Наргиа
Монголын ерөнхийлөгч АНУ-ын ерөнхийлөгчтэй утсаар ярив.
-За, Барак сайхан зусч байна уу, хө?
-Сайхаан, сайхан зусч байна уу?
-Сайхаан, сайхан зусч байна уу? Өө энэ чинь нээрээ юу билээ, эцэс төгсгөлгүй үргэлжлээд байдаг хачин мэндчилгээ шүү.
-Хэ хэ.
-Сонин юутай байна хөгшөөн, ганц юм шаах уу?
-Юу?
-Худлаа худлаа, тоглосон юм. Хөөе, Баагий чамтай айлчлалынхаа үеэр чухал чухал юм ярих байснаа мартчихжээ. Тэгээд залгалаа л даа.
-Тийм байлгүй дээ. Ганц Боинг л яриад байсан. Тэр чинь манай компани болон танай иргэний агаарын тээвэр хоёрын хоорондын яриа болохоос, төрийн тэргүүний төвшний яриа биш шүү дээ.
-Америк манайхаас 100 дахин олон хүн амтай. Тэгэхлээр төдий чинээ олон овоотой, тахилгатай байж таараа. Тэр бүхэн дээр өвгөөн чи яаж очиж амжиж байнаа. Нэг биеэ хэд хувааж, хуваарилж байна. Туршлага судалъя.
-Манайд нэг ч овоо байхгүй.
-Худлаа шаагаад бай л даа.
-Үнэн шааж байнаа. Ээ би чинь юу гээд хэлчихвээ, өөрийн чинь яриа халдварлаад…
-Чи надаас 100 дахин олон одон мэдал, погон зүүж өгч байгаа. Хурууны болон нурууны өвчнөө яаж аргалж байна.
-Би нэг ч хүнд юу ч зүүж өгдөггүй. Хааяа л өдрийн од шиг…
-Жаргацан гар юм аа, чи. Эмэгтэйчүүдийн элдэв баяр, арга хэмжээний үеэр мөөм зуурсаар байгаад бүр гар хуруу эвдрээд, өдөр шөнөжин зүүдлэгдээд юу болдог гэж санана.
-АНУ-ын ерөнхийлөгч мөөм барих байтугай харахад огцордгийм.
-Яагаад тэр вэ, манайд бол харц буруугүй л гэдэг. Чи хүүхэн шуухны асуудлаа яаж зохицуулдаг вэ?
-Жэндэрийн асуудлыг хэлээд байнуу?
-Чи чадахгүй л дээ! Мишэлээ хараад л мишээгээд суудаг биз. Эр хүн гэдэг чинь хэний айраг исэж, хэний охин өсөж вэ л гэж явдаг юм. Чамд нэг арга заахад, Мэксик рүүгээ шуртхийчиж бай. Тэгээд л ёстой бурхангүй газрын бумба галзуур…
-Нөгөө чухал яриа яасан бэ? Одоо би хуралд орох гээд байна. Хойд Солонгосын асуудлаар.
-Хойд Солонгос руу ч шуртхийсэн болно. Тэгээд л тэндхийн коммунист охидыг тэнгэр харуулаад, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жир…
-Та наад зарчимгүй яриагаа болиоч. Эхнэр маань чагнаж байгаа байх.
-За тэгвэл авгайг чинь байхгүйд ярья. Чи боодгонд хэр вэ?
-Юу байдаг юм?
-Тарваганы махан зууш юм даа.
-Тэрийг чинь иддэг юм уу. Том л оготно шүү дээ.
-Идэхээр барах уу. Махыг нь чулуутай хамт арьсанд нь боогоод гаднаас нь паяалнахдаж болгодог юм.
-Чулуу бас идэх үү.
-Үгүй ээ, улайдмал чигээр нь атгадаг.
-Танайх чинь одоо гэмт хэрэгтнээ тэгж шийтгэдэг болж байна уу.
-Юу ярьж байгаа юм. Бурхдын хүнс. Тарваган тахлын хорио тогтсон байсан ч манай дээдэс боодгоор тасарнаа л гэж байхгүй.
-Тахал гэнэ ээ, аюултай хоол биш үү.
-Аюултай нь аюултай. Боодог ч дэлбэрч болно, идсэн хүн нь ч дэлбэрч болно. Нөөшилсөн хүйтэн өгөрцийтэй хольж идвэл 100% дэлбэрнэ. Ноднин би дэлбэрээд үхэх дөхсөн.
-Та чинь нөгөө “Гуандунгийн мөнгөн мөс”-өө хүртчихээ юү дээ.
-Үнэнээ ярьж байнаа.
Барак чи архийг хорихдоо ямар арга хэмжээ авч байна?
-Архийг хорьж яах юм?
-Хортой ш дээ.
-Хортой гэвэл бүх л юм хортой ш дээ. Ухаан нь, сая нэг залуу хайр сэтгэлээс болоод амиа хорлосон байна. Тэглээ гээд хайр сэтгэлийг хорих уу?
-Танай Амэрик ийм нэг шал дэмий романтик ш дээ.
Чи “Ээ, 300 сая Вашингтон оо!” ч юм уу, “Ээ, нэг тэрбум Линкольн оо!” гэсэн уриа дэвшүүлж байв уу.
-Үгүй. Юун тоонууд гаргаад ирэв ээ. Ганц ганц л хувь хүмүүс шүү дээ.
-Би тиймэрхүү уриа гаргасан юм. Тэгсэн харин: Ерөнхийлөгч “Ээ 42.6 сая Чингис ээ” гэсэн. “2.6 сая биш үү” гэсэн чинь “Малтайгаа нийлээд л дээ” гэсэн… гээд хүмүүс онигоо зохиоцон байлээ хи хи.
-Яаж 2.6 сая Чингис байх юм бэ. Сая сая хүн дунд хулгайч ч бий, биеэ үнэлэгч ч бий…
-Тэгээд солиороод байдгийншд. Чи бид хоёр адилдаа л адил, годилдоо л годилшдээ. Амэрик бичгийг хэр дэлгэрүүлж байна, хамаа.
-Юун амэрик бичиг вэ? Би кэни бичиг л гэж мэднэ. Тэгээд ч сургуулийн асуудлыг боловсролын сайд хариуцна.
-Яриа таардаггүй ядаргааны бацаан шүү. Өмнө чинь байсан Жоржоор би өөрийгөө магтуулсан илтгэл бичүүлээд л, Монголд айлчлахад нь уншуулж л байлаа...
-Цаг бүр болохоо байлаа. Гол яриандаа ор.
-Гол юмнуудаа яриад л байнаштээ. Согтуугаар машин жолоодоход юу анхаарах вэ.
-Өөрөө арай согтуугаар машин жолоодож яваа юм биш биз дээ.
-Үгүй ээ, үгүй. Тээр жил харин онхолдоод, үхэнгээ алдсан.
-Шоронд уу?
-Юун шорон бэ? Ард түмэн тэгэхэд надад чинь хайр зарлаад хачин юм болов оо…
-Нээрээ ямар хачин юм бэ. Худлаа байлгүй. Манайд бол үзэн ядах байсан.
-Монголд дэлхийн цөмийн хаягдлын төв байгуулах санал маань юу болж байна.
-Ингээд л гол юмаа ярихгүй дээ. Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг танайд булшлах боломжийг хэлэлцэх гэж байна.
-Хаягдлын төвийг бүтээж өгсний маань төлөө надад “Азийн ардчиллын лидэр” цол шагнах юм байгаа биз дээ? Өөрийнхөө сонин дээр: “Удахгүй монголчууд Чингис хаанаар биш, Азийн ардчиллын лидэрээрээ нүүрээ тахлах цаг ирнэ” гээд бичүүлчихсэн.
-Тэмдэгний үйлдвэрт загварыг нь өгөөд захиалчихсан. Санаа зоволтгүй.
Монгол орон бол угаасаа ардчиллын алтан үлгэр загвар, Дорнын эрх чөлөөний гэрэлт бамбар…
-Галзуурав уу, чи! Ядаж хоорондоо ийм дэмий балай юм ярьж байхаа больё л доо, өвчтэй хог минь. Гэрэлт бамбар гэснээс гамбир гэвэл илүү амттай байлгүй.
-Гэрэлт гамбир.
-Во хорошо!
Намайг Хятадад айлчлахад тэнд багшилдаг манай иргэн надад орчуулж үйлчилсэн л дээ. Манийг явангуут, тэрнийг алчихсан. Ийм тохиолдолд Барак чи яах вэ?
-НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд асуудлыг хэлэлцүүлж, олон үндэстний цэргийн хүч илгээнэ. Өөрөө яав?
-Яагаа ч үгүй.
-Хойд Солонгосын асуудал улам хурцадлаа. Дараа ярья. Дийд дийд…
Ерөнхийлөгч маань амандаа бөвтнөөд, Медведев рүү залгав.
-Дима хөгшөөн сайхан зусч байна уу.
-Сайхаан сайхан. Сайхан ч гэж дээ. Хойд Солонгос АНУ руу цөмийн пуужин харвана гэж заналхийлээд тун хэцүү байна. Дэлхийн дайн ч гарч мэдэх нь.
-Тэр яах вэ? Улаанбаатар төмөр замын эзэмших хувийн асуудлыг яах гэж байна.
-Төмөр зам дотроо танай хуулийн дагуу шийдэх асуудал гэж би хэлсэн шүү дээ. Тэгээд ч та чинь засгийн газрын асуудал шийдэх эрх мэдэлгүй юм байхчивлээ.
-Юу? Намайг эрх мэдэлгүй гэнэ ээ? Чи муу Дима…
-Уучлаарай, Хойд Солонгосын асуудлаарх хурал дээр сууж байна. Байдал ер нь…
-Хойд Солонгосын асуудлаа надтай ярь л даа. Би цаадуултай чинь гал хамууд ш дээ гэтэл утас тасрав.
Ерөнхийлөгчийн туслах гүйж ирээд “Дэлхийн III дайн эхэллээ. Хойд Солонгосыг АНУ, Япон, Өмнөд Солонгос эсэргүүцэж, Хятад, Орос, Иран дэмжээд дайн эхэлжээ. “Ярилцаж тохиролцож болох хамгийн эгзэгтэй эгшнийг их гүрний удирдагчид алдсан учраас дайн гарсан” гэж мэдээлэгдэж байна” гэв.
-Лукашенкогийн шинэ утас хэд билээ. II Аун Сан Су Чи болох мөрөөдөлдөө автаад цаадхыг чинь арай л хэтрүүлчихэж. Тунирхаад байгаа юм. Тамгын газартаа 1000 “Беларусь” юм уу, БелАЗ авч л аргадахаас…
Ч.Мөнхбаяр
ММХI.VII.XXII
ММХI.VII.XXII
No comments:
Post a Comment