“Хөдөөгийн баясгалан”-гийн аянд европын залуус туйлдаж унатлаа бүжиглэж байна
Монгол “Хөдөөгийн баясгалан” киноны “Тайван намар” дууг гэрманчууд хулгайлав гэж шуугиулаад өнгөрсөн. Гэхдээ учир нь олдоогүй. Хулгайлсан эсэх нь ч тодорхойгүй.
Үүнийг судалж үзээд, хулгайлсан улсыг нь нэр устай нь тогтоолоо. Александэр “Ала”, Кристианэ фон Күцшэнбах, Вилли Якоб, Сами Калифа, Пэтрэ Шээзэр зэрэг Зүүн буюу Ардчилсан Гэрманы нөхөд 1986 онд “Винд” буюу “Салхи” гэдэг хамтлаг байгуулжээ.
Перестройкийн үе эхэлж хоёр Гэрман хоорондоо харилцаа өргөсч, социалист орнуудын хоорондын харилцаа хумигдаж иржээ. Тэгэхлээр нь энэ хамтлаг Монголын кино ТВ-ээр гарахаар нь дууг нь санаандгүй сонсч, улмаар Лайпциг хотын ТВ-ийн нөхдөөс хурааж аваад хулгууж ашигласан ажээ. Гэрманд байдаг монгол нөхөд иймэрхүү ам дамжсан яриаг ярьдаг байна.
“Зо ви дү вайсс ниманд ви их фюл / Фюл фюр дих дү бист дэр Траум фюр мих” гээд л хангинуулж өгдөг, Гэрманы Абба гэгдсэн хамтлаг билээ. Өөрчлөн байгуулалт эхэлсэн задгай үе тул дуу нь Баруун Гэрманд ч түгж ихэд алдаршсан. “Зо ви дү” (So wie du) гэх уг хит дууны герман үгэнд “Чамайгаа санахлаар гэдсэн дотор эрвээхэй гүрвэлзмой” гэж байдаг аж. Тэр нь ямар нэг постмодэрнист-авангард санаа биш, чамд сэтгэл татагдаад байна гэхийг гэрманчууд тэгж хэлдэг ажээ.
“Винд” хамтлагийн цомог
Европод, ходоодонд сүнс, сэтгэл байдаг гэх, эртний сэтгэлгээний үлдэгдэл буй. Слав хэлэнд амьдрал, ходоод гэхийг живот гэх нэг үгээр хэлдэг. Орос хэлэнд живой, животное, живот гэхчилэн хэлнэ (амьд, амьтан, ходоод). Гэдсэн дотор эрвээхэй эргэлднээ гэдэг нь тийм сэтгэлгээний илрэл аж. Монголчууд сүнс сэтгэл элгэнд байдаг гэж эрт үед үзэж байсан байдаг. Элэгтэй, элэг буруу, элгэмсүү, элэгсэг гэх мэт.
Өдгөө зарагдаж буй “Винд”-ийн фэнүүдийн футболк
Өдгөө уг хамтлагийн 25 жилийн ой болж буй агаад Европоор аялан тоглож, “Хөдөөгийн баясгалан”-г маань хөдөө хотгүй хангинуулж байгаа ажээ. Гэхдээ диско-тэхно хэмнэл нэмсэн тул аянд нь өнөөгийн залуус татга ятга бүжиглэж болохоор болжээ. Гэрманы баар цэнгээний газруудад “Зо ви дү” хангинаад л тангад түвд таван хэлийн амьтас тааваараа бүжиглэж байдаг болсон гэх.
Хүннү цус холилдсон гэрманчууд монгол дуунд дуртай агаад нэрт дуучин Сандрагийн нөхөр манай Норовбанзад, Уртнасан нарын дууг хулгайлаад хоёр ч композици хийж, залуусыг аянд нь бүжүүлээд авсан.
Ч.Мөнхбаяр
No comments:
Post a Comment