-Та Anti Nuclear бүлгийг танилцуулна уу? Та бүхэн ямар нэг улс төрийн хүчнээс хараат байдаг уу?
-Эхлээд Фэйсбүкээр нэгдсэн Анти Нуклеар Мүвмент (АНМ) бүлгийн талаар хэдэн зүйл хэлье.Манай бүлэг бол 2011 оны 6 сард байгуулагдсан цөмийн эсрэг үзэлтэй эх оронч иргэдийн холбоо.Бидний эгнээнд Монголдоо амьдарч байгаа болон АНУ, Герман, Англи, Бразил, Япон, Солонгос, Австри, Швейцар, Австрали зэрэг орнуудад сурч, ажиллаж буй хүмүүс нэгдсэн. Аль нэг улс төрийн нам, холбоо, хөдөлгөөнд харъяалагддаггүй, зөвхөн Монгол улсын эрх ашиг, үндэсний аюулгүй байдалд сэтгэл түгшсэн оюунлаг иргэдийн нэгдэл гэж ойлгож болно.Бид тоог биш чанарыг эрхэмлэдэг. Тиймдээ ч 1200 давсан гишүүдтэй байснаа өнгөрсөн намар цөөлж хассаар дөнгөж 43 хүнтэй үлдэж байсан. Ингэсэн нь чадварлаг, ажилсаг, гар нийлсэн баг бүрдүүлэхэд маш их тус болсон.
Бид голомт.орг сайтаарaa дамжуулан мэдээллийг олон нийтэд хүргэдэг. Өнгөрсөн хугацаанд Монголд цөмийн хаягдал булшлах нууц гэрээ, мөн Дорнодын талыг Солонгосчуудад зарсан тухай болон Монголд орж ирж буй хоол хүнсний аюулгүй байдлын тухай ноцтой мэдээллийг нотолгоо баримтаар дэлгэн тавьж, олны анхаарлыг татаж ирсэн.
Манай бүлгийнхэн аль нэг улс төрийн хүчин, улс төрчөөс хараат биш үйл ажиллагаа явуулахын тулд хамгийн түрүүнд санхүүгийн хараат бус байдлыг эрхэмлэдэг. Сая 3-р сарын 11-нд зохион байгуулсан цөмийн хор хөнөөлийн эсрэг жагсаалын санхүүжилтийг зөвхөн гишүүд, дэмжигчдийнхээ тусламжтайгаар цуглуулж чадсандаа сэтгэл өндөр байна.
-Цөмийн хор хөнөөлийг Монголд дэлгэрүүлэхгүйн төлөө ямар үйл ажиллагаа явуулж ирэв?
-Байгуулагдсанаасаа хойш АНМ бүлэг нь ард иргэдэд атомын цахилгаан станц (АЦС), цөмийн аюулын тухай бодитой, үнэн зөв мэдээлэл хүргэхэд онцлон анхаарч ирсэн. Анх Хирошимад атомын бөмбөг дэлбэрсэн ойн өдрөөр “100 мянган цаасан шувуу” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн УИД-ийн өмнөх талбайд зохион байгуулж байлаа. Түүнчлэн АНУ-ын дэд ерөнхийлөгчийг Монголд айлчлахад эсэргүүцлийн жагсаалд оролцож, цацрагийн хор хөнөөл, цөмийн аюулыг илчилсэн арваад баримтат киног гадаад хэлнээс орчуулж, үзэгчдэд хүргэсэн.
Манай гадаадад суугаа гишүүд маш идэвхтэй ажилладаг. Лос Анжелес хотод гэхэд л Монголд цөмийн хаягдал булшлахын эсрэг жагсаал хийж, Монголчууддаа мэдээ мэдээлэл тарааж, санал асуулга авч, АНУ-ын ерөнхийлөгч болон Японы засгийн газарт шаардлага хүргүүлж байсан.Мөн Лондон, Женев дэх гишүүд гадаадад суугаа Монголчуудад зориулсан мэдээллийн ширээ ажиллуулсан. Харин Баабар мэтийн хүмүүс манай гишүүдийг гутаан доромжилж, “дандаа улс төрчдийн хамаатан садан жагссан гэнэ лээ” гэж ямар ч үндэслэлгүй гүжирдэж байсан удаатай.
Бид цаашид ч олон нийтэд цацрагийн хор хөнөөлийн тухай мэдээ мэдээлэл хүргэх ажлаа үргэлжлүүлнэ. Мөн мэргэжлийн түвшинд цацрагийн хэмжилт хийж, төр засгаас цөмийн энергийн салбарт явуулж буй бодлого, үйл ажиллагаанд оролцох иргэдийн дуу хоолой, тавих хараа хяналтыг дэмжиж ажиллахыг зорьж байна.
-3-р сарын 11-ний багт жагсаал өвөрмөц, шинэлиг боллоо. Тэрхүү багийг сонгох болсон учраа уншигчдад хэлж өгнө үү?
- Анти Нуклеар Мүвмент бүлгийн гишүүд 3 сарын 11-нд Фукушимагийн осолд нэрвэгдсийн дурсгалыг хүндэтгэж Монголд цөмийн аюулын эсрэг жагсаал хийсэн. Манай жагсаал хэд хэдэн талаар онцлог байсан байх гэж бодож байна.
Нэгдүгээрт, сүүлийн үеийн жагсаал цуглаанууд ихэнхдээ мөнгөөр жагсдаг болсон гэдэг. Бидний хувьд хүмүүст мөнгө төлөөгүй, Hям гарагийн өглөө хуран цугларсан 180 орчим хүн бүгд өөрсдийн чин хүслээр ирцгээсэн.Үнэндээ бид жагсаалын тухай зурагт радиогоор ч зар өгөөгүй, зөвхөн Фэйсбүкээр зарласан юм.
Хоёрдугаарт, бид Монгол орны баялгийг харийн корпорациудад найр тавин өгч буй төр засгийн харалган бодлогыг эсэргүүцсэнээ илэрхийлж В фор Вендетта кинонд гардаг баг зүүж жагссан.Энэ бол Нью-Йоркоос гараагаа эхэлснээс хойш дэлхийн олон орныг хамраад байгаа “Эзэлцгээе” хөдөлгөөнийхний зүүдэг баг. Түүнчлэн, тус багийг зүүснээрээ бид Монгол улс бол ардчилсан орон биш гэдгийг илэрхийлж, жирийн ард иргэдэд жинхэнээсээ үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх байхгүй, хүмүүс айдас хүйдэстэй аж төрж байгаа гэдгийг үзүүлэхийг зорьсон.
-Монгол улсад жагсаал цуглаан зохион байгуулах эрх их хязгаарлагдмал, хуульзүйн орчин нь ойлгомжгүй байдаг. Үүнтэй холбогдсон бэрхшээл учрав уу?
-Жагсаалыг зохион байгуулахад мэдээж элдэв бэрхшээл учирч байсан. Анхны юм бүхэн хэцүү, бас сургамжтай байдаг хойно бид олон зүйлд суралцсан.Тухайлбал, бид анхлан 3 сарын 11-нд Сүхбаатарын Талбайд уулзаад доош уруудаж, Сөүлийн гудмаар алхаад, ОХУ-ын ЭСЯ-ыг тойроод эргэж ирэх төлөвлөгөөтэй байсан юм. Ингэхдээ зөвхөн явган хүний замаар явaxaap тооцоолсон. Гэтэл Сүхбаатар дүүргийн засаг дарга Б. Баярмагнай гэхэд бидэнд жагсаал хийх зөвшөөрөл олгоогүй. Ер нь бол хуулиараа ард иргэд үзэл бодлоо илэрхийлэхээр энгийн номхон жагсаал цуглаан зохион байгуулах нь чөлөөтэй бөгөөд ингэхийн тулд холбогдох дүүрэгт мэдэгдэл өгдөг учиртай юм байна лээ. Хуулийн хүрээнд ярьвал дүүрэгт зөвшөөрөл өгдөг эрх дарх байхгүй, зөвхөн бүртгэж л авах ёстой юм байна. Гэтэл бодит амьдрал дээр бидний мэдэгдлийг үзчихээд бүртгэн авч зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Энэ бол хууль гажуудуулж байгаа явдал мөн. Тэр бүү хэл, Даваа гарагийн өглөө 11 цагт өгсөн мэдэгдлийн хариуг өгөхдөө хүлээлгийн өрөөнд удтал хүлээлгэсний эцэст Баасан гарагт ажил тарахын алдад л өгсөн байна лээ.
Хамгийн инээдтэй нь жагсаалыг бүртгээгүй учраа “замын хөдөлгөөний түгжрэл үүсгэж, олон нийтийг бухимдуулж, жагсагчдын эрүүл мэндэд хохирол учирах аюултай” гэж тайлбарласан. Гэтэл Ням гарагийн өглөө нийслэлийн замын хөдөлгөөн хамгийн сийрэг байдаг шүү дээ. Тэгээд ч бид замаар гарахдаа зөвхөн ногоон гэрлээр гарна, жагсагчдаа аравтын системд хуваарилна, явган хүний замаар цувж алхана гээд зохион байгуулалтын олон ажил төлөвлөсөн байсан.Тэр тухайгаа СБ дүүрэг болоод дүүргийн цагдаагийн газрын хошууч Л. Амармөрөн асууж шалгаахад нь харамгүй хэлж тайлбарласан ч хүлээж аваагүй. Эцэст нь татгалзсан хариу өгөхөөр нь бид энэ тухай олон нийтэд зарлана гэхэд “зарлаад хэрэггүй” гээд тэр хүн айж байсан.
Ямартаа ч бид Ням гаригийн өглөө жагсаалдаа очсон, хэдэн хүн ирэхийг хүлээсэн. Нилээд хүн хоцорч ирсэн, мөн зарим нь ирчихээд явж байсан тул тэр болгон тоогоо гаргаад байх боломжгүй байсан, ямар ч байсан тараасан багийн тоо 180 хүрсэн. Тэр өдөр жагсаал зохион байгуулж байсан хүмүүсийг цагдаа болон тагнуулын албаныхан их дарамталсан. Нэр усыг нь дахин дахин асуух, эргээд дуудаж уулзах болно гэж заналхийлэх, тарцгаа гэж загнах, уншиж байсан нээлтийн үг мэндчилгээг хурааж авах гээд маш олон арга тактик хэрэглэж үзсэн байна лээ.
Энэ бүхэн Монгол бол ардчилсан орон биш гэдгийг дахин дахин баталж байна. Гэхдээ өнөөдөр ард иргэдийг зөвхөн айдаст автуулан хүчээр барина гэж үзэж байгаа бол эндүүрэл.
-3-р сарын 11-ний жагсаалыг зохион байгуулахад адил үзэл болол, чиглэлтэй бусад байгууллагууд, хүмүүс та бүхэнтэй хэр хамтран ажиллав?
-Энд заавал дурдмаар нэг зүйл бол манай Монголчууд эвлэлдэн нэгдэж, хамтран багаар ажиллаж, хариуцлага хүлээж сураагүй юм шиг санагдсан. Үнэндээ бол ажлаас аль болох хойш суучихаад харин үр шимийг нь өөрсөддөө нялзаачих гэдэг хандлагатай юм билээ.
Фэйсбүк дээр цөмийн эсрэг гэсэн тодотголтой 2 Монгол бүлэг байдаг юм.Нөгөөх бүлэг нь Но Нуклеар бүлэг, албан ёсоор 10,500 орчим гишүүнтэй гэгддэг. Харин саяны жагсаалын дараагаар Но Нуклеар бүлгийн гишүүд болон Ногоон Намын зарим нэг гишүүд “Бид энэ үйл ажиллагааг хамтран зохион байгуулалцсан”хэмээн улаан цайм мэтгэж манай АНМ бүлгийн зарим залуусын сэтгэл эмзэглүүлсэн явдал гарсан.
Гэтэл бодит амьдрал дээр мөнгө хандивлахаас эхлээд уриа лоозонг зохиож зурах, хэвлэж наах, баг хэвлэх, наах, цоолборлоx, бөмбөр хийж, будаж, засч янзлах, тараах материал хэвлэх, хувилах, нисэх буудал, зах орох, хэвлэлийн үйлдвэр, банк явах гээд түмэн ажил ундрахад АНМ бүлгийнхэн дангаараа ханцуй шамлаад орсон. Харин ажил дууссан хойно компьютерийн цаанаас амжилт хүссэн эсвэл LIKE гэдэг товч дарснаа жагсаал зохион байгуулалцсан гэж зарим хүн андуурч байсан нь олон шөнө унтах нойроо хугасалж ажилласан гишүүдэд маань эвгүй сэтгэгдэл төрүүлсэн л дээ. Мэдээж, сэтгэл санаагаар дэмжих, урам зориг өгөх чухал л даа. Гэхдээ жинхэнэ ажил гардан хийнэ гэдэг тустай шүү дээ.Жишиж хэлвэл концерт үзсэн үзэгч, концертонд дуулсан дуучин хоёр шиг л юм даа.Хэн нь жинхэнээсээ хөдөлмөрлөсөн бэ гэдгийг бодох л хэрэгтэй.
Жагсаалд ирээгүй ганц нэг хүн биднийг “цөмийн эсрэг үйлсийг өмчлөх гэлээ” гэж ч хэлж үзсэнд бид үнэндээ гайхсан. Цөмийн аюулын эсрэг тэмцэл бол бүх Монголын битгий хэл дэлхий нийтийн хамтын ажиллагаа, үүнийг хэн нэгэн хувьдаа өмчлөөд хол явахгүй. Харин доривтой ажил хийдэггүй, зөвхөн хувийн бяцхан амбийц дотор эргэлдсэн, олон хүмүүсийн итгэлээр тоглож, тэднийг сонгуулийн сурталчилгаандаа ашиглах гэсэн нууц бодолтой, бусдын зүтгэлийг өөртөө наачих хүсэлтэй хүн л ийм үг унагадаг юм билээ.
Цаашид бид аливаа үйл ажиллагааг зохион байгуулахдаа бусад талуудтай хамтрах шаардлага гарвал хамтран ажиллах гэрээ байгуулж оролцож байх нь зүйтэй юм билээ.Тэгэж тодорхой үүрэг хариуцлага хүлээж, жинхэнээсээ ажлыг бүтээхийн төлөө зүтгэхэд зохих хувь нэмрийг оруулсан талууд л зохион байгуулсан гэсэн нэр зүүх ёстой байх. Түүнээс концерт үзэж алга ташчихаад дуучинд дуугаа бэлдэхэд нь тусалсан гэж эндүүрэхтэй ижил явдал дахин давтагдах магадлалтай юм.
3 сарын 11-ний жагсаалд бид хүмүүсийг урихдаа намын харъяалал, гишүүнчлэл, албан тушаалаар ялгаагүй. Монгол улсад заналхийлж буй цөмийн аюулд сэтгэл түгшин зовниж буй Монгол улсын иргэн бүрийг ирэхийг уриалсан. Тиймээс тус үйл ажиллагаанд ирэхийн тулд амралтынхаа өдөр халуун хөнжлөөсөө босч, хүйтэн гудманд жагссан хүн бүрт маш их баярласан гэдгээ илэрхийлье. Ахмад настай буурлууд хүртэл “сэтгэл зовниод гэртээ сууж чадсангүй” гэсээр ирж, бидэнд сургааль хайрласанд бид маш их урамшсан. Жинхэнэ хариу нэхээгүй тусыг Гал Үндэстэн Холбооныхон барьж, унаа тэргээр үйлчилж тусалсанд манай гишүүд их баярласан. Түүнчлэн жагсаалд Ногоон Загалмай ТББ-ын тэргүүн Ш. Пүрэвсүрэн, Цөмийн Аюулгүй Монгол Улсын Төлөө ТББ-ын тэргүүн Л. Сэлэнгэ, Ногоон Намын 20 гаруй гишүүд ирж оролцсонд бид талархаж байгаа.
Энэ завшааныг ашиглан Чернобылийн АЦС-ын ослын 26 жилийн ойн өдөр, 4 сарын 26-нд АНМ бүлгийнхэн хотын төвд үйл ажиллагаа зохион байгуулж, олон нийтэд мэдээлэл тараахаар төлөвлөж байгаа тул ард иргэдийг өргөнөөр оролцохыг урьж байна. Түүнчлэн бидний орчуулсан Чернобылийн тухай баримтат кино удахгүй телевизээр гарна. Хорин зургаан жилийн өмнө чухам юу болсон талаар мэдье гэвэл тэр киног үзээрэй. Ослын тухай маш тодорхой өгүүүлсэн сонирхолтой кино байгаа.
-Ц.Элбэгдорж ерөнхийлөгч цөмийн аюулыг эгнэгт зайлуулсан гэх ойлголт нийгэмд түгсэн байгаа. Олон хүний хувьд 3-р сарын 11-ний жагсаал санаандгүй явдал болох шиг болсон…
-Цөмийн аюул Монголоос арилсан уу гэвэл арилаагүй.Одоо харин бүр нууц, жинхэнэ хошгируулан зальддаг шатандаа ороод байгаа гэж хэлж болно.Ганц хоёрхон жишээ татаж ярья л даа.
Сая 2 сарын эхээр Ц. Элбэгдорж Говьсүмбэрт очиж ард иргэдтэй уулзахдаа “Монголд атомын цахилгаан станц барихгүй” гэж мэдэгдсэн байна лээ. Гэтэл 2010 оны 7 сарын 15-нд баталсан Монголын Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалдаа АЦС барина, цөмийн циклийг бүтнээр нь хөгжүүлнэ гээд заачихсан байгаа. Тэр үзэл баримтлал гэгчийг нь Говьсүмбэрт дагалдаж явсан зөвлөх М. Батчимэг шинэчлэн боловсруулсан бөгөөд 1994 оны хуучин баримт бичигт байсан гадаад орны хортой хог хаягдал булшлах газар болохыг хориглох заалтыг устгаж, оронд нь:
"Цөмийн эрчим хүчийг ашиглана (3.5.4.4)",
"Хог хаягдлаас эрчим хүч, нөөц баялаг, түүхий эд бий болгох технологи бүхий үйлдвэрлэлийг бодлогоор дэмжинэ.Аюултай хог хаягдлын менежментийг боловсронгуй болгож хортой, аюултай хаягдал хуримтлагдахаас сэргийлнэ (3.5.4.3.)",
"Цөмийн эрчим хүчний салбарыг үндэсний ашиг сонирхол, энхийн зорилгоор ашиглах зарчимд нийцүүлэн хөгжүүлнэ.Цөмийн циклийг хөгжүүлж, цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалт, боловсруулалт, хөрвүүлэлт, баяжуулалт, эрчим хүчний үйлдвэрлэлийг бий болгож, бэхжүүлнэ (3.2.4.4)" гэсэн заалтууд оруулсан шүү дээ.
Мөн Ц. Элбэгдоржийг 2011 оны 6 сард АНУ-д очиход “Монголын цөмийн санаачилга” төслийг дэмжиж буй тухай 2 орны ерөнхийлөгчийн хамтарсан тунхаг гарсан. Тэр төсөл нь бол Монголын ураныг ухаж цөмийн түлш үйлдвэрлээд тэр цөмийн түлшний хаягдлыг Монголд буцаан нийлүүлэх утгатай цөмийн түлш зээлдүүлэх төсөл. Ерөнхийлөгч буцаж ирээд Энэтхэгийн ерөнхийлөгчтэй анх бүр 2009 оны 9 сард хийсэн цөмийн түлш нийлүүлэх гэрээгээ бататгасан. Хийж байгаа ажил нь ийм байхад ганцхан хий тонгороод 2011 оны 9 сард цөмийн хаягдлыг булшлах, байршуулах зорилгоор импортлохыг хориглосон хууль тогтоомжийг мөрдөх тухай зарлиг гаргачих юм.
-Тэр зарлиг хэр хэрэгжиж байна даа?
- Тэр ерөнхийлөгчийн зарлиг бол хоосон үг, бодит амьдралд огт хэрэгжих боломжгүй зүйл шүү дээ. Учир нь зарлигт цөмийн хаягдлыг булшлах, байршуулах тухай хууль тогтоомжийг мөрдөнө гээд энэ тухай гэрээ хэлэлцээрийг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр xийхийг хориглосон.
Гэтэл тэр юм л бол урдаа барьдаг аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох тухай хууль аль 2000 оныx. Харин тэр цагаас хойш тэр хуультай зөрчилдсөн гэмээр хууль, баримт бичгүүд олноор батлагдсаныг харахаар 2000 оны хуулийг хүчингүй болгохоо мартчихсан юм шиг санагддаг шүү.
Тухайлбал, 2009 онд УИХ-ын 45-р тогтоолоор батлагдсан "Монгол улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого" гэдэгт:
"4.4.Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглахад шаардлагатай цөмийн түлшийг импортлох, хил дамжуулан тээвэрлэх, өөрийн нутаг дэвсгэрт хадгалах нөхцөлөөр хангана",
"4.5.Гадаад орнуудын туршлага судлах замаар цөмийн болон цацраг идэвхт хаягдлын хадгалалт, булшлалт, боловсруулалт зэрэг нарийн хяналт, өндөр технологи шаардсан үйл ажиллагааг өөрийн оронд хэрэгжүүлэх чиглэл баримтална",
"5.2.Цөмийн материал, цацрагийн үүсгүүрийг хадгалах, цөмийн хаягдлыг боловсруулах байгууламжийн хамгаалалтыг боловсронгуй болгох, тээвэрлэх үеийн аюулгүй байдлыг хангах, цөмийн байгууламж, үйлдвэрийг барьж байгуулахад хамгаалалтын тогтолцоог урьдчилан тооцоолох үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлнэ" гээд заачихсан байна.
Мөн 2009 оны 7 сард батлагдсан Цөмийн Энергийн хуулийн 3.1.16-д “Цацраг идэвхт хаягдал” гэж цацраг идэвхийн хэмжээ нь хаягдлын стандартад заасан зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн, ямар ч төлөв байдалд байж болох, цаашид дахин хэрэглэгдэхгүй зүйлсийг хэлнэ” гэсэн нь “дотоодын уранаар хийсэн тул манай улсын хаягдал” эсвэл “цөмийн түлшний хаягдлыг дахин боловсруулах боломжтой тул хаягдaл биш үнэт баялаг” гэсэн элдэв тайлбар өгөх цоорхойг бүрдүүлжээ.
Иймд хуулиа мөрдвөл бид цөмийн хаягдлыг хадгалдаг, булшилдаг орон болоход бэлэн болчихсон байгаа. Нөгөөтэйгүүр, цөмийн түлш зээлдүүлэх, хаягдлыг нь буцааж авах, булшлах асуудлыг жирийн ард иргэд очиж хийдэг асуудал биш. Ерөнхийлөгч, ерөнхий сайд гээд манай ҮАБЗ-ийн гишүүд өөрсдөө хийдэг.
Ингэхээр ерөнхийлөгчийн АЦС барихгүй, цөмийн хог хаягдал булшлахгүй, тээвэрлэхгүй гэдэг бол зүгээр л ээлжит шоу.
-С.Батболд сайд Японд айлчилж байх үеэр багт жагсаал болсон. Хоорондоо уялдаа холбоо байна уу?
- Бид Фукушимагийн АЦС-д осол гарсны нэг жилийн ойгоор жагссан. Tухайн үед С. Батболд Японд айлчилж, Монголд АЦС барих асуудлаар ярилцаж байсан нь мэдээж хүмүүст аятайхан санагдаагүй. Ер нь С.Батболд Монголд цөмийн аюулыг нүүрлүүлэхэд их үүрэг гүйцэтгэж ирсэн. Ерөнхийлөгч Монголд АЦС барихгүй хэмээн Говьсүмбэр аймгийнхныг хошгируулж явахад ерөнхий сайд С. Батболд Японы Киодо Ньюс сонинд ярилцлага өгөхдөө 3 сарын 10-15нд Японд айлчлана гээд, “Фукушимагийн гамшигаас Япончууд их юм сурсан, Монгол улс анхныхаа АЦС-ыг барих талаар хэлэлцэх болно” хэмээн мэдэгдэж байсан байх юм.
Чухамдаа С. Батболд л 2011 оны 1 сард Арабын орнуудад цөмийн түлш нийлүүлэх гэрээ байгуулахаар явcaн. Түлш нийлүүлэхдээ зүгээр ч нэг нийлүүлэхгүй, түлш зээлдүүлэх үйлчилгээ үзүүлнэ гэсэн ба түлшнийхээ хаягдлыг Монгол улс буцаан авч булшлах ёстой болж байгаа юм.
Тэрбээр эргэж ирснийхээ дараахан, 2011 оны 1 сарын 21-нд УИХ-ын чуулганы нээлт дээр үг хэлэхдээ:
"Цацрагийн үүсгүүр болон бусад цацраг идэвхт материалыг улсын хилээр нэвтрүүлэх, тээвэрлэхэд тавих хяналтыг сайжруулах, хяналтын системийн найдвартай хэвийн ажиллагааг хангахтай холбоотой техникийн болон бусад нөхцөлийг бүрдүүлж, баримтлах дүрэм, журмыг боловсронгуй болгох;
Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу цацраг идэвхт хаягдлыг хадгалах байгууламжтай болох асуудлыг шийдвэрлэх;
Цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, олборлох, ашиглах, устгах, булшлахтай холбоотой үйл ажиллагаанаас үүссэн болзошгүй аливаа ослын үед ашиглахад хүрэлцэхүйц тооны багаж, хамгаалах хэрэгсэл, цацрагийн хэмжилтийн багажаар мэргэжлийн байгууллагуудыг хангах хэрэгтэй байна” гэсэн байдаг.
Тэгсэн атлаа, 2011 оны 9 сард Сэлэнгэд айлчлахад нь ЕБС-ийн сурагч хүү ерөнхий сайдаас Монголд цөмийн хаягдал булшлахгүй гэсэн бичигт гарын үсэг зурж батлахыг хүсэхэд хээв нэг зураад сууж байсан нэгэн билээ.
-С.Батболд Японд айлчлахдаа цөмийн асуудлаар гэрээ байгуулсан гэх мэдээллийг юу гэж үзэж байна?
-Саяны Японд айлчилсан айлчлалаараа С. Батболд “Мицубиши” корпoрацийн ерөнхийлөгч Кобаяшитай уулзсан бөгөөд би хувьдаа цөмийн түлш үйлдвэрлэх гэрээ байгүүлсан гэдэгт итгэлтэй байна. Учир нь “Мицубиши” нь Монголын ураныг ухаж буй Францын “Арева”-тай хамтарч байгаа бөгөөд ураныг “Арева” хүчлээр баяжуулан гаргаж, тэр шар нунтагаар нь “Мицубиши” түлш хийж, Монголчууд Энэтхэг, Арабын Эмират, Тайвань, Япон, Солонгост нийлүүлээд хаягдлыг нь авч булшлах нь Олон Улсын Атомын Энергийн Газраас дэмжээд буй бүс нутгийн булш байгуулах зорилгод яв цав тохирч байна.
-Цаашдаа үйл ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэн тэлье гэж бодож байна? Санаа зорилго нэгтнүүдтэйгээ хүчээ нэгтгэн ажиллах ямар боломж, хэтийн төлөв байна?
-Манай бүлгийнхэн цаашид ч цөмийн аюулын эсрэг үргэлжлүүлэн дуу хоолойгоо өргөж, энэ асуудалд үнэн сэтгэлээсээ зовнисон, АЦС байгуулах, уран олборлох зэргээр цөмийн хаягдал бий болгох, улмаар Монгол улсыг гадаад, дотоодын цөмийн булш болгох санаархлын эсрэг тэмцэх чин хүсэлтэй талуудтай хамтран ажиллана. Сая бидний зохион байгуулсан үйл ажиллагаанд ТББ-уудын төлөөлөгчид, Гал Үндэстнийхэн. Иргэний Зориг-Ногоон Нам болон Ногоон Намын гишүүд оролцоход бид талархан хүлээж авсан.Гэхдээ үүнийг АНМ хөдөлгөөнийхөн тэдгээр байгууллага, нам, холбооны бүх үйл ажиллагааг дэмждэг, хамтардаг гэж ойлгож болохгүй. Харин эx орноо цөмийн хаягдлын булш болгохын эсрэг, ард иргэдээ цацрагийн аюулаас хамгаалах гэсэн сэтгэлтэй хэсэг бүлэг иргэд гэдэг утгаар нь тэднийг хүлээн авч, хамтран жагссан гэж ойлгоx нь зүйтэй. Түүнээс улс төрийн зорилгыг нь дэмжиж хамтран ажиллаж байгаа бус шүү.
Ер нь бид цөмийн эсрэг үзэлтэй хувь хүн, байгууллага, хамт олныг аль болох дэмжиж туслахыг зорьж ажилладаг. Тухайлбал, хөтөлж явуулдаг голомт.орг сайтаараа дамжуулан хэнийг ч ялгалгүй мэдээлэл хүргэсээр ирсэн. Мөн цөмийн асуудлаар бидэнд хандсан оюутан залууст реферат, дипломын ажил бичихэд мэдээ мэдээлэл өгдөг. ИЗ-НН-ыг дэмжигч залуусын “Ногоон Хонх” ТББ-ын нэг төлөөлөгч Сенегалд болох Цөмийн аюулын эсрэг залуучуудын олон улсын хуралд явахад нь бид илтгэл, тараах мэдээ материал бэлтгэж тусалсан. Өнгөрсөн 1-р сард Монгол, Солонгос, Японы Ногоон Намууд "Цөмийн аюулгүй нийгэм бүтээхээр замнах Хамтарсан Тунхаг" гаргасныг бид орчуулж өгсөн. Цацрагийн аюулын тухай шинэ баримтат кинонуудыг бид өөрсдийн боломжоор худалдаж аваад, чөлөө заваараа орчуулж ТМ суваг, МҮОНТВ-ээр гаргадаг. 3-р сарын сүүлчээр Японд амьдарч буй Монголчуудын уулзалт болоход бид мэдээ материал бэлдэж явуулсан. Өнөөдөр гэхэд л олон нийтэд зориулсан мэдээллийн гарын авлага боловсруулж, хэвлүүлэхээр шамдаж байна.
Энэ мэтчилэнгээр АНМ бүлгийн олон гишүүд нийгэм, олон нийтийн сайн сайхны төлөө, Монгол улсын ирээдүйн төлөө гэсэн сэтгэлээр, ямар нэг үнэ хөлс, хариу тус нэхэлгүй зүтгэдэг. Харамсалтай нь өөрсдийн амрах, унтах цагаа хугаслан ажиллаж, үйл ажиллагаа явуулахад зориулан, авсан цалингаасаа хандивлаж байхад биднийг элдэв янзаар гүтгэн гүжирдэх, урам зоригийг мохоох, ажилд саад болох гэсэн явууллага ч бас цөөнгүй тохиолдож байна. Анзаараад байхад ард иргэд нь улс нийгмийнхээ хөгжлийн төлөө, бусдын сайн сайхны төлөө сайн дураараа, цалин хөлсгүй ажиллаж, зүтгэдэг нийгмийн хэм хэмжээ байдаг талаар зарим хүмүүс мэддэггүй юм шиг. Ямар нэг зүйл хийснээрээ заавал хувийн ашиг хонжоо, эсвэл ядахнаа алдар нэр горилсон байх учиртай гэж сэжиглэдэг. Заримынх нь хардлага нь даамжраад сонгуульд оролцох гэсэн хэмээн сэжиглэж, Н. Энхбаярын, Ц. Элбэгдоржийн гар хөл гэж ярьж явах юм.
Гэтэл тэдний мэддэгээс өөр нийгэм бас байдаг юм шүү дээ. Гадныхны хувьд чөлөөт цагаараа ядуу буурай хүмүүст тусалж, буян болох нь түгээмэл. Аль ч түвшний амьдралтай хүмүүс сардаа хоёр удаа үнэгүй хоол тараадаг газар очиж, хоолыг нь бэлдэж өгөх, буяны байгууллагад хандив өргөх нь энгийн үзэгдэл. Манай бүлэгт гадаадад сурч амьдарч буй хүмүүс цөөнгүй, Монголдоо амьдран суугаа гишүүд маань ч иргэний өндөр ухамсартай, жинхэнэ эх оронч хүмүүс. Тиймээс бид эх орныхоо ашиг тусын тулд хөдөлмөрлөж, хандив мөнгөөр дэмжихдээ харамсах сэтгэл төрдөггүй шүү. Харин ч эсэн мэнд өсч бойжсон, сурч боловсорсон эх орондоо өчүүхэн ч атугай тус хүргэж чадаж буйдаа баярладаг. Цаашид ч иргэнийхээ эрхийг төдийгүй хариуцлагаа ухамсарласан, эх орондоо тус дэм болохыг чин сэтгэлээсээ хүссэн хүмүүсээр бидний эгнээ улам бүр өргөжинө гэдэгт бид итгэдэг.
Дахин хэлэхэд, манай бүлгийнхэн дунд хэт улс төржсөн, сонгуульд нэрээ дэвшүүлэх гэсэн хүн байхгүй. Хэрэв анзаарсан болон хэд хэдэн гишүүн жинхэнэ нэрээ ч ашигладаггүй. Үүний учир нь нэгдүгээрт, хувийн аюулгүй байдлын, элдэв дарамтаас сэргийлсэн асуудал. Нөгөөтэйгүүр, бид хувьдаа нэр төр олох гэж чармайгаагүйн баталгаа. Тухайлбал, миний хэрэглэж буй Амарлин гэдэг нэр бол Монгол орон минь цөмийн аюулаас хол, амарлин энх оршоосой гэсэн утгатай.Олон жилийн дараа миний нэр биш харин хийсэн ажил минь л үлдээсэй гэж боддог.
-Цаашид анхаарах зүйл гэвэл? Хүн ард маань энэ асуудалд хангалттай анхаарал хандуулахгүй л байх шиг санагдах юм?
-Монголчууд маань хэнэггүй, тайван гэхэд арай дэндүү байна. Газар нутаг, уух усыг нь цацрагаар хордуулах, бүр цөмийн хаягдал булшлах хууль тогтоомжууд батлагдчихсан, харийнхан ураныг нь ухаж цөлмөөд эхэлчихсэн байхад арай ч үгүй байлгүй гээд л сууж байна. Дээрээс нь Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг ерөнхийлөгчийн зөвлөх М. Батчимэгээр удирдуулсан хүмүүс 2010 онд зассанаар дараахь заалтууд алга болсон:
54.3 .Байгалийн нөөц баялгийг сорчлох, цөлмөх байдлаар ашиглахыг хорих,
49.1.Хүний удмын сангийн аюулгүй байдлыг хангахад сөргөөр нөлөөлж болох гадаад хүчин зүйлүүдийг хязгаарлах,
1. агаар, ус, газрын хөрсөөр дамжин цацраг идэвхт бодис, химийн бохирдол, хүчиллэг бороо, гоц халдварт өвчин орж ирэхийг таслан зогсоох зэрэг...
Эдгээр чухал заалтуудыг устгаснаар алт, уран, газрын үнэт металл зэрэг маш үнэтэй, ховор баялгаа гадагш зөөж дуусгах боломж нээгдсэн. Удалгүй ус горхи нь ширгэсэн, гүний ус нь цацрагтай хүчлээр хордсон, хөрс шороо нь цөлжсөн газар дээр - мөнгөн ус, цианид натри зэрэг химийн хорт бодис, уран олборлолт, баяжуулалтын цацраг идэвхт хаягдал, цаашлаад цөмийн түлшний хаягдалд хордож амьдрах гээгүй л бол, цаашид хүлээж суух боломжгүй болсныг нийт Монголчууддаа анхааруулмаар байна.
Үр хүүхэд, ирээдүйгээ боддог хэн бүхний хувьд энэ бүхнийг засч залруулахад онцгойлон анхаарч, АЦС, уран олборлолт, ураны түлшний үйлдвэрлэл, цөмийн цикл, Монголын Цөмийн Санаачилга төсөл болон Монголд цөмийн хаягдал булшлах нууц хэлэлцээрийн талаар үнэн мөнийг ил болгохыг шаардаж, илүү идэвхтэй амьдрах, оролцох цаг үе ирлээ. Та бид өөрсдийн эрүүл мэнд, амь нас, ирээдүй хойчийнхоо төлөө өнөөдөр амжиж дуугарахгүй бол маргааш гэхэд дэндүү хожимдсон байх вий.
-Иргэний хөдөлгөөний А.Саруул Амарлин гэдэг нэрээр бичиж, нууц үйл ажиллагаа явуулаад байна гэх шуугиан гарсан. Тэр талаар тодруулж хэлнэ үү.
-Сонгууль дөхөх тусам цөмийн эсрэг тэмцлийг улс төрийн зорилгоор ашиглах гэсэн хандлага улам хүчтэй мэдрэгдэх боллоо. Тухайлбал, Амарлин нэрээр Ногоон хөдөлгөөний зүтгэлтэн асан, одоо бол АН-ыг дэмжигч, Ерөнхийлөгчийн дэргэдэх Шууд ардчиллын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал А. Саруул бичдэг гэсэн бор шувуу нисгэж байна. Мөн ижилхэн хутгалдсан намууд цөмийн асуудлыг улс төржүүлж, бие биенийгээ муучлах зорилгоор ашиглахыг санаархаж байна.
Үүний цаана нөгөө л бусдын хийснийг өөртөө нялзаах гэсэн, булхайгаа нуух гэсэн, ард иргэдийг мунхруулах гэсэн улс төрчдийн явуургүй хүсэл нуугдаж байгааг бид харж байна. Иймд цөмийн аюулын эсрэг эх орончдын шударга тэмцэл, Амарлин нэрийг завшиж, бохир зорилгоор ашиглахаар санаархагчид, тэдний ардах улс төрийн захиалагчид, болон хэдэн зоосны төлөө цөмийн аюулыг эх орондоо авчрахаар шамдаж буй улс төрчдийг АН, МАН, МАXН гээд аль ч нам байсан ялгалгүй үнэнийг нь илчилж, булхайг нь дэлгэсээр байх болно гэдгийг хэлчихье.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
Ярилцсан Ч.Мөнхбаяр
ММХII.III.XX
http://moenhbayar.blogspot.com
No comments:
Post a Comment