Sunday, July 22, 2012

Баянхошуунд шөнө чоно дагуулсан, зуны хувцастай аймшигт хүүхдүүд явдаг болсон гэнэ

Эрхэм  ерөнхийлөгч сайд болох улс амьтсыг загнаж баахан хүнийг кайф авахуулав. Ер нь яахав тийм сайд тэгнэ ингэнэ гэдгийг найзан дундаа яриад хөөрөөд, инээгээд ханиагаад шийдчихдэг байж л дээ. Гэтэл энэ удаад хэвлэл мэдээлэл дуудаад иймээ тиймээ юм болчихов оо, хөөрхий. Зарим нь: “Нөгөө Зөвлөлтийн “Шурикийн адал явдал” кинонд Моргунов хэв журмын эргүүлийг ирэхээр Никулин, Вицин нараа нам цохиод, явахаар нь сүйд болоод байдаг шиг л юм болж байгаа юм” гэж хэлж байх юм...
МАН-ынхан ч гэж МАН-ынхан. Ерөнхий сайд, БХЯ-ны сайдыг бол ерөнхийлөгчтэй заавал зөвшилцөж байж тогтох, түрүүчийн сайдуудыг огцруулах УИХ-ын шийдвэр гарсан хойно дараачийн сайдуудыг ярих хуультай юм байна шүү дээ. Тэрийг ч ядаж дагачихалгүй сандал суудал, идэх уух нь бодогдоод л давхиад ороод ирсэн, тэгээд л олзлогдох нь тэр.
Хэдхэн сар суух сайдын төлөө Ху намын 28 гишүүн алалдах дөхсөн байгаа юм. Тэр хэдэн сард ч ёстой нэг хордлого болж үхтлээ, дэлбэртлээ идэх юм биз дээ. Хамгийн ховдог сувдгууд нь цолгорон үзэлцсэн байж таараа. АН нь ч засгийн газраас гарангуутаа хамтарч үйлдсэн нүглээ гагцхүү МАН руу гөрдөн бухаж, үсчин дайрах ажиллагааг суртал ухуулгын хэрэгслүүдээрээ зохион байгуулсан билээ. Өчигдөрхөн л “Хамтарсан засгийн газар бол агуу гайхамшиг” гэж байсан улс өнөөдөр ийм юм ярих нь галзуугийн больницынхон адил. Тэрэнд нь тэгээд олон түмэн итгэх, маллуулах, дөрлүүлэх гэж яав аа. Сайхан АН маань МАНАН-гаас гарч, сарны гэрэл боллоо, МАНАН ариллаа, цэлмэлээ, урд шөнө хар дарж зүүдлэхээн, урт гар намайг зовоохоон болилоо, хонх дамрын дуугаа дуугаргацгаая гээд л сүйд майд. Өвчин бүр хүнд шатандаа орж, архагшиж байхад чинь өвчин ариллаа гээд явж байдаг.
Зургаан нэр дэвшигч рүү дайрсан байдлыг үзэхээр инээд ч хүрнэ, огиудас ч хүрнэ. “Н.Энхбаярын үед Монголын армийн гадаад харилцаа Буриад, Өвөр Монголоор л хязгаарлагдаж байсан. Тэгвэл армийн гадаад харилцааг дэлхийн түвшинд гаргаж чадсан Лу.Болдын хажууд шар жавжтай ангаахай Ж.Энхбаяр юу юм бэ? Луу чогчиго хоёр гэсэн үг” гэжээ. Ажлаа хаяад, хариуцлагаас зугтаад яваад өгсөн улсын оронд очиж ажил хийж болдоггүй юм уу? Арми гэдэг чинь хамаг бүхэнтэй үсэрч очиж наалдаж байдаг “я” юм уу. Буриад, Өвөр Монголтой харьцах нь юу нь тийм бузартай муухай байгаа юм. Луу юу нь тийм монголчуудад ачтай сайхан бэлгэдэл юм? Ноён Болд яагаад луу болоод, БХЯ-ны сайд, генералын хүү Ж.Энхбаяр яахлаараа чогчиго болдог юм? Арми гэдэг чинь Монголоос бусад улс түмнийг амь хайргүй очиж хамгаалаад, монгол түмнийгээ нухчин дардаг байгууллага болох байдалд хүрсэн нь сайхан уу? Муухай. Гэвч муухайг сайхан гэдэг хүн байна, том хүчнүүд байна.
АН-ын хэвлэл гэж ойлгогддог сонинд: “Хүүхдүүд сургуульдаа явахын тулд Баянхошуунд шөнө гэрээсээ гарч гунан бухын эвэр тас хөлдөм хүйтэнд зуны ботинктой цас мөсөн дундуур таг харанхуйд хөтлөлцөн явж, тэднийг чоно нохой дагаж байна. Яагаад ийм болов оо гэж та бодож үзсэн үү. Яагаад гэвэл энэ сайдын суудал дээр үлдэж буй нөхөд бүгд төрөөс төрсөн тэрбумтнууд. Тэр олигархиуд байдаг бүгдийг нь сорчихсон болохоор” гэжээ. Солиорол биш гэж үү.
АН-ын ҮЗХ-ны хурал дээр ҮЗХ-ны гишүүн Ганхуяг Н.Алтанхуягийг чи Оюутолгойгоос хагартлаа баяжсан, гадныханд ашигтай гэрээ бүтээж өгч баяждаг гээд бөөн шуугиан дэгдээсэн билээ. Өөрсдөө ч ингэж шүүмжилдэг тохиолдол зөндөөн. Сонгуулиар ашиг хонжоо олох гэж буусан нөхдийг алх дөш хоёр хүлээж байна. Хариуцлагаас зугтаж, бусдыг гөрдөх гэсэн тэдний санаархлыг МАН өөрсөд дээр нь хэрэгжүүлэх гэж байна. МАН засгийн эрхийг дангаар атгаж байна, хүчтэй байна. Тэгвэл ерөнхийлөгч өөрийг нь АН-ын даргаас хусч хаяж, хамтарсан засгийн газар байгуулж байсан тэднийг өршөөхгүй гэж хүмүүс тааварлах аж.
Ерөнхийлөгч маш их хүчтэй болж байна. Шүүх, прокурор, АТГ, арми гээд л. Армид нь МАН Ж.Энхбаярыг тавьж, хяналтаа тогтоох гэхэд зад загнаад хулхийг нь буулгачихлаа. Ерөнхийлөгчийн засаглал тогтоох хэрэгтэй гэж цод цод хэмээгсэд гарч ирж байна. Ер нь Монголын ерөнхийлөгч бүр үүнийг хүсч байсан билээ. Харин ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маань ерөнхийлөгчийн засаглалыг нэг нүдээрээ үзэж чадахгүй хялайгаад байдаг үү?
Сүүлийн үед мань хүн монгол туургатны хүчийг ч хурааж хуримтлуулах гэж байна. Тамгын газрын Баттулга нь хазаруудыг хүлээн авч, “Олуулаа болцгооё” бодлогод хамуулна гэлээ. Өөр өчнөөн олон янзын монгол туургатан, үндэсний үзэлтэн, эрдэмтэн мэргэд ерөнхийлөгчийг тойрон хүчит шороон шуурга лүгээ адил эргэлдэж хуйлралдаж байна гэнэм. Халимагийн Цагаанзам товшуураа үүрээд, туулиа хайлаад эргэлдэж байгаа гэнэм. Ташрамд олуулаа болцгоох бодлогыг Цагаанзам туульч Илюмжиновт зааж өгч хэрэгжүүлгэсэн гэнэм.
Гэтэл хужаа хувхай цус, санаа, сүнстэй балай булай улс манай төрөөр дүүрэн шигчихсэн болохоор тэр бодлогыг хэрэгжүүлгэхгүй санаатай их үзэж байна гэнэ. Гэвч доктор Октопуссын адилаар асар их хүчийг өөртөө татан хуримтлуулж буй эрхэм ерөнхийлөгч маань тэр элий балайчуудыг тэмтрүүл юүгээрээ ороон авч, шүүсийг нь сорж, зажлахгүй залгиад, хальсыг нь хөсөр хаях юм байх аа даа.
Ерөнхийлөгч маань өөрөө тийм юм бодож санаад байдаг юм уу, ойр орчмынх нь дулимаг дутмаг улсууд үг мүгийг нь бэлтгэхдээ далий мурий, хазгай буруу биччихээд байдаг юм уу. Янз бүрийн алдаа их л гаргах юм. Монгол туургатны хүчийг цуглуулах асуудлаар уулзалт хийхдээ “Олуулаа болцгооё бодлогыг олон улс хэрэгжүүлдэг. ОХУ Русский мир, Хятад 5-р цуваа, Казахстан Нур Отан бодлогыг хэрэгжүүлж байна” гэжээ. Русский мир гэж Монголд л нэг дэлгүүр байдагсан, Орост тийм бодлого байхгүй ээ. Путиний “Буцаан ирүүлэх тухай” зарлиг гэж байдаг.
5-р цуваа гэдэг бол тун аймшигтай үг юм. Өөр талынхны дунд байгаа өөрийн талынхнаа ашиглан дайсагнасан үйл ажиллагаа явуулахыг хэлдэг. Хятад бол хужаа нараа ашиглан 5-р цувааны бодлогыг маш идэвхтэй хэрэгжүүлж ирсэн ч үгүй хэмээн мэлздэг. Харин ерөнхийлөгч БНХАУ тийм бодлого явуулдаг гэж илчилж, зарлаж, хүлээн зөвшөөрчихлөө.
Саяхан сайд нарыг загнахдаа Хонгор суманд долоо хоногт 2-3 хүн хорт хавдраар үхэж байна, тэнд юу ч үлдэлгүй эзгүйрэх нь гээд аваад хаячихав. Гэтэл тэнд ерөнхийлөгчийн үгийг эсэргүүцсэн цуглаан боллоо. Хонгорт амьдрал хэвийн үргэлжилж байгаа агаад, тариалан эрхэлдэг хонгорчуудын “үндэсний үйлдвэрлэлийг” ерөнхийлөгчийн үгнээс болж ганц ч хүн тоож шиншлэхээ больсон гэнэ.
Гэвч монголчууд урам зоригтой байна. Ерөнхийлөгч хүн загналаа, аав эргэж ирлээ гэж байна. Өөр бодолтой улс ч олон байна: “ Хэрүүлээс сайхан юм гэж үгүй болжээ, манайханд. Элбэгдоржоос өөр эцэггүй юмсанжээ. Монголчууд ийм тийм гээд л загнаад байдаг улсад их дуртай, донтой. Гэхдээ зөв загнавал алахаан дөхнө, буруу л загнавал шүлэнгэтэн элийрнэ. Цаад зүйл нь л буруу байвал загнах байтугай зодож байсан ч өөдөөс нь хайрлаад л байх улс болж дээ, хөөрхий” гэлцэн бухимдаж байна.
Ч.Мөнхбаяр

No comments: