-За сайхан өвөлжиж байна уу?
-Сайхаан, сайхан.
-Тарган тавтай онд мэнд оров уу?
-Тийм.
-Та хэд чинь дээр үед Хятадын элчингийн гадна бужигнуулж явсан гэж байгаа биз?
-Тийм ээ. 1990 оны хувьсгалд үндэсний хувьсгалын шинж чанар бас байсан юм. Тиймээс үндэсний үзлийн их тэсрэлт болсон шүү дээ. Бид 1991 оны 11-р сард “Өвөр Монгол, Түвд, Туркестанд эрх чөлөө олго!” гэж шаардан, БНХАУ-ын ЭСЯ-ны гадна долоо хоног суулт хийсэн.
Тэгээд МоАХ орж, эсгий, ямаха мотор гуйхад одоогийн Б. гишүүнээс зөвшөөрөл ав гэв. Б. гуай бидэнд тэмцлийн тактик стратегийн талаар нэг цаг “лекц” уншаад , өгч байж билээ. Одоогийн Э. ерөнхийлөгчийг суултад оролцох уу гэхэд, цаг зав муутай байгаагаа хэлээд, харин албан ёсоор мэндчилгээ дэвшүүлж, дэмжиж байгаагаа илэрхийлж асан.
Ингээд Э, Ц, Б, Д бид суулт хийсэн, хөлдөж үхэх дөхсөн. Гэхдээ шантраагүй. Цөөн хүн цуглавал ярилцан ухуулж, олон хүн цуглавал чангаар үг хэлдэг байсан. Тэр үед өвөр монголчууд болон Хятадын үндэсний цөөнхийн талаар мэдээлэл бага байв, олон ч хүн биднээс хэрэгтэй мэдээллийг анх олж авсан даа. Хүмүүс тэр үед Хятад улсыг Өвөр Монгол гэж ойлгох нь холгүй л байдаг байлаа шүү дээ. Бид тэдний хувьд Америк тивийг нээсэн Колумб шиг л байв.
-Аюул эрсдэлтэй ажил шүү дээ. Айсангүй юу?
-Тэр үед бид чинь галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй явлаа. Хятадуудын аюул хорлолыг ч бүрэн мэддэггүй байсан даа. Гэтэл бидний амьдралд учир битүүлэг олон муу зүйл учирч, хоёр маань бүр сэжигтэйгээр насан нөгчсөн дөө. Нэг маань наймаа хийж үзнэ гээд Эрээн явсан. Амьд байхад нь хөгжилдөн гаргаж өгсөн үзэл санаа нэгт нөхөд бид алуулсан түүний цогцсыг хүлээж авсан даа…
Гэвч бид ухарч няцаагүй. Өвөр монголчуудын тэмцлийг дэмжих нийгэмлиг байгуулсан байсан. Улам ч өшиж хорсон, зоригжиж хатуужин, үргэлжлүүлэн тэмцсэн.
Хоёр гишүүн маань өвөр монголчуудыг тэмцэлд уриалсан бичиг олноор үйлдээд, пельникийн доторлогоо болгож өмсөөд л хил гараад явчихаж байсан. Хөх хотод очиж тараасан байгаа юм. 1993 онд л доо.
1992 оны хавар бид бас баахан бужигнуулсан. Хятадыг элчингийн хашаан дээр “Монгол Хятадын хил бол урт цагаан хэрэм!” гэх зэргээр бичсэн чинь бид шүү дээ. Э бид хоёр бичсэн юм.
Нэг удаа бид бас улс төрийн шээлт хийсэн. Сүхбаатарын талбай, элчингийн дэргэд харгисуудыг эсэргүүцэж шээсэн.
Хүж асаах тэмцэл хийж байв.
Далай ламыг ирэхэд бас л бид жагссан, тэмцсэн. БНХАУ-ын тугийг шатаасан. Полийн дээдийн цонхоор цухуйлгаж байгаад шатааж байлаа.
ЭСЯ-ыг нураахаас бусдаар тэмцэж байсан даа. Өвөр Монголын М. бидний тэмцэлд идэвхтэй оролцоно оо. Бас амь насаа алдсан шүү дээ. Шведэд очоод Өрнөдийнхний анхаарлыг татаад байхаар нь алчихсан. Ер нь олон эх оронч, үндэсний үзэлтэн учир битүүлгээр нөгчсөн…
-Оросын элчингийн дэргэд бас тэмцсэн байх аа?
- Тийм ээ, Буриадыг өмгөөлж тэмцсэн. Чеченийг өмгөөлж тэмцсэн…
-Чечень ээ?
-1995 оны I сард шүү дээ. М, С хоёр Оросын түрэмгийллийг эсэргүүцэж жагссан. Маргааш нь бид ЭСЯ-ны дэргэд ширээ тавьж, гарын үсэг цуглуулж, чанга яригчаар ярьж тэмцсэн. Тэр үед Б ах явуулын самбарууд аялуулж, ухуулга яриа хийж тэмцсэн. Ингэж монголчууд эрх чөлөөнд дуртай тэр баатарлаг ард түмнийг өмгөөлж байв.
1995 оны VIII сард бид нэг спортын холбоо байгууллаа. 1945 оны ялалтын 50 жилийн ой болох гэж байв. Тэгэхлээр нь бид ахмад дайчид, судлаачид, үндэсний үзэлтнүүдийг бас холбооны нээлтэд урилаа. Арга хэмжээгээ их ойтой холболоо. “Өвөр Монголыг чөлөөлөхөөр бид хөдөллөө!” гээд л Чойбалсангийн үгийг ёслол төгөлдөрөөр уншихад бүгд уухайлаад л явчихлаа. Ахмад дайчид нулимс дуслуулж байна. Өвөр Монголыг чөлөөлөх албан ёсны дайныг, өмнөх хоёр үгийг нь хасчихаад л, зүгээр л чөлөөлөх дайн гээд, хятадуудыг чөлөөлөх дайн юм шиг ойлгуулаад байдаг байсныг нь залруулаад, үнэн мөнийг хэлэхээр бүгд уярч баясахгүй юу…
Ингэж тэрбээр ярьсан юм. Тэр цагт залуухан хүүхдүүд байсан, одоо үсэнд нь буурал сор суусан тэдний нүд тэмцэл хөдөлгөөнөө дурсахаар идрийн цог золбоогоор гялалзаж, нүүрэнд нь гэрэл орох ажээ. Нэг нь за би сургуулийнхаа оюутнуудыг Энхтайвны гүүр давуулаад ороод ирлээ, чи яав гэхэд би Төмөр замын хамаг оюутнуудыг хамж хурааж авч ирлээ, би МУИС, би ПДС, би УБДС-ийн оюутнуудыг… гэхчилэн, ялан дийлэхүйн итгэл найдвар, хүч чадлаар оволзож хөөрөн хэлэлцдэг байсан юмсанжээ.
Монголчуудын Өмнөд Монголын ахан дүүсээ өмгөөлж хамгаалан тэмцсэн нь өөр ч буй. Нэгэн сониныхон Шинжааны ойрд Б гэх ажилтан нь баривчлагдан Хятадад хүргэгдэхэд, тэмцэл хөдөлгөөн өрнүүлэн, суулт хийж байж, суллуулж, буцааж авч ирж байжээ.
Өмнөд Монголоос гаралтай, Монголын улсын иргэн тэмцэгч С.-ыг 2008 онд Хятадад хулгайлагдахад монголчууд бичиж нийтлүүлж, М.Т.Х, Э.Т зэрэг байгууллагынхан зам хаахыг завдан тэмцжээ.
2011 оны I сараас XII сард, жагсах, хэвлэлийн хурал хийх, гарын үсэг цуглуулах, бичиж нийтлүүлэх зэргээр, өмнөд монголчуудыг дэмжих тэмцэл эрс идэвхжисэн юм. Ялангуяа малчин Мэргэнийг зэрлэгээр хөнөөсний дараа V сарын 30-нд Улаанбаатар хотноо болсон жагсаал өргөн цар хүрээтэй, олныг хамарсан, дэлхий нийтийн анхаарлыг татаж чадсан арга хэмжээ болж чадсан билээ.
Харин одоо?
Ч.Мөнхбаяр
No comments:
Post a Comment