Thursday, September 29, 2011

Монголын цөмийн хуйвалдаанаас болж, Японы засгийн газар, Амэрикийн ерөнхийлөгч огцрох нь ээ


Харин манай дарга нар хятад, оросуудтай цөмийн хуйвалдаан хийх гэж буй гэнэ

Манай дарга сайд нар худал хуурмаг хэмээн мэлзэж ирсэн ч, Монголын хамаг алт баялгийг харийнханд бэлэглэж, оронд нь үхлийн аюултай хор болох цөмийн хаягдлыг нь авч, Монгол орныг Дэлхийн цөмийн хогийн сав болгох гэж чармайн хөөцөлдөж Япон, Амэрикийн зарим албан тушаалтныг гуйж гувшсаар хамсаатнаа болгосон хуйвалдаан нь дэлхий даяарт илэрч, хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг гэгдэж байна.
Японы хэвлэл мэдээллийн салбарын дээд шагналыг “Майничи Шимбун” сонин Дэлхийн цөмийн хогийн савны хэргийг илчилснээрээ хүртжээ. Хэдийбээр Монголын олигархиуд худлаа хэмээн чихэнд чийр болтол вааглаж, Японы авилгач дарга нар болгоомжтой няцааж, Америкийн хамсаатнууд нь бүлх залгисан мэт дуугүй байгаа ч, 100 хувь үнэн гэдгийг нь өдгөө дэлхийн нэр хүндтэй, шударга бүх хэвлэл бичиж байна.

Дэлхийн хамгийн шударга улс түмний нэг болох япончууд дээрх хуйвалдааныг жигшин зэвүүцэж, сав л хийвэл засгийн газраа огцруулж, сайд нараа шүүдэг зангаараа тэмцэл хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн аж.
АНУ-д Уотэргэйт, Ирангэйт, Уайтуотэргэйт гээд л дуулиант хэргүүд илчлэгдэж ерөнхийлөгчөөсөө авахуулаад огцордог. Тэгвэл сөрөг нам болон экологийн хөдөлгөөнийхөн Дэлхийн цөмийн хогийн савны хэргийг Урангэйт, Монголгэйт гэхчлэн нэрлэж, ихээхэн шүүмжлэгдэх болсон Обамагийн захиргааг унагахыг хичээх болжээ.
Харин Монголын хувьд Ногоон намын хэдэн хүн л асуулга асууснаас илүүтэй юм алга байна. Тиймээс дарга нар намайг хэн огцруулж, нохойг хэн саах вэ хэмээн омогшин аархаж, хөх инээд нь хүрч буй ажээ.
Харин гадаадад буй монголчууд маань зүгээр байхгүй, Японы Монголтой холбоотой ТББ-уудыг хөдөлгөөнд оруулж эхэлсэн аж. Мөн Германы “Гринпис”-ийг хөдөлгөх гэж буй. Гэвч тэд нь том хөдөлгөөн зохион байгуулаад, засгийн газар нь хүлээж аваад, Монголын удирдлагад шаардлага тавьтал ч бас өдий  ажээ. Гайхал дарга нар маань олзны ихэд шунаж, нууц хадгалж чаддаггүй япончууд, америкчуудтай хоршсондоо харамсаж, хятад, оросуудтай хамтрах “Б” төлөвлөгөөндөө орсон гэх. Энэ бол харин гүйцэлдэх бүрэн боломжтой төлөвлөгөө юм. Олон нийт ангайгаад алмайраад суугаад байвал биелэхгүй ер хаачих вэ дээ. Муу дээр муухай, муухай дээр улцан гэгчээр бүх баялгаа харийнханд бэлэглүүлж, малаа хариулах ч газаргүй, амьдрах аргагүй болж, зүлэгний талбайдаа ногоо тарин үйлээ үзэж, үсээ зулгааж яваа байж цөмийн хоронд өртөн, мангас чөтгөр болж хувиран тарчилж үхэх нь дутлаа гэж үү.
Гэрман улс цөмийн эрчим хүчнээс бүрэн татгалзах хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. АНУ 12 жилийн турш шинэ рэактор бариагүй. Япон нэмж барихгүй гэв. Манай эрдэмтэн мэргэд, дарга дорго нар гэтэл цөм цөм хэмээн цөмөөр солиорч байна. АЦС дулааны станциас хоргүй л гэнэ. Ямар ч гэсэн өөрийн экспортолсон ураныхаа хогийг бол буцааж авч булна л гэнэ. Яадаг ч байсан цөмийн аюулыг авчирна л гэж байгаа буюу.
Даян дэлхийд манайд барих гэж байгаа шиг, цөмийн хаягдлын байнгын агуулах байдаггүй аж. Зөвхөн түр агуулах л байдаг. Хэн ч тэр хаягдлыг нутагтаа бүр агуулахыг хүсдэггүй. Цөмийн хаягдлын хор замхрах хугацаа хүн төрөлхтөний оршсон түүхээс ч урт ажээ. Гэвч ард түмэн маань амиа хорлогч ард түмэн, дарга дорго маань булшлагчид гэлтэй байгаа болохоор яалтай нь ч билээ.
Цөмийн хаягдал булшилснаар Монголд 5000 долларын цалинтай ажлын байрууд буй болно гэж ард олныг амаар нь шороо үмхтэл молигодож байна. Тэр долларыг хужаа ажилчид нь хамаад гарах бөгөөд, үүрд мөнхийн хор бидэнд зориулагдан үлдэнэ.
Хамаг нүүрс, нэфтиэ Хятадад зүгээр өгчихөөд, энэргийн хомсдолоос гарахын тулд харийн АЦС-ийг Монголд заавал барина гэж улайрч буй. Уг нь зөвхөн нарны эрчим хүчээр Монголыг энэргиэр хангачих тооцоо байдаг аж. Гэтэл дарангуйлагчид дэлхийн ганцхан Монгол улсад зөвхөн цөмийн энэрги тохирно гэж зүтгэсээр. Чингээд, АЦС-ийн болон экспортолсон ураныхаа цөмийн хаягдлыг булах нэрийн дор нөгөө л Дэлхийн цөмийн хогийн савны хэргээ үргэлжлүүлэн үйлдсээр л байх болно.
Тэр нь хэрэгжиж бүтэх нь ер нь 100 хувь тодорхой шиг байна. Хамгийн тэмцэлгүй ард түмэн гэж Гиннэсийн номонд орох гэж буй мэт ард түмэнтэй улсад чинь өөр ер нь ямар юм хэрэгжих вэ дээ.

Ч.Мөнхбаяр
MMXI.VII.XXVI

No comments: