Sunday, July 22, 2012

Шинэ ёсолгоо ч гаргав, шинэ ёсолгоогоороо их өр тавьсан дарга нартай ч тэмцэв

Шинэ ёсолгоог МАН-ын монгол хүүхнүүд буруу хэрэглэж, булайгаа дэлгэх болжээ

Сүүлийн үед салаавч гаргах нь улстөрчид, элийт эмэгтэйчүүдийн дунд моодонд ороод байгаа билээ. Сайхансамбуу гишүүн сайхан салаавчаа гаргаад сайхан жаргалтай инээж зогсоо  зураг нийтлэгдэж түгсэн.
Манай нэг бавгар сахалт найрагч монгол ёсолгоо гаргав гэж бавагнан явах нь их билээ. Тэр бол монгол ёсолгоо ч биш, бавгар ёсолгоо ч биш, баавай, баавгай ёсолгоо ч биш нум ёсолгоо шүү дээ. Наадам харсан хүн мэдэх байлгүй. Тэгэхэд би анх санаачилсан гэж зүтгээд тэмцээд байгаа нь сайны ёр лав биш. УИХ-д суух гээд байна уу үгүй юу. Урьд нь сууж байхдаа нэгэн цогт эх орончоор “...бавгар хар шиг ухнатаж суухгүй” гэж хүртэл хэлүүлж явснаа мартаж яах нь вэ.
Учрыг эс ухах Со гавъяат согсойж сэгсийгээд Иссык-Кулийн эрэг дээр хур гуйсан халуун говийн үлэг гүрвэл аятай баахан сарвайж арвайж зогссон гэх. Яаж байгаа юм гэхээр монгол ёсолгоо хийж байнаа гэж. Ямар зорилгоор юуны учир вэ гэсэн чинь, өө нээрэн юу билээ гээд ёсолгоо мосолгоогоо хурааж хумьж аваад Монголдоо аргагүй иржээ. Шал дэмий юм гэдэг шал дэмий л байдаг байхгүй юу. Нэг юм харчихаад л өө энийг чинь монгол ёсолгоо болгоё гээд давхиад байвал хаа хүрэхэв.
Энэ монгол ёсолгоо маань нум хэлбэртэй гэж байснаа Монгол улсын хэлбэртэй гэж бурж байна. Монгол улсын жинхэнэ нутаг чинь хаашаа л бол хаашаа сунасан, хойшоогоо бараг хойд туйл хүртэл, зүүн өмнөдөд Шар тэнгис, өмнөдөд Цагаан хэрэм, Хөх нуур, Баруунд Казахстаны тэн хагас хүрдэг, тэмээ туйлж байгаа юм шиг учир тоймгүй эд байхгүй юу. Тэрийг дууриаж ёсолж байна гээд л тэнгэрт тултал цамнаад, булгиад явах уу. Эсвэл хоёр сайхан хөрш маань хотолзтол хонхойтол авч үмхэлсээр миний энэ махийсан гар шиг болгоод, сайхан ёсолгоо болгочихлоо, баярлалаа, гялайлаа гээд багцаагүй явах уу. Тэр нь тэгвэл монгол ёсолгоо биш, колони ёсолгоо болох байлгүй.
Харин тэр нэг сонин хачин "монгол ёсолгоог" дарга нар маань баяжуулаад “шинээ ёсолгоо, “салаавч ёсолгоо” болгосон. Саяхан хоёр гайхал авгай дарга ам хуурайгүй хэрэлдэхдээ салаавчаар салам нүдэлдэх дөхжээ. С гэх нэг нь МАН-ын сонгуулийн сурталчилгааны мөнгийг халааслаад 12 давхар байшин бариулчихсан юм байх. Сурталчилгааны мөнгө хааш нь хийчихэв гэж О гишүүн орилж бархирахад өөдөөс нь зад хэрэлдэж, хоёул шившгээ хутгажээ. О гишүүн чи эрчүүд дагаж архидаж явдаг чигчий хуруу шиг өчүүхэн амьтан гэжээ. С дарга одоохон би гишүүн болоод О чамайг тоосоороо булж, тосоороо ч булна гэсэн юм байх. Сүүлийн үед С энэ мэтчилэн ихэд томорч, сав л хийвэл бусдыг та нарт мөнгөний үнэр байхгүй, би мөнгөтэй хүн гэж сагсуурч сагаж явах болжээ. Уг нь эм хүнээс энгэсэг оо сэнгэнэн мансууруулмаар. Гэтэл тэр эмэгтэйгээс мөнгөний бохир муухай үнэр ханхалж, дотор аягүйцүүлдэг болсон юм байлгүй. Тэгээд тэр хүндээ бол их л сайхан үнэр байх л даа.
Шинээ гишүүн бол, буруу зүйлийг эсэргүүцэж салаавч гаргадгаараа боломжийн салаавччин, зүйтэй салаавчист зэрэг нэр бас мэр сэр зүүчихдэг. Тэр аяга будаа л олдож байвал алах шудахыг юман чинээ бодох зүйлгүй, бяр уул овоо ч, ухаан будаа тутарга төдий этгээдүүд дайрч орж ирээд, бас ч гэж Монголын ард түмний байгуулсан парламентын халдашгүй дархан эрхт гишүүдийг хулгайч хунхуузад хандаж байгаа мэт аятай “Хэвт! Гараа шилэндээ ав!” гэж бархиран дорд үзэж, дивантай нь хөмрөн хог адил чулуудаж байхад салаавч гарган эсэргүүцсэн нь зоригтой л байгаа биз дээ. Эрийн хуйх л байгаа биз дээ.
Тэрбээр, Монголын хамаг баялгийг харийн гуйлгачин гуринхуудад бэлэглэчихээд, харин монгол хүн бүрийг 3000 долларын өртэй буюу 10,8 тэрбум долларын өртэй болгосон, ихэнхийг нь сүүлийн 4 жилд зээлсэн аймшигт шулмас мангас дарга нарыг илчлэн яваа. Цаадуул нь Шинэбаяр биднийг гүтгэв гэж ганц хоёр үг гонгинохоос өөр хариу алга. Ийнхүү тэр зөв салаавч өгч явна аа.
Ч.Мөнхбаяр

No comments: