Sunday, July 22, 2012

Өмнөд монголчуудад зүй бус хандахаа больцгооё!

Уриалга

Дэлхийн монголчуудын нөхцөл байдал өөрчлөгдөж, нэгдэл нягтрал ихсэх, идэвхжих төлөвтэй байна. Гэтэл үүнтэй зэрэгцээд, хилийн чанадын элэг нэгтнүүдийн маань хамгийн том бүрэлдэхүүн хэсэг болох өмнөд монголчуудад зүй бус хандах явдал багасах буурах биш, нэмэгдэх эрчимжих төлөвтэй байгаа нь эх оронч, үндэсний үзэлтэн бидний санааг зовоож түгшээж байна.
Өмнөд монголчуудад зүй бусаар хандах нь Монгол төрийн гол бодлого, Монгол улсын гол асуудал биш л дээ. Гэхдээ элэг нэгт ахан дүүстээ элэггүй, энэрэлгүй хандах нь ноцтой үзэгдэл болж, архагшин хүндэрчээ.
"Өвөр Монгол байгаагүй бол Ар Монгол хятадаар дүүрэх байсан. Ингэж амьд бамбай болж, бусад монголчуудыгаа хамгаалахдаа, дайн тулааны халуун галд хатат төмөр ч хайлахын адилаар зарим хэмжээгээр хайлан ууссан явдал бий. Чингэлээ гээд тэднийг буруутгах биш, монгол соёл ухаанаар тэтгэж, ууссан хайлсныг нь залруулж засч яв" гэж Өвөр Монголын билгүүн номч Х.Захчидсэцэн хэлсэн байдаг.
Жинхэнэ эх оронч хүн бол монголчуудыгаа хайрлах, хамгаалах тухай боддог. Өвөр монголчуудыгаа ч бид өрөвдөж шимширч, хайрлаж хамгаалах ёстой.
Монголын эх оронч, үндэсний үзэлтнүүдийн ТББ-уудын гишүүн бид:
-Хошин шог гэсэн халхавчийн дор өвөр монголчуудыг доог тохууны бай болгохыг шийдвэртэй эсэргүүцэж, холбогдох зохисгүй зүйлүүдийг нийтэлсэн, нэвтрүүлсэн, түгээсэн, жүжиглэн үзүүлсэн, ашиг хонжооны хэрэгсэл болгосон, сонин сэтгүүл, сайт, радио, продакшн, хувь хүмүүст зүй бус үйлдлээ зогсоохыг, уучлал гуйх, тайлбар, залруулга хийхийг, ахан дүүсээ гутаан шившиглэхэд биш, монгол үндэстнийхээ тулгамдсан чухал асуудлуудад анхаарлаа хандуулахыг уриалж байна!
-Үндэстнийг хагаралд хүргэх, төр улсын үндсийг ганхуулах, үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах аюултай яс үндсээр доромжлох, гүтгэх, ялгаварлан гадуурхах гэмт хэргүүдтэй хийх тэмцлийг чангатгах, холбогдох хууль тогтоомжийг сахиулах, сурталчлахыг уриалж байна!
-Иймэрхүү ухвар мөчид, этгээд үг хэллэг зохиож зохиомжилж, өөрсдөө ч түүндээ уусч, өөрсдийгөө гутаан шившиглэж, хэл соёлоо буртаглахаа зогсоож, монгол үндэстний хэл соёл, түүхийн сургалтыг сайжруулж, аялгуу дуудлагыг хүндэтгэхийг уриалж байна!
-Өвөр монголчууд хамгийн муу муухай хүмүүс, хамгийн муу муухайг үйлддэг хийдэг гэсэн суртал ухуулга явуулах, материал нийтэлж нэвтрүүлэх, сэтгэгдэл, бичлэг буюу коммент, пост сүлжээнд үлдээх, өвөр монголчуудад алдаа гэмээ нялзаах, алдаа гэмийг нь дэвэргэх, сүр бадруулж байхаа цэглэхийг уриалж байна!
-Өмнөд монголчуудыг өмгөөлсөн, хүндэтгэсэн, өмнөд монгол хүнтэй гэрлэсэн, хамтран ажилласан, өмнөд монгол эцэгтэй юм уу эхтэй Монгол улсын иргэдээ ад шоо үзэхээ болихыг уриалж байна!
-"Өвөр монгол хүнээс цэвэр цусны хятад дээр!" гэх, төрийн бодлогод ч нөлөөлсөн туйлын хорт суртлыг арилгаж, өвөр монголчуудыг хужаа гэж үзэн тэмцэлдэх, жинхэнэ хужааг нийт монголчуудаас дээр болгон туйлширч өөрсдийгөө дорд үзэх, харийн үндэсний бодлогыг хуулбарлах зэрэг бусармаг явдлыг хязгаарлан зогсоож; Монгол улсдаа төрийн болон, төрийн бус байгууллага, олон нийт, хувь хүний зэрэг бүх төвшинд монгол үндэстэн гэх ойлголтыг, монгол үндэстнийг эрхэмлэн дээдлэх үндэсний бодлогыг буй болгон, хэвшүүлэн төлөвшүүлэхийг уриалж байна!
-Өмнөд монголчуудын эсрэг үйлдсэн хэлмэгдүүлэх, хөөх, барьж тушаах, оршин суух болон иргэн болох эрхийг нь хөсөрдүүлэн чирэгдүүлэх, хүний үндсэн эрхүүдэд нь халдан ноцтойгоор хохироох, хавчин гадуурхах, тагнаж мөшгих, янз бүрийн эрсдэлтэй даалгавар биелүүлэхийг хууль бусаар шаардах, сөрөг суртал ухуулга явуулан дайрах зэрэг апартейд чанартай гэмт хэргүүдийг хүлээн зөвшөөрч, хууль-эрхзүйн үндэстэйгээр буруутгаж, үр дагаврыг арилгах үйл ажиллагаа зохион байгуулах, холбогдох мэдээллийг ил тод болгохыг уриалж байна!
-Өмнөд монголчууд Монгол улсад оршин суугч, иргэн, дүрвэгч, цагаач, улс төрийн орогногч, уугуулшигч, ажиллах хүч болох явдлыг байгууллагууд, иргэд тал бүрээр дэмжихийг уриалж байна!


Эзэн Чингис хаанд маань мөрөөдөл байлаа. Тэр бол Монгол үндэстэн нэгдэх! Монгол улсын бидэнд мөрөөдөл бий. Тэр бол монгол үндэстэн нэгдэх! Өмнөд монгол ахан дүүст маань мөрөөдөл бий. Тэр бол монгол үндэстэн нэгдэх! Бид бүхний мөрөөдөл нэг! Бид хамтдаа нэг ард түмэн!

Монголын эх орончид, үндэсний үзэлтнүүд, олон нийтийн төлөөлөгчид.
2012.3.16

Уриалгыг дэмжсэн ТББ-ууд:
Дэлхийн монголчуудын өв сангийн нийгэмлэг, “Хөх Монгол” бүлхэм, "Эсгий туургатан", "Нэр төр - эрхэмсэг амьдрал", ”, “Монгол Үндэстний сүлжээ”, Монголын үндэсний ногоон хөдөлгөөн, “Цагаан Хас”, “Даяар Монгол”, “Даяар Хөх Монгол”, “Монгол туургатны хуралдай”, “Монгол Хас”, “Нармай Монгол” “Нэгдсэн Монгол”, “Сүлдэр”, “Талын цөөвөр чоно”, “Үндэстэн” нэгдэл, “Хамаг Монгол”, “Хастанру”.

No comments: