Энэ сонгууль сайн муу ямар ч үнэнийг хэлэхгүй, хачин муухай эхэлсэн билээ.
Урьд нь ийм тийм хувь хишиг хүртээнэ гэж амлаж,зарим хэмжээгээр өгдөг ч байлаа. Тэгвэл сая, монголчуудын алт баялаг бол баялаг биш хараал, монголчууд баялаг бүтээдэггүй учраас л муу амьдарч байна, баялаг бүтээ гэх сэтгэцийн гажигтлын дор сонгууль өрнөв. Бүтээсэн баялгийг нь хог новш гээд БНХАУ руу ганзагын наймаач панзчидаар гаргуулж тушаалгачихсан, бааз суурийг нь устгачихсан, аргалаад баялаг бүтээх гэхээр шоронд хийх дөхөн хавчиж хяхдаг юм чинь яаж баялаг бүтээх юм бэ. Монголд хятад хүн л баялаг бүтээж болдог, монгол хүн баялаг бүтээх хориотой шүү дээ. Хятад хүн дархан цаазтай, монгол хүн хортон амьтдын дансанд орсон биш гэж үү?
Урьд, сонгуулиар өрсөлдөгч талууд бие биеийн үнэнийг илчилж, ард түмэнд багагүй зүйлийг ойлгуулдаг байв. Гэтэл энэ удаад тийм илчилгээ байсангүй. Бүгдээрээ нийлээд хулгай луйвар хийж, хүн алж, хүүхэн хүчиндчихсэн юм чинь дээ. Харин АН бин битүү өрөөний салхийг нээж, үнэний салхийг жаахан оруулсан болно. Мөнгө тараасан, царцаа голио нүүлгэсэн, туслахаа зодсон, 7-р сарын 1-ний үймээнийг нухчин дарсан, цөмийн хаягдлын гэрээнд гарын үсэг зурсан гэх мэт.
Энэ мэтийг илчилсэн нь 100 гаруй ажээ. Яг тийм тоогоор МАН АН-ыг “гүтгэн доромжлов” хэмээн цагдаа шүүхэд өгсөн болно. Ийм илчлэх тактик зөвдөж, ард түмэнд нөлөө үзүүлжээ.
Мөн АН интернэт-орон зайг идэвхтэй ашигласан нь шинэлиг. АН-ын үй олон интернэт-“боолууд” элдэв үг дүрсийг эвлүүлэн түгээж, сүлжээг үерлүүлсэн. ТВ-орон зайг ч сайн ашигласан, гэхдээ тэр интернэт-дайралттайгаа төстэй байдлаар, шинэлигээр. Гэтэл МАН цаг үе, техникийн хөгжил дэвшлийг огт мэдрэхгүй, маагуу царайлан явсаар боломжоо алдсан байна. Нүглийг нь илчилбэл шууд л тэнэгээр “Худлаа!” гээд л данхалзчихдаг, мөнгө тарааж унхиагүйтдэг, царцаа нүүлгэж ухаангүйтдэг, хэсгийн хорооддог, ялагдсанаа хүлээхгүй хэрүүл хов хийдэг- энэ өнгөрсөн зууны аргаасаа салахгүй бол хол явахаа байжээ.
Гуравдагч хүчнийг эв нэгдэлгүй, идэвхгүй байдал нь алсан болно. “Шударга ёс”, “Гуравдагч хүч”, ИЗН, МУНН, “Гал үндэстэн”-ий зэрэг олон субъектэд хуваагдан, хагарсан аяга шиг үйрч бутран яваад тав гурван саналаа тавь жар хуваачих шив. Мөн ихэнхи нь үзүүлэнгийн ганц хоёр арга хэмжээгээ л давтан давтан яриад явахаас, овойж оцойтол хийгээд явсан юм байдаггүйм билээ.
Саяхан гуравдагч хүч МАН-ыг даган өцгөнөн гүйж нэр хүндээ гайгүй сайн унагалаа. Ямар балууных нь гуравдагч хүч вэ? МАН-ын хөл болчихоод. МАНАН сөнөтүгэй! гээд л хоолойгоо сөөтөл бархиралдаад байдаг асан, ийм амархан байр сууринаасаа урвах байсан юм уу.
МАН ч гэсэн тэднийг луйвардаа л биз дээ. Галууны өнчин дэгдээхэйнүүд гахай нохойг ч, үхэр малыг ч, хөдөлж байгаа бүхнийг ээж ээ, аав аа гээд дагаад гүйдэг юм билээ. Тэр болж маяглаж байгаа юм уу. Галууны дэгдээхэй хөөрхөн, гуравдагч хүч тэгж аяглаж байгаа нь муухай байна!
Дахин сонгууль хийнэ гэж АН-аас бусад нь шаардаж байна. Хэн дуртай нь дахин хийлгээд байдаг сонгууль гэж юу байсан юм. АН ганцаараа энэ сонгуулийг зохион байгуулсан юм уу. Бүх улс төрийн субъектүүд төр түмэнтэй нийлж зохион байгуулаа биз дээ.
Африкчууд техник үзвэл эсвэл буг чөтгөр гэж балбаад, эсвэл бурхан гэж залбираад байдаг асан XIX зууны зэрлэг харанхуй явдал буй. АН-аас бусад хүчнийхэн машинаас л боллоо гэж байгаа нь тэр явдлыг санагдуулж байна. Хамтдаа шийдэж, хүлээж авч, ажиллуулчихаад энэ машин АН-ыг сонголоо, АН-тай хуйвалдлаа, гараар тоол, хөлөөр имэр, тэгвэл бид ялна, сэнтийд заларна, Уух идэх хуралд орно гэж байгаа нь юутай ичгүүртэй.
Ялагдаж чадахгүй уйлагнах, улалзах гайхлуудад гар хөлөөрөө тоолохыг зөвшөөрвөл, пин, жалганд нуусан хуурамч саналуудтай хайрцгаараа сольж, хуучин луйврын аргаараа үзэх гэж улайрах бий вий.
Аягүйдвэл эд чинь “7 сарын 1"-нийг ч хийж, АН-ын байрыг шатааж мэдэх нь. Уг нь, энэ жил ч “7-р сарын 1” гарахгүй нь ээ гэж бодож байлаа. Хэрэв МАН энэ асуудалд гар хуруу дүрвэл ч “7-р сарын 1” болноо, болно.
Тэгээд МАН-ынхан өөрөө л хохирно доо. АН-ынхан 2008 онд алуулж, тамлуулж, яллуулж үзсэн. МАН-ынхан тэр зовлонг биечлэн амсах л болно доо, өөр яахав.
Гурав дахь хүч л дэндүү хөөрхий. 2008 оны “7-р сарын 1”-нд АН-ын бөмбөг болж өшиглүүлээд л, одоо МАН-ын бөмбөг болж өшиглүүлээд л, хаана ч хамаагүй өнхрөөд, хог шороотой хутгалдаад, хагараад...
Ч.Мөнхбаяр
No comments:
Post a Comment