Sunday, July 22, 2012

С.Зоригийг ёс зүйгүй, үхсэн учир нэр цэвэр болсон, сайнтай муутай гэж улстөрчид шүүмжлэх болсны учир юу вэ?

Монголын улстөр шиг бохир заваан ертөнц хаана байх билээ дээ. С.Зоригийг хөнөөчихөөд, тэрүүгээрээ л сонгуулиас сонгуульд улс төр хийгээд явна. 7-р сарын 1-нд монголчуудыгаа алж харгислачихаад л тэрүүгээрээ л улстөр хийгээд байх юм. Ерөөсөө л монгол хүний мах цусаар хоол хийдэг улс төр , ертөнц гэлтэй.
Сүүлийн үед харин нэг мэдсэн чинь оройн дээд огторгуйн Зориг хувилгааныхаа нэр сүрд сэв суулгах зүйлсийг улс төрчид, уран сайханчид мэр сэр хэлээд байх болж.
Нэг улс төрч: "Угаасаа л эхнээсээ ёс зүйгүй байсан юм билээ. Булган тэр хоёр чинь хамтран амьдрагч байсан байна. Төрийн зүтгэлтэн хүн, ерөнхий сайдад нэр дэвшиж байсан хүн ийм албан бус гэр бүлийн амьдралтай байж болдог юм уу. Өөрийнх нь ёс зүй хаа байна?" гэжээ. Ийнхүү С.Зоригийг анх ёс зүйгүй гэж хэлэх хүн гарав. Анх удаа ч гэж дээ, амьд мэнд байхад нь ардчилсан намын албин чөтгөрүүдийн нэг, төрийн ордны цонхоор шээсэн төрхгүй амьтан, ДОХ тусч шүдгүй болсон доожоогүй нэгэн, архи тоглоомонд автаж алингаа алддаг гээд л хэлэх хэлэхгүй үгээр дайрдаг байсан л даа, хөөрхийг.
Ер нь тэр улс төрч С.Оюуныг ахынхаа үхлээр шоуддаг, би зөв замд оруулах гээд чадаагүй, Булган сэжигтэй, Кёкушюзан миний тойргийг АН-аас мөнгөөр зодож, худалдаж аван булаасан, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг бол өчүүхэн амьтан хэмээн бүхнийг "жижигрүүлж" явдаг болсон.
Эрдэмтэн доктор нэгэн: "С.Зориг нас барснаараа нэр цэвэр үлдсэн. Яг ямар хүн байсныг нь судалж байж л тогтооно" гэж эргэлзээний чулууг эрээлэлгүй чулуудаж орхижээ. Мөн “Баабар архивт суудаггүй байсан. Би л хэрэгтэй мэдээлэл, баримтыг нь олж өгсөн. Баабартай хөлс мөнгөний тал дээр тохирсон л байх, архивт сууж байхад мөнгө өгч л байсан байх. Баабар миний гарын яаж цайлгасныг санахгүй байна” гэсэн аж. Энэ нь Баабар “ХХ зуун: Нүүдэл суудал” номоо хүнээр бичүүлчихээд, хөлс мөнгийг нь өгөлгүй бултчихсан гэх ойлголтыг төрүүлж байна. IX Богд багш нас барсны дараа Х Богд Баабар багш гэж шүтэгдэх болсон хүнийг иймэрхүүгээр чимхэх нь ард олонд юу гэж л таалагдав гэж. Баабар багш яаж ч болно шүү дээ. Европын шашинд багшаа Папа /Ромын пап, Святой отец, Father/ гэж хүндэлдэг бол Азид Баба гэдэг. Баабар чинь манайхны Баабаа багш нь шүү дээ. Саяхан нэг нөхөр үнэн зөв зүйлд итгэхгүй байснаа, ямар сайндаа "Баабарын юмнаас л харахаас" гэж байхав.
Нэг баатар маань Зориг бурхны нэр төрд баатарлагаар “халдаж”: Зориг бол сайнтай муутай, бүх юмтай л хүн гэжээ. Бурханд муу юм гэж байхгүй, сайн юм л байдаг амой. Эсэхүл, С.Зоригийг сайн муу, бүх юмтай бурхан буюу, бурханаас хоёр дахин агуу бурхан хэмээв үү. Тэр үгийнхээ дараа С.Зоригийг хамгийн агуу, гайхамшигтай гэж “үхтэл” нь магтаж байснаа, Э. бид гурав бол Монгол улсын ардчилал, дэвшилд адилхан хувь нэмэр оруулсан гэсэн юм. Тэгэхлээр Святая троица, Ариун гурвал буюу Эцэг, хүү, ариун сүнс гурван бурхан бол тэр гурав болж таарлаа. С.Зориг нь сайнтай муутай, Э. нь баатар биш, тэгэхээр баатар маань энэ гурвалын хаана нь залрахав, ойлгомжтой. Сурвалжлагч: С.Зориг Макаогийн казиногийн мафийн гарт амь үрэгдсэн байж болох уу? гэхэд “Би энэ талаар мэдэж болох л байсан” гэж тун хачирхалтай хариу өгчээ. Тухайн үед казиногийн асуудлыг шийдэж өгнө гэчихээд, бүтээгээгүйгээс болж, мафийн өс хонзонд орж алагдсан гэх вээрс их дэвшүүлэгдэж байсан билээ.
Ч.Мөнхбаяр

No comments: