Thursday, September 29, 2011

Хазарууд Монголд уул уурхайн ажиллах хүчээр ирэх сонирхолтой байна


Афганистаны Иргэний хөдөлгөөний намын нэгэн дарга, хазарын үндэсний эрх чөлөөний зүтгэлтэн А.Гизабитай ярилцав.

-Та Монгол оронд хэзээ ирэв?
-Наймдугаар сарын эхээр ирсэн. Бараг гурван долоо хоног болж байна. Өмнө нь хэд хэд ирж байсан. Зорилго минь ар монгол, хазар монголчуудын хооронд найрамдал нөхөрлөлийн гүүр босгох явдал.
-Таны энэ сайхан зорилго хэр бүтэж байна вэ?
-Бүтэж байнаа, бүтэж байна. Монгол орныг танилцан судалж, ямар ямар чиглэлээр хамтран ажиллаж болохыг мэдлээ, олон найз нөхөд, ажил хэргийн түншүүдтэй боллоо.

-Хамтран ажиллах ямар чиглэлүүд байнав?
-Багахангайд Финляндын тусламжаар баригдсан махкомбинат гэж байх юм. Тэнд лал стандартын мах, махан бүтээгдэхүүний бэлтгэл, үйлдвэрлэл зохион байгуулахаар боллоо.
Монголын ноос ноолуурын арвин их түүхий эд дээр суурилан пэрс хивс үйлдвэрлэх боломж байна. Пэрс хивс дэлхийд №1 гэж тооцогддогийг та бүхэн мэднэ. Хазарууд пэрс соёлын нөлөөнд их орсон тул пэрс хивсийг яг л стандартаар нь хийж ирсэн өнө эртний уламжлалтай.
Монгол улс жимс, ногооны тариалан хөгжүүлэх, ногоон бүсээ нэмэгдүүлэх сонирхол ихтэй байдаг байна. Энэ талаар хамтран ажиллаж болно.
Бас танайд уул уурхай хөгжиж, энэ нь ажиллах хүчний эрэлт хэрэгцээг үүсгэж байна. Хазарууд дунд уул уурхайн мэргэжилтэн, мэргэшсэн ажилчин их бий. Хазар мэргэжилтэн, ажиллах хүчийг Монгол улс хүлээж авч болно.
Монгол улс болон Хазарастаны хооронд хамтран ажиллах асар их нөөц бололцоонууд байна.


-Та мөн Дайкүнди мужийн Нили хотыг Улаанбаатартай ахан дүү болгоно гэсэн шүү дээ.
-Тийм ээ, Нили хотын дарга Азра Жафарийн шийдвэрээс үүдсэн албан ёсны хүсэлтийг би авчирсан. Тэр хүн бол Афганистан улсын анхны хотын дарга эмэгтэй юм.
Дайкүнди бол 2008 онд байгуулагдсан, 477 мянган хүн амтай, 92 хувийн хазар оршин суугчидтай, 17.5 мянган ам км нутагтай, Афганистаны газар нутгийн 2.68 хувийг эзэлдэг, Кабулаас 310 км зайтай байдаг муж.
Би асуудлыг эхэн шатны төвшинд нь хөөцөлдөхөөр ирсэн. Ах дүү хот болбол хотын дарга тэргүүтэй төлөөлөгчид Монголд айлчлах санаатай байгаа.
Бусад ажлуудаа хөөцөлдөж байгаад энэ асуудалдаа орох гэтэл харамсалтай нь намайг Монгол улсаас явахыг шаардлаа.
-Яагаад тэр вэ?
-Би өөрөө ойлгохгүй байна. Тийм ч учраас 9-р сард ч энд байж нэлээд ажил амжуулъя гэж бодсон. Визний зөрчил гарлаа л гэсэн.
-Манайд байгаа хятадуудын дунд визний зөрчилтэй хүн захаас нь авахуулаад л шалгахад өчнөөн төчнөөнөөрөө илэрч байдаг нь хүнд асуудал юм. Гэтэл монгол туургатандаа маш хатуу ханддаг байдал ажиглагдсаар ирлээ.
-Нэгэнт хууль зөрчигдөж байгаа бол явахаас өөр аргагүй. Уг нь Монгол улсын иргэн болчихвол амар байна. Гэтэл давхар иргэнчлэл манайд байхгүй гэдэг. Виз авах нь ч тэр бүрий амар бүтдэггүй болохоор иргэн болно гэдэг бүр хэцүү биз ээ.
-Монголын харъяат давхар иргэнчлэлтэй хүн 100 мянга орчим байгаа шүү дээ. Стандарт бус шийдлийн хүрээнд ийм статус зөвшөөрөгдчихсөн байдаг.
-Хазар, монгол хэсэг санал нийлсэн нөхөд АНУ дахь Монголын ЭСЯ-ныхантай уузалт зохион байгуулсан юм. Тэгэхэд хазар монголчуудад виз олгоход учирдаг хүндрэлийг багасгах, Афганистанд ЭСЯ-ыг сэргээх юм уу, консулын газар нээхэд анхаарч, засгийн газартаа уламжилна гэж байсан. Цаашдаа нөхцөл байдал сайжирна гэж итгэж байна.
Ахан дүү монголчууддаа ахин учран золгохын ерөөл талбия!
Ч.Мөнхбаяр
ММХI.VIII.XXIII
http://moenhbayar.blogspot.com

No comments: