Харин монголчууд Хятадын эрх баригчдыг эсэргүүцсэн жагсаалаар угтлаа
Хятадын коммунист намын том дарга Сюй Цай Хоу Монголд айлчилсан өдөр нийслэл хотноо Хятадын эрх баригчдыг шүүмжилсэн агуулгатай цуглаан болсон юм. Цуглааныг зохион байгуулагчдын нэг Ч.Мөнхбаяртай ярилцлаа.
-Та бүхэн яагаад энэ жагсаалыг зохион байгуулах болов?
-2011 оны 5-р сарын 10-нд Өмнөд Монголын нэрт тэмцэгч малчин Мэргэн туйлын зэрлэгээр алагдаж, амь насаа алдсан юм. Үүний нэг жилийн ойгоор бид бүхэн тайван цуглаан зохион байгуулахаар шийдсэн. “Өмнөд монголчуудаа өмгөөлцгөөе” цуглаан маань:
1-рт, Хадаа, Шинээ, Хуучинхүү, Наранбилэг, Содмонгол, Батзангаа, Унага, Алмас, Хөхбулаг, “Босоцгоо, миний Өвөр Монгол!” дууны зохиогч зэрэг өмнөд монгол улс төрийн хоригдлуудыг даруй суллах;
2-рт, өмнөд монголчуудын хүний эрх, үндэстний эрхийг хэрэгжүүлэн дээдлэх;
3-рт, өмнөд монголчуудын эх соёлыг уусган устгаж буй явдлыг арилгах;
4-рт, өмнөд монголчуудын унаган нутгийг булааж, онгон байгалийг сүйтгэж, уламжлалт мал аж ахуйгаас нь хүчээр салгаж, амьдрах аргагүй болгохоо таслан зогсоохыг БНХАУ-ын эрх баригчдад шаардсан утга агуулгатай байсан. Жагсаалд оролцогчдын шаардлагыг ч БНХАУ-ын эрх баригчдад илгээлгэх гэж байв.
-Та бүхний цуглааныг зөвшөөрөлгүй гэж байсан...
-Хятадын Сюй овогт дарга ирэх сургаар манай төрийн албан тушаалтнууд учир зүггүй сандарч балмагдсан. Тэдний л дарга юм билээ шүү дээ. Манай төр чинь Хятадын төрийн нэг хэсэг, хамгийн аймхай хэсэг нь болчихоод байна. Тэгээд л Сюй дарга, Сюй дарга гээд л дээр дооргүй бужигналдаж, хөгөө чирсэн.
Би цуглааны нэг зохион байгуулагч (ЗБ) залуугийн хамт 5-р сарын 1-нд Чингэлтэй дүүргийн захиргаанд албан ёсны мэдэгдлээ бүх дүрэм журмынх нь дагуу хүлээлгэн өгөн. Ташрамд хэлэхэд, бид Сюй овогтын айлчлалд зориулж жагсаалаа товлоогүй, ирэхийг нь 5.9-ний орой хүртэл мэдээ ч үгүй. Ажлын гурав хоногийн дотор бүртгэхээс татгалзах үндэслэлээ мэдэгдээгүй бол, бид цуглаанаа товлосон хугацаандаа явуулах хууль ёсны эрхтэй болж байгаа юм. Тэр бүртгэх формаль явцыг манайхан хаа хаанаа “зөвшөөрөл авах, өгөх” гэж ойлгоод байдаг.
5-р сарын 4 гэхэд ямар ч татгалзах үндэслэлийг мэдэгдээгүй. Ингээд бид хууль ёсны цуглааны ажлаа эрчимжүүлэх ЗБ-лтад байгуулалтад орсон.
-Яагаад тэгвэл “хууль бус” гэгдсэн юм бол?
-Хятадын Сюй Цай Хоу дарга ирэх сургаар бидний жагсаалыг хууль бус мэт харагдуулах, хууль бус ажиллагаа эхэлсэн юм.
Цуглааны өмнөх өдөр буюу 5-р сарын 9-нд, цагдаагийн газраас дуудаж, хууль ёсны цуглааны өмнө өгөх албан ёсны мэдэгдлээ өгсөн. 541 дугаартай.
Нэг л тексттэй, тэмцэл хөдөлгөөнд оролцдог хүн бол цээжээр мэддэг, жагсаал цуглааны хуулиас хэдэн абзац эш татсанаас л бүрдэх энэ зүйлээ алт мөнгө өгөх гэж байгаа аятай сүр бадруулан, “одоо заавал ирж ав, хэрэв ирж авахгүй бол албадан ирүүлнэ” гэхчилэн дарамталж, авахаар очиход ч дарамталж байдаг л даа.
Ингээд мэдэгдлийг аваад явах гэж байтал, цагдаагийн ажилтан “Дүүргээс бидэнд мэдэгдээгүй. Уг нь та нарт татгалзах үндэслэл хэлээгүй бол, хууль ёсоор цуглаанаа хийж болно л доо. Гэхдээ тодруулаадхая, хүлээж бай” гэсэн . Энэ нь 16.30 цаг юм. “Маргааш Сюй дарга ирэх гэж байхад энэ чинь юу билээ” гэж санасан шиг байгаа юм. Ингээд дүүрэгтэй холбогдоход нь, тэнд мөн сандрал үүсчээ. Цагдаагийн ажилтан яаралтайгаар дүүрэг рүү явж, намайг өөр ажилтнаар нааш цааш явуулалгүй харгалзуулж, албан бусаар хорионд оруулсан.
Дүүрэг дээр хоёр цагийн турш хор найруулагдсан. Өмнө нь, цагдаагийнхныг асуухад “бидэнд мэдэгдэл өгөөгүй” гэж гүтгэж байсан дүүргийнхэн өөрөөр гүтгэж эхэлсэн. 17 цагт: “Мэдэгдлийг хүлээж авсан, хариу өгөх гэтэл болохгүй байсан, хариуг хайж байна” гэж над руу хэлүүлсэн. Гэхдээ ямар хариу байсныг хэн ч мэдэхгүй байв. Тэд надад “албан ёсны” ямар хуурамч хариу өгөхөө мэдэхгүй байсан хэрэг л дээ.
18.30 цагт “Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Г.Ариунбуянгийн гарын үсэгтэй, бүртгэхээс татгалзсан бичиг 5-р сарын 4-нд гарсныг бид хайж оллоо” гэсэн утгатай зүйл ярьж, цагдаагийн хошууч ирсэн. Ажлын цаг дууссан тул засаг даргыг харин хайж олж чадаагүй бололтой.
Мөн намайг, 5-р сарын 4-нөөс хойш өдий хүртэл утсаа хаагаад, холбоо барих боломжгүй байсан гэж гүтгэсэн байв. Жагсаал зохион байгуулах, сэтгүүлчийнхээ ажлыг хийх гээд л байнга утсаа нээлттэй байлгаж ирснийг минь олон хүн гэрчилнэ.
5-р сарын 4-нд, дусал хийлгэн, эмчилгээтэй байхад нэг удаа залгасан юм билээ. Тухайн үед утсаа авч ярьж амжаагүй. Харин би дараахан нь, бас 5-р сарын 4-нөөс өмнө болон хойно нь Чингэлтэй дүүрэг рүү залгаад залгаад холбогдох хүнтэй нь харилцаж чадаагүй л юм. Аймшигтай хүнд сурталтай, ажил хэрэгч бус байдал мэдрэгдсэн. Тэгээд би “цуглааныг маань бүртгэсэн юм байна” гэж бодсон. Бүртгэсэн бол хэл сураггүй болцгоочихдог юм билээ. Өмнөх өдөр нь л цагдаа дуудаж, баахан дарамталдаг.
Тэр Чингэлтэй дүүргийн “бүртгээгүй” гэх бичиг 5-р сарын 4-нд надад танилцуулагдаагүй, 5-р сарын 9-нд ажлын бус цагаар, олдохгүй байна гэж “эрж хайж”, намайг хоёр хагас цаг цагдаагийн хүчээр хөл хорионд байлгаж байсны эцэст өгөгдсөн тул, өөрөө хүчингүй, хууль бус.
Мэдэгдлийг маань, “жагсаал цуглааны хуулийн 8.1.1-ийг зөрчсөн гээд бүртгээгүй” гэсэн. Энэ мэдэгдэл маань, 2011.12.10-ны адил агуулгатай цуглааныг хийхийн өмнө, Сүхбаатар дүүргийн хуулийн ажилтантай хамтран бичсэн мэдэгдлээс, хэдхэн зүйлийг сольж бичсэнээрээ л ялгаатай байсан. Болох он сар өдөр, дүүргийн нэр, талбайн нэр, жагсаалын “Өмнөд монголчуудын төлөө хамтдаа” гэсэн нэрийг “Өмнөд монголчуудаа өмгөөлцгөөе” болгосон гээд. Огт өөрчлөөгүй л байхгүй юу. Сүхбаатар дүүргийн хуулийн ажилтан, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, цагдаагийн хэлтэс хууль ёсны гэж үзсэн мэдэгдэл яагаад Чингэлтэй дүүрэгт хууль ёсны бус болдог билээ. Ажлаа мэддэггүй Чингэлтэй дүүргийнхэн Сүхбаатар дүүргийнхнээ хууль бус цуглаан хийлгэсэн гэж гүтгэж л байгаа хэрэг юм.
Дараа нь намайг “НЦГ-ын дарга уулзана гэсэн” гээд цагдаагийн машинаар авч явсан. “Даргад гэнэт яаралтай ажил гарлаа” гээд, орлогч нь хүлээж авч уулзсан. “Цуглаан хийхээ боль” л гээд байсан. “Болиулахгүй бол хууль зөрчсөн хэрэг болно шүү” гээд байв. Янз бүрийн юм асуугаад л. Ингэж, гэм зэмгүй хүнийг албан бусаар байцааж байхаа болимоор юм. Өмнөд Монголтой холбоотой ийм албан бус байцаалт өмнө нь ч надтай хэдэн удаа тохиолдсон. Байцаахаас гадна, өмнө монголчуудын эсрэг суртал ухуулга ч хийнэ, “боловсноор” заналхийлнэ. Тэр өдөр би цагдаагийн байгууллагад гурван цаг гаруй хугацаанд саатаж чирэгдсэн. “Одоохон одоохон, хэдхэн минут...” гэж хуураад л саатуулаад байсан.
-Маргааш нь тэгэхдээ та нар жагсав аа даа?
-Тэгсэн. Болох цагаас нь өмнө цагдаа нар талбайгаар хэрэн явж, ирсэн хүмүүст “цуглааныг зөвшөөрөөгүй, цуглаан болохгүй” гэж байсан. Эхлэхэд нь зогсоо зайгүй үймүүлж, орилж, хашхирч хүмүүсийг загнаж, сүрдүүлж, зураг авч, бичэг хийж амар заяа үзүүлээгүй. Далбаа, лоозонгуудыг “хууль бус, хурааж авна” гэж дайрч байсан. “Монгол улсын далбаа хууль бус уу?” гэхэд “Хууль бус” гэж байсан. “Чингэлтэй дүүргийн бичиг л хууль бус” гэж тал бүрээс нь нотолж батлахад огт хүлээж авахгүй, хэнийг ч хүндэлж үзэхгүй байв. “Та нарт Монгол улсын хууль хамаагүй юу?” гэхэд “Тэр хамаагүй” гээд дайраад байсан. Бүгд гэрчтэй.
Зохион байгуулагчийг “цагдаагийн хэлтэс рүү явъя” гэж их шалсан. “Тийш явах үндэслэл байхгүй” гээд нэмэргүй. Үндэсний үзлийн идэвхтнүүдээс бусад нь энэ мэт байдлаас дайжин, цуглаанаас явж байсан. “Та нар худал хэлж, хуурч аваачаад, өчигдрийнх шиг хэдэн цаг хорионд оруулах гэж байгаа юм” гэхэд “тэгэхгүй” гэж ам шүдээ өгч байв. Сүүлдээ, “манай хэлтсийн дарга хэдхэн минут уулзъя гэж байна, тэр уулзалт бол заавал протоколтой явагддаг ёстой, компьютерт протокол шивэгддэг” гэж шалаад байхаар нь, “дүүргийн цагдаагийн дарга арай өчигдрийнх шиг хуурахгүй байлгүй, нөхдөө төлөөлөн ганцаараа очиж уулзъя, асуудлыг намжаая” гэж бодоод очсон. Дарга нь уулзсан, онц юм яриагүй.
Тэгээд л 5-6 цаг биднийг хорионд оруулчихсан. Өөр 6-10 идэвхтэй хүнийг төрөл бүрээр бас хуурч авчирсан байгаа юм. Янз бүрийн өрөөнд хоригдсон тул хэдэн хүн ирснийг тодорхой мэдэхгүй байна, долоон хүнийг бол тодорхой мэдэж байгаа.
Хэрэг бүртгэх байцаагч хошууч нь “жагсаал цуглааны хууль зөрчсөн” гэх үндэслэлээр хүн тус бүрийг цаг орчим, цаг гаруй байцаасан. “Явж болохгүй, бүгдээс нь тайлбар авч дуустал та нар байж байх ёстой, бусаддаа элдэв юм ярьж хэлж болохгүй, та нарт хариуцлага хүлээлгэнэ” гээд байцаагчийн өрөөнөөс гаргаж байсан. Залуус Баасан, Арслан нар шиг 14 хоног хоригдож магадгүй гэж сэтгэлээр унасан байв.
Намайг хамгийн сүүлд байцаасан. Чингэлтэй дүүргийнхний хууль бус явдлыг ярихад, тэмдэглэн бичихгүй, бас үл ойлгох байдал гаргаж байсан тул, дахин дахин ярьж, цээж бичиг бичүүлэх мэт хэлж байж цаасан дээр буулгуулсан.
Ингэж л гэм буруугүй бид бүхнийг хэлмэгдүүлсэн. Цаашид юу болохыг мэдэхгүй байна.
Цуглаан 12 цагаас эхэлсэн. 13 цагт биднийг авч явсан. Ийнхүү зохион байгуулагчидгүй болгосноос болж, хүмүүс 15 цаг хүртэл цуглаанаа үргэлжлүүлсэн. 14 цагт дуусах ёстой байсан юм.
Цуглагчид бухимдаж, Хятадын ЭСЯ руу, эсвэл Цагдаагийн хэлтэс рүү жагсаж явж, эсэргүүцэл илэрхийлэх гэж байсан. Нэгийг маань чөлөөлж, цуглааныг тараалгасан ч, хэсэг нь хэлтэс дээр ирж, биднийг хорионоос гартал, дургүйцэн хүлээж байсан. Биднийг хулгайллаа гэж үзэж байв. Мөн дайрч орж ирж цагдаа нартай ширүүн маргалдсан ч явдал гарсан.
Цуглааныг ямар ч аргаар болтугай тасалдуулах л гэж оролдсон нь, харин ч нэг цагаар илүү үргэлжлүүлж, цагдаагийн хэлтэс дээр эсэргүүцэл өрнөхөд хүргэсэн юм.
Хоёр улсын найрамдалд харш үйл ажиллагаа явуулж байна гэж төрийн албан хаагчид их хэлж байсан. Найрамдлын төлөө тийм л их санаа зовоод байгаа юм бол “Хятадын ийм хүн айлчлах гэж байна. Та бүхэн жагсаалаа өөр өдөр болгож хойшлуулна уу. Хойшлуулснаас тань шалтгаалж үүдсэн сөрөг үр дагаврыг арилгахад туслая, дэмжье” гэж яагаад хэлж ярьж болдоггүй юм бэ. Монголын ард түмэн бол шүүрдээд зайлуулах л ёстой хог новш гэж үздэг учраас, зүгээр л гүтгэчихье, хорьчихъё, дарчихъя, дарамталчихъя л гэж ханддаг...
Нэг хамтран зүтгэгч маань цагдаагийн ажилтан утсаар ярьж байхыг сонсчээ. Цаанаас нь “Наадуулаа аль болох удаан л саатуулаад бай! Яасан ч явуулж болохгүй. Ямар ч аргаар хамаагүй” гэж бачимдан ярьж байсан гэсэн. Тэрхүү хамтран зүтгэгч бүсгүйг маань, урьд өдөр нь үл таних хүмүүс шалтгаангүйгээр зодож жанчсанаас болж, цуглаандаа оролцох боломжгүй болсон бөгөөд, харин хүмүүс хорионд орсныг дуулаад ирсэн юм. “Та нар л намайг зодуулсан!” гэж тэр бүсгүй цагдаа нарт утсаар хэлсэн байсан, нүүрэн дээр нь ч хэлж байв. “Хурц дайчин болохоор нь тийм хандлага үйлдсэн байж болох юм” гэж манайхан үзэж байлаа. Ноднин Хятадын Жоу Юн Кан гэдэг том дарга ирэхэд, энэ бүсгүйг ажил дээрээс нь авч явж, “Жоу даргыг айлчлах үеэр чимээгүй байгаарай” гэж дарамтлан сүрдүүлж байсан агаад, тэр талаар хүний эрхийг хамгаалагчид хэвлэлийн хурал хийн мэдэгдэж байсаан.
Хэдэн сарын өмнө буруудаж, Улс төрийн товчооноосоо хөөгдсөн Бо Си Лай гэгч даргатай нийлж, төрийн эргэлт хийхийг оролдсон гэж тэр Жоу Юн Кан буруудаад байгаа. Жоугийн хамсаатан гэгдэж, манай дарга нар ч хятад дарга нарынхаа өмнө буруудах янзтай байгаа. Хятад дарга үзэхээрээ л баастай бурхантай учирсан мэт сүйд болж байдаг дарга нар маань нэгийг бодууштай...
-Энэ Сюй овогт ямархуу хүн байна?
-Хятадад бараг өдөр бүр эсэргүүцэл тэмцэл гарч, армийн хүчээр л нухчин дардаг. Сюй овогт бол маш олон цуст хэрэгт холбоотой, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгтэн юм. Ноднин Өвөр Монголын бослого хөдөлгөөнүүдийг нухчин дарсантай ч холбоотой.
Оны эхнээс л “5-р сарын 10-нд жагсаал цуглаан хийгдэнэ, эртнээс бэлдэцгээе” гэж зарлагдсан атал, заавал энэ өдөр Сюй овогт ирдэг нь, “энэ Монголын боолууд маань яаж үндэсний хөдөлгөөнтэй тэмцэх нь вэ” гэж ажлыг нь шалгаж, заавар зөвлөгөө өгч, удирдах гэсэн хэрэг байх. Өнгөрсөн жил Жоу Юн Кан ирж, манайханд удирамж захирамж өгснөөс хойш Монгол, Хятад улсуудын хүчний байгуулагууд, тэдгээрийн ажил, мэдээллийн сан үндсэндээ нэгдчихсэн шүү дээ.
Сюй овогтыг ирэхэд манайхан хөлөө хугартлаа, чацгаа харватлаа сандран дольдгонон гүйлдэж, хөгөө тарьсан нь, 1919 онд Сюй овогт ирж, Монгол улсыг Хятадад нэгтгэх гэхэд цэрэндоржтон, бадамдоржтон нарын урвагчид боож үхэх дөхөн бялангачлан зусардаж байсныг санагдууллаа. Монголын далбааг “хууль бус” гэж хурааж авахыг завдаж, хуулийг “хамаагүй” гэж уландаа гишгэн дэвсэллээ.
Дүүргийн орлогч дарга “Мэдэгдэлд: үндэстэн ястны хооронд хагарал гаргах агуулга байгаа учир, бүртгэхээс татгалзаж байгаа юм” гэж хуурамч шийдвэрээ тайлбарласан байдаг. Манай төрийн албан хаагчид Хятадын төрийн албан хаагчид болчихсоны нэг жишээ энэ юм. Ерөөсөө л Хятадын төрийн албан хаагчид шиг сэтгэдэг, ажилладаг, Хятадын төрийн бодлогыг л хэрэгжүүлдэг болчихсон. Хятадад л “Монгол” гэх үг дуугарч тэмцэх тохиолдолд тийм хариу өгдөг юм байхчивлээ. Хятад л олон үндэстний улс учир тиймэрхүү хариу өгч байгаа биз. Монголд “Монгол” гэж хэлэхэд ямар үндэстнүүдийн хооронд хагарал гарах гээд байгаа юм?
Эсвэл Монгол улсын Хятадын нэг хэсэг мэтээр сэтгэж, тийм хариу өгч байна. Эсвэл Монголд үй олон хятад авчирчихаад, Монгол дахь монгол, хятад үндэстнүүдийн хооронд хагарал гарна гээд “Монгол” гэж хэлүүлэхгүй, монголчуудын төлөө тэмцүүлэхгүй болж байна шүү дээ.
Ярилцсан П.Гантулга
No comments:
Post a Comment