Монголд цөмийн бөмбөгийн туршилтын талбай ч байгуулж болзошгүй
1. Обама 1.6 тэрбум хүнийг хангах АЦС-ыг Монголд барь гэсэн үү?
Цөмийн нэг грамм ч хаягдал булшлахгүй гэж удаа дараалан эвэртэн туурайтнууд маань мэдэгдэж ирсэн ч, өөрийнхийгөө бол ч булшилна л даа гэж басхүү, хэнд ч эс дуулдахаар хааяа нэг шивнэдэг.
Өөрийн цөмийн хаягдал гэж юусан билээ? Бараг “ардчилсан” хувьсгал ялангуут л яригдаж эхэлсэн АЦС-ийн хаягдал юмсанж.
Кремль соцлагэрийн орнуудыг арван таван толгойтой атомын хар мангас болгох гэж, Дубнагийн эрдэм шинжилгээний төвдөө цөмийн физикч, мэргэжилтнүүдийг бэлтгэж байсан. Ийнхүү Монгол улс тун хачирхалтайгаар атомын боловсон хүчинтэй орон гэгдсэн. Зарим нь олон улсад алдаршсан мундаг эрдэмтэн болсон агаад тэднээрээ бахархахаас биш яахав.
Зарим нь… үнэхээр мангас болчихжээ. Тэд юуг ч залгин устгахад бэлхэн. Цөмийн хаягдал булшлана гэх, амар хялбар бүтэх амтат бэлэн хоол байдаг юм байна хэмээсэн ойлголтыг тэд олж авч амжсан асанж. Хэдэн бор юм л олж байвал хичнээн хор хөнөөл гаравч үл ойшоох монструуд. Тиймээс ч хулгай луйврын эрх чөлөө нээгдэнгүүт, атомын аюулыг аль байдаг чадлаараа даллаж эхлэв.
ЗХУ Монголд цөмийн хаягдал агуулахыг сонирхож, бага сагаар булж байжээ. Энэ ажилд ч оролцож байсан, туршлагатай булшлагчид ажээ, цөмийнхөн маань. Төдөлгүй, 90-ээд онд Францын “Арэва” гэх атомын аймшигт компани Монголд нэвтрэн ирж, элдэв хорыг найруулалцаж эхэлжээ.
Манай нэгэн алдартай цөмийн зүтгэлтэн, “булшлагч”, Монголд атомын цахилгаан станц байгуулах ажлыг, Цөмийн энэргийг ашиглах төсөл гээчийн удирдагчийн хувьд хариуцан ажиллаж байна. АЦС нэрийн дор цөмийн бүх гамшгийг Монголд хуралдуулах бизнэс бодтойгоор хэрэгжиж байгаа юм шүү.
Тэр мангас: “АЦС ямар ч аюулгүй, гал тогооны АЦС гэж 1.5 м диамэтртэй хөөрхөн юм гараад, соёлт ертөнцийнхөн хэрэглэх гэж байна. Хойд урд хөрш том хэмжээний АЦС-ыг жилд хэдэн арваар барьж байна. Тэргүүний улс гүрнүүд: АЦС-ийг улам олноор барих хэрэгтэй гэсэн хатуу байр суурьтай байна. АНУ-ын ерөнхийлөгч Обама саяхан: Өнөө үед дэлхийн бөмбөрцөг дээр 1.6 тэрбум хүн цахилгаан хэрэглэх боломжгүй байна, асуудлыг шийдвэрлэхийн тулд АЦС-ыг олноор барих хэрэгтэй гэж мэдэгдсэн” гэжээ. Үнэндээ бол цөмийн эрчим хүч хүн төрөлхтний хувьд атомын бөмбөгний адил аюулыг байнга нүүрлүүлсэн салбар бөгөөд энд тэндгүй л АЦС барихыг хязгаарлаж, зарим улс бүрмөсөн татгалзаж, хориглож байна. Обама тэгж хэлсэн гэх юм өөр эх сурвалжид үгүй бөгөөд 1.6 тэрбум харийнхны төлөө Монголд АЦС барих гэж байна гэвэл харин үнэний хувьтай.
“Монгол улс эрчим хүчнийхээ хэрэгцээг нүүрсээр хангана гэвэл манай экологи даахгүй. Атомын цахилгаан станцыг бодвол нүүрсний станц 100-400 дахин их цацраг идэвхит бодис ялгардгийг баталсан. Монголын айл болгон шахуу утаа гаргадаг жижигхэн дулааны цахилгаан станцтай. Гол аюул нь манайхны өвлийн цагт түлшиндээ хэрэглэдэг нүүрсэнд уран, тори зэрэг цацраг идэвхит бодис агуулагддагт байдаг. УИХ, Засгийн газраас Монголд ойрын 10 жилд атомын цахилгаан станц байгуулахаар шийдвэрлэсэн. Учир нь Монголд буй ордуудаа ашиглаж, 7000 км урт төмөр зам тавьж, хэдэн зуун мянган орон сууц барья гэвэл асар их эрчим хүч хэрэгтрэй” гэж сүүлийн үеийн тэргүүн зэргийн PR-чнуудын нэгээр тодроод байгаа академич маань ухуулжээ.
Экологио бодоод АЦС-ыг сонгох гэж буй бус, эрчим хүчний эх үүсвэрүүдээ харийнханд бэлэглэж, сонголтгүй болгох гэж буйд л гол учир нь орших шүү дээ. 100-400 дахин их цацрагийн тухайд бол манай дэглэмчид л ийм юм яриад байдаг болсон, айлуудын “ДЦС”-ыг “гал зуухны АЦС”-аараа солих юм байлгүй. Яагаад гэвэл уранд уран байдаггүй, нүүрсэнд уран байдаг гээд байгаа юм чинь.
Асар их эрчим хүч хэрэглэж ойрын үед хэдэн буман орон сууц барих боломж манайд үгүй юм, санхүүгийн ундарга нь болох ёстой уул уурхай харийнхны атганд бүрэн орсон. Манай баялгийг цөлмөх, түүнийг тээвэрлэх төмөр зам тавих, харийн ажилчин-колонистуудад зориулж сууц барихад зориулж асар их эрчим хүч хэрэглэх шаардлагатай болсон гэвэл сая үнэнд ойртоно.
“Цахилгаангүй байлгаж байгаад, баялгийг нь зөөх гэсэн харийнханд үйлчилж байна” гэж эрдэмтэн шударга тэмцэгчдийг буруутган ярьжээ. Тэгвэл өөрсдөө баялгийг зөөх гэсэн харийнхныг цахилгаанжуулах зорилгоор АЦС бариулах гэж байгаа байх юм.
Цөмийн асуудалд нэр холбогдсон эрхмүүд бултаараа л “би атомын аюулын эсрэг цогтой тэмцэгч, анхдагч” гэж тунхаглаж, холбогдуулж бичиж зүрхлэгсдийг шоронд хийж, шонд өлгөх нь холгүй байдаг болж. Нэг том дарга үүнийг бичигчийн хувьд тийм асуудал үүсгээд байгаа бөгөөд, өөрөө болохоор миний бичсэнчлэн “цөмийн хаягдал булах асуудлыг хуульчлуулаагүй”, харин “цөмийн хаягдал булах тэмдэгтийн хураамжийн асуудлыг хуульчлуулсан” тул энхийн цагаан тагтаа гэнэм. Энд үг нь ихээхэн эшлэгдэж буй мундаг суртал нэвтрүүлэгч маань ч: “Би УИХ-ын гишүүн байхдаа Монголын нутаг дэвсгэр дээр хадгалах болон Монголын нутгаар хортой материал, бодисыг зөөх, авч ирэхийг хатуу хориглоно гэсэн заалт бүхий хуулийг батлалцсан” гэжээ.
Гэхдээ ер нь шал дэмий хууль батлалцчихсан бололтой. Яагаад гэвэл Монголд хорт матэриал, бодис авчрах гэсэн хэн ч үгүй бололтой. Америкчууд энэ хүнд: “Бидэнд хаягдалтай холбоотой асуудал байхгүй. Харин ч хадгалж буй хаягдлаа буцаагаад атомын цахилгаан станцын түлш болгон хэрэглэнэ” гэж хэлсэн гэнэ. Дотоодынхоо АЦС-иас гарах хорт матэриал, бодисыг манай улс яах вэ гэхлээр, “гаднаас рэактор авч ашиглаад, буцаагаад өгчих тул ямар ч хаягдал гарахгүй” гэнэ. Иймэрхүү Мянгуужин, яг эсрэгээр нь ярьдаг Далан худалчууд төрд маань нэн их эрэлт хэрэгцээтэй байгаа тул өндөр авсаар байна.
Фукушимагийн АЦС-ийн ослын тухайд тэрбээр: “Лабораторийн нөхцөлд туршиж болохгүй, туршлаа гэхэд асар их зардал гаргах туршилтыг байгаль дэлхий явуулсан. Энэ утгаараа Фукушимад хийгдсэн туршилт зохион бүтээгчдэд их ач холбогдолтой” хэмээн маш сайхан юм болчихсон аятай зүйлийг ярьжээ. Монголд цөмийн гэноцид болж, улс үндэстэн устсаны дараа “их ач холбогдолтой, янзын гоё туршилт боллоо” л гэх хүн юм…
Устөрөгчийн бөмбөгийг зохион бүтээсэн Эдвард Тэллэрт өөрийнх нь тухай Зөвлөлтийн хэвлэлд гарсан үгүүллийн талаар танилцуулжээ. Тэр нь “Людоед” (Хүний махан хүнстэн) гэх гарчигтай байж. Чингэхэд Тэллэр ихэд хөхин басч: “Лю-до-ед! Лю-до-ед!” хэмээн дахин дахин хэлж, бараг цам харайжээ. Дэргэдэх хүмүүс нь “энэ чинь үнэхээр людоед үү дээ?” гэж гайхсан гэдэг. Тэгвэл, Монголд цөмийн гэноцид зохион байгуулахыг санаархаж буй “людоед” цөөнгүй байна. Тодруулж хэлбэл, “монголоед”-үүд юм даа.
2. Чернобыль, Семипалатинскийн хогийг ч манайд булж мэдэх болов
90-ээд оноос хойш дарга нар маань хөөцөлдөж, гуйланчилж, бялангачилж гүйсээр, Монголыг Дэлхийн цөмийн хогийн сав, туршлагын туулай, мэлхий болгох олон улсын төслийг босгож чадсан юм билээ. Яг л Монголын хамаг алт баялгийг цөлмөх дэлхийн нэоколонист төслийг босгож, хэрэгжүүлж байгаа шигээ.
Урьд цөмийн зэвсэггүй бүс болох тухай, хорт хаягдлын тухай зэрэг хуулинд зааж байсныгаа уландаа гишгэн дэвсэлж, 2009.07.16 буюу найр наадмын сэзоны ид үеэр бөөн хууль, тогтоол дунд шургалуулан Цөмийн энэргийн хуулийг сэм баталж, дараа нь бараг нууцалсан тул олон нийт ойшоолгүй өнгөрч. Уг хууль нь цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглана гэх зэрэг үг үгүүлбэртэй тул шал утгагүй утопи юм байна хэмээн бодоод өнгөрөгсөд ч буй байх.
Тэгвэл уг хуулийн 3-р бүлгийн 15-р зүйлд цөмийн хаягдлыг импортлох, тээвэрлэх, булшлахад зөвшөөрөл олгоно гэсэн байгаа. Чингэхлээр, Монгол улс цөмийг энхийн үйлсэд ашиглах зорилт тавьж, тэрэнд нь цөмийн хаягдал багтаж. Дараа нь яах вэ? Хуулиа хэрэгжүүлэх л үлдэж.
Монголыг устгаж болох л зүйл гарвал дэлхийн хэмжээнд л сэтгэдэг, хийдэг улс чинь хэрэгжүүлэхийг ч үзүүлж өгч дээ. Японы ЗГ, Монголтой найрамдалт харилцаатай гээд манай дарга нарын гуйлтад цааргадуу ханджээ. Тэгэхлээр нь Тошиба, Мицубиши компанийханд далай их олз ашиг амлаж байж, ЗГ-т нь нөлөөлүүлэх арга хэмжээ авсан агаад, үүнд идэвхийлэн зүтгэсэн Л гэдэг дипломат “Арэва”-д үйлчилж явсан туршлагатай нэгэн гэнэ. Фукушимагийн ослоос хойш Япон цөмийн ямар ч шинэ төсөлд оролцохгүй, шинэ төсөл сэдэхгүй гэжээ. Олигархиуд маань Монголд хамаг асуудлаа бул, төвлөрүүл гэж гуйсаар байр суурийг нь хэлбийлгэж.
Олон хүн ерөнхийлөгч л цөмийн аюулаас аврах байх гэх ухааны юм хэлж, Ванчин богд шороон түмэн цэрэгтэйгээ ирж гялайлгах гэнэ гээд залбирч мөргөж байсан шиг л байдалтай сууцгаах юм. Гэтэл тэр хүн нь цөмийн асуудалд хамгийн их нэр холбогдогсдын нэг байсаар ирэв.
Манай хэвлэлүүдэд “Монголын ерөнхийлөгч Энэтхэгийнхээс төдөн см өндөр” ч гэх шиг, магтах гэж бүр аргаа барж байсан. Энэтхэгийн The Evening News-д: Монголын ерөнхийлөгч өндөр өсгийт өмсөж, манай ерөнхийлөгчөөс өндөр болов гэж бичсэн гэх шив. Энэ мэтийг уншаад инээлдээд өнгөрөгсөд бишгүй цөөнгүй ч инээд хүргэхээргүй мэдээлэл багагүй л сонсдох юм. Манай тэрхүү өндөрлөг 2009 оны есдүгээр сард Энэтхэгт айлчлахдаа цөмийн элдэв тохиролцоо хийсэн, сая Энэтхэгийнх ирж баталгаажуулав гэж гадаад дотоодын хэвлэлүүд, зүтгэлтнүүд мэдээлсэн.
АНУ-д сүр дуулиантай айлчилж, ардчиллын төлөө гавъяа байгуулсан гэж том шагнал хүртсэн. Гэтэл удалгүй, ардчиллын асуудлаар шагнаагүй гэнэ шүү гэх хардлага гарав. Эрхэм ерөнхийлөгчийн айлчлалын дараа Цагаан Ордноос мэдэгдэл хийхдээ, Mongolian Nuclear Initiative (Монголын цөмийн санаачлага)-ийн талаар ахиц гарлаа гэх утгатай зүйлийг дурджээ. Монголын цөмийн санаачилга, Дэлхийн Цөмийн Хангамжийн төсөл, 123-р баримт гэх зэрэг хулгайч луйварч ажиллагааны далдлах нэрийн цаана цөмийн гэноцид л нуугдаж байгаа буюу. Ерөнхийлөгчийн айлчлалын хариуд АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байдэн ирж, цөмийн асуудалд ихээхэн хэмжээгээр холбогдон яригдаж байгаад явсан.
“Ард түмний ерөнхийлөгч”-ийг маань Украинд бага залуу насаа дурсаж, хувийн айлчлал хийлээ гэж бишгүй шүүмжилсэн. Тэгвэл өнөөдөр ерөнхийлөгчийн айлчлал болгон, цөмийн хэрэг явдалд хардагдах болов. Чернобылийг нүүлгээд аваад ирэх юм биш биз хэмээгсэд ч буй. Финландад хийсэн айлчлал, Финландын талын хариу айлчлал ч мөн тийм реакци төрүүлж байна. Энэ улс бол бас л их цөмийн хүнд асуудалтай.
Ерөнхийлөгчийн хүмүүс, цөмийн талаар яриа гаргасан улсыг олж тогтоож, арга хэмжээ авна, ҮАБЗ, тагнуул, хүчнийхэн энэ талаар ажиллаж байгаа гэж сүрдүүлцгээх юм. Нэг зөвлөх нь, ерөнхийлөгчийн маань айлчлалын үеэр АНУ-ын тал цөмийн хаягдал булшлах санал тавиад зад загнуулаад хөөгдөөд гарсан гэх нь холгүй сонин юм хэлж орхисон талтай.
Ташрамд хэлэхэд, энд ерөнхийлөгчтэй холбоотой цөөнгүй мөр бичигдсэн нь түүнийг буруутай гэж ойлгуулж, ухуулж, баталж буй хэрэг бус бөгөөд, сүүлийн үед олдсон мэдээллүүдийг л эвлүүлэн, сэдэвт тохируулж шигтгэлээ.
Ерөнхий сайдыг 2011 оны 1-р сард Монголд цөмийн хаягдал булшлах тухай Эмирт гэлүү улстай тохиролцсон гээд байгаа. Хөдөө явна гээд АНУ-ын цөмийн бүс нутгаар аялж нууц юм хийсэн л гэх. Бас л цөмийн санал тавьсан гадаадынхныг загнах гэж явсан байгаасай даа л гэж залбирах уу.
“Орос Хятад хоёр нутгаараа тэр хаягдлыг өнгөрүүлэхгүй нь мэдээж шүү дээ. Тиймээс Монголд булшлах ямар ч боломж байхгүй” гэж мэлзэх явдал байна. ОХУ эртнээс Монголд төрөл бүрийн атомын ажил хийхийг сонирхож, ерөнхий сайд асан Кириенко ч энэ асуудлаар манайд ирж байсан. Тус улсын компаниуд Монголд цөмийн хог булшилж болох газруудыг судалж, ажилтнууд нь манайд хэрэн хэсч, уурхайн хаягдсан цооногуудыг бүртгэж яваа биш билүү. Хуульд заасны маань дагуу мэргэжлийн булшлагчид л дээрхи ажлыг гүйцэтгэж болно, “мэргэжлийн” гэдэг нь манайд “хятад ажилчид” гэж ойлгогддог болсон. БНХАУ-ын иргэд Монголд визгүй зорчих болоход бараг халаасалж орж ирээд хаа сайгүй тарааж хаяад байх дүр зураг тархинд буух юм.
АЦС-ыг Улаанбаатарт барих нь хамгийн аюулгүй гэсэн шахуу юм ярьдаг УИХ-ын гишүүн буй. Гэтэл Улаанбаатар хот газар хөдлөлийн эрсдэлийн хувьд дэлхийн хамгийн аюултай газар, 10-аас дээш баллын л магадлалтай юм гээ биз дээ? Монгол орон тэр аяараа газар хөдлөлтийн өндөр идэвхжилтэй, тэрийг нь уул уурхайн чичиргээт тандалт, тэсэлгээ зэрэг элдэв үйл ажиллагаа өдөөгөөд сэрээгээд байна гэдэггүй билүү. Газар хөдлөлөөс болж Монголд ер нь хүн амьдрах боломжгүй гэх нь холгүй байдаг нь яалаа?
Манай Цөмийн элчин сайд ч гэх шиг хачин ажилтай, хамаг атомын нүглийг үйлдэж явдаг гэх эмэгтэй буй бөгөөд цөмийн хаягдал булшлах бизнэсийг гэр бүлийн хүнтэйгээ хоршиж хийнэ гэж мэдээлэгдэв. Аргагүй л Цөмийн элч юм! Эрлэгийн элч гэчихсэн ч яахав. Түүнийг нэгэн намын даргын хүн гэх агаад, тэр намд залгигдчихсаны тул байгаль хамгаалах чиглэлийн нам маань харин ч цөмийн хуйвалдааны эсрэг тэмцлийг дарах ажил хийлцэж явдаг болжээ.
Энд тэнд гараар уран олборлосноос болж, цацрагийн хордлого гарлаа л гэдэг. Улаанбаатарын орчимд (Богд ууланд ч гэлүү) ч тийм явдал гарсан. Гэтэл тэр нь уран олборлосон бус, ураны хаягдал булсан хэрэг гэж бичигдэж эхлэв. Дэлхийн 300 гаруй мянган тонн цацрагт хаягдлыг цөмийг нь нэг амьсгаагаар, нэг дор булах албагүй бөгөөд, ганц поошгийг авчраад булахад ч шаггүй унацтай гэдгийг хулгайч луйварчид маань мэдэлгүй яах вэ.
“Нью-Йорк таймс” сонинд Монголын цөмийн санаачлагын дагуу АНУ цөмийн хаягдлыг бүр хадгалах агуулахын ажлаа зогсоож, 160 гаруй мянган тонн хаягдлаа Монголд булшлах болоод байна, дээрхи Монголын санаачлагыг 45 орон сонирхож байна гэжээ!
Бүх улс цөмийн бүх байгууламжийг Монголд барина гэдэг, бүгдийг нь Монголын тал хүлээж авдаг гэж Викиликсийн дэлгэсэн матэриалд үгүүлжээ. Цөмийн зэвсгийн полигон ч барьж магад. Гадныхан Монголын хууль юу ч биш гэж үздэгийг ч тэр сайтад илчилсэн байна билээ.
3. Монголчууд цөмийн хордлогод өртөөд эхэлсэн
Миний бие 2007 онд мухар олгойн үрэвслээс болж есөн хоног эмнэлэгт байхдаа,цацрагийн хордлого авсан залууг харсан юм. Олон сар тэнд эмчлүүлж буй залуу хэвтрийн асаргаанд бүрэн орсон байсан агаад, сахиуртайгаа л байх тусгай өрөөнд нь сувилагч боолт хийхээр өдөр бүр орно, зовиур шаналалын дуу тасгаар нэг хадна. Эцэг нь цагтаа чадварлаг дипломат явсан мундаг хүн, үрийнхээ зовлонг хуваалцан, 24 цагаар сахиж, их л хүнд хэцүү байдалтай байдаг байлаа. Тэр залуу гадаадын цөмийн компанид орчуулагч л байжээ. Өвчлөхөөсөө өмнө эрүүл чийрэг, хүдэр бадар, рокэр байкэр, чанга эр асанжээ.
Цөм гэдэг тоглоом биш. Хэрэв Монгол улс үндэстэн минь цөмийн хордлого авбал сахиур олдохгүй шүү!...
Ард түмээн! Аюулт цөмийн харгислалын эсрэг эрслэн босох цаг ирлээ. Дэглэмийг ч унагая, дэлхийг ч өөрчлөе!
45 хүчирхэг улсыг бид яаж дийлэх билээ гэж зарим нь бодож магад. Аугаа баатар Ахиллийн өсгий нь эмзэг байсныг санацгаа. Тэгвэл 45 улсын нууц хуйвалдаан манай дарга нарын “Монголын цөмийн санаачлага” дээр л тогтож буй. Бид энэ санаачилгын эсрэг буйгаа эв санаа нэгтэйгээр хэлэхэд л 45 улсын зарим удирдагчдын мунхаг санаархал нуран унана! Хаагийн эрүүгийн шүүхэд өгсөн ч болох байна, энэ хуйвалдаан эздээ даран унана! Хүй төрлөөрөө цөмд хордон тарчлахгүй гэсэн хүсэл байвал аюулыг таслан зогсоох олон арга зам буй. Хүсэхгүй бол, харин ямар ч арга зам үлдэхгүй.
Ч.Мөнхбаяр
ММХI.VIII.XXXI
www.facebook.com/groups/StopNuclearGenocide
ММХI.VIII.XXXI
www.facebook.com/groups/StopNuclearGenocide
No comments:
Post a Comment