Sunday, July 22, 2012

Улаан нүдэн гараг дээр “Улааннүдэндор” гэдэг монголчуудыг нээж магад

Зарим хүн монгол хүний эрэлд хатаж, Улаан нүдэн гарагаас хайх нь л дутуу байгаа билээ. Мундаг ивгээл дорхи нэгэн төслийн удирдагч, нэр хүндтэй сэтгүүлчийг загнасан аж. Индонезийн монголчуудыг судлаад завгүй байхад, элдэв юм битгий яриад садаа болоод бай гэжээ. Индонезэд олон сая монгол байхад эндхийн та мэтийн ганц хоёр монгол ч яамай гэх санааг илэрхийлжээ.
Энэ хачин хоббиг мэдсэн гадныхан “Манайд ийм монгол, тийм монгол байгаа шүү” гэж, алдуул мал сурагласан эрэлчинд элдэв сураг цуу дуулгаж байгаа юм шиг асууж даажигнаж ч байгаа юм шиг хачин хачин зүйл хэлэх болжээ. Германд, манайд хөх толботой хүн байдаг гэжээ.
Киргизэд, ерөнхийлөгч Отунбаев нь “Манайд монголдор гэдэг монгол үндэстэн бий шүү” гэж янз үзээд ч байгаа юм шиг янзын юм ярьжээ. Монголдор гэдэг бол дундад зууны үед Дундад Азид сууж байсан монгол-түрэг холимог аймгийнхныг хэлж байсан агаад, өдгөө монголдор гэж байхгүй юм. Тэд Төмөр, Бабур зэрэг хаадын байлдан дагууллаар өмнө тийшээ явж, хазаруудтай нийлсэн юмсанж. Байхгүй юмыг байгаа гэсэн хэрэг шүү дээ. Молиго үмхүүлэн наадаж байгаа юм уу, хаашаа юм (Манай татар /дадал/ аймгийн нэрийг авсан улс түмэн олон байдаг, гэхдээ тэд монголчууд биш, түрэгүүд шүү дээ, тэдэнтэй адил). Бас танай Бат хаан Ишгэн-хөл нуурын дэргэд хурилдай хийсэн гэжээ. Иссык-Куль нуурын эргээр монголчууд байсан нь үнэн. Гэхдээ Төмөрт нуур билүү дээ, өөр нэрээр нэрлэж байсан юм . Юу гэж аварга том нуурыг Ишгэн хөл гэх вэ дээ.
Манай талаас, хамт нэгэн тулгыг тулж, хамт амьдарч байсан гээд л авч өгч. Монголын түүхийн хамгийн хар үеүүдийн нэг чинь Түрэгийн түрэмгийлэгчдийн ноёрхол дор байсан 500 жил шүү дээ. Энэ үед Уйгур, Киргиз /842 онд байгуулагдсан/, Кипчакийн ноёрхол ээлжлэн тогтож, өвөг монгол овог аймгууд сөнөх дөхсөн юм. Үүнийг эргүү тэнэг хүмүүс их буян хишиг хэмээн эндүүрч, галзуурч, бид түрэгээс гаралтай гэж мунхаглаж, хэрэв Түрэгийн ноёрхлын үнэн түүхийг хэлвэл алж хядах дөхдөг болж. Түрэг бол маш их уусгагч уламжлалтай ард түмэн. Тиймээс, Монголд ноёлж байхдаа монгол бүхнийг устгах дөхөж, булш бунхдыг ч бараг нэгбүрчлэн ухаж сүйтгэж, газар усны нэрийг түрэгээр сольж байсан байдаг. Түрэгийн булш бунхан олдчихлоо л гээд сүйд болоод байна. Монголын юмыг сүйтгэчихээд, дээр нь өөрсдийнхөө юмыг сүр сүндэртэй босгож, хожим өвөг дээдсийн маань нутаг гэж өнгөлзөхөд ашигладаг байхгүй юу. Бид Түрэгийн юмыг гайхамшигт өв маань гэж сүйд майд болох нь, оросууд Гитлерийн Германы дурсгалыг гайхамшиг хэмээн бахдаж шагширч, өөрсдийгөө Гитлерээс гаралтай, угтаа бол бид немцүүд, фрицүүд, вермахтчууд, энэ уг язгуураа сэргээнэ, сэхээнэ гэж хөөрөхтэй л адил юм. Үүнийг мэдэж байж хамтдаа тулга тулсан энэ тэр гэж байгууштай. Ээлжлэн байлдаж дарлалцаж байсныг эв нэгдэл гэвэл эндүүрэл бөгөөд , тэр үеэ сэргээнэ хөгжүүлнэ гэвэл юу болох вэ? Дарлагч түрэмгийлэгчдэд талархдаг, гэмийг нь мартдаг сэтгэлгээ гаарвал яах вэ. Баларсан юм болно биз дээ.
ОХУ, Герман хоёр улс эвдрэлцэн тэмцэлдэж явснаа сайн сайхан гэж магтаж сайшаахгүйгээр найрамдаж нөхөрлөөд болоод л байна. Үүсэл гарал нэгтэй гэж, үсэрч наалдаад байлгүй үерхэж найзалж болоод л байна. Манайхан л гэж нялуурч ханадаггүй нойтон хамуу хүүхэн шуухан аятай, үнсэлцэж үлгэлцэх гээд дайрч байдгаа татмаар. Саяны айлчлалыг хэлж байгаа юм биш шүү, ер нь тиймэрхүү байж болохгүй гэж байна.
Эрхэм ерөнхийлөгчид “Москвагийн хатагтай”, “Кремлийн шувуухай” зэргээр алдаршсан Бакиевийн ардчилсан засгийг Оросын дээрэнгүйчүүдийн гар хөл болж унагалцсан, одоо ерөнхийлөгчийн сонгуульд уначихаад орох газаргүй болж тэвдэж, ороогдон асуудалд ээрэгдэж яваа Роза Отунбаева авгай отон байж манайханд бараалхаад авчээ. Сарт халимаг тэр авгай: ижилийн халимаг Цагаанзам (Владимир Куваев) Монголоос улстөрийн орогнол хүсч болсон юм, би яагаад болдоггүй юм гэсэн янзтай уулзсан болно. Түүнийг манай дарга нартай уулзаж магад, улстөрийн орогнол хүсч магад, олуулших бодлогод сарт халимаг түмэн хамрагдаж магад гэж учир мэдэх хүмүүс уулгалан таамаглаад байсан бөгөөд, тэр ёсоор ч болов бололтой.
Сарт халимаг гэдэг бол Ижилийн халимагаас гаралтай, хэдэн түмэн хүн зонтой ястан болой. Ижил мөрнөөс халимагууд Зүүнгарын улсыг сэргээнэ гэж эгэж нүүхэд урьдын өстэй хасаг хиргисүүд дайрч довтолж, халимагууд ч байлдсаар аялж байсан. Нэг хэсэг нь аргагүй хүчин мөхөсдөж, бууж өгч, хиргис ноёдын албат болсон нь сарт халимагууд юм. Ойрадуудыг хядсан Чин улсад дагаар орохгүй гэж Хиргист дагаар орсон ч гэдэг. Ташрамд, манай Хяргас нуур бол угтаа Кыргыз гэсэн нэр өгөгдсөн нуур. Тэгэхлээр бид киргизүүдийг Хяргас гэж нэрлэж байх ёстой болой.
Ч.Мөнхбаяр

No comments: