Sunday, July 22, 2012

Эсрэг тэсрэг байр суурь

Н.Энхбаярыг барьж хорих нь буруу!

Н.Энхбаярыг дарах гэсэн чинь, харин ч ардын баатар болгон, ялагдчихав уу?

Монголын улс төр туйлын буруу булхайтай болсны улмаас, хүн алж талчихаад, тэрийгээ л улс төржүүлж тэмцэлдэн, оноо авч, сонгуульд ялах гэдэг болсон билээ. 7-р сарын 1-нд УИХ, намуудын удирдлагууд, ҮАБЗ бүгд дэмжиж, хэдэн өдөр харгис цэрэг-цагдаагийн дэглэм тогтоон хэлмэгдүүлж хэрцгийлж, таван хүн алж, 20 хүн буудан шархдуулж, 1000 хүн баривчлан тамлаж, 200 хүнийг хилсээр яллаж, олон мянган хүнийг зодуулж, гэмтээлгэчихээд одоо үүн дээрээ л би буруугүй, чи буруутай гэж мэлзэж булзацгаан улс төрийн ашиг хонжоо гаргаж, УИХ-д заларчих, засгийн эрхийг авчих санаатай. Юун нөгөө Монгол орон, улс түмэн. Хог новшоо л үнэд хүргэн дамлах гэж байна шүү дээ.
7-р сарын 1-ний хэрэг явдалд хэн буруутай буруугүйг ялгаж салган харуулахад тустай нууц протоколыг Н.Энхбаяр олон нийтэд танилцуулснаараа олигарх дарга нарын айдас хүйдсийг төрүүлж цаашид улам их булай булхайг нь дэлгэх вий гэж сандран тэвдэж, яаран барьж хорилоо. Чингэхдээ, аанай л бүх л хууль дүрмийг зөрчлөө. Зохих тогтоол шийдвэр нь номоороо гараагүй, танилцуулагдаагүй. Хүн хулгайлах маягаар эхнээсээ хэрэгжсэн. Хэрэг явдал идэвхтэй өрнөхөөс бүр өмнө, баримт бичиггүй, буу зэвсэгтэй хоёр хүн хулгайлахыг завджээ. Дараа нь, АТГ-аас баривчилна гэж цагдаа, цэргийн бараг бүх хүчийг дайчилж, Н.Энхбаярыг дэмжигчидтэй зэрлэг балмадаар олон цагийн турш тэмцэлдлээ. 300 цагдаа байсан байрных нь гадаа тэмцэлдэж байхад, бусад хүч хавь ойрыг нь бүслэн хаах, хотыг цагдан хянах тусгай үүрэг гүйцэтгэж байжээ. Гэтэл АТГ-т ийм хүчийг хөдөлгөх эрх байхгүй. Онц байдлын төвшинд хүрсэн ийм ажиллагааг дотоод яамны сайд огт мэдээгүй аж. Энэ мэтчилэн, маш их хууль зөрчсөн үйл ажиллагаа болжээ. Тиймээс баривчлах ажиллагааг хүчингүйд тооцож, Н.Энхбаярыг суллаж, зохион байгуулагчдад нь хариуцлага хүлээлгэх хэрэгтэй юм. Хууль завхруулсан ажиллагаа болсон гэдгийг УИХ-ын МАН-ын бүлэг ч хүлээн зөвшөөрч, мэдэгдэл хийжээ. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаярын, МАХН-ын “дайснууд” хүртэл зөвшөөрч байгаа юм. Хүн хулгайлсан эрүүгийн хэрэг зохион байгуулагчдад нь хариуцлага яригдах хэрэгтэй болсон байна.
МАХН-ынхан энэ бол Ц.Нямдорж, Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав, Б.Хурц нар зохион байгуулсан өс хонзонгоос үүдэлтэйг илчлэгдэхээс айсан олигархиудын эмээдсээс сэдэлтэй ажиллагаа гэж буй. Ц.Нямдорж эртнээс Н.Энхбаяртай тэмцэлдэн хэмхэлдэж, саяхан хүртэл сайн муугаа дуудалцаад юу л боллоо доо. Монголыг жандармын дарангуйлалтай улс болгоход их үүрэг гүйцэтгэсэн, хууль шүүхэд ч дийлддэггүй аймшигт цагдаа нараараа ард түмнийг чичрүүлж, хууль ёсоор эсэх нь эс мэдэгдэх аргаар удирдах ажилтнуудын талаар материал цуглуулж, досье нээлгээд сүрдүүлэн атгаж байдаг гэгддэг энэ хүнийг илчилснийхээ төлөө Н.Энхбаяр занаанд нь баттай орсон. Тэгвэл Ц.Элбэгдорж АН-ын дарга байхдаа, мэдээж МАХН (хуучин)-ын дарга асан Н.Энхбаяртай их ч үзэлцдэг байсан, ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ч үзэлцээд авсан. Д.Дорлигжав бол Ц.Элбэгдоржийн шадар хүн, Б.Хурц ч гэсэн. Урьд нь, Н.Энхбаяртай үй зайгүй хамтран ажиллаж байсан гэх Б.Хурц өдгөө түүний өстөн дайсан гэдгээрээ үнэлэгдээд л явж байх болж. Ремиф компанийн хэрэг, Солонгосоос ном үнэгүй тээвэрлүүлсэн хэрэг, ТВ9-ийн хэрэг гээд байгаа нь дээрх хүмүүсийн л ярьдаг асуудлууд байгаа юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шүүх, прокурор, АТГ, армийг гартаа авсан, хууль хүчний чиглэлийн байгууллагуудыг өөртөө хэт төвлөрүүлсэн аюултай хүн боллоо гэдэг. Орон нутгийг ч авч байгаа гэдэг. Тэр нь ч харагдаж байна гэж таамаглагсад байна. Улс төрчид энэ байдалд цочирдон болгоомжилж байгаа юм. Нэг л өдөр Ц.Элбэгдорж ч юм уу, Ц.Нямдорж ч юм уу, хүчийг цуглуулаад байдаг хүмүүс, ганцаараа ч юм уу, хүчээ нийлүүлээд ч юм уу, шинэ засаг тогтоох вий, төрийн эргэлт хийх вий, бүгдийг хорьж шүүх вий гэж.
Будлиан булхайг илчилж магад гэсэн дарга нарын айдас дээр дөрөөлөөд, бохир ажиллагаа явуулж, улс төрийн гурав дахь хүч, улс төрийн өрсөлдөгчөө дараад авах гэсэн хүмүүс өөрсдөө дарагдах байдалд орлоо. Өөрсдийгөө моодноос гарсан, Н.Энхбаярыг моодонд орсон гэдгийг (ялангуяа 7-р сарын 1-ний тухай хэвлэлийн хурлаас хойш) мэдэлгүй, болгоомж муутай хөдөлчихсөн чинь, харин ч нэр хүндийг нь өргөөд, сурталчлаад, ардын баатар болгоод, хорьж тогтоож хүчрэхгүй болчихлоо.
Н.Энхбаяр бол Их өрийг тэглүүлсэн, ОХУ-тай харилцааг сайжруулсан, ХЗХ-ны хэргийг шийдвэрлүүлсэн гээд гавъяа зүтгэлтэй л хүн.
Н.Энхбаярыг хорих нь буруу! Н.Энхбаярыг сулла!

Н.Энхбаярыг барьж хорих нь зөв!

Н.Энхбаярыг барих нь буруу зөв гэж ярих биш, ямар ял өгөх вэ л гэж ярих ёстой

Авлигын загалмайлсан эцэг гэгдэх Н.Энхбаярыг хорихгүй, өөр хэнийг хорих билээ дээ. Түүний үед авилга, шударга бус явдал дээд зэргээр цэцэглэн хөгжиж байсан нь үнэн билээ. Энэ байдлыг сөрсөн шүүмжилсэн улс төрчид учир битүүлгээр амь насаа алдах нь ч байв. Харин долигонон бялдуучлагч, бөгс долоогч нар нь бүхий ашиг хонжоо, сайн сайхныг завшдаг байсаан. Адгийн шаарууд байх тусмаа, асар их дээдлэгдэж байсан цаг. Хамгийн их бөгс долоогчид хамгийн их урвадаг юм байна, харин дайсан гэгдсэн хүмүүсийн зарим нь ханатай үлдэх нь ч байна гэж, “үнсэнд хаясан шалз” шиг болоод байхдаа өөрөө Н.Энхбаяр үүлгэртэж харуусан хэлж байсаан. Ноён Н.Энхбаярын нохос тийм л хоёр хөлт, хохимой толгойт амьтас байсан билээ.
Н.Энхбаяр эрх мэдэлдээ ташуурч, бүр хаан болохоор зэхэж байсан нь худал гэж үү. Богд хааны үлгэр загвартай дээл өмсгөлөөр гоёж, УИХ, ЗГ-ын гишүүдийг өмнөө сөгтгөн золгуулж, хаан хүний 35 шинж бүрдсэн гэх өргөмжлөлийг бялдуучлагчдаар өөртөө өгүүлж явсан билээ. Ард түмэн түүнийг үзэн ядаж ч байсан. Энэ нь 2009 оны сонгууль дээр харагдсан. Н.Энхбаяр эрх мэдлээ хадгалж хамгаалж үлдэхийн тулд эх орноо худалдсан гэгддэг үйлдлүүдийг хийж явсан..
Нэг жишээ нь гэхэд л Оюутолгой. Монголын ард түмний хамгийн их хэмжээний алт баялаг болох Оюутолгойг энэ хүн л харийнханд бэлэглэхийг улайран шаардаж тэмцэж явсан. Нэгэнтээ, Айвенхоу Майнзын лицензийг хүчингүй болгоход, өөрөө дороо давхиж очоод,  уг лицензийг хүчинтэй болгон өгч, биечлэн хүргэж л байсан. Зөвхөн нэг жишээ хэлэхэд л энэ шүү дээ. Гэхдээ энэ жишээ бол, түүний эх орондоо хандах түгээмэл өнгө аяс нь юм.
Тэгтэл өнөөдөр Н.Энхбаяр ашигт малтмалын төлөө тэмцэгч ч гэгдэх болж. Харин ч тэр салбарын хамаг муу муухайтай Н.Энхбаяр хутгалдчихсан шүү дээ.
Өнөөдөр Н.Энхбаярыг барих нь зөв үү, үгүй юу гэж ярих ёсгүй юм. Ямар ял оноох вэ л гэж ярих ёстой. Түүн шиг их нүгэл үйлдсэн дарга сайд бүрт тийм л шан оногдох ёстой юм.
Ном үнэгүй тээвэрлүүлсэн, “Өргөө” зочид буудлын хууль бус хувьчлал, ган бөмбөлгийн гэрээ гээд юун жижигхэн юм яриад байна вэ. Ард түмнийхээ эсрэг геноцид гэмт хэрэг үйлдсэн гэж ярих ёстой байхгүй юу.
Өнөөдөр нийгэмд маань дээд зэргийн эмх замбараагүй байдал ноёлж байна. Цагдаа нь шүүхэд дийлддэггүй, бүслээд, дайраад, заналхийлээд байдаг, тэгвэл ард олон нь цагдаад дийлдддэггүй, цуглаад ноцолдоод, улс төржүүлээд байдаг. Үүнээс болж цагдаа үндсэндээ үүргээ биелүүлж чадахгүй, хүн амьтан унтсан хойно сэм барих гээд баригдаж байгаа байдал харагдлаа.
Н.Энхбаярын улс төржүүлэлтээс эмээлгүй баривчлах шийдвэр гаргаж, биелүүлгэсэн нь туйлын сайн хэрэг. Эс бөгөөс олигархиудыг, албан тушаалтнуудыг яасан ч, хэн ч дийлж, хууль ёсны хариуцлага хүлээлгэж чадахгүй нөхцөл байдал ноёлох гээд байсан. Энэ нь цаашдаа зөв хэм хэмжээ болоод явах ёстой.
Тэр хүн 1000 удаа баривчлагдах шалтгаан гаргасан. Түм буман хэрэгт холбогдсон, тэгээд асуух байцаах гэхээр үл хүндэтгээд ирдэггүй. 7-р сарын 1-ний асуудлаархи хаалттай хуралдааны нууцын зэрэглэлтэй протоколыг олонд дэлгэж, төрийн нууцыг задруулсан. Хамаг асуудлыг нь тоочоод л, ард түмэнд ойлгуулаад, ганц хоёр хүн очоод баривчлах ёстой юманд, “бөөсөнд хутга” гэгчээр хандав уу даа.
Н.Энхбаярыг барих барихгүйг эргэлзэн ярих ёсгүй юм. Барих ажиллагааг сайн зохион байгуулах ёстой байсан гэмээр байна. Хүчнийхэн энэ том олигархийг барих өргөн ажиллагаанд оролцож байгаа хэрнээ, айлын хаалга андуурч, орж нэгжин түйвээж, нөхрийг нь Н.Энхбаяр мөн эсэхийг тодруулах “танилт”-д авч явна хэмээн саатуулж, хөлдөөгчид нь хүртэл шагайн эрж, мунгинаж мунгинасны эцэст сая зөв хаалгыг олж байна гэж юу гэсэн үг вэ.
Хүнийг дулаан хувцас, бэлтгэлийг нь хангуулаад авч явдаг нь их хэлмэгдүүлэлтийн үед ч байсан, энгийн процедур. Гэтэл гэрийн байгаа хувцастай нь, гутал ч үгүй, оймстой нь, дөрвөн мөчнөөс нь өргөн дамжилан авч явна гэдэг юу гэсэн үг вэ. Маш их сандарч балмагдсаны л шинж юм болов уу. Хууль сахиулагчдыг хатуу харгис байна гэж ярьж болохгүй ээ. Хэт зөөлөн, унжгар нялцгай, ажиллагаа муутай байна, илүү хатуу, эрс шийдэмгий, ажлаа чаддаг мэддэг байгаач ээ л гэмээр байна.
Эв хавгүй ажилласнаас болж, ард олонд буруу ойлголт төрж, дийлдсэнийг нь л өмгөөлнө гэх гаж явдлаасаа болж, ухамсаргүй хүмүүс уулгалан Н.Энхбаярыг дэмжих боллоо. Бодох л хэрэгтэй асуудал.
Н.Энхбаярыг барих нь зөв! Н.Энхбаярыг сайн хорь!
Ч.Мөнхбаяр 
Р.S. Зөв буруу гэх хоёр талаас нь бич гэсэн редакцийн даалгавраар үүнийг тэрлэсэн билээ

No comments: