I. Монголд, дэлхийн цөмийн хогийн сав байгуулах асуудал 2008 онд шийдэгджээ
“Ерөнхийлөгч зарлиг гаргах нь
Ерөөсөө бидний баяр даа!” гэж дуулж бүжиглэх нь холгүй зарим хүмүүс баясч байгаа бол, зарим нь цөмийн хэрэгт хамгийн их хутгалдчихаад, популист зарлиг гаргаж, өнгөлөн далдлалт хийж хошгоруулав гэж байна.
Үнэндээ цөмийн хуйвалдаан бол, манай улс төрийн бүх томчуудыг унагаж, харгис дэглэмийг халахад хангалттай маш өргөн асуудал юм. Нэн товч бөгөөд ерөнхий, бөөрөнхий, эрх зүйн чадамжгүй ганц зарлигаар уг асуудлыг шийдчихнэ гэвэл гонжийн жоо, голионы баас гэгч л болох бий вий. Яагаад эрх зүйн чадамжгүй вэ гэвэл, дээрх зарлиг нь цөмийн хаягдал гаднаас оруулж ирж булахад үйлчлэх хуулийн орчин, хөтөлбөр, албан тушаалтнуудыг огт хөндсөнгүй. Тэгэхлээр хууль хэрэгжинэ, хөтөлбөр үргэлжилнэ, ямар ч шийтгэл хүлээгээгүй албан тушаалтнууд аюулт хаягдлын бизнэсээ хийнэ.
Цөмийн хуйвалдааны эсрэг тэмцлийн нэрт зүтгэлтэн Э.Амарлин “Цөмийн хаягдлын бизнэст хэн хэн оролцож байна вэ?” (golomt.org сайтад нь анх нийтлэгдсэн) гэх судалгааны томоохон нийтлэлийнхээ 2-р хэсэгт ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ерөнхий сайд С.Батболд, Г.Занданшатар, Р.Бадамдамдин болон бусад эрх мэдэлтнүүдийн цөмийн нүглийг илчлэх гэж байна.
1-р хэсэгтээ: 2000 онд ерөнхийлөгч Н.Багабанди, ерөнхий сайд Н.Энхбаяр нар цөмийн ажилд идэвхийлэн оролцож, 11-р сард нь В.Путинтэй АЦС барих тухай ЗГ-ын хэлэлцээр хийснийг дурджээ.
ЗХУ-ын үеэс Монголд уран олборлож, түүнийг түшиглүүлэн осолтой обект АЦС-иа манай оронд байгуулж, бүс нутгаа цахилгаанаар ханган хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулж байжээ. Цөмийн салбарын төвлөрлүүдтэй нэлээд газарт нь хүнд асуудлууд үүссэн тул Монголд цөмийн хаягдал булшлах, цөмийн туршилт хийх боломжийг ч судалж байж. Бүр Сталин, Оппэнхаймэр хоёрын уулзалтын үед Монголд атомын төв байгуулах, атомын бөмбөгийг хаяж бодот нийгэмд ямар нөлөөлөл үзүүлэхийг нь судлах боломж яригдаж байсан гэдэг.
ЗХУ алсын бодлогынхоо дагуу Монголын цөмийн боловсон хүчнийг бэлтгэж байсан бөгөөд, тэд цөмийн бизнэсийн талаар ойлголттой болж, Зөвлөлтийн хяналт сулрангуут л хийж хэрэгжүүлж үзэхийг сонирхох болсон аж. ОХУ ч урьдын төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийг санаархах болжээ.
2004 онд, Монголын өндөр албан тушаалтан Тайваньд очиж, Оросын парламэнтэч Р.Гималовоор зуучлуулан, Монголд цөмийн хаягдал булшлах нууц гэрээ байгуулсан гэж Тайваний хэвлэлд мэдээлэгджээ. 2005 онд Н.Энхбаярын шууд даалгавраар Монгол банкны О.Чулуунбат мөн Тайваньд очиж дээрх зорилготой хэлэлцээрийг хийсэн гэж УИХ, ҮАБЗ-д сонордуулагджээ. О.Чулуунбат зэрэг хүмүүст Цөмийн ахмад зүтгэлтэн (ЦАЗ) ч юм уу, гавъяат зүтгэлтэн гээд цол өгчихмөөр юм байна шүү.
2007 оны 11-р сард С.Баяр ерөнхий сайд болсноор бүхий сүйтгэл сөнөөлийг нэн эрчимжүүлсэн байна. 2008 оны 2-р сард ОХУ-ын АЗ-ийн НБД А.Соболевтой уулзаж, уул уурхайн асуудал ярьсан гэх өдрийн дараахан тэр хурандаа гэнэрал Н.Энхбаяр ерөнхийлөгчид цөмийн олборлол, энэргийн талаар гэрээ хэлэлцээр хийхийн чухлыг ухуулжээ. Оросод нэн элэгтэй гэгддэг С.Баяр 2008 оны 4-р сард хойд хөршид айлчлахдаа уран олборлолтын хамтын ажиллагааны гэрээг үзэглэв. Дараа нь С.Баяр Австрид шууд очиж, ОУАЭАгэнтлиг буюу IAEA-гийн ЕЗ Барадэйтэй уулзаж, цөмийн салбарыг хөгжүүлэхэд туслахыг хүсчээ.
ОУАЭА бол харгис хүчнүүдийн явуулгаар дэлхийн юм уу, бүс нутгийн цөмийн хогийн сав байгуулах хорт санал гаргасан байгууллага юм. Ер нь олон улсын зарим байгууллага муу муухайн үүр уурхай болж, тэдгээрт хуулийн хариуцлага хүлээлгэх эрхзүйн орчин төлөвшөөгүйгээс үүдэн, оодрон галзуурч гүйцсэн байдаг. Гэхдээ тэднийг аялдан дагахгүй л бол, тэд байлдан дагуулж бас чадахгүй юм. Харин С.Баяр яасан нь ойлгомжтой.
1970-аад оны ОУАЭА-ийн хогийн саналыг хүлээж авах тэнэг улс үндэстэн 40 жилийн турш гараагүй юмсанж.
Дээрх саналд, уран, түлш экспортлогч улс хаягдлыг нь буцааж авах ёстой, хаягдлыг нэгэнт буцааж авч байгаа юм чинь нэгмөсөн олон улсын цөмийн хогийн савтай байх ёстой гэсэн урхи бэлджээ. Энэ л урхийг манай дарга нар шүүрч аван, ард түмнийхээ жим дээр тавьж буй юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлигтаа цөмийн хаягдал булуулахгүй гэсэн ч, уран олборлохгүй, экспортлохгүй гээгүй тул, Монголд дэлхийн цөмийн хогийн сав байгуулах асуудлыг бараг идэвхгүй дэмжсэн гэж ойлгож болохоор байна.
С.Баяр 2008 оны доншуучлалаасаа эргэж ирэнгүүтээ, ОХУ-ын ерөнхий сайд асан С.Кириенкотой, сонгуулийн бэлтгэл ажлаа ч хойш тавин, Мардайд уулзаж, тэгснээ бүр хадууран хил давж, ОХУ-ын хамгийн том уран олборлогч, Буриад дахь үйлдвэрийг (Краснокаменск орчмын Приаргунское) очиж үзжээ. Удалгүй (2008.6.25) цөмийн энэргийн талаар авах зарим арга хэмжээний тухай (ЗГ-ын 263-р) тогтоолыг гаргуулжээ. ЦЭКомиссийг байгуулж даргаар нь С.Энхбатыг томилов. 2008 оны 12-р сарын 24-нд С.Баяр, Б.Долгорын (ЗГХЭГ-ын дарга) гарын үсэгтэй 64-р тогтоолоор ЦЭГазар болгож өргөжүүлжээ.
Амласан 1.5 саяыг өгөхийн тулд дэлхийн цөмийн хогийн савыг Монголд заавал байгуулах шаардлагатай гэх башир заль сонгуулийн дараахан ил гарсан шиг. 2008.11-р сард С.Баяр “Марубэни”-гийн захирал Кокубэнитэй уулзаж, цөмийн салбарт хамтран ажиллах, дэмжихээ илэрхийлээд, урьдчилгаа төлбөр хүссэн нь ингэж хардагдах үндэс болсон аж. 1.5 саяыг биш, цөмийн хогийн савыг амлаж байж шүү, ард түмээн.
2009 оны эхээр С.Баяр “РосАтом” компаний удирдагч С.Кириенкотой Эрхүүд учирч, уран олборлох, боловсруулах, АЦС Монголд барих талаар тохиролцжээ. “РосАтом”-ыг хуулбарласан “МонАтом” гэх төрийн өмчит ХХК-ийг 2009.2.11-нд байгуулсан байна. 3.12-нд ТУЗД-аар нь С.Энхбатыг, гишүүдээр ЭБЭХЯ ТНБД Д.Хүрэлбаатар, СЯ ТБГД Б.Батжаргал, ЦЭГ ДД Ц.Дамдинсүрэн, ТӨХ ДЗөвлөх Д.Байлыхүүг томилжээ. ГЗ-аар Р.Бадамдамдинг томилов.
Мөнгөний эрэлд хатсан С.Баярын дээрх бүх ажлын дараа ОХУ 300 сая долларын зээл олгов.
2009.3-р сард С.Баяр Францад айлчлахдаа, цөмийн “Арэва” грүппийнхэнтэй зузаарч, АЦС-т зочилж, дэмжиж туслахаа илэрхийлэв. Дараа нь, цөмийн салбарын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь бидний гэрийн даалгавар боллоо гэж мэдэгджээ. ОХУ-д 2009 он гарангуут айлчилсных нь дараа, тус улсын хэвлэлд: манай тал эрх зүйн орчинг хүлээж байна гэсэн утгатай зүйл нийтлэгдэж байв. Гадаадынхны өгсөн гэрийн даалгавраар л манай цөмийн төслүүд буй болдог санж.
С.Баяр 2009.3-р сард ҮАБЗ-ийг шахаж, зохих зөвлөмжийг гаргуулан, цөмийн хууль тогтоомжийн ажлыг шуурхай эхлүүлэв. Энэ ажилтай танилцах гэж, 2009.4.23-нд ОУАЭА-ийн ЕЗ Эль Барадэй УБ-т морилов. 2009.5.6-нд УБ-т гадаадын гурван нууц зочин ирж, ГХ-ны С.Батболд, БХ-ын Л.Болд сайд нартай уулзан, Монголд цөмийн хог хадгалдаг агуулахыг барих саналыг дэвшүүлээд, үүнийг ОУАЭАгэнтлиг дэмжсэн гэж мэдэгдсэн болохыг “Майничи” сонинд гэрчлэн бичжээ.
2009.5.13-нд ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин Монголд саатаж, ураны “Дорнод-Уран” гэдэг хамтарсан үйлдвэрийн талаар С.Баяртай ярилцав. Үүнтэй зэрэгцэн, “РосАтом”-ын С.Кириенко, ЦЭГ-ын С.Энхбат нар уран, цөмийн мэргэжилтний талаарх санамж бичгийг үзэглэв. Монголын хувьд санамж бичиг гээч нь гэрээ хэлэлцээрийг орлодог болсон билээ.
Ерөнхийлөгчийн сонгууль, наадамтай холбоотойгоор анхаарал сарнисныг далимдуулж, 6.25-нд “МУ-ы төрөөс цацраг идэвхит ашигт малтмал болон, цөмийн энэргийн талаар баримтлах бодлого”, 7.16-нд Цөмийн энэргийн тухай хууль батлуулах ажил гүйцэтгэгдэж, Б.Долгор дарга үүнд идэвхийлэн зүтгэжээ. Б.Долгор гуай чинь гэмгүй царайлчихаад алдарт А.Ундраагаас дутахгүй аймшигтай цөмийн хатагтай юм байна шүү.
Ийнхүү, С.Баяр нь Дэлхийн цөмийн хогийн савны гэх, Монголын ард түмэн төдийгүй, хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн, магадгүй гол буруутан, загалмайлсан эцэг байж болох нь дээрх зарим баримтуудаас харагдаж байна…
Ч.Мөнхбаяр
ММХI.IX.XIX
www.facebook.com/groups/StopNuclearGenocide
ММХI.IX.XIX
www.facebook.com/groups/StopNuclearGenocide
II. Монголд цөмийн хаягдал булшлах байгууламж 2013 онд ашиглалтад орно
1. Монголд цөмийн хаягдлын байгууламж 2010 онд баригдаад эхэлсэн байх ёстой
Элбэгээ ерөнхийлөгч маань цөмийн хаягдлын зарлиг гаргасан биш, цөмийн хуйвалдаанчдын үйл ажиллагаа идэвхжиж, атом шиг сайхан юм алтан наран дор байхгүй гэсэн суртал ухуулга бүх хэвлэл мэдээллийг байлдан дагуулж байна. Зарлиг маань хуйвалдааныг хязгаарлав уу, гааруулав уу. Дагах ёстой улс нь зарлигийг дагаж байнуу, эсвэл хэн ч дагахгүй байна уу. Б.Чадраа акадэмич зарлиг гарсанд баярлаж байгаа ч энэ нь юуг ч өөрчлөхгүй гэсэн бол, О.Чулуунбат бүр тийм зарлигийн хэрэг огт үгүй гэжээ.
Дээрх зарлигт тодорхойлиг чанар дутагдаж байсан бөгөөд, жишээ нь цөмийн хаягдал булах хууль-эрхзүй, бодлогод өөрчлөлт оруулах талаар тусгагдаагүй. “Цөмийн энэргийн талаар баримтлах бодлого” (ЦЭТБ бодлого), Цөмийн энэргийн тухай хууль (ЦЭТ хууль) хүчин төгөлдөр хэвээрээ л үлдэв.
ЦЭТ бодлогыг Б.Долгороор ахлуулсан, сайд Д.Зоригт, ЕС зөвлөх Д.Батбаатар, ЦЭГ-ын дарга С.Энхбат, ДД Б.Дамдинсүрэн, ЦЭГ ЦХ-ийн дарга Г.Манлайжав, мэргэжилтэн Э.Гантулга, ТӨХ-ны зөвлөх Д.Байлыхүү, ЗГХЭГ ХХ-ийн шинжээч Д.Мөнх-Эрдэнэ, УИХ ТГ ЭЗХТХ-ийн дарга Д.Насанжаргал, зөвлөх Б.Балган, УИХ ЭЗБХ-ны зөвлөх Ж.Батсайхан, референт Ш.Ариунжаргал нарын цөмийн мундаг мундаг ноёд хатагтай нар цөмөөр хуйвалдан боловсруулжээ.
Бодлогын 4.4, 4.5-р зүйлүүдэд цөмийн түлш гадаадаас оруулж хадгалах нөхцлөөр хангана, цөмийн болон цацраг идэвхит хаягдал булшлах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэл баримтална гэв. Энд маш олон хорт урхийг нуусан юм. Цөмийн биш ээ, цацраг идэвхит байхгүй юу, хаягдал биш ээ түлш шүү дээ гэж эргүүтүүлэх ов мэхийг зэхсэн бөгөөд, амжилттайгаар хэрэглэсээр ч байгаа. Ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэг саяхан: хаягдал гэж буруу ойлгох явдал байна, хэрэглэсэн түлш шүү дээ гэж хэлсэн л байсан. Хаягдлыг хориглох зарлигийнхаа дор “цацраг идэвхтэй”-г нь, “хэрэглэсэн түлш”-ийг нь бол чөлөөтэй булж болно оо л гэсэн үг шүү дээ. Бас тэрхүү зйүлүүдээ, “нөхцөлөөр хангана, чиглэл баримтална гэсэн болохоос булна гээгүй шүү дээ” гэж өмгөөлөх боломж бүрдсэн байгаа бөгөөд, тэгж ч байсан. Яах гэж ийм толгой эргүүлсэн зүйл бодлогод оруулдгийн шалтгаан ойлгомжтой - Цөмийн хаягдлын бизнэс хийх!
2009.5.26-ны хэлэлцүүлгийн үеэр (УИХ ЭЗБХ-нд) Д.Одхүү гишүүн, Монгол цөмийн хаягдал булшилж голоо зогоох ядуу буурай орон биш гэхэд ЦЭГ-ийн дарга С.Энхбат цөмийн хаягдал биш, spent fuel буюу хэрэглэсэн түлш гэж булзааруулжээ. Д.Одхүү гадаадаас авчирч булж болохгүй гэж тодорхой заая гэсэн нь ойшоогдсонгүй.
2009.6.19-нд УИХ-д хэлэлцэхэд Д.Энхбат гишүүн “Энэ тогтоолын хамгийн гол заалт, хамгийн гол нууц бэлтгэгдсэн заалт энэ байна. Энэ бол цөмийн хаягдал булшлах бизнэсийн тухай л асуудал байна. 4.4, 4.5-р зүйлийг эсэргүүцэх хэрэгтэй. АЦС, цацраг идэвхит бодис ашиглах тухай зэрэг асуудлууд дунд нууцаар оруулж ирж батлуулах гэсэн байна. Булшлалтын асуудлыг бусад асуудалтай хольж хутгаж болохгүй шүү, тусдаа асуудал шүү” гэжээ. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Энэ чинь өөрийнхөө хаягдлыг л булшлана гэж байгаа байхгүй юу. Хоёрын хоёр байнгын хороо хэлэлцээд, ажлын хэсэг ажиллаад, ороод ирж байхад нөхөд рүүгээ дайраад л. Нөхдөө хүндэтгэхгүй байгаа чинь эвгүй байна” гэхчлэн дарамталж амыг нь үджээ.
Санал хураахад, 52 гишүүний санал 50, 50 хувиар тэнцсэн тул, цөмийн хог хаягдлыг гарал үүслийг нь харгалзахгүйгээр булшлах бодлого хуульчлагдан батлагджээ. 2009.6.4-нд анх бодлогын төсөл УИХ-д яригдахад, оны эхнээс цөмийн ажлын хэсгийг ахлан ажилласан Э.Бат-Үүл гишүүн: “Цөмийн хуйвалдаан, тоглоомыг бид нар ерөөсөө мэдэхгүй. Бид энэ талаар А ч байхгүй” гэжээ. Энэ мэт байдал нь, мэдэхгүйгээсээ болоод баталсан, батлаагүй гэх таамгийг төрүүлдэг.
Үнэндээ бол мэдэж байсан агаад, хуйвалдааныг дэмжих, дэмжихгүй (аль аль тохиолдолд Монголын ард түмний төлөө биш) шалтгаан шалтгууд л байжээ. Цөмийн бялуунаас хүртээгүй, эсвэл хүссэн хэмжээгээрээ хүртээгүй нь эс дэмжиж, улмаар хуйвалдааны нууцыг задруулсан гэвэл үнэнд ойртох болов уу. Э.Бат-Үүлийн хувьд Понти Пилат шиг гараа угаажээ гэвээс зохилтой.
Бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөрийн 1-р хавсралтад цөмийн хаягдал хадгалах газрыг 2010-2013 онд 11 тэрбум төгрөг зарцуулан ЦЭГ гүйцэтгэнэ гэж заажээ. 10 тэрбумыг нь хувийн хэвшлээс гаргасан гэсэн байх бөгөөд, хэн гээч “хувийн хэвшлүүд” байгаа нь сонирхолтой. Цөмийн хатагтай А.Ундраатай холбоотой хувийн хэвшил ч байж болох юм.
Цөмийн хаягдал булах уу, үгүй юу гэдгийг, суртал ухуулгаар тархи угааж байгаачлан ерөнхийлөгч, ард түмэн шийдээд байгаа хэрэг бус. Цөмийн хаягдлын байгууламж төрийн бодлогын дагуу тун удахгүй буюу, 2013 онд ашиглалтад орох гэж байна!
2. Цөмийн хаягдлыг наанаа эсэргүүцэж, цаанаа хөөцөлдөж явдаг улс төрчдөд бүү итгэ!
ЦЭТ бодлогын дагуу, ЦЭТ хуулийг мөн Б.Долгорын баг боловсруулжээ. Энэ хууль Монгол улсын олон хуулийг зөрчиж, цөмийн хаягдалд ногоон гэрэл асааж өгсөн цоорхойтой гэнэм. Яагаад туршлагатай хуульч гэгддэг Б.Долгор цоорхой гаргачихав? Цоорхой гаргахыг зорилгоо болгосон учраас тэр.
Хуулийн төслийг УИХ-ын БХ, УИХ-аар тус бүр, эхний ба эцсийн гэж хоёр удаа хэлэлцээд баталдаг бол энэ процэдурыг ганц өдөрт багтаан, УИХ-аар шууд ганц удаа хэлэлцүүлсэн болж оромдоод батлуулсан байна. С.Баяр шуурхай батлуул гэж, гадаад эздийнхээ шахалтаар шавдуулж, Б.Долгор, Д.Дэмбэрэл нар морь нохой мэт зүтгэжээ. Энэ үед С.Баяр С.Энхбатын хамт Японы ЗГ-тай гэрээ хэлцэл хийж явсан аж. Бараг батлагдаагүй байхад нь батлагдсан гээд явж байж.
Д.Энхбат гишүүн, Монголд рэактор нийлүүлсэн улс цөмийн хаягдлыг нь буцааж авах ёстойг хуулинд тусгаагүй байна, хувийн хэвшил цөмийн хаягдал нууцаар булах боломжийг гаргаж өгсөн байна гэж, П.Алтангэрэл гишүүн цөмийн ажлыг гүйцэтгэх, хянах тогтолцоог С.Энхбат гэдэг нэг хүний эрх мэдлийн дор бөөгнүүлснээр хяналтын тогтолцоог үгүй болгосон байна гэж шүүмжилжээ. Гэвч Д.Дэмбэрэл ҮАБЗ, олон улсын гэрээ хэлцлийнхэн яаруулаад байна гэж шахамдуулан батлуулжээ.
Д.Энхбат, П.Алтангэрэл, Ч.Улаан нар хуулинд нэмэлт өөрчлөлт оруулна гэж мэдэгдэж байсан ч таг болж. П.Алтангэрэл цөмийн асуудлыг дэмжигч, эсэргүүцэгчийн дүрийг нэг дор бөөгнүүлсэн “хоёр нүүрт Янус” байжээ. Ийм эсрэг тэсрэг үйл ажиллагааг зэрэг өрнүүлдэг хүн нэг бус юм.
2000.11.3-нд батлагдсан Аюултай хог хаягдлын тухай хууль цөмийн хаягдал булшлахыг боломжгүй болгосон байдаг. Гэтэл, хаягдлыг “баялаг, ахин боловсруулах боломжтой, чухал ач холбогдолтой өндөр үнэ цэнэтэй түүхий эд” гэж нэрлэж уг хуулийг тойруулан хэрэгжүүлэх арга олсон нь нэгэн тайланд дурдагдсан байдаг байна. П.Алтангэрэл, П.Ундраа нар яг тийм зүйл ярьсаар иржээ.
Хамаг алт баялгаа харийнханд бэлэглэж, хараалтай, гайтай гэхчилэн ад шоо үзчихээд, хамгийн аюултай хаягдлыг нь үнэт түүхий эд гээд гуйж явдаг ийм аймшигт солиорол Монголоос өөр улсад тохиолдоогүй юм.
3. А.Ундраа биш, С.Оюун хамгийн том цөмийн хатагтай байж мэднэ
Цөмийн бодлого, хууль батлагдсаны дараахан С.Баяр Токиогийн түншүүддээ хамтран ажиллах боломж нээгдлээ гэж яаравчлан мэдэгдэв, Францын элчинг хүлээн авч, “Арэва” гэгч үл бүтэх грүпптэй ажиллах нь нээлттэй болов гэж илтгэв. ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев, “Росатом”-ын ЕЗ С.Кириенко нар айлчилж, хоёр талын хэлэлцээрийг үзэглэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Энэтхэгийн ерөнхий сайдтай хэлэлцээр байгуулж, “Арэва” грүппийн удирдлагатай уулзаж (С.Баяр мөн уулзсан) хамтран ажиллахаар тохиролцов. Цөмийн эсрэг цогтой тэмцэгч гэгдэх болсон Ц.Элбэгдорж, цөмийн даалгаврыг тууштай биелүүлэгч С.Баяртай дөрөө харшуулан зүтгэж явснаа өдгөө яагаад дурсахгүй, тайлбарлахгүй байгаа нь хачирхалтай.
ЦЭГ-ыг өргөжүүлж, орон тоог нь нэмэгдүүлэв.
С.Энхбат, А.Ундраа, Д.Зоригт, Р.Бадамдамдин, Б.Долгор, С.Оюун нараас бүрдсэн цөмийн багийг бүрдүүлэв.
Тэдний заримаас дурдвал: Цөмийн хатан хаан ч гэгдэх болсон, ЦЭГ-ын даргаар тавигдах гэж буй тул тусгай (цөмийн) үүрэгт элчин сайдын албан тушаалаасаа татгалзсан гэж бичигдэж буй А.Ундраа 2008 онд АНУ дахь ажил амьдралаа орхиод, ГХ-ийн сайд С.Оюуны “ураны асуудлаархи зөвлөх” гэх хачин албанд томилогджээ. Шадар сайд М.Энхболдын бөл дүү А.Ундраагийн ийнхүү “цөмийн хатагтай” болох замналд нь С.Баяр тусласан ажээ. АНУ-ын ногоон карттай энэ эмэгтэй 2010 оны 7-р сараас тусгай элчин сайд болсон байна.
С.Оюун бол ашигт малтмалын нэоколоничлолын үндэс суурийг тавилцсан нэгэн гэгддэг. Бас цөмийн асуудалд ч бишгүй хутгалджээ.
2008.5.5-7-нд Францад айлчлахдаа, бараг онгоцноос буунгуут “Арэва” грүппийнхэнтэй уулзаж. Францын төрийн сайд дарга нартай уулзах буюу үндсэн ажлаа дараа дараагийн зэрэглэлд тавьж явжээ.
Удирддаг “Зориг сан”-гийнх нь ТУЗ-д Р.Бадамдамдин, С.Батболд ордог бол, хандивлагчдынх нь тоонд цөмийн “Арэва”, “Хан рисорсиз” компаниуд (мөн Рио Тинто зэрэг ашигт малтмалын компаниуд) ордог байна.
Тэрбээр 2009 оны эхэнд, ЦЭТ хууль батлахтай холбогдуулан байгуулсан, Э.Бат-Үүлийн тэргүүлсэн ажлын хэсэгт орж ажиллаж байв.
Бас “МонАтом”-ын Р.Бадамдамдингийн хамтаар, А.Ундраагийн байгуулсан “Мон Амэ” гэх цөмийн чиглэлийн ТББ-ын ТУЗ-д орж, тэргүүн нь болжээ.
Иймэрхүү цөмийн хашир бурхинуудаас С.Баяр даргын баг бүрдсэн бөгөөд, одоо ч залгамжлагч С.Батболдын нь удирдлага дор шамдан ажиллаж байна.
Саяхан нэг сонин дээр, С.Баярыг МАНАН-гийн загалмайлсан эцэг гэсэн байв. Тэгвэл түүнийг цөмийн хуйвалдааны загалмайлсан эцэг гэж болох нь дээрх баримтуудаас харагдаж байна…
…С.Баярыг эдгэшгүй өвчин туссан гээд, шалтгааныг нь янз бүрээр ярьж, бичиж байсан. Тэгвэл одоо цөмийн хордлого авсан юм биш байгаа гэх болжээ.
…Эрхэм Амарлингийн илчлэлт үргэлжилсээр…
Ч.Мөнхбаяр
ММХI.IX.XXIV
www.facebook.com/groups/StopNuclearGenocide
ММХI.IX.XXIV
www.facebook.com/groups/StopNuclearGenocide
P.S. Golomt.org сайтад нийтлэгдсэн судалгааны бүтээл дээр суурилан бичив
No comments:
Post a Comment