Sunday, September 18, 2011

МЗЭ-ийн гишүүн Чулуундоржийн Мөнхбаярын уран бүтээлийн тодорхойлолт

МЗЭ-ийн гишүүн (2008 онд элссэн) Ч.Мөнхбаяр нь хүүхэд бага наснаас уран зохиолыг сонирхон оролдож, 1984-1986 онд зохиолч Т.Очирхүү, судлаач Д.Хүү нарын удирдсан уран зохиолын "Нахиа" дугуйланд суралцаж байжээ. "Нахиа" дугуйлангийн түүвэр номд 7 шүлэг нь орсон.
Анхны хошин шүлгээ 1983 онд "Пионерийн үнэн" сонинд, анхны шог үгүүллэгээ 1984 онд "Тоншуул" сэтгүүлд нийтлүүлснээс хойш, шог хошин уран бүтээлийг байнга бичиж хэвлүүлсээр ирэв. Хошин шогийн уралдаануудаас 2 түрүү, 3 байр авч байлаа.

-2000 онд дан өөрийн хошин шог бүтээлээрээ "Монголын шинэ онигоо" сонины 2 дугаар;
-Мөн онд "Птерозаврын чих" шог хошин зохиолын түүврээ хэвлүүлж;
-2003 онд хошин шогийн "Инээхүйн гайхамшиг" түүвэрт нэлээд бүтээлээ;
-2008 онд "Ёстой гоё ном" түүвэрт бүтээлээ оруулсан.
-2010 онд хошин шог уран бүтээлийн "Нисдэг баавгай" бие даасан түүврээ хэвлүүлсэн нь, оны шилдэг номын "Алтан өд" шагналд нэр дэвшсэн.
-Өдгөө 7 хоног бүрд хошин шог үгүүллэгээ нийтлүүлж байгаа бөгөөд,
-Хошин шогийн шинэ түүврээ энэ онд багтаан гаргахад шаардлагатай ивээн тэтгэгчээ олоод байгаа.
-Хошин шог зохиол орчуулж, уншигчдын хүртээл болгож байв.

Анд найз, зохиолч Я.Мөнхжаргалын хамт

Уран зохиолын янз бүрийн төрөл жанр, стилээр бичдэг тэр,
-1993 онд "Чөлөөт сэтгэлгээний дуулал" наадмын шагналыг үгүүллэгээр,
-1996 онд "Есүнгэ мэргэн" шагналыг модернист стилийн бүтээлүүдээр ("Ногоон морь" нийгэмлиг, "Хүрээ хөвүүд" бүлгэм хамтран олгосон) авч байсан.
-"Монголын уран зохиолын дээжис" (8 боть, 1995, үгүүллэг),
-"Модернизм Монголд" (1997, шүүмж),
-"Монголын шилдэг тууж" (2006, тууж),
-"Мөнгөн үеийн шилдэг үргэлжилсэн үг" (2009, үгүүллэг) номуудад бүтээл нь орсон.
-2006 онд "Монгол Омен" романаа хэвлүүлсэн.
-Яруу найраг, үргэлжилсэн үг, драмын цөөнгүй уралдаанд оролцсон.
-Шүүмжүүд, дурсамжууд, уран зохиолын холбогдолтой үгүүллүүд бичиж, уран зохиолын номууд редакторлож байв.
-Уран зохиолын ном орчуулан хэвлүүлж байсан.
Монголын зохиолчдод хандах 12 зүйлт уриалга, "Уран зохиолын Олимп" төслийн тухай санаачилгыг дэвшүүлсэн. Яруу найргийн "Харьцангуй" бүлгэм (2009), Монголын ПЭН-клүб (2009), Дэлхийн монгол хэлтнүүдийн утга зохиолын нийгэмлэгийг (2010, УЗ-ийн гишүүн) нөхдийн хамт үүсгэн байгуулалцсан.
"Алаг хорвоо" нэгдсэн редакцид сэтгүүлчээр ажиллаж буй. Зохиолч шүүмжлэгчид түүнийг уран зохиолын шинэчлэлд хувь нэмрээ оруулсан гэж үнэлж, "Модернист Мөнхбаяр" хэмээн нэрийддэг.
Өдгөө уран бүтээлийн том түүврээ гаргахаар ажиллаж байна.

2011.6.8


P.S. МЗЭ-ийн шагналд дэвшүүлэхэд хавсрагдсан тодорхойлолт юм.

No comments: