Thursday, July 21, 2011

Коланы бөглөө

хошин үгүүллэг

Архины тасаг руу хүрэх ардын замыг нь баллан, шил кола шиг өнгөлөг хурц охин өмнүүр нь хөндөлсөв.
-125 оргилуун хүсэл! Таван ширхэг бөглөө цуглуулаад л Сингапур улсад болох “Формула-1” уралдааныг үзэх болно. Macbook Air, iPad, Xbox 360… гээд л дуржигнуулах бүсгүй Жамбааг гүн нойрноос сэрээх шиг болов. Өдөр тутмын сонин шиг үлбийсэн, нэгэн хэвийн, хий хоосон амьдрал бус, Формула-1! Тийм ээ, үүнээс хойш миний амьдрал Формула-1 байг!
Архинаас илүү хортой гээд байдаг болохоор нь жийрхдэг хэдий ч, баахан кола тэврээд харилаа. Нэгийг задлан писхийлгэтэл гэргий Балжмаа нь:
-Миний өвгөн өөлхөн ш дээ. Сайн хүн санаагаар гэгчээр кола аваад ирж. Наадхаар чинь гал тогооны паараа цэвэрлээд авъя байз гээд л нөгөөхий чинь хайр найргүй асгаж цутгаж гарав.

-Хайран юмыг хамаагүй… гээд мань хүн үгээ дуусгаж чадсангүй. Мэрхандиз-7 гэдэг, найрлагыг нь дэлхийд аравхан хүн мэддэг гэх хорт бодисонд өртөв бололтой, сонин болоод явчихлаа.
Эхнэр нь байж болох бүхий сав суулга, хөтөвч тэргүүтний зэв өнгөрийг кола хөөсрүүлж байгаад л ор мөргүй болгоно. Жамбаа ч бүрэн үгүй хийхээс нь өмнө амжиж үгүй хийх санаатай шилтэйгээс балгана.
Давсгаа суллах гэтэл өндийж чаддаггүй. Хамаг биеэс нь хар яр дуугарсан штанг гантэль зүүсэн аятай жин нь нэмэгдээд, цусны триглицэрид ихэссэнээс болж судас нь хатууран төмөр утсаар хүлүүлсэн шиг санагдав. Зүрхний шигдээс, тархины харвалт болох магадлал нь кофэ уудаг хүмүүсийнхээс өндөр болчихоод байхад юун тэр морь харах барих гээд ялихгүй асуудлаар хөөцөлдөж явахтай манатай.
Балжмаа нь угаалгын машинд ундааг нь дүүргээд л дүнгэнүүлж гарах аж. Зэмлэнгүй харц шидвэл:
-Юун сүртэй юм! Энд чинь кока ч байхгүй, кола ч байхгүй юм чинь харамсах юу байгаа юм гэв.
-Өө, тавих газар олдохгүй болохоор нь үхрийн давтсан махаа коланд хийчихсэн чинь уусаад алга болчиж. Оройн хоолондоо энийг л уухаас! гэж тэр дуу алдав. Е338-аас болоод шүдгүй болчихсон Жамбаад бол таарсан л зоог юмсанж.
-Энэ нэг хачин ялаа шиг юм тагтаар дүүрэн болчихож. Энэтхэгт ингэдэг гэнэ лээ. Элдэв гэм хоргүй сайхан хор! гээд гэргий нь колагаар шүршихийг мань хүн маш гунигтай харна. Хумс нь фосфорын хүчилд хайлаад, үржих чадвар нь нүүрстөрөгчийн давхар ислээс болж буурчихсан хүн чинь тэгэхээс ч биш яахав. Хүү нь орж ирээд:
-Гялай гялай, энүүгээр чинь машиныхаа моторыг, бас хромон гоёлыг гялайтал цэвэрлэнэ дээ. Зэвэнд идэгдээд эргэхгүй болчихсон нэг боолт байгаа, тэрийг коладчихаар өөрөө л суга үсэрнэ. Хүүе та чинь Цүндээлэй Цондоолой шиг юун хачин болчихсон юм! гээд хэсэг ундаа үүрээд гарлаа. Литр коланд 100 грамм сахар байдаг юм байнаштээ, гэтэл насанд хүрсэн эр хүн 18 гр-аас хэтрүүлж болохгүй. Даанч шээс гоожчих гээд зовоогоод байсийм чихрийн шижин тусч л дээ. Замын цагдаа хүү нь:
-АНУ-ын замын цагдаа нар машиндаа байнга нэг галлон буюу 7,2 литр кока-кола авч явдаг. Аваарын дараа замын бохирдлыг цэвэрлэх гэж тэр! гээд нэг галлоныг аваад явлаа. Юунд ч, яаж ч ашиглаж болдог, ууж л болдоггүй эд байх нь.
Тэглээ гээд, 95%-ийн үхлийн магадлалтай ходоодны булчирхайн рак болоод 95% үхээд байсан мань хүнд коланы явдал ямар ч хамаа байхав. Суларсан бөглөөнүүдийг цуглуулж харахад арай ч Формула-1-д хүрэлцэхгүй мэт санагдах нь өвчнөөс шалтгаалсан гутранги үзэл үү, аль эсвэл?
Гэнэт тархинд нь нэгэн бодол цахилан орж ирэхүй, шуудай аваад шил түүхээр гарлаа. Таньдаг мэддэг улс нь “Хөөрхий муу Жамбаа хөөрхөн хөөрхөн балгачихаад л байдаг байсан. Бүр гудамжны архичин болоод, тараншаанд орж, шил цуглуулдаг болжээ” гэж мэссэж бичицгээнэ.
Яс сийрэгжсэний улмаас шуудайгаа дааж ядан чирч явна. Ерөөсөө шил олддоггүй. Бүгдийг нь хувхай ядуучууд хувхайртал нь түүчихдэг юм байна. Нэг хүн ундаа уугаад явангуут л бөөнөөрөө нисэх мэт очоод, булаалдан зодолдоно. Жамбааг ч “Энэ бол манай газар нутаг!” гээд хөөн бүүрэлхэнэ. Шил түүх газар нутгийн нарийн хуваарилалт, өмчлөл байдаг юм байна. Тусгай зөвшөөрлийн лицэнзгүйгээр бол ч газар унагасан юмаа ч тонгойгоод авч болохгүй л болчихсон байдаг юм байна.
Уусан хамаг кола нь ууршиж замхрахад бие нь дээрдээд ирэв. Томоо гэгч шуудайтай шил үүрэн яваа өвгөнийг хараад ад зэтгэрийн бодолд эзэмдүүлэв. Түүнийг нь булаагаад гүйчихлээ. Гэтэл “Тараншааныханд халдлаа!” гэх дуун энд тэндгүй хадаж, гучаад тараншаа уухайлан айсуй.
Мань хүн ч ум хумгүй зугтангаа: “Манай байрныхаан! Тараншаачид давраад бүр зүгээр мөрөөрөө явж байсан байрныханд халддаг болж! Амь авраарай!” гэж хашхирав. Иймэрхүү юманд байрныхан амь нэгтэй хойно доо. Өрх бүрээс бэйсболын цохиур барьсан нэг булиа эр гарч ирэв. П хэлбэрт, холбоо гурван байранд нь 500 өрх байдаг. Тэгэхлээр юу болохов…
-Намайг зүв зүгээр явж байтал тэд “Манай газар нутагт нэвтэрлээ” гээд… гэхэд нь байцаагч эвшээлгэнэ.
-За за, тэднээс ямар гомдол ирэх биш. Ёсыг бодож л энэ нэг хуудас бөглөх хэрэг гарсан юм. Яв даа, Жамбаа минь! гэж тэр хэллээ.
Нэг л мэдэхэд Жамбаа Сингапурын гудамжинд шил түүж явлаа. Формула-1 нь чих дөжрүүлэм дуу чимээ, хахаж цацам утаа май, харагдаж үзэгдэхгүй машин тэрэгтэй шал дэмий эд юм билээ.
Гэтэл нэг бавгар энэтхэг цагдаа түүнтэй таарав. Ингээд өнгөрлөө гэж бодсон чинь:
-Гүүд! Наад ажлаа сайн үргэлжлүүл! гэж дал мөрийг нь алгадаж, 1000 доллараар шагначихаад явав. Энд, хамаагүй хог хаясан хүнийг 500 доллараар торгодог хатуу хуультай бол, хог түүсэн хүнийг мөн адилаар урамшуулдаг юм байна л даа. Манай хүн түүсэн хогныхоо тоогоор шагнуулсан нь тэр.
Нөгөө 1000 доллараар нь коланы бөглөө хийлгэж авъя гээд хуванцар эдлэлийн захиалгын газар очив.
-Та тийм олон бөглөөгөөр яахнав л гэж байна.
-Би… Би эвлүүлээд эхнэрийнхээ хөргийг урлах гэсэн юм гэж Жамбаа түгдчив. Окэй гээд л тэд ажилдаа орлоо…
Амташсан хэрээ арван гурав дахина гэгчээр Монголынхоо коланы сугалааны газар очвол:
-Пөөх энэ удаа та чинь бүр гурван шуудай бөглөө цуглуулаад ирж! Эсэн мэнд байгааг чинь гайхаж байна гэж хошигноод нэгийг авч харснаа:
-Үгүй энэ чинь! Дотор нь Specimen гээд биччихсэн байнашт! Ямар учиртай юм гэж гайхлаа.
-Энэ бас! Энэ ч гэсэн! Энэ шуудай бүгдээрээ тийм юм байна. Бусдыг нь үзэх үү гэхэд нь Жамбаа толгой сэгсрээд, хамаг бөглөөгөө хамж аваад зугтлаа. Сингапурт байгаагүй нь л яамай!

Ч.Мөнхбаяр
MMXI.VII.XXI

No comments: