Thursday, September 29, 2011

Цөмийн хаягдлын олон арван тэрбум долларыг харийн компани, хураамжийн найман сая төгрөгийг л Монгол улс авна!


Хилийн дагуу цөмийн хаягдал булж хятадуудыг хорлох, хаягдлаар бөмбөг хийж 
тэднийг айлгах нууц төлөвлөгөө манай дарга нарт бий гэв үү?

АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Байдэн Монголд айлчлахаар ирэхэд гурван нам, есөн хөдөлгөөн, Японы “Green Japan” ТББ-ын хүмүүс нийлж, эсэргүүцэн жагссан юм. Яагаад энэ хүмүүс хүч нэмэгдүүлэн ирсэн олон тооны цагдааг сөрөн зогсож, өөрсөд рүү нь тусгайлан илгээгдсэн мэргэн буудагчдын онин дор цуглав? БНХАУ, ОХУ-ын дунд, хадан завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг байдаг монголчууд бид АНУ-тай аль болох эе эвтэй байхыг хичээж, өмөг түшиг болгох нь зүй бус уу?
Гэтэл Байдэн гээч нь, Монголын ард түмнийг устгах гэж мянга түмэн хор хорлолыг найруулж сэтгэн улайрч яваа махчин дарга нарын маань сэдсэн хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн намаг балчигт хүзүүгээ хүртэл шигдчихсэн нэгэн гэнэм. Дэлхийн цөмийн бүх хаягдлыг Монголд булах нууц төлөвлөгөөг хэрэгжүүлэх гэж ард түмнүүдийг устгахыг санаархагч шинэ цагийн Хитлэр, Химмлэр, Хэринг, Гёббэлс болон тодорч байгаа дайснуудыг нэрлэх хэлэх муу үг олдохгүй юм.

Цөмийн хаягдлыг эсэргүүцэгчид аюулгүй байдлыг нь алдагдуулж мэднэ гэх үүднээс ноён Байдэний айлчлал хойшлогдож шөнө хийгдэж болзошгүй гэгдэж асан бөгөөд өндөр албан тушаалт эл зочин Бямбад бус, Даваад л зүрхэлж морилсон билээ. Тэрбээр цөмийн энэргийг энхийн зорилгоор хамтран ашиглана хэмээсэн нь мэдээж бөгөөд, АЦС барих, уран олборлох, хаягдлыг нь буцааж авах зэрэг нь хаягдал булшлахыг хэлж байна гэдэг нь нийтэд тодорхой болсон. Сүүлийн үед ирж буй гадаадын удирдагчид манай жижиг орны эрчим хүчний хангамжид асар их санаа зовох болсон билээ.
Жо Байдэн Монголын түүх соёлын дурсгалыг хамгаалахад зориулж 650 мянган доллар тусална гэсэн нь ард олонд авлига гэж ойлгогдов. Харин байдгаа харьд тавиад туучихсан дарга нар маань улсын өв сангаас өгчих зүйл төдийлөн үл олдохын учир аанай адгуус бэлэглэн хариу барив. Тэрхүү монгол морь Байдэнг хавьтуулж ойртуулахгүй бусгаж аюул болох дөхсөн агаад, малчид, хоёр орны хамгаалагчид овоорон арайхийн тогтоосон. Манай мал адгуус хүнээсээ ухаантай болох нь уу ч гэж гайхах юм. Нэгэн болдоггүй ерөнхий сайдыг маань гэсгээн цээрлүүлсэн саарал морийг уншигчид санаж байгаа.
Эрх баригчид Хиросимад атомын бөмбөг хаяснаас ч илүү өргөн хүрээтэй, хүн төрөлхтний эсрэг, ялт хэрэг үйлдэх гэж буйгаа өмгөөлж хамгаалах гэж зүсэн зүйлийн бохир арга хэрэглэж байна. Монголд автомашин хандивлах гадаадынхны аяныг цөмийн хаягдлаас ч аюултай хаягдал авчрав хэмээн турхирч буй (тэрийг нь монголчууд булаалдан байж худалдан авч хэрэглэж байх юм). Хэсэг мунхгуудыг “Цөмийн хаягдал Монголд булахыг дэмжицгээе! Хилийн дагууд булж, хятадуудыг хорлоё, хаягдлаар цөмийн зэвсэг хийж тэднийг айлгая! Хаягдлыг эсэргүүцэгчид бол тэр ажиллагааг саатуулах гэсэн хужаа нар!” гэсэн галзуу ухуулга хийхдээ ашиглаж байна. Фэйсбүкийн эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийг дарахад багагүй хүч чармайлт тавьж, илчлэгдэж байна. Цөмийн хаягдал авчирснаар монголчууд түүнийг булах, харж хамгаалах сарын 5000 долларын цалинтай ажил хийж гялайж цулайх болно гэж ухуулж байна.
Гэтэл манайд тийм ажлын мэргэжилтэн хомс, байсан ч хавьтуулахгүйн улмаас гадаадын компаниуд гүйцэтгэж, нөгөө яригдаад байгаа мөнгийг нь ховх сорох аж. Оросын компаниуд хариуцан хийж, хятадын ажилчдаар хар бор ажлыг нь нугалуулах төлөвтэй байгаа. Мэдээж энэ далимд Орос, Хятадын хаягдал бас орж ирнэ. Монголын төр тусгай зөвшөөрлийн хураамжийн найман сая төгрөгөө л авах аж! Сүүлийн 20 жилд ямагт л ийм байж ирлээ шүү дээ.
Гурван улсын гутамшигт нууц гэрээнээс хойш янз бүрийн улс хогоо Монголд хаяя хэмээн улайрах болсон. Түүний нэг нь Солонгос бөгөөд ерөнхийлөгч нь ирж нууц гэрээнд нэгдээд явав. Европын холбоо хогоо Финляндын хойд хязгаарт төвлөрүүлэх гэж байгаад, Монголын солиорлын сургийг дуулаад, тэрхүү төлөвлөгөөгөө цуцалсан агаад, тус улсын удирдагч ч манайд удахгүй ирж гэмт хэрэг үйлдэх гэж байна.
Тэрхүү гэнэтийн дайралтаа Финляндын цөмчин хатагтай Тарья Халонэн танай Ц.Элбэгдорж 2009 онд манайд айлчилсан тул хариугаа авч байгаа юм ухааны тайлбар өгч буй аж. Айлчлалын хариуг авах гэж байна уу, цөмийн асуудлаар хариу авах гээд байна уу гэдэг нь тодорхой.
Жо Байдэн жагсагчдын хашхираанаар угтуулж, морины тангараанаар үдүүлснийг Ройтэр “Монгол дахь зочломтгой ёс” хэмээн ёжтойгоор мэдээлсэн билээ. Тэрбээр гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр аюулгүй байдлын арга хэмжээгээ дэндүү өндөр төвшинд хэрэгжүүлгэсэн агаад, сэтгүүлч охидыг чармай шалдлах нь холгүй шалгуулж, үүргийнхээ дагуу ирсэн зарим өндөр албан тушаалтнуудыг маань ч ойртуулаагүй. Өөртөө байг гэхэд хүмүүсээрээ ч хэвлэлийн албан ёсны хурал хийлгээгүй нь асуултууд, гутал шидэх зэргээс болгоомжилсон хэрэг буй заа.
Солонгосын ерөнхийлөгч ч заавал хүмүүсээрээ амсуулж шалгуулсны эцэст идэж ууж, юманд хүрч байсан гэх агаад түүнд зориулж тусгайлан хийсэн эрийн гурван наадмын давсан бөхчүүдийн цацсан боорцгийг амаа олохгүй идэж онигоо болжээ. Яагаад энэ хүмүүс ийм байдалд орж байна гэдгийг бодоод үзэгтүн. Ташрамд өчихөд, Монгол-Амэрик-Солонгосын өндөр түвшний цөмийн тогтмол уулзалтыг хийж байх болов.
Ард олон минь ээ автобусны суудлын төлөө арслан барс мэт хоорондоо тэмцэлдэж байдгаа больцгоо. Арай холыг харж, алж устгах гэж байгаа дотоод гадаадын дайснуудын эсрэг тэмцэцгээ.
Тэгэхгүй бол яаж ийгээд Монголд хогоо хурдан булаад авъя гэж яарч бачимдаж байгаа харийн мулгуу удирдагчид манай хулгайч луйварчидтай нийлээд яаж ч чадна. Нэгэнтээ Монголд булчихвал дараа нь бид түм бум эсэргүүцээд ч, аль ч орон тэр хаягдлыг авахыг зөвшөөрөхгүй.
Хожим нь хаягдлын хор илэрч эхэлнэ. Монгол орон тэр аяараа Хонгор сум болно. Бүр Чернобыль болно. Монголчуудыг аюулт бүсээс нүүлгэх асуудал яригдана, хэрэгжинэ. Аюултай нутаг дэвсгэрийг буюу улсыг маань бүхэлд нь БНХАУ-ын асрамж, хяналт дор өгнө. Бээжин тэнд цөмийн аюулгүй бүсийг ном журмаар нь байгуулж, 100 сая хятад хүнийг суурьшуулна. Дэлхий даяар тараагдсан, нүүлгэн шилжүүлэгдсэн монголчууд яагаад ч эх нутагтаа эргэж очихоос өнгөрнө.
Эсвэл Монголыг дэлхийн хамгийн хорт хаягдлуудыг бөөгнүүлж хаядаг, аймшигт туршилтуудыг хийдэг, бүх муу муухайг үйлддэг, төвлөрүүлдэг газар дээрхи там болгон хувиргах гэж байна. Тавантолгойг цөлмөдөг тэд монголчуудыг таван толгойтой мангас болгон тамлах гэж байна.
Нэг дарга “Хэрэв Оюутолгойг гадаадын хөрөнгө оруулагчдад өгөхгүй бол…” гэж хорсон занахдаа “…монголчууд орох оронгүй, оочих аягагүй болж, еврей нар шиг мянга мянган жилийн турш хорвоогоор нэг тэнүүчлэн, хавчигдаж гадуурхагдаж, зовж шаналсаар мөхөх болно” гэж дарга нар юуг мөрөөдөж, төлөвлөж буйг илчилж орхисон байдаг.
Ийм л болох гээгүй бол тэмцэцгээ! Өнөөдөр тэмцэхгүй бол, маргааш гарцаагүй оройтсон байх болно! Тэмцэх юм бол автобусны алтан сандал ч чөлөөтэй олдоно.

Ч.Мөнхбаяр
ММХI.VIII.XXV
http://www.facebook.com/groups/StopNuclearGenocide

No comments: