Sunday, July 22, 2012

ТВ-ийн од болох ажлаа хаяад, Монгол улсад зугтан ирсэн залуугийн яриа

(Нэгэн маш нууц тэмцэгчийн үнэн өчил)

-Та манай сонины уншигчдад өөрийгөө болон, одоогийн байдлаа танилцуулна уу! 
-Уншигч та бүхэнд энэ өдрийн амар амгаланг айлтгая!
Миний бие 1988 онд Шилийн Гол аймагт мэндэлсэн. 2000 онд бага сургуулийн тавдугаар ангиа төгсгөсөн. Тус онд Шилийн гол аймгийн монгол дунд сургуульд элсэн орж, 2003 онд тус сургуулиа онц сайн дүнтэйгээр дүүргэсэн.
2004 онд Шилийн Гол аймгийн Ажил мэргэжлийн дээд сургуулийн Урлагийн салбарын нэвтрүүлэгч-хөтлөгчийн ангид хоёр жилийн хугацаатайгаар суралцаж, 2006 онд амжилттайгаар төгсөөд, улмаар Шилийн гол аймгийн радио телевиз хороонд ажилласан. Энд ажиллаж байсан эхний хэсэг хугацаанд маш их сэтгэл өндөр байсан. Учир нь нэвтрүүлэгч хөтлөгчийн мэргэжил гэдэг чинь дэндүү сайхан мэргэжил шүү дээ. Гэвч энэ их урам минь удалгүй үүл шиг замхарч арилсан, уул нь радио телевизийн зорилго бол үнэн байдалыг үнэнээр нь ард түмэнд мэдээлж байх ёстой юм, тийм атал Хятадын засгийн газрын захиалгаар бэлтгэгдсэн, үнэн байдлыг нуун далдалсан, өмнөд монголчуудын тархийг угаасан худал хуурмаг мэдээ мэдээлэлийг уншиж суух нь миний хувьд монгол үндэстэнээсээ урвасан мэт санагдаж байсан тул өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Тэгээд өвөр монголчуудын уугуулын иргэдийн үндсэн эрхийн төлөө тэмцэлийн үйл ажиллагаа явуулж байснаа, 2011 оны 5-р сарын 24-нд Монгол улсад дүрвэн ирлээ.
-Амь дүйсэн, эрсдэлтэй тэмцэлд татагдан ороход тань юу нөлөөлөв?
-Өмнөд монголчуудынхаа уугуулын иргэдийн үндсэн эрх, хүний эрхийн төлөө тэмцэлд татагдан орсон минь учиртай. БНХАУ-ын эрх баригчдын колоничлогч бодлого Өвөр Монгол орон, монгол ард түмнийг маань түмэн зүйлээр хохироож зовоож, сүйрүүлж, мөхөөж байгааг хэн ч атугай мэдрэхгүй, эмзэглэхгүй байхын аргагүй ээ.
Элэнц өвөө маань, Өвөр Монголын эрх чөлөөний төлөө тэмцэгч Дэмчигдонров вангийн зэвсэгт хүчинд цэргийн дарга байсан агаад, Өвөр Монголыг хятадууд өөртөө хүчээр түрэмгийлсэний дараа баригдан хилс хүнд ял тулгагдаж, 20 жил хоригдсоны дараа суллагдсан ч, үндэсний эх оронч үзэл бодлоосоо няцалгүй байсаар 1995 онд нас барсан. Энэ элэнц өвөөгийн маань үг сургааль, тэмцэл замнал надад их нөлөөлсөн. Ээжийн дүү, үндэсний үзэлтэн нагац ах маань ч их нөлөөлсөн. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд нэгдэхэд маань ийнхүү нөлөөлсөн хүмүүс цөөнгүй.
Орчин нөхцөл маань ч нөлөөлсөн. Багадаа хөдөө өссөн болохоор уламжлалт соёл, ёс заншил минь намайг: Монгол хүн болж төрсөнөөрөө бахархдаг, Өвөг дээдсийнхээ агуу үйлсээр омогшдог, Уламжлалт соёл, ёс заншлаа эрхэмлэдэг, Эх орон газар шороогоо шүтдэг хамгаалдаг, Үндэс нэгтнээ хайрладаг өмгөөлдөг үзэл бодолтой хүн болгосон юм.
Өвөр Монголчуудыг уусгах Хятадын хорт бодлого хэрхэн хөнөөлтэйгээр тусч буйг өөрийн нүдээр үзэж харж өссөн дөө. Малчдын газрыг залилан булаадаг, төрийн дэмжлэгтэй луйварт аав ээж маань өртсөн юм. 2002 онд аавыг маань хятад үсэг танихгүйг нь далимдуулаж , ойлгохгүй хятад хэл дээрх гэрээ бичигт гарын үсэг зуруулж, бэлчээр газрыг нь хууль бусаар мэхлэн булаасан бөгөөд, хэдэн жил заргалдан явсан ч үр дүнд хүрээгүй. Газраа алдсан малчдын аж амьдрал сүйрэн доройтдог гамшиг гэр орныг минь нөмөрсөн.
-Өвөр Монголын зохиолч сэтгүүлч Б.Түмэн-Өлзий 2008 онд өвөр монгол малчдыг Монгол улсад нүүлгэж ирүүлэх саналыг Монголын төрд дэвшүүлж байсан. Өвөр Монголын малчдын байдал ер нь ямархуу байна?
-Аймшигтай хүнд байна. Монголчуудын эрх дураар нүүдэллэн явдаг нутгийг булааж, бага хэмжээний газар хуваарилан хүнтэй малтай нь хашиж, нүүдэлчин амьдрал, соёлыг минь бусниулан алдагдуулж ирлээ. Дараа нь тэрхүү хашсан бэлчээр нутгийг нь булааж, ажил амьдралгүй болгож байна. Дотор газарын хятад иргэдээ Өвөр Монголд сая саяар нь цагаачлуулж, үндэстэний аюулгүй байдлыг минь алдагдуулж байна. Бас Монгол соёлын эрх чөлөөг хязгаарлаж, хөгжлийг нь нухчин дарж байна. Монгол сургуулиудыг цөөлж, монгол хүүхэд дүү нарын маань монголоороо сурах цар хүрээг нь багасгаж байна. Эзлэн түрэмгийлэх бодлогоор монголчуудыг хятад хүн ам олонтой хот суурингууд руу албадан нүүлгэж байна. Хотод албадан нүүгдсэн малчид хятад хэл сайн мэдэхгүйн улмаас ажил алба эрхэлж, эрх ашгаа хамгаалж чадахгүй, амь зуухын эрхэнд ямар ч эрхгүй боол болон хувирч, үр ач нар нь эх хэл соёлоосоо хөндийрөн уусч байна. Хөдөө үлдсэн малчин монголчууд экологич бус, харалган үйлдвэржилт-тариалалт; хариуцлагагүй, цөлмөн сүйтгэгч уул уурхай; түрэмгий, колоничлогч шилжин суурьшигчдын хөнөөлт үйл ажиллагааны золиос болон зовж зүдэрч байна. Энэ бүхний эсрэг тэмцвэл төрөл бүрийн харгислал хэрцгийллээр хэлмэгдүүлэн дарна.
-Та тэмцлээ хэрхэн эхлүүлэв. БНХАУ-д ямар үйл ажиллагаа явуулж байв?
-Би 2007 онд радиод ажилд орсон. “Хамаг юм сайн сайхан байна” гэсэн худал хуурмаг мэдээг радио нэвтрүүлгээр уншиж суух нь миний хувьд хүлцэж тэвчишгүй санагддаг байв. Эцэст нь өвөр монголчуудын эрх ашгийн төлөө тэмцэгч болохоор шийдэж зориг шулуудсан билээ. Ингээд 2007 онд ажлаасаа гарч, гадаадад байдаг өмнөд монгол тэмцэгчидтэй холбоо тогтоохоор, тэр ондоо 19 настайдаа, Улаанбаатар хотноо ирсэн. Үзэл санаа нэгтнүүдтэйгээ уулзаж, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Улмаар нууц ажиллагаа явуулсаар өмнөд монгол тэмцэгчдийн итгэлийг олж, 2010 оны хавар, Монголын эрх чөлөө, холбооны намд (МЭЧХН) элсэхээр Монгол улсад ирсэн. Өмнөд монгол тэмцэгчдийн энэхүү намын дарга 2010 оны 3-р сарын 15-ны өдөр намайг намдаа элсүүлэн авсан юм.
Ингээд би тус намын үндэсний эрх чөлөө, хүний эрхийг эрхэмлэгч мөрийн хөтөлбөрийн дагуу ажиллах болсон. Үзэл санаа нэгт хамтран зүтгэгчидтэйгээ нийлээд:
-өмнөд монголчууддаа үнэн байдлыг таниулсан, тэмцэлд уриалсан мэдээлэл түгээх,
-өмнөд монголчуудын болон Хятад дахь нөхцөл байдлыг судлах, гадагш мэдээлэл түгээх зэрэг нууц ажлыг их төлөв хийж байв. БНХАУ бол цөөн тоот үндэстнийг харгисаар дарангуйлдаг орон учир, МЭЧХ Намын ажлыг хийх нь асар их бэрхшээлтэй, эрсдэлтэй байв.
-Монгол улсад дүрвэн ирэх болсон шалтгаан тань юу вэ?
-2011 оны 5-р сарын 10-наас 11-нд шилжих шөнө Өвөр Монголын Шилийн гол аймгийн Баруун Үзэмчин хошуунд нутаг усаа хамгаалан тэмцэгч малчин Мэргэний амь насыг уул уурхайн компанийн хятад жолооч нар “ Нэг монгол хүний амь ахдахдаа дөрвөн зуун мянган юань хүрнэ” гэж хэлээд туйлын хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан билээ. Өвөр монголчуудын хэзээ ч тэсрэхэд бэлэн байсан жигшил дургүйцэл оргилон дүрэлзэж, хаа сайгүй бослого хөдөлгөөн өрнүүлж, дэлхий нийтийн анхаарлыг татав.
Малчин Мэргэнийг хөнөөсөн ахуй талбарын гэрэл зургуудыг авсан хүн миний танил учир, энэ талаар би цаг алдалгүй мэдэж, хилийн чанад дахь хамтран зүтгэгчиддээ мэдээлж, тэмцэл хөдөлгөөн гаргахыг уриалсан. Танил маань гэрэл зургуудаа БНХАУ-ын, гадаадын ертөнцийн хувьд хаалттай, дотоод сүлжээний QQ форум дээр тавьсан байсныг би яаралтайгаар флашинд хуулан авч хадгалсан, мөн хилийн чинад руу дамжуулсан. Ингэж яаралтай хадгалж, дамжуулахгүй л бол Хятадын төрийн зүгээс бүгдийг нь богино хугацаанд устган, ул мөргүй болох байсан.
Холбогдох мэдээлэл, зургийг миний бие яаралтай дамжуулснаас үүдэн, хэрэг явдлын үнэн олон улсад түгж, дэлхий нийтийн анхаарлыг татсан гэж үзэх бүрэн үндэс бий. Үүнийг нотлох интернетийн баримт, гэрчлэх хүмүүс буй.
Гадаад руу дамжуулагдсанаас хойш удалгүй тэр зургуудыг БНХАУ-д бүрэн үгүй хийж устгасан юм.
Хилийн чанадын хамтран зүтгэгчид маань надад, тэр үеэр хэсэг хугацаанд нууц байдалд байж, хэрэг явдлыг ажиглан мэдээлж байхыг даалгасан. Миний бие энэ даалгаврыг биелүүлэхийн зэрэгцээ, Өвөр Монголын залууст үнэн байдлыг ухуулж, босч тэмцэхийг уриалж байлаа.
Хэдийгээр өвөр монгол залуус үймээн самуун, хүчирхийлэл, зандалчлал (терроризм)-гүй, тайван, соёлч боловсон тэмцлийг өрнүүлж, хууль ёсны шаардлага тавьж байсан ч, БНХАУ-ын засгийн газар шүдээ хүртэл зэвсэглэсэн цэрэг армиар Өвөр Монголыг эзлүүлж, дайн байлдааны онц байдлыг тогтоож, сүлжээ холбоог хааж, тэмцэлд ямар нэг байдлаар оролцсон болон, жирийн шударга ард иргэдийг хоморголон баривчилж, харгислан тамлаж эхлэв. Ялангуяа, гадаад дотоодод мэдээлэл цацдаг хүмүүсийг онц аюултай хэмээн эрэн сурвалжилж байлаа. Манай намын нууц гишүүд ч баривчлагдсан гэх баттай чимээ сонсогдсон тул, 30 хоног Монгол улсад зорчих визаг Эрээн хотод авч, 2011 оны 5-р сарын 24-нд Эрээнээс Замын-Үүдэд машинаар орж ирээд, тэр өдөртөө галт тэргэнд сууж, 2011 оны 5-р сарын 25-нд Улаанбаатар хотод ирсэн билээ. Өмнөд монголчуудын эрх чөлөөний төлөө тэмцлээ үргэлжлүүлэхийн тулд би энэ алхмыг хийсэн юм.
-Та тэгээд тэмцлээ хэрхэн үргэлжлүүлж байна даа?
-Монгол улсад мөн тэмцлийн ажилд оролцсоор ирэв. 2011 оны 5-р сарын 29-нд Өвөр Монгол дахь тэмцлийг дэмжсэн ар, өвөр монголчуудын Улаанбаатар дахь сүрт жагсаалд оролцсон. Монголын залуус, үндэсний үзэлтнүүд, хэвлэлийнхэнд хүссэн мэдээллийг нь өгч ирсэн. Мөн МЭЧХНамын Монгол дахь салбарт, намын гишүүнийхээ үүргийг биелүүлдэг. 2011 оны 11-р сард болсон “Free South Mongolia” хэвлэлийн хурлыг зохион байгуулалцаж, өмнөд монголчуудын байдлыг танилцуулсан. 2011 оны 12-р сарын 10-ны “Өмнөд монголчуудын төлөө хамтдаа!” цуглааныг зохион байгуулалцасан. Одоо ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Олуулаа болох санаачилгыг дэмжих бүлгийн ажилд оролцож байна.
Ийнхүү, Өвөр Монгол дахь тэмцлийг дарсан Хятадын засгийн газрын харгислалд өртөлгүй, Монгол улсад үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байгаа маань, Монгол улс дахь нөхөд намайг хамгаалалтдаа авсны ачаар боломжтой болсонд миний бие талархаж явдаг билээ.
-Яагаад та гурав дахь улсад гарахыг хүсэх болсон бэ?
-“Монгол улсад бүрэн чөлөөтэйгээр үйл ажиллагаа явуулж болно” гэж бодоод ирсэн хэдий ч, “Монгол улс улс төрийн орогногч, дүрвэгч хүлээж авдаггүй, Дүрвэгчдийн конвенцид нэгдээгүй учир тийм боломж төдийлөн үгүй” гэдгийг нөхөд маань ойлгуулж НҮБДДКГ-т хандахыг зөвлөсөн юм.
Монгол улсад сууж ирсэн өдөр хоногууд маань дарамттай, түгшүүртэй өнгөрч ирлээ. Учир нь, 2011 оны зун, намайг ирээд удаагүй байхад Монгол улс, БНХАУ хоёр ялтан солилцох асуудлыг шийдвэрлэх замдаа оров. Мөн хүч хамтран “БНХАУ-ын салан тусгаарлагч, хэт даврагч, зандалчлагч нартай тэмцэнэ” гэсэн тохиролцоонд хүрлээ. Тэдгээрт үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд оролцогч над мэтийн хүмүүсийг хамруулан үздэг.
БНХАУ-д миний үйл ажиллагааны талаар тагнаж судлан мэдсэн бололтой бөгөөд, ингэж мэдэх бүрэн боломжтой юм. Ар гэрийнхэндээ би өөрийн хийдэг үйл ажиллагааныхаа талаар юу ч хэлдэггүй байсан, хэлэх ч ёсгүй. Гэтэл гэрийнхэн маань намайг ямар үйл ажиллагаа хийж байгааг мэдсэн бололтай , утсаар ярихад маш их түгшсэн байдалтай байдаг. Хятадын хүчний байгууллагынхан гэрийнхэнд маань сануулга өгч, тодорхой зүйл ярихгүй байхыг анхааруулаад, намайг “тайвшруулан” тагнаж, улмаар гэнэ алдан буцаж очиход отон баривчлах гэж байгаа байж магадгүй гэж нөхөд маань сэрэмжлүүлэн зөвлөж байгаа.
Би, “ардчилсан Монгол улсад ар монголчуудын төрсөн ахан дүү өмнөд монголчуудын үнэн байдлыг таниулах нь хүний үндсэн эрхийн нэг -Үг хэлэх эрх чөлөөгөө эдэлж буй, хууль ёсны хэрэг явдал” гэж боддог байсан. “Монгол улсад эрхэмлэн дээдлэгддэг үзэл санаануудын дагуу явуулж буй зүйтэй үйл хэрэг” гэж санадаг байв. “Оршин сууж буй Монгол улсынхаа хууль дүрмийг зөрчөөгүй, сахин мөрдөж байгаа” гэж өөрийгөө үздэг байлаа. Гэтэл намайг “гадаадын иргэн Монгол улсад хууль бус улс төрийн үйл ажиллагаа явуулсан” гэж дүгнэж, албадан гаргаж ч болох юм байна.
Гэтэл БНХАУ-д намайг төр улсын эсрэг онц ноцтой хэрэг үйлдсэн аюултай этгээд хэмээн баривчлахаар хүлээж байгаа!
-Та өөрийгөө гурав дахь улсад гарч чадна гэж бодож байна уу. Энэ нь хэр боломжтой байна вэ?
-Миний бие БНХАУ руу албадан гаргагдах, БНХАУ-д тэр улсын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж хүнд ял хүлээж болох эрсдэлтэй байдалд байна. Энэ аюул осолтой байдал бол миний дүрвэгчийн статус хүсэх шалтгаан юм. Миний байдал нь Дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай Конвенцид заагдсан, Дүрвэгч гэх ойлголтыг тодорхойлсон:
-Өөрийн харъяат орноосоо гадна байгаа;
-Өөрийн харъяат орондоо буцах боломжгүй, эсвэл буцахыг хүсэхгүй байгаа;
-Арьс үндэс, шашин шүтлэг, иргэншил, нийгмийн тодорхой бүлгийн гишүүнчлэл, улс төрийн үзэл бодлын улмаас мөрдөлгө хавчилгад өртөнө хэмээн бүрэн үндэслэлтэйгээр сэрэмжилж буй;
-Харъяат орных нь засгийн газар түүнд хамгаалалт үзүүлэхээс татгалзсан, эсвэл өөрөө тэр хамгаалалтыг авахыг хүсэхгүй байгаа гэсэн зүйлүүдэд бүгдэд нь нийцэж байна.
БНХАУ-ын засгийн газар намайг заналхийлж байгаа нь тодорхой юм. Хэрэв би БНХАУ-д очвол намайг шууд баривчилж, үндэстнийхээ эрх чөлөөний төлөө шударга тэмцэл өрнүүлснийг минь “онц аюултай, хүнд гэмт хэрэг” гэж яллан харгислах нь 100% баталгаатай. БНХАУ дахь нөхцөл байдал ийм л байгаа.
Ярилцсан Ч.Мөнхбаяр
ММХI.III.II
http://moenhbayar.blogspot.com


Р.С.: Энэхүү тэмцэгч залуу маань НҮБ-ын Дүрвэгчийн комиссариатын Монгол дахи офист дүрвэгч болох хүсэлтээ өгөөд татгалзсан хариу авч, давж заалдах өргөдөл өгсөн ч нааштай хариу авах магадлал төдийлөн ихгүй болоод байсан юм. Дүрвэгчийн комиссариатын бичиг баримтуудыг харж нягталж байж бичиж өгсөн өргөдлийн маань дараа харин зөвшөөрсөн хариу ирснийг дурдахад таатай байна. Тэр хариу ирэхээс өмнө энэ ярилцлагыг авсан билээ.  

No comments: