Буриадын олон зүтгэлтэн хорьдугаар зуунд монголын эв нэгдлийн санааг мандуулж ирсэн, өнөөдөр ч хэвээрээ байна. Бүх буриадуудыг Буриадын БНУ-д ирүүлж, титул үндэстний хувийг өсгөн, унаган хүн амын байр суурийг бэхжүүлэх "Ордын хөдөлгөөн" үйл ажиллагааг тэд үүсгэж байв. Хорьдугаар зуунд буриадууд хэд хэдэн удаа Монголд олноор нүүн ирсэн. Буриад зон монгол түмний эв нэгдлийг эрхэмлэдэг сэтгэлдээ хөтлөгдөн юун түрүүн Монгол улсад шилжин суурьшиж эхлэх магадлалтай.
Өвөрмонголчууд 1910-аад болон 1940-өөд онд Монгол улсад нэгдэх хүслээ илэрхийлж, мөн нүүн ирж сууж байснаар нь сум хүртэл байгуулж байв.
Өнгөрсөн зууны 30, 40-өөд онд гарамгай эх оронч Дэмчигдонровын удирдлагын дор тусгаар тогтнолын төлөө тэмцэж байсан өвөрмонголчуудын үндэсний үзэл сүүлийн үед их сэргэж, мөн Монгол улсад маш элэгтэй болсон. Өвөрмонголчууд Монгол улсад ирэхийг хүсэх нь дамжиггүй.
Тува 1910-аад он хүртэл ямагт Монголын бүрэлдэхүүн хэсэг байсан ба 20-иод онд Монгол улстай нэгдэх тэмцэл гаргасныг оросууд нухчин дарсан. 40-өөд он хүртэл Буриадын нэгэн адилаар Монголд нэгдэх үзэл тэнд хүчтэй байв. 90-ээд онд монгол үндсээ сэргээх тэмцэл үүсэхэд оросууд нухчин дарж, тэнд зохиомол хямрал үүсгэж, монголчуудын эсрэг турхирах болсон. Хэрэв тувачуудыгаа аваад ирвэл монгол хоорондын зөрчил арилна. Хил залгаа Алтайн БНУ-ын ойрдууд, мөн алс холын Халимагийн болон Афганы монголчуудыгаа ирүүлж, бүгдээрээ элэг бүтэн амьдарцгаахсан. Үүнийг хүсэхгүй монгол хүн бий гэж үү.
Монголчууд ирснээр эдийн засаг хүчирхэгжинэ. Буриад, Халимаг, Өвөр Монголоос үйлдвэр, үйлчилгээ, бизнес шинжлэх ухааны чадварлаг мэргэжилтнүүд ирж, УААА-г шинээр зохион байгуулж хямралаас гаргахад хувь нэмрээ оруулна. ОХУ, БНХАУ-аас Монгол гаралтан мэргэжил сайтай ажиллах хүч ирнэ. Аж үйлдвэр, уул уурхай, их барилга сэргэж шинэ салбарууд үүсч, хот суурингууд баригдана. Малыг хашиж өсгөх туршлагатай Өвөр Монголчууд, эрчимт мал аж ахуйн уламжлалтай Халимагууд манай өнөөдрийн бэлчээрийн натуралист арга барилыг үндсээр нь өөрчлөхөд тусална. Манайхантай ижил нөхцөлд газар тариаланг үр дүнтэй хөгжүүлж ирсэн Өвөр Монгол, Халимаг, Афганы тариаланчид ХАА-г өөр түвшинд хүргэнэ. Монгол хэл соёл төсөөлөхийн аргагүй өндөрлөгт гарч хөгжиж баяжина.
Энэ зохих хэмжээний баталгаатай, хүлээн зөвшөөрөгдсөн газар нутаг дээрээ аль болох олон Монголчуудыг байлгах нь л үндэстний насыг уртасгана. Хэрэв ирээдүйд их гүрнүүд дэлхийн газар нутаг баялагийг тэгш хувааж авах санал дэвшүүлбэл зөвхөн өнөөгийн Монгол улсын иргэд (3 саяас илүү өсөхгүй байх магадлалтай) багахан газар нутаг авч өчүүхэн дээрээ өчүүхэн болно. Хэрэв арав, хорин саяулаа байвал тийм байдалд хүрэхгүй.
Харин ч газар нутгийн өөр нэгэн чухал асуудлыг дэвшүүлж тавих хэрэгтэй. Бүх Монголчуудыг Монгол улсад нүүлгэн шилжүүлэхтэй холбогдсон чухал асуудлыг дэвшүүлэх шаардлагатай. Олон сая Монголчуудыг авчрахад үндэстэн маань их хэмжээний газар нутгаа алдахад хүрч байна. Харийн түрэмгийлэгчид Монголын аль сайхан нутгуудыг эзлэн авч байсан билэө. Байгаль нуур, Соён, Алтай, Хянганы нуруу, Өмнийн их говь, Хөх нуур, Ижил мөрний сав газар асар их баялаг, хэтийн төлөвтэйгээ орхигдох болно. Тэгэхээр компенсаци болгож, Хятад Оросын хилийн дагуу буфер бүс маягтайгаар далайн гарцад хүрэх коридорыг гаргаж өгөхийг тус улсуудаас хүсэх, шаардах хэрэгтэй юм. Орхигдсон газраас хэмжээгээр бага боловч, Монголын хувьд стратегийн их ач холбогдолтой уг коридор манай түгжигдмэл, хязгаарлагдмал байдлыг эгнэгт арилгах учиртай.
Энэ мэтчилэн бүх Монголчуудыг нүүлгэн суурьшуулах нь бидний хамаг асуудлыг шийдэж өгч, ирээдүйг маань жинхэнэ гэрэл гэгээтэй байлгах мэт санагдана.
Ч.Мөнхбаяр 2001
No comments:
Post a Comment