400000 тн цөмийн хаягдлыг кг-ыг нь 1000$-оор булах бизнес МАНАН-гийн гарт шилжив
400 мянган тонн цөмийн хаягдлыг, кг-ыг нь дор хаяж 500, дээр хаяж 1000 доллараар булах аугаа бизнесийг хийж, Билл Гейтс мэтийн баячуудыг бэлд хаях нь гэж яригдаж байсан А.Ундраа хатагтай Монгол улсын цөмийн тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд гэх хачирхалтай албан тушаалаасаа татгалзаж, олон түмнийг алмайруулав.
Зарим хүн, ингээд цөмийн аюул ариллаа хэмээн алга ташиж байна. Зарим нь надад энэ бүхэн ямар хамаа байхав гэж урваганаж байна. Зарим нь Монгол улсын цөмийн хөгжил баларлаа, сүйрлээ гэж гуниж байхад, зарим нь Монгол улс атомын бөмбөгтэй болж Хятад, Америк, Япон зэрэг дайснуудтай цөмийн дайн хийх нь өнгөрөв хэмээн гутарч байна.
Аль нь ч буруу юм. А.Ундраа дарга хугацаат албаа хааж, даалгавраа биелүүлээд л, жамтай юм жамаараа л болж байна.
Анх хэдхэн хүн мэддэг асар хаалттай бизнес байсан чинь дааганаасаа болж үхдэггүй, дарвагараас болж үхдэг далчгар дарга нарын ам, аль бүхэн задгайгаас болж, улам олон хүн мэддэг болж, татагдан оролцсоор, сүүлдээ бүр нууж хаах аргагүйд хүрэн, улмаар Долоон буудлын Долзод чавганц, Арван буудлын атигар бацаан ч мэддэг зүйл болсон билээ.
Иймд, ямар ч цөмийн хаягдал булахгүйг мэдэгдье гэж молигодчихоод, цөмийн хаалттай клүбийн хэдэн хүний биш, МАНАН-гийн далд бизнес болгон өргөжүүлж, их хүчээр далдлан нуух болсон гэж их мэдэгчид үзэж байна.
Цөмийн бизнес, эрх мэдлийг шинээр хуваарилахын төлөө тэмцэлд А.Ундраа мулт явлаа. С.Энхбат (Цөмийн энергийн газрын дарга) мөн ховх үсрэх нь ойлгомжтой ч, сэнтийнээсээ “өвчтэй” гээд зууралдаад байна. Тэрбээр цөмийн хаягдлын бизнес явагдаж байна гээд хэлчихвэл дарга нарт алуулчих гээд, явагдахгүй байна гээд хэлчихвэл тэмцэгч нарт алгадуулчих гээд байсан тул, балмагдсандаа хэвлэлийн хурал дээр ам ангайж чадалгүй мууран унасан билээ. Ерөнхийлөгч шиг айхтар тусгай мусгай хамгаалалтгүй хүнд өөр ямар хамгаалалт байх билээ дээ, хамаагүй худлаа хэлчихэж бас болохгүй шүү дээ.
Ард түмнийг асраад, аманд нь хоол хийж өгөөд байна гэж хуураад л, харийнхныг тэгж тэтгээд байгаа шигээ, цөмийн хаягдал булахгүй шүү, нээрээ шүү нээрээ гэж байгаад л улам улам өргөжсөн бизнесээ хийж, улам улам нууцлан үргэлжлүүлэх тийм л цаг ирлээ шүү дээ.
Ч.Мөнхбаяр
No comments:
Post a Comment