Дарга хэрэг үйлдвэл, албан тушаалаас нь өөрчилж болохгүй гэх хууль гарах нь ээ
Байнга элдэв хэл аманд ороогдож, хэрэг төвөг тарьж явсаар, эцэстээ хүн хулгайлсан хэрэгт ороогдсон Б.Хурцыг чөлөөлүүлэх тэмцэл багагүй өрнөсөөр жилийн нүүр үзэж байна. Нэлээд олон ТББ-ууд эвсэн “Хурцыг чөлөөлье” гэх том эвсэл байгуулсан нь аргагүй л нийтийн солиорол гэлтэй.
Авлигын газар албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг хальт шалгахад 55 нь авлига авсан, 60 нь худал мэдүүлсэн, 20 нь мэдүүлэг өгөөгүй нь тогтоогджээ. 600 хүнээс 135! Хэрэв сайн шалгавал бүгд зөрчилтэй гарна. АТГ сануулга өгдөг агаад тухайн байгууллага нь хамгийн хүндээр шийтгэлээ гэхэд нэг өдөр ажлаас халах, цалин, эрх мэдэл нь буурахгүй өөр албан тушаалд томилох зэргээр шийтгэдэг аж.
Ц.Нямдорж сайдыг чанга эрүүгийн хууль хийлээ л гэдэг. Гэрман нөхдөөс зөвлөгөө авч хийсэн юм аа гэж сайд хэлдэг. Гэрман нөхдөөс зөвлөгөө авчихав уу, Гитлэрээс зөвлөгөө авчихав уу гэж шүүмжлэгдэх нь буй. Гэтэл тэр хууль нь дарга нарт ер үйлчилдэггүй. Долдугаар сарын нэгний хэргийг үзэгтүн. С.Баяр дарга “Тэр орой би ерөнхийлөгчид уурласан юм. Долдугаар сарын нэгэнд оролцсон олон субект бий, буруутан гэвэл бүх өндөр албан тушаалтан хариуцлага хүлээх ёстой” гэжээ. Н.Энхбаяр “Би улс төрийн намуудтай зөвлөгөөн хийж байж шийдвэр гаргах гэж байна гэхэд С.Баяр юун зөвлөгөөн бэ, одоо улс төрийн намуудтай ярих юм байхгүй, бүгдийг нь хөөгөөд гарга гэсэн” гэжээ. С.Баяр л шахсаар байгаа онц байдал зарлуулсан, оройтсон гэж загнаж байсан ч гэдэг. Тэгвэл С.Баяр дарга хариуцлага хүлээсэн үү, хүлээх үү. Үгүй ээ.
Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, өндөр албан тушаалтай, том бизнэстэй хүмүүсийг бүр яасан ч шийтгэхгүй байх дэлхийд хосгүй хуулийг ноёд баяд маань нийлж гаргуулах гэж лоббидож байна шүү дээ. Үндэслэл нь гэвэл, тэднийг шоронд хийвэл хохирол барагдахгүй, харин албан тушаалд нь хэвээр байлгавал хохирлоо барагдуулж чадна гэж солиорч байна. Тэгвэл шударга ёс яах вэ? Эрүүл ухаан хаачих вэ? Галзуучууд үүнийг хэзээ ч ойлгохгүй, эсвэл ойлгохыг хүсэхгүй.
Хар тамхины күрер Шатарбалыг консулын газартаа цалинг нь тавьж өгөх мөнгө олох гэж тэгсэн учир шийтгэх ёсгүй байсан гэжээ. Казиногийн гурвыг хэлмэгдсэн гээд, нас барсных нь ар гэрт их нөхөн олговор олгох ёстой гэж, нөгөө хоёр ч яахав гэнэрал цол, өндөр албан тушаалаар нөхөн олговроо авчихсан. Гаалийн Баатар, тагнуулын Баатар, онц байдлын Отгонбаяр, Даш, авлигын Сангарагчаа, Глобын Мэндбаяр, Баян-Өндөрийн Самбалхүндэв, ҮХЯ-ны ТНБД Сүрэнхор, хадгаламжийн Чимэдцэрэн гээд хүмүүс эсвэл буруугүй, эсвэл шоронд орсноор хохирлоо барагдуулах боломжоо алдсан юм байх. Хань хамсаатнууд нь холбоо эвсэл байгуулж, нөхөн төлбөр, албан тушаал, одон мэдал шаардах гэнэ. Ард түмэн биднийг дэмжинэ гэж байна, магадгүй ээ, магадгүй, Хурцыг шүтэж байгаа улс чинь яахаас ч буцахгүй.
Шоронд орох магадлал нь их болчихсон нөхдүүд “Хариуцлагатай албан тушаалтнуудын учруулсан хохирлыг ял эдлүүлэхгүйгээр ажиллуулж төлүүлэх тухай” гэдэг бүх хуулийг зөрчсөн хуулийн төсөл бэлэн болгож байгаа гэнэ. Нэртэйгээр нь: “Хариуцлагатай албан тушаалтнууд хохирол учруулбал шагнах журам” гэчихгүй дээ.
Ч.Мөнхбаяр
No comments:
Post a Comment