Латин Амэрикад аймаар монголчууд гэдэг аймшгийн хүмүүс мөн олджээ
Монгол улсын иргэдийг монгол туургатан дундаа юм санаж сэтгэхдээ муу нь, монгол туургатны үйлсэд оролцох байтугай ойлгодог ч үгүй гэх ойлголт мэр сэр байсан. Тэгвэл өнөөдөр байдал өөрчлөгджээ.
Монгол туургатны үйлсийн залуу зүтгэлтэн Д.Бямбахүү гэдэг Амэрикад амьдардаг залуу Дэлхийн монголчуудын өв соёлын сан гэх нэр хүндтэй байгууллагын гол хүмүүсийн нэг болжээ. Энэ байгууллагын шинэчилсэн зохион байгуулалтын дагуу Монгол улс, Өмнөд Монгол (БНХАУ-ын монголчууд), Буриад, Халимаг, Тува, Алтай, Хазараас хоёр хоёр хүн УЗ-д нь оржээ.
Монгол туургатны энэ байгууллагын үйл ажиллагаанд хазарууд маш идэвхитэй оролцож байгаа аж. Нэг хазар бизнэсмэн тус сангийн офисийн нэг жилийн төлбөрийг хийж, хазаруудаар засал чимэглэлийг нь сангаас төлбөр авалгүйгээр хийлгүүлж байгаа аж.
Д.Бямбахүү ах дүү хотуудын талаар судалгаа хийдэг агаад, Хазарын нэг хотыг Улаанбаатартай ах дүү болгох асуудлыг санаачилжээ. Үүнийг хазарын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний зүтгэлтэн А.Гизаби дэмжиж, Дайкүнди мужийн төв Нили хотыг ах дүү болгохоор хөөцөлдөж, удирдлагаар нь шийдвэр гаргуулан, асуудлыг хэрэгжүүлэхээр Монголд ирээд байгаа билээ.
Хилийн чанадын монголчууд эвлэж нэгдэн, ийнхүү ихийг бүтээж байхад, Дэлхийн монголчуудын, Монгол туургатны гэх сүртэй нэр хаягтай олон байгууллагуудын байдал хөөрхийлөлтэй. Тэр байгууллагуудын босс, социализм-капитализмыг дамнуулан номэнклатур-олигарх явсан нэгэн Улаанбаатарт ирсэн монгол туургатан найзаасаа бүтэн сар зугтаж, дахин дахин ирэхэд нь ахин ахин зугтсан шившигт явдал буй. Уг нь Монгол улсын дарга нар АНУ-д хөлөө олохгүй явахад нь тэр хүмүүн их л тус болж байжээ. Зүгээр нэг гадаад хүнээс зугтсан биш, өөрт нь их тус болж байсан хүн холбоонд нь зон олноо элсүүльеэ гэхэд албан үүргийнхээ дагуу хүлээн авч уулзахын оронд зугтаж байна гэдэг!
Сая би Дэлхийн монголчуудын чуулган гэдэг лут байгууллагын World Mongols гэх хавтан дээрээ дүүрэн чононуудын зураг эвлүүлж хэвлэсэн сэтгүүлийг үзлээ. Сэтгүүлийн УЗ-ийн гишүүд гэхэд л П.Очирбат, Л.Түдэв, Н.Энхболд, Ч.Ганзориг, Д.Цахилгаан, Б.Энхтүвшин, Ё.Баярсайхан зэрэг баахан дарга сайд, доктор профессор. Ажилтан нь өчнөөн.
Гэтэл энэ холбооныхон Монгол үндэстний талаар ямар ч ойлголтгүй байдаг нь тодорхой болсон юм. Тэд монгол үндэстнийг хайж олох гэж халуун жунглид чупакабра хайх адил үйлээ үздэг юм билээ. Чуулганы дэд ерөнхийлөгчдийн тоонд Сувэр Аккан, Сиа Ион гэж турк, сингапурын хятад хүмүүс байна. Дэлхийн түргүүд юм уу, Дэлхийн хятадуудын чуулган биш байлтай. Ц.Гомбосүрэн дарга нь үүнийг монголчуудын анд найз нарыг дэлхийн монголчуудад хамруулна гэж тайлбарлажээ. Дэлхийн хятадууд яагаад дэлхийн монголчууд болж хувирдгийн учир энэ.
Зорилго нь гэхлээр монгол бичиг, ЮНЕСКО-д соёл бүртгүүлэх гээд өөр байгууллагуудын тэртэй тэргүй хийж ирсэн ажлуудыг яриад, монгол туургатны тулгамдсан асуудлуудыг огт ярихгүй байгаа юм.
Манай их мундаг соён гэгээрүүлэгч, баатар, доктор профэссор хүн Этиопод хар монголчууд байна, Амэрикад Ижболдин гэж монгол байна, Парижид Ропшинский, Энэтхэгт Жамбаа гэж монгол байна, Индонэзид маш олон монгол хүн байдаг, төр барилцаж байна, Латин Америкад хэцүү, аймаар зэрэг монгол байна гээд л монгол хүн олох гэж мачийсан юм ярьж байгаа юм.
Ж.Н.Бурхинов гэх монгол туургатны эрхийн төлөө цогт тэмцэгч, Нобэлийн шагналд нэр дэвшиж байсан домогт хүн өмнө нэг ирэхэд Д.Цахилгаан дарга Бурчинов гэдэг 85 настай өвгөн хүртэл ирсэн гэж хачирхан ярьж байж билээ. Гэтэл энэ сэтгүүлд хэлэх үгээ олж ядаад, монгол туургатан хүн гэж аргалсан байгаа юм. Арай л кроманьон хүн гээгүй байна билээ.
Башкир, татаруудыг урьсан чинь ирээгүй л гэнэ. Монгол туургатан гэж урьсан байгаа юм шүү, “Монгол туургатны найз хятадууд” гэсэн статустайгаар урьсан бус. Буриадын эртний өлгий нутаг бол Иракад байдаг Наян Наваа л гэнэ. Арабад байна, Казах бараг тэр аяараа Монгол л гэнэ. Энэтхэг судлаач Н.-гийн судалгаагаар бол Хималайн ар өврөөр 20 монгол үндэстэн бий, тэдний төлөөлөл бодоо үндэстэн, ладак үндэстэн энэтхэгчүүд манай чуулганд оролцов л гэнэ. Таиланд, Лаос, Бирм, Малайзад шороон түмээрээ байгаа гэх.
90-ээд оны эхээр үүнийг бичигчийн ажилладаг сонинд нэг хүн Лаост гурван сая монгол хүн байдаг гэсэн матэриал авчирч нийтлүүлнэ гэж дайрахад, сониныхон бараг л галзуу солиотой хүн гэж үзэн хөөж тууж байж билээ. Одоо тийм хүн дарга сайд, доктор профэссор болдог болжээ.
Ч.Мөнхбаяр
No comments:
Post a Comment