Үүний төлөө 20 сая доллар авсан байж таарна
Цөмийн хаягдлын эсрэг тэмцэл өргөжиж буй, ялангуяа Жо Байдэнийг айлчлахад жагсаал болсон зэрэг нь нам засгийнхныг зарим нэг арга хэмжээ авахад хүргэж байна. Үүний нэг жишээ нь, цөмийн хуйвалдааны эсрэг байр суурьтай байгаа Ногоон нам, Ногоон эвсэл, Ногоон хөдөлгөөн, Шударга иргэдийн фронт, Ардын Хянан Шалгах Хороо, “Хөх Монгол” бүлгэм, Байгаль хамгаалах байгууллагуудын эвсэл, Facebook-ийн “No Nuclear Wastes”, “Stop Nuclear Genocide” бүлэг зэрэг ТББ-ын төлөөлөгчидтэй Цөмийн Энергийн газар (ЦЭГ)-ын удирдлага уулзалт хийсэн явдал юм.
ЦЭГ-ын зүгээс дэд дарга Ц.Дамдинсүрэн голчлон ярьж байсан бөгөөд, цөмийн хаягдал гэдэг нь ийм юмыг хэлнэ гэхчилэн “лэкц уншихыг” завдахад, нууц гэрээ хэлцлүүдийн сэдвээс хазайхгүй байхыг ТББ-ынхан сануулж болиулав.
Ц.Дамдинсүрэн дарга 90-ээд оноос иймэрхүү ул үндэсгүй шуугиан гарч ирэв, би олон жил цөмийн салбарт ажиллаж байгаа болохоор цөмийг нь мэдэж байна, 1998 онд 40 тоннын контэйнэртэй цөмийн хаягдал орж ирлээ гэхлээр нь Гурвалжингийн гүүрний тэнд очоод үзсэн чинь юу ч байхгүй байсан, тэрэн шиг л явдал болж байна гэв. Очиход байхгүй байсан гэдэг нь огт байхгүй байсан гэх нотолгоо биш л байлтай. Монголд их хэмжээгээр цацраг идэвхит хог хаялаа гэхэд дараа нь ийм л юм хэлээд сууж байх болов уу гэж төсөөлөгдсөн.
4-р сард уг нь УИХ-ын гишүүдийн асуулгад бид хариу өгсөн л юм, гэтэл одоо ахиад л тэр яриа гарч байна гэв. Улам хүчийг авч буй асуудалд мөнхийн хариулт өгөөд хаачихсан юм байна шүү дээ, эд. Удалгүй ЗГ, ГХЯ, ЦЭГ гурав гадаадын хэвлэлд бичээд байгаа шиг асуудал байхгүй гэсэн хамтарсан мэдэгдэл хийнэ гэлээ.
Тэр бичигдээд байгаа шиг хувилбараар бол байхгүй, өөр хувилбараар бол байгаа л гэж ойлгогдсон билээ. Учир нь гадаадаас хог авчирч булахыг зөвшөөрсөн, хураамжийг нь тогтоосон хуулиуд гарчихсан бөгөөд, нам засаг хуулиа, “энхийн зорилгод цөмийн энэргийг ашиглах” зорилгоо хэрэгжүүлэх л болно.
Энхийн зорилго гэдэг нь ч худлаа болоод байгаа. Олон улсад нэр хүнд муутай, орох байх газар багатай болсон Францын Арэва зэрэг цөмийн зэвсэг, болохгүй бүтэхгүй бүхэнд хутгалдаж гүйцсэн компаниуд л тэр зорилгыг нь хэрэгжүүлэлцэх гээд байгаа, хэрэгжүүлэлцсээр ирсэн шүү дээ. Нам засгийн маань шинэ галзуурал солиорлын үр дүн нь цөмийн дайнд ялагдсан мэт Монгол улс байх болно.
Гурван этгээдийн дээрхи мэдэгдэл нь цөмийн хаягдал булахыг цаг хугацааны хувьд ч ямар нэг байдлаар хязгаарласан зүйлгүй юм. Гадаадын хэвлэлүүдэд бичигдсэнээс өөр өө л гэж буй.
“Бид цөмийн хор хөнөөлийн эсрэг тэмцдэг. Цөмийн хог булуулахгүй” гэх хэрнээ, харин ураныг бол олборлоно, АЦС-ийг бол барина шүү, Монгол улс хөгжихийн тулд цөмийн салбарыг хөгжүүлж, тэргүүний улс гүрнүүдтэй мөр зэрэгцэн алхах л ёстой гэж байсан. Тэгэхлээр, экспортолсон (дээрэмдүүлсэн) ураныхаа хаягдлыг буцааж авна гэх баримтлалын дагуу, бас өөрийн (харийн) АЦС-ийнхаа хаягдлыг мөн булах л болж байгаа юм. Эсвэл энэ байгууллага булуулахгүй, ил хаяулах гэж байгаа бололтой. Энд тэнд ил задгай (уурхайн цооногт гэхчилэн) хаях гэж байна, хаяад байна гэх яриа гардаг нь ЦЭГ-ын үйл ажиллагаатай холбоотой биш үү.
Басхүү, АЦС өнөөдөр барих гэж байгаа юм биш гэж тайвшруулахыг оролдож байлаа. Энэ бол ямар ч утгагүй үг юм. Мэдээж хэрэг ганц өдөрт барьчихгүй, ЦЭГ-ынхан уулзалтаас гараад л бариад эхлэхгүй. Гэхдээ, ЗГ-ын, 10 жилийн дотор АЦС барина гэх төсөл гарчихсан, удирдагч Б.Чадраа нь бага, бичил АЦС-иудыг бол хэзээ ч оруулж ирж болно гэдэг, ЦЭГ-ынхан Солонгосоос цөмийн станцын рэактор зэрэг тоног төхөөрөмжийг авчирч манай нөхцөлд тохирох эсэхийг шалгана гэж хэлж байхад яаж тайвшрах билээ.
ЦЭГ өмнөх хэдэн албан бичгээ мэдэхээс, албан бус юуг ч мэддэггүй гэнэ. “Албан бус зүйлийг мэдэхгүй” гэж дэд дарга нь хэлсэн. Викиликсийн дуулиант матэриалыг мэдэхгүй гэсэн. Цөмийн хаягдлын мөнгөний асуудлыг мэддэггүй гэв. Nuclear Waste Management гээч хорт ажиллагааг бас мэдэхгүй. МонАтом-ын явдал суудлыг мэдэхгүй гэсэн (өөрсдөө ТУЗ-д нь байдаг). Цөмийн хатагтай А.Ундраагийн юунд гарын үсэг зурсныг мэдэхгүй агаад, видэо бичлэг нь байвал мэдэж авна гэсэн (фотог авч хэлэлцэхгүй юм билээ). Гэтэл энэ байгууллага цөмийн бодлогыг тодорхойлолцох, зөв зүйтэй хэрэгжүүлгэх, хэрэгжилтийг хянах үүрэгтэй болохоос, мэдэхгүй байх үүрэгтэй бус юм. Нэг дарга нь фэйсбүкийг хүртэл мэдэхгүй, хажууд нь байсан тэмцэгч хэлж тайлбарлаж өгч байж, дэвтэрт нь бичүүлж тэмдэглүүлснийг оролцогсод гэрчилнэ.
Ер нь үгүйсгээд байгаа бүхэн нь үнэн болж таарч байсан даа. Жишээ нь, манай тал гэрээнд гарын үсэг зураагүй, санамжуудад бол зурсаан зурсан гэж байгаа юм. Санамж бол гэрээний урьдал мөн. Харин ЦЭГ санамж бол юу ч биш ухааны зүйл хэлж байсан. Алдартай од фэнүүдэд гарын үсгээ өгдөгтэй бараг дүйцэх юм уу, хаашаа юм.
Уран нууцаар олборлох, нүүрс гэж худал мэдүүлээд нууцаар гаргах эсэхийг хянаж байгаа гэсэн. Үнэхээр ч тийм явдлууд болж байгаа байж болох юм.
Цөмийн салбарыг Монголд хөгжүүлэхийн төлөө (уран олборлох, АЦС барих) үхэн үхтлээ тэмцэнэ гэж Ц.Дамдинсүрэн дарга мэдэгдсэн юм, Монголд уран олборлох, АЦС барих ямар ч шаардлагагүй шүү дээ гэхэд өөр дарга бухимдаж, та нарын хэлснээр болох юм бол эмнэлэгт рэнтгэн, туяа хэрэглэхээ больж, олон хүн өвчнөө оношлуулж, эмчлүүлж чадахгүй шаналан зовж, үхэж үрэгдэх болно гэж мушгин гуйвуулж байсан. Бид анагаах ухааны салбарт цацрагийг ашиглаж болохгүй гэж огт хэлээгүй, цөмийн нууц хуйвалдааны тухай л ярьж байсан билээ.
ТББ-ынхан: нууц хуйвалдааныг таслан зогсоох, хэргийн эздэд хариуцлага хүлээлгэх, ЦЭГ-ыг татан буулгах, ажиллууллаа гэхэд дэргэд нь ОНЗ байгуулах, Нөхөн сэргээгдэх эрчим хүчний газар байгуулах, хамгийн гол нь Монгол улсыг Цөмгүй бүс болгох зэрэг тодорхой саналуудыг дэвшүүлж байсан юм. Гэвч ЦЭГ-ынхан хүүхэд хуурч байгаа юм шиг зүйлүүдийг улиглан нуршиж, нөхцөл байдлыг хурцатгаж байсан тул 2 цаг үргэлжилсэн уулзалт үндсэндээ ширүүн маргаан, хашхиралцааны хэлбэрээр явагдаж өнгөрлөө.
Ялангуяа ЦЭГ-ыг татан буулгах хэрэгтэй гэхэд, та нар айлд орж ирчихээд танайхыг байхгүй болгоно гэж байгаа юм шиг дэндүү соёлгүй авирлаж байна, 90 гаруй хүнийг ажил амьдралгүй болгох гэлээ гэж бухимдаж байсан. Улс орны эрх ашигт харш үйл ажиллагаа явуулж, цөмийн гэноцидийг дэмжиж, өмгөөлж хамгаалж байгаа байгууллагад 90 байтугай, есөн хүн ч ажилламгүй санагдана.
Нааштай зүйлүүд гэвэл, ЦЭГ ТББ-уудтай хамтран ажиллаж, санаа бодлыг нь тусгаж авч байна гэсэн, мөн олон нийтийн байдлаас шалтгаалж, цөмийн бодлогод өөрчлөлт оруулж болно, АЦС барих зэрэг асуудлыг хойшлуулж болно гэсэн юм. Ингэхлээр ард түмэн минь тэмцээд л байх хэрэгтэй байна. Эс бөгөөс цөмийн гэноцидийн төлөө үхэн үхтлээ тэмцэнэ гэж ойлгогдож байгаа эрх дархтнууд ялан дийлэх болно шүү.
Ч.Мөнхбаяр
MMXI.IX.V
www.facebook.com/moenhbayar
MMXI.IX.V
www.facebook.com/moenhbayar
No comments:
Post a Comment