Thursday, September 29, 2011

Хилийн чанадын цөмийн эсрэг монголчууд төр эргүүлж, дэлхийг донсолгох нь ээ


“Монголчуудын баас дэлхийн цөмийн хаягдлаас 1000 дахин хортой!”

Монголд бүх дэлхийн цөмийн хог хаягдлыг булж, Монгол хэмээх бүхэл бүтэн улс, ард түмнийг нь ор мөргүй устгах галзуу солиотой төлөвлөгөөг дарга нар маань боловсруулж, эртнээс хөөцөлдөж гүйсээр Япон, Амэрикийн зарим олиггүй албан тушаалтнуудаар зөвшөөрүүлж чадаад, нууц гэрээ байгуулах гэж байгаа буюу, байгуулсан юм билээ.
Энэ бүхнийг Монголын залуус, шударга ард иргэд эсэргүүцэн тэмцэж байна. Facebook-д гэхэд 2400 гишүүдтэй No Nuclear Wastes In Mongolia (Монголд цөмийн хаягдал хаях ёсгүй), 800 гишүүдтэй Anti Nuclear Movement (Цөмийн эсрэг хөдөлгөөн) гэсэн хоёр том бүлэг буй. Тэд мэдээлэл хайх, цэгцэлж боловсруулах, түгээх, тодорхой тэмцлийн арга хэмжээнүүд зохион байгуулах талаар их зүйл хийж буй. Олон улсын чанартай грүппүүд бөгөөд, сайн санаат дэмжигч япон хүнээр дамжуулан “Майничи” сонинд мэдээлэл оруулсан, Гэрманы “Гринпис”-ийн анхаарлыг Монголын цөмийн асуудалд хандуулаад байгаа.

Саяхан Facebook-ийн Anti Nuclear Movement-ийнхэн Монголд цөмийн аюул дэлгэрэхийн эсрэг өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр, цөмийн аймшгийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, ард олонд асуудлыг ухуулан таниулж, тэднээр цаасан шувуу хийлгэж байв. Сонин хэвлэлийнхэн, гадаадын дэмжигчид ч цөөнгүй иргжээ.
Цөмийн хордлогод өртөн, хар дарсан зүүдэнд юм уу, аймшгийн кинонд үзэгдэж болох эрэмдэг зэрэмдэг дүр төрхтэй болсон хүмүүсийн, ялангуяа хүүхдүүдийн эмгэнэл өдөрлөгт оролцогчдыг ихэд цочирдуулж байсаан. Хэрэв Монголд цөмийн хаягдал булбал ард түмэн маань ийм л болно гэхэд бүр ч их цочирдон, хэрхэвч тийм явдлыг гаргуулахгүйн төлөө байх болно гэдгээ илэрхийлж байв.
Ардчилсан улсын жишгээр бол, “бид ийм арга хэмжээ зохион байгуулна” гэдгээ иргэд засаг захиргаанд мэдэгдэхэд л хангалттай байдаг аж. Харин төрийн байгууллага тэднийг хамгаалах ажлыг зохион байгуулна. Шаардлага гарвал, өөр үзэл бодолтой хүмүүсээс тусгаарлан хүчнийхнийг дундуур нь оруулах гэх мэт. Тайван бус, хууль бус байдал гарвал хязгаарлана, намжаана (дарах, хэлмэгдүүлэх бус).
Гэтэл Монгол маань хамгийн дарангуй бурангуй улсын жишигт нэгэнт шилжжээ. Эрх баригчдын зохион байгуулаагүй юм уу, тэдэнд таатай бус бүх арга хэмжээнд зөвшөөрөл олгодоггүй, зөвшөөрөлгүй зохион байгуулбал жагсаал цуглааны хууль зөрчив гээд шоронд хорьдог л болчихож. Олон тийм тохиолдол гарлаа.
Цөмийн эсрэг залуус Сүхбаатарын талбайд өргөн үйл ажиллагаа явуулна гэхэд, “та бүхэн Битлзийн талбайд бэсрэг үйл ажиллагаа явуул, гэхдээ Хиросимад атомын бөмбөг хаясныг буруушаасан, цөмийн дайныг эсэргүүцэж, энх тайвныг эрхэмлэсэн агуулгатай л арга хэмжээ хийх тохиолдолд шүү!” гэжээ. Ингэж бүр, тэмцлийн утга агуулгыг нь дураар өөрчлөн заавардаж, тулган хүлээлгэдэг болсон байна.
Бас дээрхи залууст өөр янз бүрийн дарамт шахалт ирсэн буюу, ирэх магадлалтай тул, нүүрээ юүдэн, хар шил, маскаар битүү хааж, хувцсаар таних боломж олгохгүйн тул тусгай ижил өмсгөлөөр жигдэрчээ. Тэдний зургийг дарах гэтэл, бид хэн болох нь илэрвэл ажил амьдралгүй болно гэсэн утгатай зүйл хэлж татгалзаж байв. Нэг залуу миний дуранд нуруун талаасаа санаандгүй өртөөд, тэр зургийг олны хүртээл болгохгүй байхыг хүссэн. Ингэж их дарамтанд оруулж байхыг үзвээс, бид бүхнийг цацраг идэвхиэр хордуулан хүйтөрөлгүйтгэх гэж байгаа нь үнэн юм байна. Миний бие дотоодын дарангуйлагчид, гадаадын колоничлогчдын, Монголын ард түмнийг устгах 20 гаруй чиглэлийн гэноцидийн тухай бичиж ирсэн агаад дээрээс нь цөмийн гэноцид нэмэгдлээ.
Бусад гэноцидэд олон нийт маань төдийлөн анхаарал хандуулж байсангүй, хамаг зовлон хар толгойноос минь болов гэж өөрийгөө зүхэх буюу, Амэрикийн импэриализм, ашигт малтмалын хараал, элдэв тэмцэгчдээс болов хэмээн, дэглэмийн суртал ухуулгад автан мунхарч, сүйрч мөхсөөр ирэв. Дэглэмийн суртал ухуулга тэмцэгчдийн үнэн үгээс сая, их наяд дахин их, хүчтэй байгаа тул аргагүй ч юм уу.
Бүр, Монголын ард түмний төлөө тэмцэгчид бол Хятадын хорлон сүйтгэгчид, хятадын хорлон сүйтгэгчид бол Монголын ард түмний төлөө тэмцэгчид гэж ухварлагдах солиотой ухуулга хийх боллоо шүү дээ.
Харин цөмийн гэноцидийг гадаадад буй монголчуудын идэвхитэй үйл ажиллагааны ачаар цөөнгүй хүн анхаарч эхлэв гэж хэлж болно.
Ар Монгол Өвөр Монголтой бүх талаараа адилхан болж буй. Тиймээс манай иргэд өвөр монголчуудын адилаар хилийн чанадад л үг хэлэх, тэмцэх боломжтой болсон байна. Тэдний нэлээдийг бараг улс төрийн цагаачид гэж хэлж болохоор болжээ. Учир нь Монголд тэднийг эрсдэл, хэлмэгдүүлэлт хүлээж буй.
Цөмийн гэноцидийн тухай мэдээлэл анх АНУ-ын хэвлэлд гарсан байна. АНУ-ын Эрчим хүчний дэд сайд Дэниэл Поунмэн 2010 оны 10-р сард Монголд, 11-р сард нь УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Ц.Батбаяр, Р.Бадамдамдин нар АНУ-д айлчлахдаа энэ асуудлыг хэлэлцсэн, гэноцидийн төслийн талаар АНУ-ын Эрчим хүчний яамны хэлтсийн дарга Ричард Стрэтфорд 2011 оны гуравдугаар сард цөмийн олон улсын хуралдаан дээр ам алдсан гэдгийг Амэрикийн Nuclear Threat Iniciative ТББ, carnegieendownemt.org, newmediamanager2.net, lewis.armscontrolwork.com зэрэг сайтууд мэдээлж, баримт бичлэгээр баталгаажуулсан аж.
Японы “Майничи” сонин үүнийг эрэн сурвалжилж, манайхны День Победы хэмээн эх захгүй хөөрцөглөн, муу эр дайнд хөөрөв гэгчээр муйхарлан бужигнаж байх үед буюу 2011.5.9-нд бүхлээр нь илчлэн гаргаж иржээ. Түүнээс хойш бүх дэлхийн хэвлэл мэдээллээр, Хаагийн Олон улсын эрүүгийн шүүхээр л шүүгдэх ёстой, XXI зуунд гарсан, хүн төрөлхтний эсрэг хамгийн томоохон гэмт хэргийг илрүүлэн таниулсаар ирлээ.
Цөмийн энэ гэноцид бол манай дарга нарын төсөл, санаачлага гэдгийг онцлох хэрэгтэй. Тиймээс өөр улс үндэстнийг буруутгах ёсгүй. Үүнээс өмнө “энэ төслийг хэрэгжүүлэхэд туслаач” гэж олон орноос гуйж явсан гэдэг нь тодорхой боллоо. Яг л ашигт малтмалын гэноцидийн төлөө олон жилийн турш гуйж гувшиж явсан шигээ. Цаашид дарга нар маань Япон, АНУ-тай хамтран ажиллах нь бүтэлгүйтвэл ОХУ, Франц, Энэтхэг, Эмирт, Тайвань зэрэг улс оронтой хамтрах магадлал буй аж.
Хэвлэл мэдээлэлд, цөмийн хэрэгтэй холбоотой гэж Г.Занданшатар, А.Ундраа, Б.Чадраа, О.Чулуунбат, П.Алтангэрэл, Р.Бадамдамдин, Ц.Батбаяр, Д.Поунмэн, Р.Стрэтфорд, Тошибагийн удирдлага зэрэг тодорхой хүмүүсийг нэрлэж байна. Мөн С.Батболд сайдыг АНУ-ын цөмийн төв бүс Невадад нууцаар айлчилсан гэхчлэн холбогдуулж бичиж байна. АНУ-ын дэд ерөнхийлөгчийг Монголд айлчлахдаа цөмийн дээрхи төслийн талаар ярилцана гэж бичиж байна. Цөмийн гэноцидийн аюумшигт хэрэгт эн тэргүүнд нэр холбогдоод байгаа энэ хүмүүс юугаа бодож, хуйхаа маажиж явдаг юм бол доо. Интэрнэтэд, учрыг ойлгосон ард иргэдийн уур хилэн дүүрэн байгаа бөгөөд, цөмийн хаягдалтай газар цөлөх хэрэгтэй, цөмийн хаягдалтай хамт булах хэрэгтэй, цаазаар авах ялын гүйцэтгэлийг онцгой тохиолдолд түр хэрэглэх хэрэгтэй гэж сэтгэгдлээ илэрхийлцгээж байна. Буруутай бол түүнийгээ хүлээж, хуулийн байгууллагатай хамтран ажиллаж ялаа хөнгөрүүлэх, буруугүй бол түүнийгээ хөдөлбөргүй нотолж, гэноцидийн эсрэг тэмцэлд нэгдмээрсэн.
Гэвч цөмийн мөнгөнд шунаж, нүд улаан, мөнгө цагаан гэгчээр болсон дэглэмийнхэн засал авах янз ер алгаа. Цөмийн хаягдал шиг хоргүй сайхан зүйл байхгүй гэж ойлгогдох суртал ухуулгаар бөмбөгдсөөр байна. Нүүрс л атомын бөмбөгнөөс арван мянга дахин хортой тул даруй зайлуулж, ухсан нүхэнд нь цөмийн хаягдал булж, ухаж биш, ургуулж хөгжье гэж, ашигт малтмалын гэноцидтэйгээ холбох үйл ажиллагаа явуулж байна. Цөмийн хаягдлаас монголчуудын гэр хорооллын жорлон асар их хор хөнөөлтэй болой гэхчлэн ард түмний хүлцэнгүй дорой байдлыг далимдуулан элдвээр дайрч доромжлон бах таваа хангаж байна.
Нэг кг хаягдал булахад 500 доллар төлдөг гэх агаад, Монголын тал дэлхийн бүх хаягдлыг дангаар авна гэсэн тул илүү ихийг төлнө гэсэн аж. АНУ-д 61 мянга, Канадад 33.7 мянга, Японд 13.5 мянга, Орост 13 мянга, Солонгост 10.9 мянган тонн цөмийн хаягдал буй агаад, энэ хэдхэн орноос хязгааргүй шахуу их орлого ашгийг авч нууцаар халааслана, дээрээс нь бүх дэлхийн хаягдлыг авч тэнгэрээс их болцгооно хэмээн шунамхайрсан дарга нар маань өөрсдийнхөөрөө зүтгэсээр л байна. Цөмийн хаягдал булахгүй ээ гэж андгайлж тангараглавч, АЦС барина, уран олборлоно, экспортолсон ураны хаягдлыг эргүүлж татан, хаягдал ашиглана, цөмийн тэргүүний тэхнологи нэвтрүүлнэ, судална, шинжилнэ гэх мянган аян шалтгийн дор хэрэгжүүлэх нөөц төлөвлөгөөнүүд боловсруулж байна…
Аль Капонэ гээч алуурчин мафиозо асар их мөнгө хөрөнгө, нөлөө сүрээ ашиглан хэнд ч дийлдэхгүй сагсалзаж явсан ч, эгэл жирийн ажилтны шударга хөдөлмөрөөс болж татварын зөрчилд холбогдон шалгагдаж, улмаар бүх хэрэг нь ээлж дараалан илчлэгдэж, цаазаар авахуулж төгссөн түүхтэй. Тэгвэл ард түмнээс хулгайлж авсан далай их алт эрдэнэсээр дэлхийг авлигадаж сагаж ирсэн дарга нар маань дэлхийд аюултай дээрэмчид болсны учир цөмийн хэрэгт холбогдон шалгагдаж, улмаар бүх хэрэг нь ээлж дараалан илчлэгдэж, гутамшигтайгаар төгсөх болоод байна.

Ч.Мөнхбаяр
ММXI.VIII.VI
http://moenhbayar.blogspot.com

1 comment:

fm131 said...

уучлаарай таньд дөхөм болох болбуу гээд л үүнийг бичлээ al capone цаацлуулаагуй хэдэн шорон дамжсаны эцэст импакт-р шорондоо өөд болжээ

http://en.wikipedia.org/wiki/Al_Capone