Thursday, September 29, 2011

Хоккэйчин жокэйчин хоёр


Наргиа

Цээмаа Цэрмаа гэдэг хоёр эмээ саяхан уулзан хөөрөлджээ. Тэдний ярианаас уншигч олондоо сонирхуулж сийрүүлье…
-Гүй ээ хө, Цээмаа хөөе, танай нөгөө сахилгагүй дэлдэн шар үзэгдэхээ байчихсан, хаачсан юм бэ? Хөгжим сонсдог юмаа зүүчихээд л юу ч сонсохгүй дуулахгүй л харайж явдагсан.
-Дэлдэн шар гэнэ шүү, муу Бажгааг минь яахнав дээ. Амэрикад диск-жокэйрхуу юм хийж байгаа шүү дээ. Харин чи чинь л юу ч сонсохгүй дуулахгүй харайж явдаг юм байна.
-Диск-жогорхой?
-Биш ээ, диск-жокэй.
-Өө тэр чинь их мундаг ажил ш дээ. 1935 онд анх Мартин Блок гэдэг хүн санаачилсан гэдэггүй юу...
-Юу яриад байгаа юм, тэрнийг чинь би хар багаасаа л хийж ирсэн дэг…

-Тэгвэл чи санаачилсан юм байна л дөө… Бажгаа чинь тэмп ритм холбож тааруулахдаа ч лаг болоо биз дээ.
-Лаг байхөө, лаг байх. Тэгэхгүй бол хамаг юмаа хагалж хэмхлээд будаа болгочих юм байгаа биз.
-Микс-композици нь хэр удаан зогсолтгүй үргэлжилдэг юм б дээ?
-24 цаг зогсолтгүй үргэлжлэнэ ш дээ. 24 цаг зогсолттой ч гэмээр юм уу.
-Wow! Ди-жэй-батлл-даа хэр вэ, цаадахь чинь?
-Тулаан уу? Ганц дайчин ганцдахгүй гэдгийг үзүүлж өгч байгөө. Бие биеээсээн илүү гарах гээд л алалцдаг гэсэн.
-Амэрикийн шилдэг Зуун ди-жэйгийн жагсаалтад орсон уу?
-Бүр шилдэг Зургаад нь ороо биз. Бажгаа шиг ажил амьдралынхаа төлөө нойр хоолгүй, үхэн хатан гүрийж байгаа амьтан Амэрикийн хавтгайд байхгүй.
-Залуусыг ч ёстой экстазанд ортол нь бүжиглүүлж, тархийг нь угаагаад хаячихдаг байх даа.
-Өөрөө л нөгөө юмаа сонсоод бүжиглэнгээ угаадаг гэсэн. Улс амьтан харин ч гажигтай гээд манай хүнээс зугтдаг гэсэн шүү. Тархи угаагаад хаяна гэж чи юу ярив аа? Орчин үеийн шинэ нэршил үү?
-За тэр ч яахав. Манай Бужаана чинь Амэрикад очоод хоккэйчин болсон.
-Хоккэй гэдэг чинь Францын хокэ буюу хоньчны барьдаг саваанаас үүссэн үг гэж байгаа. Хоньчин Найдан болоо юу даа хэ хэ… Мохаук хэлний хогий буюу өвджийнэ гэх үгнээс ч үүссэн гэдэг. Багаар талцан наадаад, хожсон нь хожигдсоныгоо хогий гэж бархиртал нь нанчдаг гэсэн гэв үү дээ, ха ха.
-За, сүүлийнхтэй нь төстэй л гээд ойлгочих.
-Хогийн ажил хийж байгаа юм уу.
-Хоккэй гэж байхад чинь дээ.
-Аль түрүүний л тэгээд хэлчихгүй дээ. Ямар хотынх вэ?
-Нью Жэрси.
-Нью Жэрси Дэвилз-д байдаг юм уу. Танай Бужаанаа ч болдоггүй чөтгөр дөө. Шөнийн амьдралтай, орилж хашхираад унтуулдаггүйсэн. Ганц таарсан багтаа орж дээ. Элиаш, Ковальчук гээд багийнх нь хүүхдүүд сайн уу.
-Сайн л байлгүй, тангад тува таван хэлийн л амьтан бужигнасан газар юм билээ... Болдоггүй чөтгөр гэнэ шүү, муу Бужаанааг минь яахнав дээ. Их л ядардаг юм гэсэн.
-Сэлгээнд тувтан суухад чинь яахлаараа ядардаг байнаа?
-Сэлгээ мэлгээ байхгүйшдээ. Танай Бажгаа шиг л 24 цагаар үзэж тарна.
-Пээ ямар аймаар юм бэ? Уг нь 19-р зуунд сэлгээ үүссэн биз дээ. Сэлгээгүй болохоор 24 цагийн тоглолтын дараа шургаж унана биз.
-Унавал хөөгдөөд, ажил амьдралгүй болно ш дээ. Өчнөөн өрсөлдөгч байгаа болохоор хэцүү шүү дээ. Шүд зуугаад л мөлхдөг гэсэн...
-20 минут тоглоод 15 минут завсарлах болохоор бас ч гэж хүчээ сэлбэж авдаг байлгүй дээ, хөөрхий. 24 цаг тоглодог юм бол овэртайм арай байхгүй байлгүй…
-Завсарлага байхгүйээ, овэртайм бол байгаа. Тэгээд ч тоглоно гэж бүү ярь, тулаан байхгүй юу. Өрсөлдөгчид нь яадаг гэж санана. Хана руу түлхэнэ, араас довтолно, дэгээдэнэ, түлхэнэ, татна, өшиглөнө, тохойдно, модоороо цохино, зодолдоно, хазах хайрах, тангарах тонгорохоос бусдыг хийж байгаа юм…
-1875 онд үүссэн гэгддэг энэ тулаан чинь яахлаараа 21-р зуунд ийм бүдүүлэг болчихдог байнаа. Ромын гладиаторын үеэс хойш хүн төрөлхтөн ийм аймшигт тулааныг үзээгүй л болов уу.
-Юу яриад байгаа юм, тэрнийг чинь би хар багаасаа л хийж ирсэн дэг...
-Тэгвэл чи санаачилсан юм байна л дөө...
Буруу тоглолтыг зогсоодог шүүгчийн ажиллагаа энэ тэр гэж байдаггүй юм уу?
-Байхгүй.
-Торгуулийн цохилт?
-Байхгүй. “Алдаа гаргалаа, торгоно” гээд л цохиод зодоод байвал ахиад л нанчилдаан үүснэ биз дээ.
-Буллит?
-Байхгүй ээ, байхгүй. Буллшит л гэж байдаг гэсэн.
-Тэгээд яаж тоглолт төгсөх юм бэ?
-Төгсгөл бас байхгүй.
-Спорт гэж хэлэх аргагүй юм байна! Ямар ч дүрэм журамгүй...
-Юун спорт вэ? Манай Бужаанаа чинь шал угаагч ш дээ.
-Цөмийн физикч болно гээд явсан биш билүү?
-Цөмийн физик гэхээр нь бүх юмны физик гэж ойлгоод байсан байгаа юм. Багш нь болохоор бүх юмны биш, ганцхан юмны физик гээд…
Тэгээд л ойлгох зүйлээ хийж явдаг болсон доо. Харин танай ач хүү чинь улс төр судлалаар сурна гээд явсан биз дээ?
-Манай Бажгаа яаж хурдан, төрөөс төрсөн тэрбумтан болох аргыг л заадаг юм байх гэж ойлгоод байсан байгаа юм. Багш нь болохоор тэрбумтан болох ухаан биш, улс үндэстнээрээ хамт амьдрах ухаан гээд…
Тэгээд л чадах зүйлээ хийж явдаг болсон доо. Танай Бужаанаатай чинь “мэргэжил нэгтэй” болж байгаа шүү дээ.
-Бужаанаа диск-жокэй биш, хоккэйчин ш дээ.
-Адилхан угаадаг мэргэжилтэй болж байгаа байхгүй юу. Диск-жокэй гэдэг чинь таваг угаагч.
-Өө хөөрхий, тийм учиртай байсан юм уу. За тэр алс Амэрикад очоод ямар ч гэсэн мэргэжил боловсрол олоод авч байгаа нь яамай даа. Ирээд л цөмийн физикч, улс төр мөрчөө хийцгээнэ биз…

Ч.Мөнхбаяр
ММХI.IX.IX
www.facebook.com/groups/StopNuclearGenocide

No comments: