Дарга нар маань ч болдоггүй улс даа. Хамаг махыг кг-ыг нь 2000 төгрөгөөр Хятадад нийлүүлж, хужаа нарыг пологттол цатгаж байгаа. Харин Монголд махны үнийг 10 мянгад дөхүүлэн хорлов. Үүнийг бичигч бээр Солонгост хийл мах 10 мянган вон байдаг гэхийг дуулаад савж унах дөхөн гайхаж суусан. Мах магнаг болсон газар юм хэмээн уулга алдаж байсансан. Солонгос болбоос уулархаг орон бөгөөд эдэлбэр газар багатай, мал адгуулах бэлчээр нутаг хомс тул мах-чандмань эрдэнэ болсон газар юм. Монгол бол тэгэх биш ээ, мах хог болоод, тэр Леди Гага шиг махаар даашинз хийж өмсөн, ганц хэрэглээд л хаяж байх тийм учиртай газар. Тэгтэл Монголд махны үнийг тэнгэрт хадаана гэдэг - эсвэл манай эрх баригчид дэлхийн хамгийн тэнэг хүмүүс мөн, эсвэл дэлхийн хамгийн хорлонтой чөтгөрүүд мөн.
Сая Дэмбэрэл дарга маань Наурыз баяр тэмдэглэнэ хэмээн навсганаж, баахан зохих зохихгүй хувцас өмсөн, загвар өмсөгч болох дөхөв дөө. Ховдынхон бол хоёр л асуултаар манай хүнийг унагачихаж байгаа юм. “Бид энд хийл махыг мянга гаран төгрөгөөр л өгч байгаа. Яахлаараа УБ-т зургаа дахин өндөр үнэтэй болоод, идэх юмгүй болоод, юу болоод байгаа юм бэ?” гэж. Нөгөөдөх нь “манай Хөшөөтийн нүүрсийг яагаад хятадуудад тонныг нь таван доллараар, бидэнд бараг 10 дахин өндөр үнээр буюу 50 мянган төгрөгөөр зараад байгаа юм бэ?” гэж. Ийнхүү харийнхныг пологтон чацга харватал нь тэжээх, монголчуудыг Освенцимийн шатаагдах гэж байгаа еврей хоригдлууд шиг болтол өлбөрүүлэх Монгол төрийн бодлогыг илчилж орхижээ. Дэмбэрэл дарга маань ч өөдөөс нь дэмбээдэх нь холгүй л Наурыз баяраараан баярлаад л явж дээ.
Уг нь Японы хүйтэнд тэсвэртэй цагаан будааг Монголын нэг компани авчирч, тариалж л байгаа билээ. Үүнийг дэмжихийн оронд, Лаосын үйлдвэрлэлийг дэмжиж байдаг дарга нар сэнж шүү дээ. Солонгосчуудад Хөлөнбуйр сумын дайтай нутаг 99 жилээр бэлэглээд л шогтоод байгаа. Гэтэл нэг их газрын хомсдолд орсон пээдгэр их гүрэн шиг авирлаж, Лаост 10 мянган га газар 99 жилээр түрээсэлж байх юм. Манайхан эх орондоо бол элэг барьж эвхэрч хэвтчихээд, харьд болохоор халцарч холцортлоо морь нохой мэт зүтгэн, “монгол боолчууд шиг сайн боол дэлхийд үгүй!” гэж шагшуулан магтуулж урамшиж улайж явах нь буй. Тэгээд Лаост очиж боол болъё гэтэл хориотой гэнэ, зөвхөн лаосчууд л ажиллаж болох аж. Юу зүйтэй байна вэ? Энэ солиорол биш, эрүүл ухаан зүйтэй байна. Монголдоо монгол ашигт малтмалын компани байгуулж, хонь малаа өсгөж, цагаан будаагаа ч тарих нь л зүйтэй байна.
Австрали улс 26 сая хонины гулууз мах булж, устгасан шившигтэй явдал байдаг. Энэ махыг зарвал махны үнэ буугаад ямар ч ашиггүй, ажил л нэмэгдэх байж гэнэ. Африкийн өлсгөлөн хүн ардад зүгээр өгчих нь яав гэхэд, Махны холбоо нь тэгж зүгээр өгвөл буяны байгууллагууд манайхаас мах худалдаж авахаа байчихна, орлого ашиг буурна гэж цэвдгээр хариулжээ. Үүнд Австралийн ард иргэд асар их дургүйцсэнээс хойш 20 гаруй жилийн турш тийм явдал гарсангүй.
Тэгвэл ченжүүд махны үнийг хөөргөдөхийн тулд, монголчуудад зориулж, хямд үнээр авч зоорилсон махаа их хэмжээгээр устгасан байж магад гэж хүмүүс хардан байна. Ингэснээр ажил, зардал үлэмж багасна, ашиг хонжоо нэмэгдэнэ. Монголоос маань үлэмж баатрууд төрөхөө болиод, үр могойнууд л гарч үерлээд байгаа. Тиймээс ямар ч муу муухай юм болж болно л доо. Хужаагаас дор хужаа болжээ гэх цухалдлын үг хаа сайгүй л дуулдаад байгаа шүү дээ.
Энэ бүхэн харьд хаа гуяа худалдан цэнгэгч дарга нарын л балаг болой. Гэвч ард түмэн дарлалыг тэссээр, тэнэг болтлоо тэссээр, хүлцсээр, хүүр болтлоо хүлцсээр. Зөв юмыг бол тэсч хүлцэхээ больсон. Сайхан бөх гарахад газар дор ортол нь муулж, атаархаж, тэр тийм их шагнал аваад байхдаа яадаг юм, азаар аваргалчихаад яршиг л байна, яагаад намайг бишрэхгүй байж тэрнийг биширч байдаг юм гээд л боож үхэх дөхнө. Сайхан дуучин бүсгүй гарвал янхан биз, ярзайсан шулам, яйжийсан авгай, яахлаараа энэ муу надаас дээр гардаг юм гээд л хорлож алах шахна. Зөв тэмцэгч гарвал үзэн ядна. Шударга бүтээлч гарвал жигшин зэвүүцнэ.
1990 онд “Муухай монгол хүн” ном гарахад олон нийт “Монгол хүнийг ингэж гутаахдаа яадаг юм” гэж зэвүүцэж байсан. Би ч мөн адил. Сүүлдээ, зохиогч нь энэ бүхнийг тэсвэрлэж ядан, хорвоог орхисон билээ. Тэр номон дээрх муухай монгол хүнийг өнөөгийн сайхан монгол хүнтэй харьцуулахад ч хажууд нь бурхан шиг санагдахаар, тэгж их монголчууд маань доройтож сөнөж дээ, хөөрхий.
Хэдэн жилийн өмнөөс Лаост цэнгэн амтанд нь шунасан дарга нар маань улс орноо лаосжуулан гийгүүлж буй гэнэм. Ногоон дарь эх гээд л бүжиг моодонд ороод байна, яг лаос бүжиг гэнэ шүү. Гэтэл гурван лаос залуусын нэг хамтлагийн “Яа-яа, ёо-ёо” гэх дуу интернэтээр ихэд түгж, марзан залуусын дунд дэлгэрч байгаа гэнэм. Хундага татангуут л яа-яа, ёо-ёо гээд л дуулаад бүжиглээд байдаг болсон гэнэм.
Яг л энэ янзаараа байвал, яа-яа ёо-ёо тань ярихын эцэсгүй ихсэх байх шүү.
Ч.Мөнхбаяр
No comments:
Post a Comment