Sunday, July 22, 2012

Одонгийн талаар олон үг сонссон минь

Миний бие саяхан Тусгаар тогтнолын одонгоор шагнууллаа. Үүнтэй холбоотойгоор янз бүрийн л зүйл сонслоо. Сөрөг зүйл л нэлээд сонслоо доо. Тэдгээрийг тоймлон сийрүүлье:
“Монгол улс сэргэн мандсаны 100 жилийн ойгоор “1911 оны хувьсгалын үзэл санаат 1990 оны хувьсгалыг хийхэд гар бие оролцон гавъяа байгуулсны тул” гээд Тусгаар тогтнолын одонгоор хэдэн мянган хүнийг шагнажээ. Тэгэхдээ төрийн гурван өндөрлөг, 76 гишүүн, бүх генерал нарыг шагнасан байх юм. Тэдэн дунд 1990 оны хувьсгалд гавъяа байгуулах байтугай, оролцоогүй, эсэргүүцэж байсан, одоо ч эсэргүүцдэг хүмүүс ч оржээ.
Бас партизан гэх хүмүүсээ хуу шагнасан аж. Тэдэн дотор 1911 оны хувьсгал байтугай, 1990 оны  хувьсгалаа ч мэдэхгүй шахам, умаахан нөхөд цөөнгүй байнам. Анх Ардчилсан хувьсгал нь их өрийг эсэргүүцсэн, марксизм-ленинизмийг жинхэнэ ёсоор хэрэгжүүлэхийг уриалсан эмч замбараагүй үймээн байсан. Тэгэхэд учир мэдэхгүй хөөрцөглөн дарвиж жагсаалд оролцогсод цөөнгүй буй юм. Бас ардчилсан хөдөлгөөний анхны удирдагчид жагсаалд хүн оролцуулах гэж их сургуулиуд, бусад сургуулиуд руу хүчтэй дайралт хийн багш нарыг нь элсүүлж байсан агаад тэд оюутнуудаа захиргаадан хамж авчирдаг байсан юм. МУИС, ПДС, ХААДС-ийн оюутнууд их байдаг байв. Дунд сургуулийнхан ч намар төмсөнд явдаг шигээ дайчлагдаж байв. Тэр үед бүр 15 настайдаа ардчилсан хувьсгалд оролцсон гээд “вундеркинд”, “гасан” улс яваад байдгийн учир тэр. Одоо тэгээд ардчилсан хувьсгалыг мандуулж алимад жаргалыг авчирсан тэр баатар, энэ баатар гэж бие биенээ хөөргөдсөн, ардчиллынхны үйлдвэрлэсэн одонгуудыг энгэр дүүрэн зүүсэн, арз хорзыг амтат хоол цай мэт гүзээлэн ажил болгож явдаг улс олон буй бөгөөд, үхлийн төвшин өндөр. Тэгсэн хэрнээ ардчиллынхаа учрыг сайн олдоггүй, яг үнэндээ мал яаж хариулахыг марксизмаар заах гэсэн улс олон. Тийм болохоор 1911 оны үзэл санаа гэж юу болохыг яаж мэдэх вэ? Яагаад ч юм тэдэн дунд үндэсний үзэл бага байдгийг ч хэлэх үү.
VIII Богдод хүртэл тэр одонг олголоо. VIII Богд 1990 оны хувьсгалд яаж гар бие оролцох вэ та минь ээ. Ерөөсөө шагнагдах хүмүүс нь томрох тусмаа л 1990 оны хувьсгалд оролцож байгаагүй байх юм. VIII Богд болбоос 1911 оны хувьсгалд ч оролцоогүй. Эх орончдын шахалтанд орж, арга буюу зөвшөөрсөн нэгэн. Эсбөгөөс, Сандоо амбантай хамт хөөгдөх, хорлогдон алагдах ч магадгүй байв. Тэрбээр Манжийн үед ямар байсан, тэр янзаараа л байхыг хүсдэг байж.
VIII Богд бол винайн ёсыг хамгийн ихээр зөрчсөн нүгэлт хувраг болой. Архи дарсыг амаа олохгүй ууж иднэ. Мөрийтэй тоглоомонд бол мөрөө баллаад л донтон шунана. Үжид самуунд бол үлдээсэн орхисон зүйл үгүй, эр эмийг ч ялгалгүй цэнгэдэг байсан гэх. Энэ булай бузар явдлыг нь Манжийн хаан зэмлэх гээд байдаг асан тул Бээжинд урихад нь арга саам хэрэглээд очихоо байсан. Далай лам ирэхэд уулзалгүй зугтах, Нийслэл хүрээнд оруулахгүй хориг тавих зэргээр аргаа барж байв. Үүнийг нь одоо хувьсгалт тэмцэл гэж худал тайлбарлаж буй. Хувьсгалт уулт, тоглолт, унталт гэж тэмцлийн шинэ хэлбэрүүд гарсан бололтой.
Гэтэл хажууд нь Монголын эх орончид гэж зовлонтой улс гарч ирсэн. Хятадууд харин түүнийг хуучин амьдралаар нь амьдруулна, гагцхүү бидэнтэй баахан жаахан хамтран ажиллагтун гэсэн байдаг, хоёр Доржоороо ч хэлүүлдэг байлаа. Ингээд л Богд маань хортой архи баригч, ховлож мэдээлэгч болж хувирсан. 1911 оны хувьсгалыг удирдагч биш устгагч юм.
IX Богдод ч одон өгчээ. Насныхаа ихэнхийг ногоо тарьж, баганхийг сүмд шавилан өнгөрүүлсэн тэрбээр яаж 1990 оны хувьсгалд оролцчихов оо? Хэлээд өгөөч, уншигчид минь! Осолгүй л түүнд ардчиллынхан одонгоо өгсөн дөө. Гэтэл VIII Богд насан нөгчсөн тул хувилгаан дүрд нь шагнан олгов оо гэжээ. Шагнал урамшлын хуулинд л лав хувилгаан дүрд нь олгоно гэх зүйл байхгүй, тэгэхлээр хууль зөрчсөн хэрэг! Нөгөөтэйгүүр, хэрэв хувилгаан дүрүүдийг нэг бодгаль гэж үзэх эрх зүйн орчин бүрдэж байгаа бол IX Богд VIII Богдын улс төрийн аллага, урвалт зэрэг гэмт хэргүүдийн хариуцлагыг хүлээх хэрэг үү?
1911 оны хувьсгалын үзэл санаа бол бүх монголчуудын Их Монгол улсыг байгуулах. 1990 оны хувьсгалын үзэл санаа бол марксизм-ленинизм, интернационализм (бүх улстай найрамдалт тэгш харилцааг хөгжүүлнэ гэж байсан бөгөөд, энэ нь өнөөдөр юу болж хувираад байгаа билээ?). Тэгэхлээр 1911 оны үзэл санаат 1990 оны хувьсгалд оролцсон хүнд өгөх одонг VIII Богдод олгож, IX Богдод олгодог нь юу болж байна вэ?”
Ийм л яриа нэг хөвж, нэг живж явна даа.
Ч.Мөнхбаяр
2012.1.5

No comments: