Sunday, July 22, 2012

АНУ-ын ардын баатар бүсгүй монгол сэтгүүлчид гэнэт хайр зарлав

Гэрлэвэл 3 сая ам доллар шагнана гэж амлав

Миний бие, мянга мянган фэйсбүкийн найз нөхөдтэй болоод байгаа билээ. Ихэнх нь монгол туургатан нөхөд юм. Өмнөд монгол, хазар найз олонтой. Нэг постыг маань хазар нөхөд хэдэн зуу комментэлж, хэдэн зуу шэйрлэж, хэдэн зуу лайкадсан удаатай. Гэхдээ хазаруудын талаар, ялангуяа Афганистаны хазаруудын талаар хангалттай мэдээлэлгүй хэвээр л байна. Хазаруудын үндсэн хэсэг Афганистанд байдгийг ч хэлэх үү.
Сайн хүн санаагаар гэгчээр, Афганистанд алба хаадаг, АНУ-ын армийн албан хаагч Моника Браун найзлах хүсэлтээ ирүүллээ. Энэ хүнээр дамжуулаад л афганы хазаруудтай зузаараад авъя гэж бодов. Фэйсбүкийн зураг мэдээлэл нь бага юм. Тийм идэвхгүй хүн зөндөө байдаг л даа. Тэгээд ч галын тэргүүн шугаманд байдаг, армийн алба хаагч фэйсдээд байхыг тэр бүрий зөвшөөрдөггүй биз гэж саналаа.
АНУ-ын дэд ерөнхийлөгч Дик Чейнигээс өндөр дээд шагнал авч буй зураг нь үзэгдэв. Дэлхийн 2-р дайнаас хойш хэн ч аваагүй, Эр зоригийн мэдалыг авсан, амэрикчуудын бахархал болсон баатар хүн юм байна. Олзуурхсан гэж.
Аар саар зүйл ч хэлэлцэж харилцсаар нэлээд дотнослоо. Намайг эр хүний минь хувьд сонирхоод байгаа бололтой. “Дайчин баатар эмэгтэй гэхлээр бас их өвөрмөц содон хүн байх, тэгээд амэрик харчуудын санаанд нийцдэггүй юм байлгүй, ганцаардсан юм байлгүй, хөөрхий” ч гэж таамаглаж үзлээ.
“Та их нүдэнд дулаахан харагдсан, яваандаа итгэж болмоор санагдсан, сүүлдээ бүр яагаад байгаа нь ч мэдэгдэхгүй сонин хачин мэдрэмжинд автах болсон” гээд л нүүр улаймаар юм над руу бичнэ. “Фэйсээр харилцахад эвгүй байнаа, и-мэйлээр харилцмаар байна” гэх юм. “Нүцгэн зургаа явуулж л халаах вий дээ” гэсэн бодол зурсхийв. Арай ч тэгсэнгүй. Гэхдээ надад хайртай болсон гэдгээ илэрхийлэв. Янз бүрийн эргэлзээ төрсөөр.
“Чи ер нь Моника Браун мөн үү? Батлах мэдээлэл явуул гэхэд, дор нь паспортын хуулбараа илгээж байгаа юм. Дэлгэц дүүрэн том хуулбар. Өөрийнхийгөө бас илгээ гэхээр нь иргэний үнэмлэхийн хуулбараа явуулчихлаа. “Та бид хоёр нэг хүн мэт болсон тул удалгүй би хэнд ч хэлэлгүй санаа зовж байдаг аймшигт асуудлыг танд дэлгэх болно. Тэгэж санаа амрахыг хүснэ. Монголд очиж тантай учирна. Та ч гэсэн Амэрикад очиж аав ээжтэй минь танилцаарай” гэх болов. Ирэх захиа бүр л өмнөхөөсөө илүү хачирхалтай байх аж.
Афганд амэрик цэргүүд Хитлэрийн СС-ийн бэлгэдэлт туг дэлгэн зургаа авахуулах, алагдсан тэррористууд дээр шээх, мөчилсөн цогцсын дэргэд фото авахуулах, коран судар шатаах гээд л зүсэн бүрийн зүй бус явдал гаргах болсон. “Энэ баатар эмэгтэй Абу Грэйбийн шоронд болсон явдал шиг дуулиан шуугианыг надаар дэлгүүлэх гэж байгаа ч юм бил үү. Тэгвэл ч харин нэг сэнсаци тариад өгнө шүү" гэж бодно.


“Би 3 сая доллартай болсон юм. Яаж олсон бэ гэдгийг бүү асуугаарай, хайрт минь. Ямар ч гэсэн энэ бол огт аюулгүй. Тэр мөнгийг чам руу дипломат шуудангаар явуулна. Үүнээс өөрөөр энэ мөнгийг чөлөөлөх ямар ч арга алга байна. Хэрэв ингэж л чөлөөлөхгүй бол тэр мөнгө ор мөргүй болно. Хоёулаа энэ мөнгийг чөлөөлж аваад жарган, Америкаар зугаална” гэсэн захиа ирүүллээ. Бал сарын зугаалга хийнэ л гэж арай бичээгүй байна. 
Миний бие хазаруудтай нэлээд холбоотой л доо. Хазаарууд байнга халдлагад өртөж, түмэн зүйлийн дарлал хавчлагад нухчуулж байдаг, дэлхийн хамгийн их зовсон ард түмэн. Пакистанд сүүлийн үед хазаруудын эсрэг 172 халдлага гарч, 500 гаруй хүн алагдсан байх жишээтэй. Дэлхий дахин үүнд огт анхаарал хандуулахгүй. Цагаач хазарууд л жагсаж байдаг. Ноднин нөхдийн хамт зохион байгуулсан “Stop Hazara Killings” хэвлэлийн хурал маань өөр ард түмэн бараг анх тэднийг өмгөөлсөн хэрэг болсон юм уу даа, янз нь.
Хазаруудын дунд их сэнсаци тарьсан. Талибанчууд, элдэв расист хийрхэгчид ч “энэ муу хазарууд өөр үндэстэнтэй холбооцож, хүчийг олон дийлдэхгүй нь” гэж ихэд таагүйгээр эл мэдээг хүлээж авчээ. Ноднин зун намайг Пакистаны хазарууд "Квэтта хотод ирээч" гэж уриад байсан бөгөөд, гэтэл халдлагууд идэвхжиж, тэд ч “таныг Ляшкур Жангви зэрэг байгууллагынхан мэдэж байгаа байж магадгүй учир ойрын үед ирж болохгүй” гэсэн билээ. Энэ хавар хазаруудын удирдагч, Афганы дэд ерөнхийлөгч асан М.Мохакик урьсан ч, мөн л халдлага идэвхжиж, явах хойшлогдсон. Биднийг очвол гадаа талбайд, олон нийтэд зориулсан нэг цуглаан зохион байгуулах гэж л байсан юм билээ.
Тийм болохоор, талибанчууд түрүүч М.Брауныг ямар нэг аргаар эрхэндээ оруулаад, над руу бөмбөг, хорт бодис, халдвар, хар тамхи зэргийг илгээж хорлох гэж байгаа юм биш биз гэж сэжиглэв. М.Браун бүсгүй хар тамхины, зэвсгийн, хуурамч долларын зэрэг хууль бус бизнэст хутгалдаад, түүндээ монгол иргэдийг татан оролцуулж, сүлжээ үүсгэх гэж байгаа юм биш биз ч гэж хардав.
Гэтэл дүү маань: “Өө наадах чинь Интернетийн залилангийн нэг хэлбэр байна. Удалгүй танаас янз бүрийн шалтгаар мөнгө шилжүүлэхийг хүснэ. Түүнийг л луйвардаж авдаг юм. Хүүхдийн төлөө санд наад мөнгөө хандивлачих гэсэн хариу өг” гэлээ. Би ч ёсоор болгов.
“Өмнөд монголчуудыг өмгөөлцгөөе!” гэсэн цуглаан зохион байгуулах гэтэл, Хятадын Сюй Цай Хоу гэх дарга ирэх сургаар дүүргийн захиргаа, дүүргийн цагдаа, нийслэлийн цагдаагаас болиулах гэж бөөн л юм боллоо. Энэ далимд нэг хошуучид М.Брауны “илгээмжийн” тухай товч үгүүлж, “миний баримт бичгийг ашиглах хууль бус явдал үйлдэгдэхээс сэргийлэх хэрэгтэй байна” гэлээ. Огт анхаарсангүй. “Өвөр монголын жагсаал хийж л болохгүй, болохгүй” гээд байв. Моника Браун ч “хайрт минь чи юу болов, яагаад намайг орхив” гэж гомдол мэдүүлсээр, чимээгүй болов…
Ч.Мөнхбаяр
MMXII.Y.XXYII

No comments: