Өдгөө дэлхий нийт цөмийн хаягдлыг найдвартай аюулгүй болгох арга тэхнологийг боловсруулаагүй байна. Хэзээ шийдвэрлэгдэх нь тодорхойгүй маш хүнд, ээдрээтэй асуудал бөгөөд, түр агуулахын аргаар л аргацааж, ийш тийш зөөсөөр байгаа ажээ. Тогтсон чиг хандлага гэвэл, тухайн улс цөмийн хаягдлаа өөрийн нутаг дэвсгэрт хадгалах зарчим юм. Улс бүр цөмийн хаягдлыг гаднаас оруулж агуулахгүй, дамжуулан өнгөрүүлэхгүй гэсэн хуультай болсон агаад, Монгол улс ч мөн адил. Цөмийн хаягдлаа бусад оронд нэвтрүүлэх ямарваа оролдлогыг, тусгаар тогтнолд нь халдан түрэмгийлсэнтэй дүйцүүлэн үзэх болжээ.
Гэтэл, Японы “Майничи” сонин: Монгол-Япон-Амэрикийн гэсэн гурван талын, Дэлхийн цөмийн хог савыг Монголд байгуулах зорилготой нууц гэрээний асуудлыг хөндөн гаргаж тавьсаар, Японы шилдэг хэвлэлийн шагнал хүртлээ. Японы “Киодо Цусин” агэнтлиг гэрээний япон эхийг нийтийн хүртээл болголоо. Манай хэвлэлүүд ч Монголын өндөр албан тушаалтнуудын, уг хэрэгтэй холбогдох сэжигтэй зүйлүүдийг илчлэн дэлгэсээр. Өнөөдөр дэлхий нийтээр энэ тухай бичиж, шуугиж байна.
“Цөмийн хаягдлын аюулыг хязгаарлах төлөвлөгөө” гэгч олон улсын чанартай баримт бичиг гарсан нь дэлхийн бүх хаягдлыг нэг цэгт төвлөрүүлэн хязгаарлах утгатай гэж мэдээлэгдлээ. “Тошиба” компани уг төсөлд оролцож байгаа гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Европын Холбоо цөмийн хаягдлаа гадагш гаргахгүй гэж тогтсон байсныгаа яаран цуцаллаа. Олон мянган жилийн турш хор хөнөөл нь арилдаггүй аюумшигт гамшгийг эх сайхан оронд минь булж, улс үндэстнээр нь сөнөөх нь гэсэн түгшүүр арилах, намжих бус, улам нэмэгдэж, бодот байдалд дөтөлсөөр байна.
Монгол, Японы гадаад явдлын яамд тийм гэрээ байгуулагдаагүй, байгуулагдахгүй гэж мэдэгдсэн нь баримт нотолгоогүй, нийтэд түгсэн мэдээллийг няцаах чадваргүй байв. Монгол улсын хувьд, “байгуулагдаагүй” гэж байснаа “байгуулагдсан байжээ” гэх, “байгуулагдахгүй” гэж байснаа “байгуулах шаардлага гарсан байжээ” гэх зэргээр, бүрэн илчлэгдсэнийхээ дараа хүлээх тохиолдол цөөнгүй гарч байсан тул, баримтаар яв цав нотолж, цөмийн хуйвалдааныг гаргуулахгүй гэж албан тушаал, эрх чөлөөтэй байдлаараа барьцаалж амлалт өгөхгүй л бол итгэх арга алга байна. Хэрэв тийнхүү нотолж, амлахгүй л бол, “үгүйсгэж буй асуудал нь үнэн юм байна” гэж үзэж болох нөхцөл байдал Монгол улсад нэгэнт бүрдсэн билээ.
Монгол, Япон, Амэрик бол - олон жилийн найрамдалт нөхөрсөг харилцаа нь “хөрш улсууд” гэгдэх хэмжээнд хүртлээ хөгжиж дэвжиж ирсэн улсууд. Цөөн хэдэн албан тушаалтан, бизнэсмэний хүрээнд буй болсон хуйвалдаан энэ сайхан найрамдал нөхөрлөлд сэв суулгах ёсгүй ээ.
Монгол улс үндэстэн маань, Хирошима, Чернобыль гэхчлэн хүн төрөлхтөний элгийг эмтэлж, цөсийг хэмхэлсэн дэлхийн бүхий л цөмийн гамшгуудын төвлөрөл болж, тарчилж зовон устаж сөнөх ч ёсгүй ээ! Үүнийг үндэсний үзэлтэн эх оронч бид ч хүлээн зөвшөөрөхгүй, Монголын болон Япон, Америкийн ард түмнүүд, шударга хүн төрөлхтөн ч хүлээн зөвшөөрөхгүй!
Учир иймд Монгол, Япон, Амэрикийн төрд хандан:
-Дэлхийн цөмийн хогийн савны талаархи нууц, хууль бус гэрээг хүчингүй болгох;
-Энэхүү хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэгт холбоотой этгээдүүдэд хууль ёсны шийтгэл хүлээлгэх;
-Дахин цөмийн болон, бусад хорт нууц хуйвалдааныг гаргуулахгүйн төлөө үйл ажиллагаа явуулна, тэмцэнэ гэдгээ илэрхийлж, илэрхийлснээ баталгаажуулах;
-Хэрэв хуйвалдаан болоогүй бол, төрийн дээд өндөрлөгүүдээр хариуцлагатай мэдэгдэл хийлгэж, баримтаар бүрэн нотолж, мөн ийм хуйвалдаан гаргуулахгүйн төлөө үйл ажиллагаа явуулна, тэмцэнэ гэдгээ илэрхийлж, илэрхийлснээ баталгаажуулахыг;
Монголын төрд хандан:
-ОХУ, Франц, Эмирт зэрэг улсуудтай хамтран дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлийн үйл ажиллагаа явуулахгүй байхыг уриалж, хүсч, шаардаж байна!
Монголын болон Япон, Амэрикийн ард түмэн, дэлхийн шударга хүн төрөлхтөнд хандан, Монгол орныг дэлхийн цөмийн хогийн сав болгох аюулт төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн эсрэг, энэ асуудлын үнэн мөнийг олон шийдвэрлэхийн төлөө эв санаагаа нэгтгэн тэмцэхийг уриалж байна!
Монгол улс үндэстнээ оройн дээд шүтээнээ болгон эрхэмлэж явдаг үндэсний үзэлтэн бид хайрт эх орноо хөнөөлт хор хаях хогийн сав болгон устгуулахгүйн төлөө, бидний эсрэг хэн ч, ямар ч хүч сөрөн зогсохоос хамаарахгүйгээр, тууштай, эрс тэмцэнэ гэдгээ мэдэгдэж байна.
Эцэст нь хэлэхэд, тодорхой асуултуудыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Монгол Улсын УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нарт хандан тавьж хариулт авах шаардлагатай байна:
1. Монгол улсын нутаг дэвсгэрт бусад улсын цөмийн хаягдлыг булах тухай нууц гэрээ байгуулагдсан уу?
2. Хэрэв байгуулагдсан бол та бүхэн ямар арга хэмжээ авах гэж байна вэ?
3. Та бүхэн өөрсдөө дээрхи нууц гэрээнд ямар нэг байдлаар холбоотой юу?
4. Нууц гэрээ байгуулагдаагүй бол, та бүхэн ямар хөдөлшгүй баримт нотолгоогоор байгуулагдаагүй гэдгийг нь баталж чадах вэ?
5. Олон улсын хэмжээнд тархсан, Монголд цөмийн хаягдал булшлах нууц гэрээний талаархи мэдээллийг та бүхэн юу гэж үзэж байна вэ?
6.Монголд гадаадын цөмийн хаягдал булахыг зөвшөөрсөн бодлого, хууль, бусад баримт бичгүүдийн талаар ямар баримтлалтай байдаг вэ?
7. Монгол улсын хуулийн хүрээнд хамрагддаггүй нууц гэрээ байгуулагдах, нууц төсөл хэрэгжих ямар бодот боломж байдаг вэ? Ийм боломж байх шаардлагатай юу, байдаггүй бол юугаар нотлох вэ?
8. Цөмийн хаягдлыг Монголд булах асуудлаар Япон, Амэриктай хамтран ажиллахаа болих нөхцөлд, эсвэл хамтран ажиллаагүй нөхцөлд ОХУ, Франц, Эмирт зэрэг улстай хамтран ажиллах төлөвлөгөө, хэтийн төлөв бий юу. Бий бол та бүхэн үүнд хэрхэн хандаж байна вэ? Үгүй бол юугаар нотлох вэ?
9. Монголд цаашид гадаадын цөмийн хаягдлыг хадгалах арга хэмжээ (төлөвлөгөө, төсөл, гэрээ зэрэг) хэрэгжих үү? АЦС барих, экспортолсон ураныхаа хаягдлыг буцааж татах, хаягдал ураныг ашиглах тэхнологи нэвтрүүлэх зэрэг хуурмаг нэр хаягийн дор хэрэгжих үү? Хэрэгжих бол та бүхэн үүнд хэрхэн хандаж байна вэ? Хэрэгжихгүй бол, түүнийг юугаар барьцаа болгон баталгаажуулах вэ?
Ийм найман асуултыг Монгол улсын төрийн гурван өндөрлөгт хандан тавьж байна. Өдгөө, цөмийн хаягдлын асуудалд Монголын олон нийт ихэд санаа зовж, нийгэмд тогтворгүй байдал үүсэх, төр засаг ч ганхаж болох нөхцөл бүрэлджээ. Учир иймд та бүхэн хариуцлагатайгаар, шуурхайгаар дээрхи асуултуудад хариу өгч, хэрэв нууц гэрээ, төсөл, төлөвлөгөө байгаа бол түүнийг илчлэх, таслан зогсоохын төлөө арга хэмжээ авч; нууц гэрээ, төсөл үгүй бол баримт нотолгоогоор нотлон; ард түмнийг амар амгалан, аюулгүй байдал, амьд явах эрхтэй нь золгуулах нь цаг алдалгүй хийх тулгамдсан алхмууд болоод байна!
Ч.Мөнхбаяр
ММХI.VIII.IV
ММХI.VIII.IV
No comments:
Post a Comment