Ж.Энхбаяр сайдыг хараа биз дээ. “Мэргэн буудагчдын ротууд бэлтгэнэ. 7-р сарын 1-нийх шиг үймээнтэй ч зөвхөн холбоотой биш. Олон тохиолдолд хэрэглэнэ” гэж ард түмнийг айлгаж, авилгач ноёдод бялдуучилж байгаад огцрох болчихоод л байж байна. Го дарга гоншгонон байж Лу сайдын маань нууцаар бэлтгэж байсан ажлыг өмчиллөө, улсын нууц задаллаа, огцор огцор гэж байхад, Бат-Үүл баатар бархиран бархиран балиашиглана.
Цагдаа гэж арван таван мянган толгойт атгаалжин хар мангас гарч ирэв гэж шуугиулах боллоо. Хятад цагдаагийн формтой тэд ард олныг аймшигтайгаар харгислаж байсан нь, БНХАУ-ын цагдаа нар эзлэгдэж дарлагдаж зовсон түвд, уйгуруудыг харгислаж байгаатай маш адилхан байна, магад илүү байна гэж хэмээгсэд олон боллоо.
ЦЕГ-ын дарга асан Ц.Амарболд, нийслэлийн цагдаагийн дарга асан О.Зоригт, хэв журмын газрын дарга Ц.Ганбаатар, эргүүл хамгаалалтын газрын дарга Ш.Батсүх дөрөв гэж дийлддэггүй улс гарлаа. Шалгаж магадлах гэхээр л цагдаа нар босч үймдэг. Манай улс чинь сайдыг ч огцруулчихдаг, УИХ-ын гишүүдийг ч хорьчихдог л улс сан. Гэтэл цагдааг бол Монголд хэн ч дийлэхгүй л юм байна. Ямар сайндаа хүмүүс “шүүх прокурор мафижсан цагдаагийн дэргэд юу ч биш, инээдэм юм, өт хорхой юм” гэж байхав.
Шүүх прокурорыг бүслээд л, дайраад л дарамтлаад байдаг, шүүгчийг бүүрэлхэж, линчийн шүүхээр оруулах дөхлөө. Тэгчихээд, хамгааллаа гэдэг. 7-р сарын 1-нд ард олноо хамгаалсан л гэх юм. Яаж хамгаалахаараа дахин дахин бөөнөөр нь зодож тамлаж, алж хороож байдаг юм бол. Яаж хамгаалахаараа ард олонтой байлдаж, өөрсдөө битүү хуяг дуулгатай байж эгэл хүмүүс рүү чулуу нүүлгэж байдаг юм бол. Зөвхөн ардууд чулуу шидээгүй шүү дээ. Алж хамгаалдаг, тамлаж хамгаалдаг ёс Монголд л гарах нь үү дээ.
Цагдаагийн дөрвөн дарга нэгэн зэрэг даралт нь хэдэн зуу хүрч, сахар нь дөрөв тав дахин өссөн онигоо шиг явдал гарлаа. Тэднийг цагдаа нар үндсэндээ шүүхээс булаан авч, хуулиас эмээх явдалгүй газар байрлуулан тусгаарлаж хамгаалав.
Уг нь дарга нар маань ард олон биднийгээ нухчин даруулж, газартай нь тэгшилж хавтгайлах гэж л хүчний байгууллагуудыг нэн хүчжүүлсэн билээ. Гэтэл өөрсдөө тэднийгээ хүчрэхээ байгаад, цагдаагийн эргэлт гарлаа гээд түгшүүрийн харанга дэлдэж байна. Нээрэн ч тийм юм шиг. Ажил хаях, эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулах эрхгүй, ЗГ-ын л тушаалыг л үг дуугүй биелүүлнэ гэж андгай тангараг өргөсөн цагдаа нар үймээн дэгдээж, шүүх прокурорт захирагдахгүй заналхийлэн бужигнаж, тэгээд “бид хамгаалж байна” гэж даажигнаад байхаар сандралгүй ч яахав дээ, дарга нар.
Сайд нь юугаа хийж байна гээд л сандралдах юм. Сайд нь гэж амбийц ихтэй, зуулт хүчтэй нөхөр байж л байгаа. Энэ бүхнийг удирдан зохион байгуулж байж ч мэднэ, эсвэл удирдаж чадахаа байчихсан ч байж мэднэ.
Хэрэв цагдаагийн эргэлт гарах аваас, тэр сайд төрийн тэргүүн болох биз. Эсвэл цагдаагийн дөрвөн даргын нэг нь.
С.Зоригийн хэрэг гэж шийдэгддэггүй, улс төрийн хөзөр л болчихсон хэрэг байдаг шиг, 7-р сарын 1-ний хэрэг гэж тийм л юм болж хувирлаа. Цагдаагийн дөрвөн даргыг Монголын засгийн газар бол дийлэхгүй л юм байна. НҮБ МҮБ нь юу юм гэхээс.
Магад эд ингэж чаргууцалдаж явсаар УИХ-д нэр дэвшиж ч магад гэж хүмүүс хэлэлцэж байна. Том хэрэгт холбогдсон бол УИХ-д дэвшдэг, бүр ялж, сэргэн манддаг нь Монголын бичигдээгүй хууль билээ. Ард олон маань ч хуудуутай хүнийг сонгочихоод л уйлж унжиж, зовж шаналж явах гаж хоббитой ч юм уу. Нэг ч санал аваагүй хүн сонгуулийн булхай хийдэггүй л байхгүй юу. Нэлээд санал авсан, ялахад ойрхон хүмүүс л хийдэг нь хэнд ч ойлгомжтой шүү дээ.
“Дүүрсэн хэрэг дүмбийсэн толгой” гэх алдарт эрэн сурвалжлах номыг бичсэн генерал, СГЗ Л.Пүрэвдорж цэрэг биш, цагдаа хүн алсан шиг байна гээд байгаа. Ер нь онц байдал зарласан үед бид хүн алах эрхтэй, хүн алах чөлөөтэй гэх үг цагдаа нарын амны уншлага болсон байжээ. Н.Энхбаяр нь зааж өгсөн юм уу, Ц.Мөнх-Оргил, эсвэл цагдаагийн дарга нар нь зааж өгсөн юм уу. Иргэдийг хэвтүүлчихээд дээр нь жагсаалын алхаагаар жагсан дэвсэлж байсан ч гэх. Иймэрхүү болохоор нь л ард олон цагдаатай их байлдаж, цагдаад их өширхсөн ч юм билүү хэн мэдлээ. Эвлэршгүй өстөн дайснууд шиг л хоорондоо тулалдаад байсан даг. Олон түмэн ч цагдаад их дургүй юм билээ. Цагдааг бөөнөөрөө хайр найргүй өшигчин занчиж, алахаас буцахгүй л байсан даа. Нүдийг нь бүлт цохичихоод, нэмээд л өшиглөөд байсан юм билээ. Ээ бүү үзэгд. Юунаас болж энэ их харилцан өсөрхөл, дайсагнал үүсэв? Бодож тунгааж, зөв зүйтэй өөрчлөлтүүдийг хийх л хэрэгтэй. Яаж ард түмэн, цагдааг эвлэрүүлж нөхөрлүүлэх вэ? Бие биенээ ойлгох, хүндэтгэхээс л эхлэх байх.
Монгол Деррик гэж алдаршсан З.Б. гэх цагдаагийн ахмад кадр Ч.Амарболдын талаар, “Хоёр погдгор нөхрийн духанд сум зоох тушаал өгсөн гэвэл түүнийг таньж мэдэх хүмүүс “Магадгүй шүү…” гэж хэлэх байх” гэсэн. 7-р сарын 1-нийг өдөөхөд ерөнхийлөгч, иргэний хөдөлгөөнч хоёр улс төрчийг их үүрэг гүйцэтгэсэн гэдэг билээ. Энэ хоёр “погдгорын” духанд сум зоох гэж байгаад андуурчихсан хэрэг үү, аль эсвэл…
Ч.Мөнхбаяр
No comments:
Post a Comment