Наргиа
Манай аялал жуулчлал гэж гадаадын гийчнийг тамлан зовоох гаж дон байдаг хойно доо, Алтан гурвалжин ч гэнэ үү, алмайрам нэртэй улсаас ирсэн эрхмийг үүр цайхаас өмнө орноос нь суга татаад л , хоол ундны үнэр ч авахуулалгүй халуун наран дор, битүү кабин дотор жигнэн хэдэн цаг пижигнүүлэв ээ, хө. Монгол орон сайхан байгаа биз гэж үе үе асуун, элдэв магтаалын үг урсгуулан дэглэхээ яахин мартах билээ дээ, би.
Биднийг Цонжин Болдогт хүрэхэд, ямаачин өвөө хэзээний ирчихсэн, шатан дээр завилан унтаж байв. Өөр газар намаржих болсон тул, замчилж өгөхөөр, унаанд дайгдан ирсэн түүний тас хар царай, цав цагаан шүд, басхүү инээж буйг нь илтгэнэ.
Өвөө бид хоёр “жинхэнэ малчин айлд өнжүүлэх” гэдэг бизнэсийг үе үе хоршин хийдэг юм л даа.
Амралтын паркийн аймшгийн аттракционыг санагдуулам давхилт өвөөгийн хувьд юу ч биш бололтой:
-Галзуу улаанаа ганц нэрчих үү дээ гээд түрий рүүгээ гар сунгана.
-Та битгий зочныг маань угаартуулаад, машиныг маань шатаачих. Тоос шорооноос болж цонх нээлгэхгүй байгаа гэхэд зочин бар бар хэмээн нэгийг үгүүлнэ.
-Ноён Боб алжаагаад байгаам байна, наадхаас чинь сороод үзвэл сэргэлт авах болов уу гэж байна…
-Боов оо, юун ч хөгийн нэртэй юмб дээ, хэ хэ.
-Нөгөө туулайн баасаа л татсаар байгаа биз дээ?
-Сурсан занг сураар боохгүй шүү дээ…
Багадаа нэг найздаа: “Би туулайн баас татдаг болсон” гэсэн чинь, “Туулын араас санаа алдаад байдгийн чинь учрыг оллоо, ичиг ичиг” гээд л намайг бүр онигоонд оруулчихаж билээ, ха ха…
Сүүлийн үед олдохоон байгаад, туулай орлуулагчийн баас татаж байгаа. Хөөе, Боов оо, май! гээд өгснийг зочин сороод дороо маанайв шүү.
-Танайд чинь, Соломон хааны булшин дээр анх ургасан цэцэн мэргэний өвс байдаг юм уу л гэнэ.
-Бүх өвс байнаа, манайд! Ямаа сайн иднээ! гэж өвгөн аян замын чимээ дарах гэж бархирна.
-Бүх өвс өө? Гайхамшиг! Тэгээд баас нь ийм чанга байгөөм байналдөө…
Танайд ямаа ер нь их үү? Алтан Гурвалжиндаа хэлсү! гэж зочин цоглог болчихсон дуугарна.
-Өө их ш дээ! Дэлхийд 2-рт ордог, жилд 5.6 мянган тонн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд нийлүүлдэг. Тэр дэлхийн зах зээл дээр 100 доллар, Монголд 20-30 доллараар зарагддаг. Нэг кг нь 300-500 долларын бараа, үйлчилгээ төрүүлэх боломжтой гэдэг. 300 шахам тэрбумаар үнэлэгдэх бүх бүтээгдэхүүнийг маань Эмээлтийн цэгийн арваад хужаа л урагшаа гаргаж суудаг болохоор жинхэнэ үнэ цэнийг нь мэдэх арга алгөө, алга…
-Аймшигтай их орлого ашиг! Манай Алтан гурвалжингийн орлого хажууд нь туулайн баас! Аргагүй танайх Ямаак улс!
Та нар дундад зуунд Чингис хааныхаа хүчээр дэлхийг эзэлсэн, өдгөө Ямааныхаа хүчээр дэлхийг эзэлж болно!
Хужаа нарт чинь л дайн зарлах хэрэгтэй юм байна!
-Ямаат улс гэв үү дээ? Нээрэн энэ чинь юусан билээ…
Манай парламэнтчдийг 76 ямаа гэдэг. Тэд ямаа бүрт тэтгэмж олгодог. Монголын Далай багш маань Ямаатын гудамжнаас гаралтай. Ер нь соёмбыг Ямаан толгойноос сэдэвлэн зохиосон гэж байгаа.
-Зөв мэнэжмэнт! Гэхдээ ямаа улс гүрнээр нь цөл болгочихдог гэдэг, тэр асуудлыг яаж байна…
-Ургамлын үр үндсийг хувхайлан идэж, сүйтгэдэг л гэдэг. Гахай шиг газрын хөрс сэндийчин, үндэс ухаж идэж байгааг нь үзээгүй л юм байна. Туйлын үнэрч соргог, саарал чоно, шилүүс сүрэг рүү гэтэж байгааг алсаас мэдэж, тургилан аюулын дохио өгч хамгаалдаг увдистай. Би ч ямаа тургилангуут л тооно өөдөө буудчихаад л санаа амар сууж байдаг хүн.
-Жинхэнэ Ямайк! Саарал чоно, Шилүүс гэдэг чинь пиратын онгоцнууд биз? Танай улсад ажилгүйдэл, авлигал, гэмт хэрэг, дээрэмчдийн бүлэглэлүүдийн дайн хэр их вэ?
-Зөндөө ш дээ.
-Тэгээд та яагаад аз жаргалтай байна?
-Бид инээж чаддаг учраас жаргалтай байдаг юм. Инээд бол аврал, дахин төрөлт. Инээд- бидний философи. Инээж байхдаа тэнгэр цэлмэг байдаг. Төгс оршихуй, гэгээрэхийн аугаа нууц нь - мөнхийн инээд. Бид инээдээрээ хорвоогоо тэлж, дэлхийнхээ нулимсыг хатаана…
-Боб Марлийн үгс! Та өөрөө ч тархины хорт хавдрын мэс заслаас татгалзаж, үхлийг эрхэмлэсэн Марли шиг гялалзаж байна!
-Би үнэхээр опэрициас татгалзсан л юм чинь! Биедээ мэс хүргэвэл нас хорогдоно!
-Сүпэр! Таны хар царай ямайк мэт, арзгар үс дрэдд мэт, эмээ маань томдуулаад нэхчихсэн юм шиг малгай растаманых мэт байна! Таны амьдрал жага-жага стиль, растафари, гэдонизм! Таны ертөнцийг үзэх үзэл бол аянд нь бүжиглэж болох рэгги-апокалипсис!
-Юу юу гэнэ вэ? гэж өвөөг асуухад би ч бүр толгой эргэн минчүүрч гүйцээд байлаа:
-Ямар ямар үйлчилгээ үзүүлэх вэ гэнээ.
-Сүпэр, бүгд багтсан! гэж өвгөн хашхирав.
-Яг Ямайк! Чиний I and I, I-Man, I-Jah-Man гэж мэхийрч байгаа чинь, you, them, we гээд л бүх төлөөний үгийг I гэж гөрддөг, эмэгтэй хүнийг ч Yo-Маn! гэж гүжирддэг, баярлалаа, сайн байна уу, баяртай гээд л бүх үгийг respect гэж халтуурддаг чинь яг л ямайкийн патуа хэл! гэж намайг зочин шалз булз түлэв. Бүх үгийг буруу ойлгож, орчуулдаг гэчихээгүй нь л яамайк, биш ээ, яамай.
Зочин, Амлагдсан ариун газар бол Этиоп, дэлхийн бүх суут хүн, Чингис хаан ч нэгр гэж байх ба, өвөө харин түүнд “растаманы” малгайгаа 20$, “дрэдд” үсээ 5$-оор зарж байна.
Галзуу улаанд мансуурсан жуулчин, түүнийг хошгоруулах өвөө хоёрын ярианаас очих газраа ирж байж арайхийн түр хөндийрөв. Гадаа нь нэг ууртай эр хашаа хороо цэвэрлэж байх бөгөөд туслах малчин гэнэ. Биднийг гэрт ороход улам дүрэлзэн, бууц хөрзөнлиг хар гараараа ааруул, боорцог атган өмнө овоолов. Чингээд брэнд хоол болох борцтой лавшаагаа хийхээр хилэгнэн гарлаа.
Өвөө баярын бичиг, гэрэл зургуудаа ширээн дээр тараан шидлэнэ, хүнд гэгч хазаар чөдрүүдийг зочны өвөр дээр чулуудна, сандлуудыг өшигчинө, ялаа хорхой бужигнана, юунаас ч юм тэсч байхын аргагүй хачин өмхий үнэр анхилна, аварга нохой нь архиран шагайна, ай даа жинхэнэ орчин үеийн малчин айлын зочломтгой монгол ёс юутай сайхан билээ.
-…“Өдрийн сонин”-ы №3604-т “Хүн мөргөх сургуультай ямааг ч дайнд ашиглаж байсан тохиолдол байдаг гэнэ” гэж бичсэн байна лээ! гэж ам халсан өвгөнийг хэлэхэд нь би:
-Ингэхэд та ямаануудаа үзүүлээч ээ гэв.
Өвөө маань ой руу дагуулаад орох юм. Бие зас гэж байгаам болов уу гэж санан өмдөө шувталтал, дээр ямаа майлдаг байна шүү ! Еэ бүү үзэгд, хамаг сүрэг нь модонд асчээ. Өвөө:
-Хумстай савар, хуруутай гар байхгүй байж чөтгөр шиг дамшгууд.
Гүйэ одоо идэх юм байхгүй юм чинь аргагүй ээ, аргагүй гэнэ. Зочин:
-Арганы самрын мод уу гэв.
-Тийм ээ, тийм, самрынх.
-Яс нь хатуу байгаа биз? Алхаар цохихоор идээ нь гэмтчих гээд байгаа биз дээ?
-Хатуу биш бол, цөмөхгүй шууд л атгаж аваад зажилчихна шүү дээ.
-Ходоод гэдсээр дамжиж зөөлрөхөөр нь та авч ашиглаж байгаа биз? Хамгийн үнэтэй ургамлын тосыг тэгж бэлтгэдэг шүү дээ?
-Хятадын Ань Яньши ч билүү, Ши Яньшань ч билүү гэдэг хүний тэргүүн туршлага гээд панданы баасыг цай бэлтгэхэд ашиглаж байгаа гэж бичсэн байсан. Тэрний дагуу би цай бэлтгэж байна. Тос, тамхи ч бэлтгэж байна.
Уламжлалт бүтээгдэхүүн маань борлогдохоо байчихаад байна шүү дээ. Хужаа нарын гай ч их шүү, хүү минь. Нэг болохоор авна гээд л, нэг болохоор авахгүй гээд л учир нь олддоггүй хүүрнүүд…
-Этиопод тэрүүнгээр чинь кофэ бэлтгэдэг юм…
…Гамшигтай! Ууж, түрхэж ч хэрэглэж болох нь ээ? Идэж болох уу?
-Гадаадын улс бол замбай зуураад идэж хэрэглэхэд болохгүй нь юу л байхав… гэснээ, “Энэ хэдийг жаахан эргүүлэхгүй бол ирвэсний ам руу л яваад байна” гээд мод өөд дүүлэн гарав. 70 гарсан хүн гэхэд үнэмшимгүй! Ангор дагаж ангор болно гэдэг л энэ байх.
-Ёстой Этоип! Газар дээрх диваажин сайн байна уу! гээд л балай зочин маань орилно.
Ямаанууд өвгөн рүү самар, мөчир тийрэн унагана. Манай хүн ч тэдэн рүү нүүлгэнэ. Гайхлууд олби шиг үсрэн ниснэ. Өвөө маань ч гараа алдлан навсайж араас нь элин халих аж. Сүүлдээ ямаануудтай барилдаж гарав. Тэгснээ дийлдэж орхиод, их бууны сум исгэрэх адил чимээ гарган унаж, аз жаргалантайяа мишээв.
Нэг ямаа:
-Ална шүү! гэж туураа зангидан занахыг үзээд мэл гайхаж, цэл хөхрөв. Өвөө цовхрон босоод:
-Цаадах чинь жаахан хэтрүүлчихэж. Энэ Хар уулыг шүтсэн хүмүүс архи дарс авчирч өгөөд болохгүй юм гэв.
-Яахлаараа ямаанд архи өгч байдаг билээ.
-Хорголоороо ч атугай хотлыг тэжээж байгаа эд чинь бидний бурхад шүү дээ!
-Боб Марлийн хойд дүр! Жа Бурхан дүрээрээ!
Харин та чинь яагаад бурхадтайгаа байлдаад байдаг юм бэ?
-Монголчууд чинь их сонин шүтдэг юм. Чоныг шүтнэ, ална, иднэ. Ямааг ч бас.
-Бурхдаа иддэг гэнэ ээ? хэмээгээд, нүд нь орой дээрээ гарсан зочин муурч унав.
Ч.Мөнхбаяр
ММХI.IX.XX
http://moenhbayar.blogspot.com
ММХI.IX.XX
http://moenhbayar.blogspot.com
No comments:
Post a Comment