Thursday, September 29, 2011

Ар Монголын аатай наймаачны паян

наргиа

Ар Халхын аатай наймаачин эр дэн буудлынхаа тагтан дээр дэнхэлзэн гарч иртэл, танкны хошуу шууд өөдөөс нь өндөлзөн чиглэж, битүү саван дотроос “Ална шүү!” гэсэн бүгт дуун гарах нь сонсдов. Манай наймаачин нүдээ нухлаж, юу болоод байгааг ойлгож ядан гуйвах нь ичээнээс дөнгөж цухуйсан баавгай гэлтэй.
-Онц байдал тогтваа. Даруй дотогшоо буцаж орохыг 38-р арми шаардаж байна гэж экипажийн дарга Хо танкны хошуугаа цагаан хоолойн оронд ашиглан, пижн монгол хэлээр хашхирав.
-38-ын арми гэв үү? Чихэнд чимэгтэй мэдээ байна даа. Ямар онц байдал гээч нь энэ вэ? 38 хэмийн умдаан л зооглоод байх хэрэг үү? гэж наймаачин эр амандаа халх барин хариулав. Хо дарга:
-Ар Монголын бүх хэт даврагчдыг Эрээнээс гаргасан байхад энэ зандалчин яагаад үлдчихдэг билээ? Гадаадын хүнийг чинь одоо хамаагүй буудчихаж болохгүй. Ар Монголын салан тусгаарлагчид бас бослого гаргаад унавал яана гэж бүтэж үхэх дөхсөн албатууддаа хэлэв.
Чингээд:
-Дээрэмчин өвөр монгол хүүхдүүд гадуур их яваад байгаа. Стратэгийн түнш орны, стратэгийн эрхэм дээд зочин таныг хайрлан хамгаалах гэж л халуун наранд хатуу төмөр дотор чихцэлдэж сууна даа бид гэж ихэд жүжиглэн байж, машид үрчилзэн хэлсэн ч түүнийг нь хэн яаж нэвт харах билээ лээ.
-Шартаад үхлээ. Тэр 38-ын юмаа аваад ир. Тэгэхгүй бол гарч ганц шил юм цохилоо шүү! гэж наймаачин цахиртсан хоолойгоор бархирав.
-Алив, танкныхаа спиртийг цөмийг нь аваачаад өг. Байдлыг хурцатгаж болохгүй гэхэд цэрэг:
-Хятад улсын төлөө зүтгэе! гэж өндөр дуугаар хэлэв.
-Юун Хятад Мятад вэ? Дуугаа аяд. Битгий элдэв юм гоншигнож байж тэр муухай наймаачны дургүйг хүргэчих. Олон үглээд байлгүй, бушуул! гэж Хо дарга шивнэлээ.
Удалгүй “Пин Юань” буудалд их хэмжээний шингэн юүлэгдэх чимээ хоёр удаа гарсны дараа цэрэг танкандаа санд мэнд орж ирэв. Дарга:
-Овоо муу гар юм аа. Хоёр таслаад л гүзээлчихэж байна шүү. Ингэхэд чамаас чинь юун балиар үнэр ханхлаад байгаа юм бэ? Айгаад өмдөө норгочихов уу гэхэд цэрэг малийж:
-Юу гэж тийм юм байх вэ? Архичин баагий таслалгүй уусан. Харин саванд нь шээсэн гэв.
-Яахлаараа чи улсын өмчинд шээлгэж байдаг юм.
-Ху Жиньтао дарга л нэг ч хүнийг гадагш гаргаж болохгүй гэсэнштээ.
-Тэгээд наадхаа над дээр аваад ирдэг нь яаж байгаа юм!
-Дээрэмчин өвөр монгол хүүхдүүд поольдчих вий гээд хар гүйхээрээ л ирлээ.
-Ээ чааваас, ухаангүй ноёнд урагшгүй албат гэж! Тэр бацаанууд чинь малчин Мэргэн Зэргэн гэж хий хоосон лоозогнож жагсахаас л цаашгүй.
-Тэгвэл бид энд юу хийж байгаа юм?
-Хэн мэдэж байдийм. Цаад Ху Жиньтао даргаасаа асуухгүй юу. Дэмий юм чалчиж байхын оронд шээснийхээ учрыг ол.
-Шээс ч гэж, бараг цэвэр спирт юм билээ.
-Дуугүй байгаад өгөөч ээ, ямар зовлонтой юм бэ. Ядаж байхад нөгөө маанаг хар чинь дахиад архиан нэхээд уналаа, наадхиа аваачиж өг өг, спирт л юм бол.
-Бүх юм хязгааргүй давтагдах нь байнштээ гэхэд өөр нэг цэрэг:
-Ахмад аа, “өлсөөд байна, монгол хоол унд авчир” гэж хэт даврагч шаардаж байна хэмээв.
Далимд нь эрүүл агаар амьсгалаад авъя гэж бодоод дарга цамхгаасаа цухуйж:
-Хаанаас тэр монгол хоолыг чинь олох юм бэ. Та БНХАУ-д байна, ойлгож байнуу гэж бархирав.
-Энд чинь монгол хоол л байдаг шүү дээ. Хаашаа юм, Эрээнийг ч мэдэхгүй!
-Монгол хоол гэж ямархуу янзын юм байдаг юм бэ?
-За яршиг, яршиг. Би өөрөө…
-Та жаахан хүлээж бай л даа. Одоохон цэрэг явуулдаахъя.
-Тэр цэрэгтээ гээтэнгээр дайраадах гэж хэлээрэй. Монгол хүүхэн авчруулж цэнгэе.
-Чи ер нь ямар эрээ цээргүй тэррорист монди вэ? Доор чинь 38-р армийн Хо өөрийн биеэр байж байна! Дуулж байна уу чи?
-Битгий ямбий Т-34-ийн дотроос бүлт бүлт үсрээд бай!
-Ямбий?
-Сая гацаж байхчивлээ гэхээр нь Хо асуусан харц доош шидвэл албатууд нь нээрэн тийм гэсэн дохио зангаа үзүүлэв. Дарга ч бушуухан нүхэндээ шургалаа.
-Өнгөрчээ!
-Согтуу толгой яаж гацсаныг нь мэдчихдэг байнаа. За энэ үхэр монгол ч яахав, өвөр монголчууд мэдвэл харин танктай маань баглаад балбаж мэдэх улс гээд дарга асгарсан хөлсөө шудрав.
-Тийм шүү, ахмад аа. Монголчууд ташуураа бариад боссон ч аюултай гэж комиссар хэлдэг сэн.
-Үхэл амьдралын зааг дээр ирчихээд байхад балдуушны комиссар…
-Эв хамтын сургаалийн ариун номлогчийг юу гэнэ ээ та.
-Битгий солиор! Намайг үхвэл намын гишүүн гэж тооцоорой.
-Та чинь угаасаа л намын гишүүн ш дээ.
-Хуц, байлдагч аа. Эв хамт гэж юу юм, үхсэн хойноо… Амьдрал гэдэг чинь аяга будаа, атга мантуу! Яс юман дээрээ ийм л байдаг юм. Аль тэр спирт аваад аль!
-Шээс ш дээ! Тэгээд ч монгол архичинд өгөх гэж байгаа.
-Ухай чи тэр муу тэнэг монголд долдигноод, даргыгаа болохоор шээс гэнэ ээ!
-Таныг хэлээгүй ээ.
-Амаа тат.
-Хэлдэг л үг нь амаа тат, ална шүү, гөлөг…
-Дуу, гөлөг.
-Ер нь хүний нутагт ингэж ад болж, айж ичиж явж яадаг байнаа. Бээжиндээ байсан бол хичнээн сайхан. Мань мэтэд болохоор мантуу, будаа л хэрэгтэй гэчихээд өөрсдөө болохоор Сүмбэр уулыг идэж, Сүн далайг залгисан ч ханаж цадахаа мэддэггүй, сонин улс шүү, манай дарга нар… гэж олон үгтэй цэргийг хэлэхэд танкны хошуугаар “дурандаж” байсан цэрэг:
-Нөгөөх чинь “Өвөр Монголын эрх чөлөө мандтугай!” гээд солиороод уналаа яах вэ гэж балмагдан өчив. Олон үгт:
-Бодоод байхнээ өвөр монголчуудын тавьж байгаа шаардлага зөв ш дээ. Манай Хятадыг тэд эзлээд, нэг тариачныг маань дайраад алчихсан бол бид яахав? Адилхан л босно шүү дээ гэв.
-Энэ тэрс үзэлтэн, Лю Шо Бо-гийн шавь нохойг баривчил! Эртүүдээс хойш балай өвчтэй болчихоод байгаа юм! Тэгээд харин экстрэмист монголын хүссэн бүхнийг биелүүл. Чи хоол, чи хүүхэн, чи архи олж ир. Энүүний нөгөө шээсийг өгвөл байдал эвгүйдэж магадгүй гэж даргыг тушаахад:
-Хоёр хүн яаж дөрвөн тушаал биелүүлэх юм бэ? гэж нөгөөдүүл нь гайхав. Наймаачны уусан спирт тархиндаа гарч, тагтандаа цамнана.
-Хадааг сулла! Колоничлолоо зогсоо! хэмээн цуурайтуулна.
-Хо дарга аа, энэ чинь жагсагчдын лоозонг хараад хэлээд байгаа юм байна!
-Юун жагсагч вэ?
-Ирж явнаа!
-Хэн ирж явна гэж! Жагсагч уу, архичин уу?
-Аль аль нь гэтэл дээрээс нь хөлчүү эр бууж ирэв.
-Энэ чинь БНХАУ-ын армийн хаалттай бүс! Та чинь яаж нэвтрээд ороод ирэв?
-Донгод! Манай Т-34 л байна. Би жолоодож явсийм. Энэ чинь Монголын армийн хаалттай бүс.
-Юу яриад байнаа?
-Юу ярихаа чам шиг юмаар заалгахгүй.
90-ээд оноос хойш Монгол эх орныг маань хамгаалах учиртай 200 хуягт, 150 танк, тоо томшгүй олон их буу, пуужин, пулемёт, миномёт, мина, бөмбөг, автомат винтов, гар буу, сум, сэлэм жад, автомашин, сөнөөгч болон бөмбөгдөгч онгоц, агаараас эсэргүүцэн хамгаалах систэм, локатор, сапёрын тэмтрүүл зэргийг дарга сайд маань төмрийн хаягдлын үнээр Хятад руу гаргаж байсан юм шүү. Тэрэн дээрхи соёмбыг нь баллан будаж, таван хошуу, ханз үсэг зураад л, хужаа нар Монгол улс руу чиглүүлж байсан юм гэсэн.
-Тэр чинь надад ямар хамаатай юм бэ? Гар чи!
-Чи өөрөө гар! “Энд Баагий байлаа” гэж сийлсэн бичиг маань энэ байна. Миний танкнаас зайл!
Би энэ танкаар чинь Зөвлөлт, Хятад хоёр байлдвал Лоб нуурын цөмийн цогцолбор, Ланьжоугийн түшиц газрыг эзлэх сургууль хийж байсан юм. “Хувьсгалт Монгол” танкийн бригадад байсан, Гитлэрийн Гэрманыг бут цохиж, Бэрлин хүрсэн танк шүү!
-Яасан танхай этгээд вэ. Цагдаа дууд. Хүүе ээ наад лантуугаараа яах нь вэ.
-Гацааг нь гаргах гэж байнаа!
-Аллаа, авраарай! гээд Хо дарга зугтан одоход экипажийнхан нь ч араас нь дэрхийв. Наймаачин лантуу далайсаар гарч ирэх нь тэднийг элдэх гэсэн биш, засвар хийх гэсэн байжээ. Тэгснээ, танкийн бөөрөнд наасан хүрзийг авч будаг хусахад соёмбын дүрс тодров.
-Бас хөл хорино гэнээ! Баагий миний явах суухыг хоривол яадгийг үзүүлээд өгье өө гээд орсны нь дараа юүлэх, сумлах чимээ зэрэгцэн сонсдов…

Ч.Мөнхбаяр
ММХI.IX.XXI
http://www.facebook.com/moenhbayar

No comments: