Thursday, September 29, 2011

Өвөр Монгол ахан дүүсийн төлөө


5.30-нд "Хөх Монгол", "Цагаан хас", Монголын эрх чөлөө холбооны нам, Өвөр Монголын ардын нам зэрэг байгууллагуудын зохион байгуулсан, Өмнөд Монголд өрнөсөн хувьсгалт хөдөлгөөнийг дэмжсэн жагсаалд оролцов. Миний бие жагсагчдын мэдэгдлийг олны өмнө уншиж танилцуулав.
6.18-нд "Эсгий туургатан" ТББ-ын зүгээс зохион байгуулсан, Өвөр Монгол дахь эрх чөлөөний төлөө хөдөлгөөнийг нухчин дарж буйг эсэргүүцсэн жагсаалд оролцож үг хэллээ.
Мөн энэхүү сэдвээр 8.4-нд А.Сарнай зэрэг нөхдийн хамт хэвлэлийн хурал зохион байгуулсан нь олны анхаарлыг татав. Үндэсний үзэлтнүүдийн шаардлагыг толилуулж, Өвөр Монголын нөхцөл байдлыг танилцуулан ярив.


Ч.Мөнхбаяр Хятадын Phoenix телевизэд ярилцлага өгч буй нь

8.13-нд Өвөр Монголын ардын намын ЕНБД Хувьсгалт Хэрэйд зэрэг хүндэт зочид, үндэсний үзэлтнүүд цугласан "South Mongolian Support" уулзалтад оролцлоо. Уулзалтаас мэдэгдэл гаргасан болно.
Өмнөд Монголд нөхцөл байдал хурцдан даамжирсаар байсантай холбогдуулан ахин жагсаал зохион байгуулагдах болсон ч, цагдаагийнхан тэмцэгч А.Сарнайгаар дамжуулж, БНХАУ-ын нам засгийн хүндэт төлөөлөгчид айлчлах үеэр жагсахгүй байх хүсэлт тавьсан тул, хэвлэлийн хурал болгон өөрчилсөн юм. "Хоёр улсын харилцаанд сэв суулгахгүйн тулд..." гэсэн шалтгаан хэлсэн агаад, уг нь бид хоёр улсын харилцаанд сэв суулгах зүйл хийгээгүй, хийхийг зориогүй болой.
Ийнхүү Өмнөд Монголын ард түмний шударга тэмцлийг дэмжсэн арга хэмжээнүүдэд удаа дараалан оролцсон минь энэ зуны нэг онцлог юм.

No comments: