Малчин Мэргэний амь насыг зэрлэгээр хөнөөснөөс хойш өрнөсөн ард олны өргөн шударга эсэргүүцлийг Тяньанмэний болон Уйгурын бослогыг дарсан 38-р арми гээч цэрэг-дайны харгис хүчийг ашиглан байж нухчин мөхөөсөн нь дэлхий дахины жигшил зэвүүцлийг төрүүлсэн билээ. Дэлхийн олон оронд эсэргүүцлийн жагсаал, арга хэмжээ өрнөсний дотор Улаанбаатарт хоёр удаа эсэргүүцлийн жагсаал болсон.
Шударга хүн төрөлхтний дургүйцлийг Хятадын эрх баригчид өчүүхэн төдий ч ойшоосонгүй, бодлогодоо ямар ч өөрчлөлт оруулсангүй. Өвөр монгол малчдын газрыг түрэмгийлэн булааж, бэлчээр нутгийг нь сүйтгэж, амьдрах аргагүй болгосоор байна.
Хичнээн их цэрэг зэвсэг өөрсдийг нь сүрдүүлж заналхийлж, сөрөн зогсч байгаа ч өвөр монгол малчид зүй ёсны шаардлагаар эрслэн боссоор, нухчин дарагдсаар байна. 6-р сард Баруун Баарин хошууны малчид, өөрсдийг нь зүсэн зүйлээр хордуулж, малаа бэлчээх нутаггүй болгож буй уурхайнхны хууль бус ажиллагааг эсэргүүцэн янз бүрийн арга хэлбэрээр тэмцсээр, эцэст нь уурхайн худгийг хаах арга хэмжээ авсан. Гэтэл цагдаагийн хүч тэдгээр малчдыг харгис хэрцгийгээр залхаан цээрлүүлсэн.
7-р сард тус хошууныхан мөн хууль бус үйл ажиллагаа явуулагч Сүй гэгчийг эсэргүүцсэний хариуд, малчдыг үхтэл зодож, малыг нь хүртэл алж хядаж туйлын зэрлэг балмад авирлалаа. Үүнд хилэгнэсэн 1000 малчин жагсаж, шударга шаардлага тавьсан ч мөн л цагдаа цэргийн их хүчинд дарагдлаа. Угтаа бол, тэрхүү хан үндэст дээрэнгүйчүүд л БНХАУ-ын хуулийг зөрчиж, хөсөр хаян дэвсэлж байгаа атал шүү!
Саяхан Жирэм аймагт 400 оюутан сурагч, монгол сургуулиудыг олноор хаан хятадчилж байгаа, монгол оюутан сурагчдад ажил сургууль олдохгүй байгааг эсэргүүцэн жагсаж, бас л төрийн төмөр нударганд дарагдав. Шударга ёс, эрх чөлөөг хүсэмжилсэн өвөр монголчуудын тэмцэл үргэлжилсээр, өвөр монголчууд амь бие хайргүй эрслэн боссоор байна...
Монголчууд бол нэг ард түмэн юм. Мах цусны маань тасархай, нэгэн өрх бүлийн төрсөн ахан дүүс болох өвөр монголчууд ийнхүү хүний болон үндэсний ямар ч эрхийг эдлэлгүй адлагдаж шаарлагдан, хайр найргүй колоничлогдож байхад бид дуугүй сууж хүлцэн тэвчиж чадахгүй ээ.
Сүүлийн үед Монгол улсын өндөр албан тушаалтнуудыг Хятадын нам засгийн их, бага зүтгэлтнүүд: “Танай үндэсний үзэлтнүүдээс болж Өвөр Монгол ийм байдалд оров”, “Та нар үндэсний үзэлтнүүдээ дэмжихээ боль, дэмжихгүй гэж байгаа бол дар, дарахгүй бол бид хатуу хандана” гэхчлэн загнаж дарамталдаг гэх сураг дуулдах боллоо.
Өвөр Монгол яагаад өнөөгийн бэрх хэцүү байдалд орсныг бүх дэлхий даяараа мэдэж байгаа. Хэрэв байдлыг зөв зүйтэй болгохыг хүсвэл, малчдын газрыг булааж, бэлчээрийг сүйтгэж, алж харгислахаа болих хэрэгтэй гэдгийг шударга хүн төрөлхтөн бүгд хэлнэ.
Ар Монголчуудын эндээ ч ихээхэн хавчигдаж дарагдаж байдаг үндэсний үзэл байтугай, ямар ч хэвлэл мэдээлэл Өвөр Монголд нэвтэрдэггүй болохоор манай зүгээс гарсан нөлөөлөл, зохион байгуулалтын талаар ярих аргагүй юм. Харин Монгол улсад хятад иргэдийн сөрөг нөлөөлөл, зохион байгуулалт маш их байсаар ирж, Ар Монголыг улам улмаар Өвөр Монгол мэт болгож байгаа ноцтой үзэгдэл буй!
Гэтэл тусгаар тогтносон Монгол улсын иргэдийн үндэсний үзэлтэй байх зүй ёсны эрх үүргийг үгүй хийх, цаашилбал монголчуудын үндэсний эх оронч үзлийг элдэв түрэмгий санаархлынхаа зөвтгөл, шалтаг болгон ашиглахыг оролдох болсон нь бид бүхний жигшил зэвүүцлийг нэн ихээр төрүүлж байна.
Хилийн чанадын хятадуудын эрх ашиг хөндөгдвөл Хятад улс цэрэг хөдөлгөж болно гэх номнол гарсан гэнэ. Яс үндэс нэгтнийхээ төлөө энэ улс өөр улсад халдан довтолж болно гэж байхад, бид яагаад өөрийн улсдаа үзэл бодлоо илэрхийлэн, үндэс угсаа нэгтнээ өмгөөлөн, дуу хоолойгоо өргөж болдоггүй юм бэ? Хятадууд хятадуудаа ямар ч аргаар өмгөөлж болдог, монголчууд монголчуудаа ямар ч аргаар өмгөөлж болохгүй юу?
Манай улстай стратэгийн түншлэл хэмээх найрамдал нөхөрлөлийн хамгийн өндөр төвшний гэрээг байгуулсан хэрнээ, яагаад ард иргэдийнх нь эрх чөлөөг боомилохыг хичээж, ахан дүүсийг нь алж харгислаж, буруу булхайгаа бусад руу бухаж байна вэ? Стратэгийн түншлэл гэж үүнийг хэлэх үү? Маргаашийн Монгол улсыг өнөөдрийн Өвөр Монгол мэт болгохыг мөрөөдөх нь стратэгийн түншлэл үү?
Бид Өвөр Монголыг хамгаалан энд жагсахдаа Монгол улсаа ч хамгаалж байна. Хэрэв бид өнөөдөр Өвөр Монголыг хамгаалахгүй бол маргааш улс орон маань өнөөдрийн Өвөр Монгол болно. Бид өвөр монголчуудыг өмгөөлөн энд жагсахдаа Монгол улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалж байна. Хэрэв бид өнөөдөр Өвөр Монголыг өмгөөлөхгүй бол маргааш улс маань өөртөө засах орон болно.
Монголчууд аа, бидний тэмцэлд нэгдэгтүн! Бидний тэмцэл бол таны тэмцэл! Та өөрийнхөө тэмцэлд нэгдэгтүн! Хэрэв тэмцвэл бид бүхнийг олж авна, тэмцэхгүй бол бүхнээ алдана! Бүх монголчууд хамтдаа бол хүчтэй! Өвөр монголчуудаа ч юм уу, бусад монголчуудаа алдсаар байвал бидний толгойгоо алдах ээлж бас ирнээ! Хэрэв дэлхийн бүх монголчууд гар гараасаа атгалцан, эв санаагаа нэгтгэвээс үүрд энхжин мөнхжих болно!
Бид энд жагсахдаа Хятадын эрх баригчдад:
Өвөр монголчуудын:
-хүний эрх, үндэсний эрхийг нь хөсөрдүүлэн, улан дороо гишгэхээ больж, эрхэмлэн хэрэгжүүлэхийг шаардаж байна!
-хууль ёсны нутаг усыг булаахаа больж, булааснаа эргүүлж өгөхийг шаардаж байна!
-амьжиргааны суурь, үндэстний оршихуйн тулгуур болсон малын бэлчээр нутгийг сүйтгэхээ больж, нөхөн сэргээхийг шаардаж байна!
-шударга тэмцлийг нь нухчин дарахаа больж, зүй ёсны нь шаардлагуудыг нь хүлээн авч гүйцэлдүүлэхийг шаардаж байна!
Ар монголчуудын:
-үндэсний үзэлтэй байх эрхийг боогдуулахыг чармайхаа больж, хүндэтгэн үзэхийг шаардаж байна!
-үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боомилохыг хичээхээ больж, хүлээн зөвшөөрөхийг шаардаж байна!
-үг хэлэх эрх чөлөөг аян шалтаг болгон, гүтгэн гүжирдэж, түрэмгий санаархал гаргаж, төр засгийг маань дарамтлахаа больж, харилцан хүндэтгэх, тэгш эрхтэй байх, найрамдан нөхөрлөх гэрээ тохиролцоогоо эрхэмлэн дээдлэхийг шаардаж байна!
Сайн үйлс дэвжин дэлгэрч, үнэн шударга ёс ялан дийлж, Монгол үндэстэн мандан бадрах болтугай! Уухай! Уухай! Уухай!
Өвөр монгол түмнээ өмгөөлөх жагсаалд (MMXI.VIII.I) оролцогчид
No comments:
Post a Comment