Thursday, September 29, 2011

8000 доллар төлөөд л хамаг цөмийн хогоо Монголд хаяж болно


Эрхэм хүндэт дарга нар маань цөмийн хаягдлыг Монголд булах ямар ч асуудал байхгүй хэмээн шувуу бүрт үг зааж, шуудан бүрт захиа дайн цамнаж буй ч, өөрсдөө аль ээ эрт цөмийн хогийг Монголд төлбөртэйгээр булшлах үйлчилгээг хуульчлах ажилд оролцсон  байдаг аж.
УИХ-ын шударга үгтэй гишүүд гэгдэх Г, Б нар 2011 оны 5-р сарын 2-нд “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл”-ийг өргөн барьжээ. Түүнийг 6-р сарын 9-нд соёрхон баталсан байна. Тэр дундаа цөмийн мина булсан байжээ.
Уг хуулийн нэмэлт буюу, 34-р зүйл, “Цацраг идэвхит ашигт малтмал, цөмийн энэргийн чиглэлээр зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ”-ний 1.4, 1.5-д цөмийн хаягдал импортлох, тээвэрлэх, булшлахад 8.5 саяас 250 сая төгрөгийн хураамж төлнө гэж тов тодорхой заажээ. Манайд АЦС барих, уран олборлох, цөмийн тэхнологи нэвтрүүлэхэд гарах хаягдлыг нь булах гэсэн үг гэж булзах аргагүй юм. Гаднаас оруулна, тээвэрлэнэ гээд хэлчихсэн, хуульчилсан байна. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.18-д 2009 онд мөн чингэж мина булсан аж.

Ийм хөгийн арга мэхийг дарга нар олонтаа хэрэглэж, монголчуудыг хуурч, луйвардаж, хохироож байсаан. Монгол улс Оюутолгойн 34 хувийг эзэмшинэ гэчихээд, энэхүү ХОГ (Хөрөнгө оруулалтын гэрээ)-нийхээ зэрэгцээ ХНГ гэгчийгээ хэнэггүй гэгч байгуулаад (хувь нийлүүлэгчийн гэрээ), нууцын зэрэглэлтэй тус баримт бичигтээ Монголын тал зургаан хувийг эзэмшинэ гэж заан хэрэгжүүлж байсан. Цөмийн хаягдал оруулахгүй, нутаг дээрээ өнгөрүүлэхгүй, булшлахгүй гэж хуульчилсан хэрнээ, өөр хуулиар бүгдийг нь зөвшөөрөөд, төлбөр ялбарыг нь хүртэл заачихсан байгаа юм. Ард түмэн, улс үндэстнээ сөнөөж мөхөөн байж, цөмийн мөнгийг нууцаар халааслах гэж, яахаас ч буцахаа байсан дарга нар маань ээлжит хууль бус хуулиа гарган, улангасан дайрч байна.
Японы гадаад яамны дэд сайд Монголд цөмийн хаягдал булах асуудал яригдсан гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Манайд цөмийн хаягдал 2006 оноос булаад эхэлсэн шиг байдаг. Тэр жилийн нэг эсэргүүцлийн арга хэмжээн дээр Дорнодын төлөөлөгчид тэр талаар маш их баримт нотолгоотойгоор хэлж ярьж байсан. Бүр социализмын үеэс оросууд булж ирсэн шиг билээ. Энэ оны 6-р сарын 8-ны эсэргүүцлийн жагсаал дээр нэг ахмад настан тэр асуудлаар том илтгэл уншсан. Түүнийг нь ямар ч хэвлэл мэдээлэл хүлээж авахгүй байна гэсэн. 1993 онд үүнийг бичигч Монголд нууцаар цөмийн хаягдал булшилдаг талаархи мэдээллийг нийтлэх асуудалд оролцож байсан билээ. Гэхдээ урьдын явдлууд бол бага цар хүрээтэй байж.
Дэлхийн цөмийн хогийн савны асуудал бол тийм биш юм. Уул уурхай гэсэн нэр хаягийн дор олон хаалттай бүс буй болсон агаад тийш монгол хүн, нохой орох хориотой, зөрчвөл бууддаг. Тэдгээр хаалттай бүсүүдэд Дэлхийн цөмийн хогийн сав байгуулах асуудал хэрэгжиж эхэлсэн гэх түгшүүрт мэдээ дуулддаг.
АЦС барихад 1.7-2 тэрбумыг зарцуулдаг бол тэр агуулах барихад 20 тэрбумыг зарцуулдаг аж. Яагаад ийм өндөр зардал гардаг вэ гэвэл, цөмийн хаягдал маш их хор хөнөөлтэй. Ташрамд, цөмийн хаягдлаас бусад асуудал ямар ч хор хөнөөлгүй гэж манай нам засаг ухуулдаг нь (цөмийн хаягдал булах аян шалтаг болгох зорилгоор) оргүй худал бөгөөд, АЦС цагт 100 мянган литр ус хэрэглэдэг байна. Тиймээс далайтай ойрхон барих нь олонтаа. Манайх шиг далайн гарцгүй орон бол хамаг усаа хордуулж, ширгээж дуусгах юмсанж. Энэ мэт жишээ бишгүй.
Монголын цөмийн гэноцидийн хэрэгт улам олон хүний нэр холбогдсоор байна. Шударга сайхан хүн болж харагдахын тулд Г гишүүн явган таваргаж, Б бөө болж үзсэн. Юуны төлөө алхаж, юуны төлөө бөөлж байж вэ дээ. Ерөнхийлөгчийн маань нэр төдийгүй АНУ-д авсан шагнал нь холбогдон яригдаж эхэллээ. АНУ-ын дэд ерөнхийлөгч Байдэн мөн цөмийн асуудал хэлэлцэх гэж ирэв гэгдлээ.
АНУ-ын дэд ерөнхийлөгч Г.Уоллэс айлчилснаас хойш тийм зиндааны гийчин буюу, ерөнхийлөгч Ж.Буш айлчилтал бараг 60 жил өнгөрчээ. Гэтэл хэдхэн жилийн дараа дэд ерөнхийлөгч нь ирж байна. Цөмийн дуулианы үеэр, уг асуудалд АНУ-ын удирдлага холбогдоод байхад шүү. Шалтгаан нь юу вэ?
Шалтгаан нь гэвэл, АНУ-ын цөмийн хаягдлыг зайлуулбал Обама Байдэн хоёр ардын баатрууд болж мөнхжих юм. Ард түмнийхээ төлөө тэд юу ч хийхээс, юугаа ч золиослохоос буцахгүй байна. Гэхдээ Америкийн ард түмэн Монголын ард түмнийг тарчлаан зовоож, цус нулимсыг нь ууж, мах ясыг нь идэж хэмлэн жаргахыг хүсэхгүй билээ. Тэгэхлээр дээрхи хоёр толгой хохимой толгой болох ялт хэргээ хийчихжээ.
Харин манай дарга нар ард түмнийхээ эсрэг юу ч хийхээс, юугаа ч золиослохоос буцахгүй байна.

Ч.Мөнхбаяр
ММХI.VIII.XI
http://moenhbayar.blogspot.com

No comments: