэгэх вэ. Тэр шөнийг сөрөг хүчгүй засаглал, дарангуйлал тогтоох гэсэн төрийн эргэлтийн шөнө гэж хэлж болохоор байна.
Байдал нь мөн ч хэврэг байгаа даа. Хичнээн хүч хэрэглээд хэрэглээд, очсон даруйдаа баривчилж чадаагүй, хүмүүсийг тарж унтахыг хүлээгээд, үүрээр хулгайлаа биз дээ. Ард олныг дийлэхгүй, ард олноос айж л байхчивлээ.
МАХН-ын нэр хүнд өсч байна. Н.Энхбаярыг шалгана гэж хоёр сар суулган, сонгуулиас мултлах юм байлээ л дээ. Хэрэв МАХН-ынхан (нөлөөтэй улс төрчдөөр шинэ гишүүдийнхээ эгнээг тэлээд авсан) ухаалаг үйл ажиллагаа явуулж, сурталчилгаа хийж чадвал Н.Энхбаярыг ойрын хугацаанд суллуулж дөнгөнө. Гарч ирэхдээ ардын баатар болж гарч ирнэ! Дарангуйлагчид нийгмийг харанхуй болгосон тул яг л тэгнэ!
Ч.Мөнхбаяр

No comments: