Дэлхий даяар өрнөсөн Оссuру бослого Монголд орж ирж, дарга нар үхтлээ айв уу?
Ойр ойрхон хоёр жагсаал болсон нь олон нийтийн мэдээллээр төдийлөн мэдээлэгдсэнгүй.
Нэг нь “Хуучинхүүг сулла!” хэмээх жагсаал бөгөөд, “Битлз”-ийн хөшөөний дэргэд өрнөжээ. Өвөр Монголын үндэсний үзэлтэн, хүний эрхийн төлөө тэмцэгч Хуучинхүүг суллахыг шаардсан хэсэг залуус “Битлз”-ийн хөшөөг цагаан даавуугаар ороож, 1000 гаруй гарын үсэг зуруулжээ. Тэд одоо “Цагаан тууз” гэх энэ аяныхаа хүрээнд цагаан туузаа олон сургууль, байгууллагуудаар аялуулж байгаа бөгөөд, хэдэн зуун метр урт даавуун дээр гарын үсэг зуруулах бодолтой байна.
5-р сарын 11-нд аян нь дуусч, хаалтын жагсаалаа БНХАУ-ын ЭСЯ-ны гадна хийнэ. Чингэхдээ урт, залгасан туузаараа БНХАУ-ын элчинг ороож баглан, Хуучинхүүг суллатал хэнийг ч оруулахгүй, бас гаргахгүй гэнэ.
Anti Nuclear Movement ТББ-ын залуус цөмийн эсрэг жагсаал зохион байгууллаа. Японд Фукушимагийн АЦС-д осол гарсны нэг жилийн ойд зориулжээ. Гэтэл ихэнх хүн үүнийг өөрөөр ойлгожээ. Ерөнхий сайд С.Батболд АЦС байгуулах талаар хэлэлцэж тохиролцох гэж Японд айлчилсныг эсэргүүцсэн жагсаал гэж ойлгожээ. Энэ жагсаал Япон, Монголд зэрэг болсон байна. Тэгэхлээр Япон-Монголын харилцаатай холбоотой л болж таарах гээд байна.
Японы Осака хотод болсон жагсаалд 45 мянган хүн, манай нийслэлд болсон жагсаалд 180 хүн оролцжээ. Монгол дахь жагсаалд залуус “V for Vendetta” кинон дээр гардаг багтай, уриа лоозон сайтай оролцсон нь тун өвөрмөц, шинэлиг уур амьсгалтай байлаа. “V for Vendetta” кинонд Английн шударга ёсны төлөө тэмцэгч Гай Фоксыг дүрсэлсэн байдаг. Гай Фокс бол Өрнөдөд маш алдартай хүн бөгөөд, залуу хүнийг Guy буюу Гай гэдэг. 80-аад орныг хамаарсан “Оссuру” хөдөлгөөн, бослогын нэг гол бэлгэдэл нь “V” баг байлаа. Зарим олигарх маань “Оссuру” бослого Монголд орж ирэв хэмээн ихэд балмагдан сандарчээ.
С.Батболд тэгэхээс тэгэх гэсэн мэт, Фукушимагийн осол гарсны ойн өдрүүдэд буюу 3-р сарын 10-15-ны өдрүүдэд Японд айлчилж байгаа юм. Тэрбээр энэ оны 2-р сарын 17-нд Киодо Ньюс агентлагийн сурвалжлагчид АЦС Монголд байгуулах асуудлаар Японд айлчилна гэж ярьсан ажээ.
Цөмийн хуйвалдааныг эсэргүүцэх тэмцэлд дарга нар маш эмзэг ханддаг. Тиймээс энэ жагсаалыг болиулах гэж оролджээ. Дүүргийн Б.Баярмагнай дарга амгалан тайван байдал алдагдуулж, замын хөдөлгөөнийг саатуулна, ард иргэдийг бухимдуулна гээд жагсаал зохион байгуулахыг зөвшөөрөөгүй байна.
Хошууч Ц.Амармөрөн тэргүүтэй цагдаагийн баг, мөн энгийн хувцастай тагнуулын баг жагсаалыг зохион байгуулагчдыг “эрт тараа”, “явуулахгүй” гэж зандчиж, загнаж, дарамталж байжээ. Тагнуулынхан цагдаагийн будканд оруулж, элдвээр дарамталж, жагсаал цуглаан хийхийг хориглож, цөмийн аюулын тухай лекц уншиж бай гэж тушаажээ.
Монголыг дэлхийн бүх цөмийн аюул төвлөрсөн там, сүйрэл мөхлийн бүс болгох хуйвалдаан үргэлжилсээр. Цөмийн энергийн газрын дарга асан С.Энхбат, ЗГ-ыг цөмийн хуйвалдаанд оролцоогүй гэж нотлоогүй учраас намайг халсан, ЗГ-ын гишүүд хуйвалдаанд хэрхэн оролцсоныг гэрчлэх баримтыг цаг нь болохоор илчилнэ гэж сүрдүүлсээр байна.
Ч.Мөнхбаяр
2012. 3-р сар
No comments:
Post a Comment