“Нэг сая хужаа авчирвал нийгэм хэвийн болно” гэж хэлэх бэлтгэлээ дарга нар хангаж байна
1
Дээд Тэнгэр Бурханаас монголчуудад үрийн заяа хайрлаж, өнөр өтгөн амьдарцгаа хэмээн зарлиг буулгасан нь хувь тавилан билээ. Мөнх Тэнгэрийн заяаснаар монголчууд газар нутгаар төдйгүй, хүн амаар их хүчирхэг улс түмэн байх ёстой. Тийм байж л Монгол орших, хөгжих учиртай байв.Тэнгэрийн ивгээснээр, монголчууд хүүхдүүд багачуудад элэгтэй хайртайгаараа ялгарсан цолгорсон улс байлаа. Олон хүүхэдтэйгээ бужигнасан өнөр өтгөн айлыг бахдан магтана. Энэ нь ч нүүдэлчин аж төрөх унаган хэвшилд охицно. Айл бүр аж ахуйтан байсан тул гэрт гадаах ажил ч их, том багагүй олуул хамжиж байж бүтээхээс өөр аргагүй.
Гэхдээ хэзээ ч хүүхдийг ажиллах хүч, зарц боол мэт үзэж байгаагүй. Бурханы бяцхан элч адил хайрлан энхрийлж, бишрэн шүтдэг байсан юм. Мөн буруу эрхлүүлэхээс сэрэмжилж, сэтгэлдээ дээдлэвч хал нь гаднаа, хайр нь дотроо байж өсгөнө. Үр хүүхдийг хамгийн дээд баялаг, үнэт эрдэнэ хэмээнэ.
Хаад ноёд, харц ард хэн ч болов, олон үртэй байхыг л хичээнэ. Чингис хаан өнөр бүлийн тэргүүн. ХХ зууны эхэн хүртэл их бага хатантай байхыг зөвшөөрдөг асан. Харин цөөн хүүхэдтэй байхыг зүй бусад тооцдог байсан билээ.
Төрөлт өндөр байсан ч, сүүлийн 1000 жилд монголчууд шиг бага өссөн ард түмнийг олохуйяа бэрх. Үхэл төрөлтөөс давж асан түүх урт, Монголын дайснууд хэтэрхий олон байжээ. Цөөхүүл атлаа хүчирхэг Монголын хүн ам өсвөл хэнд ч дийлдэхээ болино гэж аймаглан устгах бодлого өвөрлөж байв.
Буриадууд VII зуунаас хойш өдийг хүртэл огт өсөөгүй баримт буй. Бусад монголчууд ч тэднээс нэг их дээрдэх үзүүлэлттэй бус. Дундад зууны үед монголчуудын газар нутаг их, бэлчээр нутаг уудам, хот суурин ч цөөнгүй байсан. Монгол дэлхийн хамгийн том армитай байв. Чингис хаан нэг удаа хувь хүртээхэд л 200 мянган ардыг хуваарилсан. Зүүнгар Казахтай байлдахдаа 100 мянган цэрэг гаргасан. Хоо Өрлөг Ижил рүү нүүхдээ 50 мянган өрхийг дагуулсан. Ингээд бодоход Монголын хүн амын нөөц их байсан аж.
Чингисийн үед хамгийн багаар үзэхэд 1.5 сая монголчууд байсан байх магадлалтай. Тэр үед оросууд зургаан сая, хятадууд 40 сая байсан агаад өдгөө тэд 25, 30 дахин олон болжээ. Тэднээс өрх бүлийн өнөр өтгөнөөр дутдаггүй, давж гардаг монголчууд өнөөдөр дөч тавин саяул байх учиртайсан бус уу. Гэтэл эдүгээ дээд зэргээр нэмээд үзэхэд 10 сая орчим байгаа нь мянганы өсөлтийн хурдцаар хөршүүдээс хэд дахин хоцорч, дэлхийд сүүл мушгилаа гэсэн үг. Энэ бол үнэхээр эмгэнэлт явдал билээ. Цагтаа монголчууд бага ард түмэнд ордоггүй байсан юм.
ХХ зуунд ленинист, сталинист харгислал, 10-аад, 20-иод оны эрх чөлөөний, 32 оны ардын, 39, 45 оны дэлхийн дайн зэрэг сорилт тохиолдсон ч Ар Монголын хүн ам дөрөв дахин өсч чадсан нь алдсанаа нөхөх бололцоо буйг харуулж байна. Хүн ам нэмэхийн амин чухлыг ухаарсан язгуурын эх орончдын бодлого хойчийнхонд тусгалаа олж, социализмын үед өсөлтийн төвшингөөр дэлхийд дээгүүрт орж, олон хүүхэдтэй эхийг алдарт хэмээн өргөмжилж, гэр бүлийг улсаас ивээн тэтгэж байлаа. Гэтэл 90 оноос хойш өсөлт эрс буурч, хүн амаа цөөрүүлэх гэдэг улсуудын төвшинд хүрэв. Энэ бол бас л нэг эмгэнэл. Үүнд харийн бодлого ч мөн нөлөөлж л байгаа. Уг нь хурдац саараагүй бол 2000 онд хүн ам гурван саяд хүрэх байсан юм.
Нэгэн үе эрлийз хүрлийз хүүхэд ухаантай, давуутай болж өснө гэх буруу зүйл яригдаж байв. Монголчууд, “удам холдвол ухаан нэмэгдэнэ” гэдэг нь үндэстнийхээ л хүрээнд хэлсэн хэрэг. Хүрээнээс хальж холдвол аюул осол болохыг эртнээс сургаж анхааруулж ирсэн. Ялангуяа монголчуудыг уусгах магадтай үндэстний үрс олширч яавч эс болох.
Эрдэмтдийн судалгаагаар, зарим эрлийз нар “гадны, харийн” гэх харьцааг гайхаж бахадсан харьцаа болгож хувиргах хэмээн зүтгэж тэмцдэгтээ л амжилтад хүрдгээс бус, оюун ухаан, бие бялдрын давуу тал байтугай дорой талтай байдгийг нотолсон. Эрлийз нар ялангуяа эрүүл мэндийн хүнд асуудлуудтай тулгардаг аж. Ийм хямралт зовлонт хүмүүн бий болгох нь ихээхэн нүгэл буюу. Гагцхүү монгол хүнтэйгээ ханилж, монгол үрсийг өсгөх нь ганц тавилан бүлгээ.
Монголын үрс олон болтугай гэж их найрагчийн маань хэлсэн үг юутай үнэн. Улс орны хүч чадал үр хүүхдүүддээ байх ёстой. Жинхэнэ амьдрал, аз жаргал гээч нь үр хүүхэдгүйгээр байдаггүй юм. Харин өнөр өтгөн гэр бүлийн эцэг эх хүүхдийнхээ тоогоор давхар давхар амьдарч жаргадаг болой. Хорвоо дэлхийн амьд бүхний оршихуйн утга учир хойч удмыг үлдээхдээ, аж төрөхүйн баяр бахдал балчир жаахнаа хайрлахдаа байдаг билээ. Тийм атал хамгийн гэрэл гэгээт ухаантай, энэрэн нигүүлсэх сэтгэлтэй нь хэмээгддэг хүний хувьд хөөрхөн үр хүүхдүүд нь гайхамшгийн дээд байх ёстой бус уу.
Монголчууд хүүхдийнхээ өсөхөөр цэнгэдэг, баясдаг, бахаддаг, оршдог байсан юм. Монголчуудын оршин тогтнох эсэх нь эх болсон Монгол орон байх үгүй нь үр хүүхдүүдээс шууд шалтгаална. Монголын үрс олон байх аваас Монгол мөнхжинө, жаргана, цөөн байх аваас сөнөж мөхнө.
2
Монгол улсын хүн ам 1918 онд 647 мянга, үүнээс 100 орчим мянга нь хятадууд байжээ. Дайн дажин, харгислал хэлмэгдүүлэлт дүүрэн он жилүүдийн дараа буюу, 1935 онд 738.2 мянга буюу, жилийн дундаж өсөлт 0.77 хувь байв. Их хэлмэгдүүлэлт, дэлхийн II дайны тарчиг бэрх он жилүүдийн дараа, 1944 онд 759.1 мянга буюу, дундаж өсөлт бүр 0.32 хувь болж буурчээ. Есөн жилд 21-хэн мянган хүнээр нэмэгдсэн байлаа.12 жилийн дараа, 1956 онд бараг 100 мянгаар нэмэгдэн, 845 мянга болж, өсөлтийн хувь 0.98-д хүрэв. Социализмыг байгуулахад хүн хүч дутмаг байна гэсэн дүгнэлт гарч, ердийн өсөлтийг нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Долоон жилийн дараа 1963 онд, 172 мянгаар нэмэгдэж, нэг саяын босгыг даван нэг сая 17 мянгад (жилийн өсөлт 2.7 хувь) хүрэв. Зургаан жилийн дараа 1969 онд, 170 мянгаар нэмэгдлээ (1197.6 мянга, 2.8 хувь).
Арван жилийн дараа 1979 онд жилийн өсөлт хамгийн өндөр төвшин буюу 2.9 хувьд хүрч хүн ам бараг 400 мянгаар нэмэгдэн, 1.595 сая боллоо. Энэ төвшин үндсэндээ хадгалагдсаар, арван жилийн дараа 1989 онд 2.8 хувьтай, хоёр саяын босгыг давж 2.044 саяулаа болов. 1963-1989 онд буюу 26 жилд хүн ам хоёр дахин өсчээ. Тэгвэл түүнээс хойшхи 26 жил буюу 2015 онд хүн ам маань 4.1 сая болохоор байна уу?
Огтхон ч үгүй ээ. 2010 онд 2.7546 сая хүн ам тоологдов (1.5 хувь буюу 1979 оныхоос хоёр дахин бага). Яагаад тэр вэ? Сая гаруй хүн ам маань, монголчууд маань хаачив аа? Ямар дайн, гамшиг болов оо?
“Эмэгтэйчүүдийн боловсрол дээшилж, нийгмийн идэвхи сайжирснаас болов” гэж засгийн албан ёсны тайлбарт үгүүлдэг. Үнэндээ бол тэдний боловсрол доошилж, нийгмийн идэвхи буурсан юм. Гол шалтгаан нь ард түмний эсрэг бодлогод л байлаа. Хүн ам ядуурч, төрөх-эх нялхсын үйлчилгээ унаж, абортоор дэлхийд хамгийн чөлөөтэй нь боллоо (20 жилд 600 мянган аборт хийгдэв гэдэг). Ингэж нам засаг маань нэг сая монгол хүнийг устгажээ!
Хүн ард бүхий “социалист бүтээн байгуулалт”, түүхий эдээ сохор зоосоор урд хөршид тушаан амь зуухад хүрч асан 90-ээд оны хар хаосын үед ердийн өсөлт маань бараг дэлхийд адагт орсон байх. Амьжиргаагаа арай дээр болгож чадсан 2000 онд хүн ам 2.373 сая, жилийн өсөлтийн хувь 1.4 буюу урьдын нормоосоо хоёр илүү дахин буурчээ.
Түүнээс хойшхи 10 жилд 2.754 сая, өсөлтийн хувь 1.5 л болжээ. Хаа байнаа, өнөө хүүхдийн мөнгөнөөс болж, арчаагүй монголчууд шороон түмээр нь хүүхэд цувуулж байна гээд халаглаад байсан нь? Төрөлт эрс нэмэгдсэн гэдэг нь огт худлаа байв. Тэгээд ч тэр мөнгийг олгохоо байсан.
Төрийн албан хаагчийн жишгээр эхчүүдийг цалинжуулна гээд л нэг улс төрч лоозогноод байгаа нь популизм л гэж дүгнэгдэж байгаа. Тэгээд ч нийгэмд олон сөрөг үр дагавар, гажуудлыг авчирна. Хүүхдийг 16 нас хүртэл цалинжуулна гэсэн тул эмэгтэйчүүд огт ажил хийдэггүй, эсвэл ажил хийж, нөгөө цалинтай ээжийн ажлаа хийдүүлдэг болох гэх мэт. Ажил үл эрхлэх эмэгтэйчүүд үй олон хятад цагаач, колонист орж ирэх шалтгийг гаргаж өгөх жишээний. Олон хүүхэдтэй эх бол бүр ямар ч өндөр цалин авч болох үндэслэл буй болно. Эцсийн эцэст үр хүүхдээ өсгөнө гэдэг бол цалин мөнгө өгөхгүй л бол хиймгүй жирийн ажил хөдөлмөр бус, үүрэг, эх эцгийн ариун нандин ёс, нийгэм-байгалийн хувиршгүй жам юм.
Тэгэхлээр төрийн албатай дүйцүүлэн гуйвуулалгүй, харин төрөөс олигтойхон дэмжлэгийг үзүүлэх хэрэгтэй.
Манайх шиг нэг сая хүнээ алдталаа хүн ам зүйн гамшигт өртчихсөн, “нэг сая хужаа авчирч нийгмийн хэвийн явцыг хангана” гэж дарга нар маань мэдэгдэхэд бэлэн болчихоод байгаа улсад төрийн “Ердийн өсөлт” гэх томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлж, нөхцөл байдлыг эрүүлжүүлэх шаардлагатай байна (Ердийн өсөлтийг эрүүлжүүлэх зорилго нь монгол туургатныг уугуулшуулах мэханик өсөлтийг үгүйсгэж буй хэрэг огт бус юм. Хүүхдийн эзлэх процэнт хүн ам цөөн улсын хувьд өндөр л байх ёстой).
Уг хөтөлбөрт, эх үрс лүгээ хандсан:
1. Төрөх-эх нялхсын үйлчилгээг эрс сайжруулах;
2. Хүүхэд төрөх, нярай байх, өсөх, сурах, эмчлүүлэх, хүнсний бүрэн хангамжтай байхад зориулан мөнгөн тусламж тэтгэмжийг олгох;
3. Ясли-цэцэрлэг, сургуулийн тоог нэмэгдүүлж, үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэх;
4. Монгол улсад ажил эрхлэх зохистой боломжийг бүрдүүлэх;
5. Ядуурлыг бууруулах арга хэмжээнүүдийг авах, хэрэгжүүлэх;
6. Тохилог орон гэрээр хангах;
7. Ердийн өсөлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ухуулга сурталчилгааны кампанийг өрнүүлэх;
8. 1-2 сая монгол хүмүүнийг устгаж хөнөөсөн гэм буруутнуудад хууль ёсны шударга шийтгэлийг оногдуулах
зэрэг чиглэлүүдийг багтаан тусгасан байвал зохино. Ийм хөтөлбөр хэрэгжүүлж байж л ноцтой сүйрсэн ердийн өсөлтийг эрүүлжүүлэх болно.
Үр хүүхэд Монголын аврал, монгол хүн бүхний аврал. Их эзэн тэнгэрийн зарлигийг дагаж, олон хөөрхөн монгол үрсийг мэндлүүлж, тэдэнд амьдрал, аз жаргалыг заяацгаая.
Хүн бүрд Бурхан Тэнгэр цөөнгүй үрсийн тавиланг бэлэглэсэн буй. Өнөр өтгөн үр бүлтэй болж, өнө мөнхөд жаргагтун. Үр хүүхдийн ачаар улс гэр цэцэглэн хөгжиж, жаргал баясал халгиж цалгихыг үзэгтүн. Монголын үрс олон байх болтугай.
Ч.Мөнхбаяр
ММХI.VIII.XXX
http://www.facebook.com/moenhbayar
ММХI.VIII.XXX
http://www.facebook.com/moenhbayar
1 comment:
uneen unen bugd unen
Post a Comment