шог үгүүллэг
Азийн цагаан дагина Улаанбаатар гэгдэн мандаж бадарч явснаа, Азийн хар дагина Утаанбаатар хэмээгдэн гундаж бутрах болсон хотын маань явцыг түргэсгэхээр цөмийн нэгэн мундаг ноёнтон гадаадаас жигүүрлэн ирж сэм буувай. Эхний хэдэн өдрийг ч наргиан найр, наадам цэнгүүн дунд савж дампуурч, савлаж дүнхүүрч өнгөрөөв. Оргил халуун онцгой нэгэн өдөр бүгчимдээд, гарч салхилсу хэмээн гайхуулж жаахан сэлгүүцтэл хог новш мэт алаглуулсан хаяг рэкламанд толгой нь эргээд төөрч орхив. Монгол хамуудынхаа нэгнийх нь дугаарыг л, ганц цифр давтаж бүтсэн, содон хийцтэй болохоор нь санаж байв. Тэгээд утсаа хэд тоншоодохсон чинь англи хэлэнд маруухан түнш нь “I Mongolia. You Mongolia. We Mongolia” гэхээс цаашгүй агаад, манай хүн ч дээрдэх зүйлгүй. Бухимдаад утсаа чулуудаж орхитол элээ шүүрчихэв.
Ингээд л ямар хэцүү байдалд орсноо гэнэт ухаарав. Гудамжаар нозоорон хөлхөх хүмүүс, замаар назгайран цуврах такси руу хандан гар хуруугаа сарвалзуулж “Үү-үү, аа-аа” гэж аргаан баравч, гориллын хэл мэдэх хүн үл тохиолдоно. Мэдэхийг нь манай хүн тоохгүй.
Хамаг гадаад хэлний мэдлэгээн хамж дайчлан, нэг залууд “Чи нүдэнд дулаахан хүү байна!” гэх гээд “You look Hot!” (Чи халуухан харагдаж байна!) гэчихэв. Нөгөө залуу “Чи халуураад байгаа юм уу” гэж ойлгоод, “Үгүй ээ, би халуураагүй” гэж там тум хэлчихээд гайхан явж.
Англи хэлтэй бүсгүй тохиолдоход баярласандаа “Ээ нар минь гарваа!” гэх гээд “You Are My Sunshine (Чи миний нарны сацраг)” гэв. Бөндгөр бандгар хүүхэн “Нарангэрэл ээ, чи минийх шүү” гэж ухварлаад, миний нэрийг яаж мэдсэн юм бол хэмээн гайхжээ. Тэгээд мөчөөгөө өгөлгүй, “Are You Serious (Та үнэнээсээ хэлж байна уу)” гэхэд “Та ноён Сириус мөн үү?” гэж сонсоод, балмагдсандаа “Үгүй ээ би ноён Сириус биш, ноён… байна” гэж нэрээ хэлж орхиод залруулж хөглөн, үргээжээ.
Нэг залууг “Сайн уу, дүү хүү” гэх гээд “What`s Up Man? (Юу байна, залуу?)” гэхэд нөгөөх нь “Чиний юу чинь босчоов” хэмээн дуулаад гаж донтой этгээд үү гэж сэрдэн зай барив. “Сайхан сэтгэлт дүү минь ээ” гэх гээд “You Are So Cool Guy (Саак залуу юм аа, чи)” гэснийг “Чи их хөлдүү залуу юм” гэж тусгаад үг хэлээ ололцоогүй нь мэдээж. Халзан толгой, буурал сахалтай, сайнаар яривал Санта Клаус баймаар өвөө гунигтайгаар “See You (Баяртай)” гэхэд нь “Харнаа чамайг!” гэж өөрийнхөөрөө тайлж буулгаад зугтсан аж. Зүгээр ч үгүй бас, “Ална тална гэсэн галзуу солиотой өвгөн нэг байна!” гэж цагдаад мэдэгдэж, халдлага хийдэг өвөөгөөс хариугаа авчээ. Бригадын гэнэрал аятай унжлага чимэг болсон, ёолкны мод шиг эргүүлийн цагдаа “Өө энэ чинь зураач Өрнөхөө гуай л байнштээ” гээд хэсэг рүүгээ дагуулж явахад, ноёнтон зэвсэгт хүчний командлагч маршалл нь намайг хүндэтгэж байна гэж бодон дагав.
Удалгүй тэр, гарт нь атгуулсан бийр, өмнө нь тавьсан зотонг алмайран суув. Юун учиртай болох нь эс мэдэгдэх авгай: “Чи чинь одоо сүүлийн үед архины цагаан солио болоод байна уу” гэж гайхан үглэж байснаа, “Солиотой хүн сэксдээ сайн байдаг гэсэн, үзээд алдъя” гэж өөртөөн шивнэв. Харийн гийчин ёс ёв ёмбогор, төр төв төмбөгөр хатуу чанга орноос ирсэн тул “Тада!” гээд халаадаа тайлж хаян чармай нүцгэн болсон авгайг үзээд нүд нь орой дээрээ гарав. Өвгөнийг дарж унасан авгай хэсэг хугацааны дараа маш их урам хугарсан байдалтайгаар түргэн дуудав.
Манай хүн галзуугийн больницод баахан Обамагийн дунд орчихоод, англи хэлээ нэлээд сайжруулсан ч, эмнэлгийн ажилтнууд нь гориллийн хэлээр ярих тул нэмэр болсонгүй.
Харин цөмийн төслийн монгол боссууд зураач Өрнөхөөг барьж аваад байлаа.
-Ганц шил юм өгчихвөл яахад ч бэлэн байна! гэж зураач бархирна.
-Хазгай л дуудахаас бус, монгол хэл мэддэг болчихсон л байнаштээ. Ер нь та ноён Сириус мөн биз? гэхэд “мөн гэвэл архи өгч магад” гээд зураач толгой дохив.
-О`кэй. Тэгэхлээр ноён Сириус тантай монголоор ярья, бидэнд ч амар юм. Энэ Монгол Зонголд чинь одоо Дэлхийн цөмийн хогийн сав байгуулах төлөвлөгөөгөө хэдэн муу хогийн япон, амэрикчуудтай хамтран хэрэгжүүлэх гэсэн маань нэлээд бүтэлгүйтэх шатандаа ороод байна… гэтэл зуу татаж цоглог болсон Өрнөхөө гавъяат:
-Тийм, тийм, бүтэлгүй новшнууд! гэж хэлээд юу ч ойлгоогүй шинжтэй арзайтал инээв.
-Таныг соёлтой байхыг хүсч байна.
-Таныг соёлтой байхыг хүсч байна.
-Их наргианч болжээ, та. За, тэр ч надад ямар хамаа байхав.
Дэлхийн олон оронд, тус бүрд нь хэдэн түмэн тонн цөмийн хаягдал хуримтлагдаад байгаа хосгүй сайхан боломжийг бид хэрхэвч алдаж болохгүй. Нэг кг хаягдал булаад 500-1000 доллар олж болох ийм ашигтай гамбир гэж хаана ч байхгүй. Дээрээс нь бас монголчууд шиг гэнэн ард түмэн гэгээн цагаан өдөр гэрэл барьж хайгаад ч өөр олдохгүй. Хувьсгалын тохироо гэж энэ!
Тэгэхлээр таныг дахин алга болохоосоо өмнө зөвхөн Монголд л хэрэгжих шаанстай энэ гэрээнд мутрын үсгээ сийлнээ гэж найдаж байна.
Хүүе, таны гар чинь яагаад салгалаад чичрээд байнаа? Хэрэв зөвшөөрч байгаа бол, бид дууриалгаад зурчихъя, цаг алдаад яахав…
За, боллоо. Энэ хавтсанд гэрээ болон тэхник-эдийн засгийн үндэслэл, төсөлд оролцогчдын танилцуулга, бидний уулзалтуудын протокол гээд олон төрлийн баримт байгаа. Хаячихваа. Алив та нар буудалд нь хүргэж өг гэж Бадраа дарга зарлиг буулгав.
Хэд хоногийн дараа Бадраагийн туслах Оргилоо батганы хурдаар харайлган ирээд:
-Өнгөрсөөн, өнөө тэнэг Сириус чинь Өрнөх гэдэг нууц нэрээр хэвлэлийн хурал хийлгэж, хэдэн булчирхайг маань дэлгэж байна! Уудаггүй гээд байхад нь хэрэггүй л чихийг нь мушгиж ам руу нь балгууш цутгалаа. Архины цагаан солио туссан шиг! гэж хашхичин дайрав.
-Аяар гэм! Хэнгэрэг хагалаад хаячих юм, ёо ёо.
-Хэнгэрэгтэй манатай. Цөмийн гэноцид хийж, Монголын ард түмнийг устгах гэсэн гээд л солиорч өгч байнаа цаана чинь! Хэнгэрэг биш харанга дэлдэж байна.
-Күйэ ер, тэртэй тэргүй өөрсдөөн устаж байгаа дуракуудыг устгахнаан ч яадым. Орилоо бөбөөчний эсрэг одоохон бүх хэвлэл мэдээллийг хөдөлгө, тэгэхэд муу балвааны яриа дээд хүчин чадлаараа ажиллаж байгаа дипүүзрийн дэргэд хулгана чарлахын дайтай юм болох биз.
Алив явж, монголчуудын баас аатмын бөмбөгнөөс арван мянга дахин хортой тул баахаа больцгоо гэж ухуул! Цөмийг булшлуулахгүй бол, цөмийг нь булшлана даа, гайгүй.
-Ерөөсөө тэр ярваа таваариш, Сириус гэх нууц нэрээр орж ирсэн нь ямар учиртай вэ?
-Нууц гэрээний асуудал юм чинь, аргагүйшдээ.
-Би өчигдөр Сириус гэж юу болохыг судаллаа. Хүнийг солиоруулдаг од байдаг юм байна. Биднийг солиоруулж аргалах гээд өөрөө солиорцорж.
-Өө яг яг.
-Сириус А, Сириус Б гэж угтаа бол хоёр од байдаг, А нь нарнаас хоёр дахин том, Б нь А-гаасаа том байсан ч шатаж, цагаан одой болон үзэгдэхээ байж.
-Тэр баасны хар чинь тэгвэл А, Б гэсэн хоёр хүн байсан юм байнштэй.
-Магад үгүй шүү дээ, магад үгүй! Сириус гараг дээр нохой толгойтууд амьдардаг; өндөр соёл иргэншилтэй; египтийн соёлыг үүсгэсэн; дэлхийнхнийг колоничлох гэж наашаа түрэмгийлэн дайрч байсан; Саудын Арабын танкэр бөгөөд сомаличууд барьцаалсан; бас компютэрийн тоглоом; швэд, оросын хамтлагуудын рок-дуу юм гэх зэрэг мэдээлэл олдлоо. Мөн Сириус нь оюун ухаант амьтан бөгөөд, өөр одын амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдон шалгагдаж байжээ.
-Цаад долийгоод тэнээд алга болсон зөнөг чинь бүр баллаж өгдөг гар юм байна. Хэдэн настай билээ?
-230 сая.
-Ураны хаягдлыг аюулгүй болтол хадгалах хугацаа байнштээ гэхчлэн хөөрөлдөж байхад нь ард олон:
-Аймагт маань гадаадын тусламжаар цөмийн мөс зүсэгч хөлөг онгоц үйлдвэрлэх болсон.
-Наадах чинь гадаадын тусламжаар хэрэгжүүлэх цөмийн хөтөлбөрийн зөвхөн нэг хэсэг. Манай аймаг дээр цөмийн бөмбөг хаях болоод байгаа гэж хөөрөлдөн хөлхөлдөх нь Монголын их амар амгалан уу, Сириусынх уу.
Ч.Мөнхбаяр
ММХI.VIII.IX
http://www.facebook.com/moenhbayar
ММХI.VIII.IX
http://www.facebook.com/moenhbayar
No comments:
Post a Comment